ШУА-ийн Одон орон, гео физикийн хүрээлэнгийн газар хөдлөл судлалын салбарын эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор Ц.Батсайханаас Хөвсгөл аймгийн Ханх суманд үүссэн газар хөдлөлтийн давтамжийн талаар тодрууллаа.
-Хөвсгөл аймгийн зарим суманд одоо хүртэл газар хөдлөлтийн чичирхийлэлт мэдрэгдэж байна гэсэн мэдээ ирж байна. Энэ нь ямар учиртай юм, ойр ойрхон давтамжтай хөдлөх нь хэвийн үзэгдэл үү?
-2021 оны нэгдүгээр сарын 12-ны 05 цаг 32 минутад Хөвсгөлийн Ханх сумаас 26 км зайд 6.5 магнитуд газар хөдлөлт болсон. Өмнө нь ийм хүчтэй газар хөдлөлт 1991 оны арванхоёрдугаар сарын 27-нд Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Бүсийн гол орчимд болж байсан. Хүчтэй хөдлөлт болсны дараа тухайн геологийн орчинд эвдрэл гарч, буцаад хэвийн байдалдаа орох гэж жижиг чичрэлттэй газар хөдөлдөг бөгөөд үүнийг давтан хөдлөлт гэнэ.
Сүүлд бидэнд ирүүлсэн мэдээллээр газар хөдлөлтөөс хойш нийт 12-13 цагийн хугацаанд 300 гаруй газар хөдлөлт болсон байна. Үүн дотор хүчтэйд орох буюу таван магнитуд давсан гурав, дөрвөн магнитуд давсан 13 газар хөдлөх чичирхийлэл бүртгэгдлээ. Энэ процесс өөрөө геологийн орчноос хамаараад сар ч үргэлжилж болно. Магнитудын хүч өдөр ирэх тусам багасч, аажимдаа газар нь эдгэрэх юм уу, буцаад хэвэндээ орсноор зогсох болно. Энэ удаагийнх 6.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт учраас хагас сарын хугацаанд үргэлжилж, давтамж нь багассаар дуусах байх гэж таамаглаж байна. Одоогоор хүний амь нас эрсэдсэн мэдээлэл ирээгүй, харин хоёр давхар зарим барилгад эвдрэл гарсан, цуурсан, хана тааз нурсан зэрэг мэдээлэл байна. Тухайн газар хөдлөлтийн голомт нь Хөвсгөл нуурандаа байсан учир алслагдаад явах тусам үзүүлэх сүйрлийн хүчин нөлөө нь багассан.
Ер нь газар хөдлөлтийн аюул нь хоромхон зуур болдог хэдий ч үр дагавар нь маш эрсдэлтэй хөнөөлт байгалийн үзэгдэл юм. Олон жилийн судалгаанаас газар хөдлөлт манай улсад өссөн статистиктай байна. Энэ нь юутай холбоотой байгааг үнэхээр байгалийн үзэгдэл болоод газар хөдлөлийн өмнөх эвдрэл, хагарал дээр энэ үзэгдэл ажиглагдаад байна уу эсвэл газрын тосны олборлолттой холбоотой байгаа эсэхийг нарийн тооцон хэрэгтэй.
–Улаанбаатар хот нь газар хөдлөлтийн хэр аюултай бүсэд ордог вэ. Газар хөдлөлт болох үед ямар аюул үүсэх эрсдэлтэй вэ?
-Сүүлд хийсэн судалгаагаар Улаанбаатар хот 7-9 баллын аюулын бүсэд байгааг олж тогтоосон. Энэ нь газар хөдлөлт болох аюултай бүсэд байна гэсэн үг. Хотын ойр орших нуур, Могод, Дундговь аймгийн Дэрэн хэмээх газрууд нь газар хөдлөлтийн идэвхитэй бүс юм. ОБЕГ-аас энэ гурван бүсэд хүчтэй газар хөдлөх үед Улаанбаатар хот руу дуут дохио ирж, ард иргэдийн утсанд анхааруулах мессэж очно. Мөн гудамжинд байрлуулсан чанга яригчаар дуут дохио өгч иргэдэд сануулах болно. Мөн сүүлийн жилүүдэд хийсэн судалгаагаар хотын баруун талд орших Хустайн нуруу болон зүүн тал Гүнжийн хагарлыг судлан анхаарч байна. Гүнжийн хагарлыг бид 2008 оноос эхэлж сансрын зурагтай холбоотой хагарлын асуудлаар судалж эхэлсэн. Судалгааны явцад тав орчим жилийн өмнө 4,4 магнитудын хүчтэй газар хөдлөхөд Улаанбаатар хотын ихэнхи иргэд буюу хоёр хүн тутмын нэг нь үүнийг мэдэрсэн.
2013 онд манай улс Японы олон улсын Жайка байгууллагатай хамтран хэрэгжүүлсэн төслийн эрсдэлийн үнэлгээн дээр 6,6-7,6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тохиолдолд нийслэл хотын барилга байгууламжийн 20-50 орчим хувь нь эвдрэлд орж, 30-60 мянган хүний амь нас эрсдэх магадлалтай гэсэн тооцоо байдаг. Энэхүү судалгааны дараахан нийслэлээс тодорхой хэмжээнд нурах магадлалтай гэж үзсэн барилгуудыг нураах арга хэмжээг авсан байгаа.
–Газар хөдлөлт болох үеийг урьдчилан хэлж болдог болов уу?
-Одоогоор урьдчилан хэлэх боломжгүй байна. Олон улсад ч энэ талаар судалгаа шинжилгээ хийн ажиллаж байна. Дэлхий дээр газар хөдлөлтийг амжилттай урьдчилж таамагласан ганцхан тохиолдол байдаг нь 1974 онд Хятад улсад болсон 7,4 магнитудын хүчтэй газар хөдлөлт юм. Үүнийг мэдсэн тухайн мужийн удирдлагууд хотоос иргэдээ гаргаж болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж чадсан юм.
Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн үед авах 10 алхам:
1. Аюулгүй орон зайг тодорхойлох- Байшин дотор хамгийн аюул багатай газар нь даацын хананы хажуу булан байдаг. Гэр дотроо хамгийн аюулгүй гэсэн 3-4 цэгийг тодорхойлж өрхийн гишүүн бүрт хэлж таниул. Мөн ажлын газар, сургууль, цэцэрлэг гэх мэт ихэнх цагаа өнгөрүүлдэг газруудынхаа аюулгүй орон зайг тодорхойл.
2. Тавилга, эд хогшлоо бэхлэх- Том тавилгууддаа дарагдаж бэртэхээс сэргийлж аль болох хананд нь бэхэл. Гарах гарцыг хааж болзошгүй тавилга бүү тавь, шилэн эдлэл хагарахаас сэргийл. Унтаж байхад орон дээр унаж, гэмтээх эд зүйл бүү тавь.
3. Сургалт, дадлагад хамрагдах- Газар хөдлөлтийн сэдвээр зохион байгуулсан сургалтад хамрагд. Орон байраа орхин гарах дадлага сургууль хий. Сурснаа бусдадаа зааж сурга.
4. Бэлэн байдлын цүнхтэй болох- Гэртээ чүдэнз, лаа, гар чийдэн гэх мэт нөөц гэрэл үүсгэгч, аль болох удаан хадгалагдах илчлэг сайтай хүнс, ус, хоолны хэрэгсэл, радио, анхны тусламжийн цүнх, ариун цэврийн хэрэгсэл, дулаан хувцсаа нөөцөл. Чухал шаардлагатай бичиг баримтуудын хуулбараа ус нэвтрэхгүй газар хадгал. Тэдгээрийг хаана байрлуулсныг болон яаж ашиглахыг хүн бүр мэддэг байх.
5. Уулзах цаг, амьдрах газраа товлох- Газар хөдлөлтөөс үүдэн гар утас, цахилгаан холбоо тасарсан тохиолдолд гэр бүлийнхэнтэйгээ уулзах газраа товло.
6. Чичирхийлэл мэдрэгдэх үед- Барилга дотор байвал цахилгаан болон хий, усны шугамыг хааж аюулгүй газарт түр хүлээнэ. Чичиргээ зогссоны дараа байгаа газраасаа тайван гарч, аюулгүй талбайд оч.
7. 1-2 минутын дараа- Чичирхийлэл намдмагц гал гарч болох эх үүсвэрүүдийг шалгаж унтраа, гэр бүлийнхнээ эсэн мэнд эсэхийг тодруул. Цахилгаан шат хэрэглэж болохгүй. Уул хадтай газарт яваа бол чулуу унах хөрс нурахаас сэргийл. Гадаа яваа бол блокон хашаа нурах, самбар, хагарсан унаж ирэхээс болгоомжил.
8. 3 минут!!!- Хүмүүсийн эсэн мэнд эсэхийг шалга, гал түймэр гарахаас сэргийл. ойр орчимд гал түймэр гарвал чанга дуугаар хүмүүст мэдэгдэж, гал унтраах арга хэмжээ ав.
9. 5 минут !!! – Дүрвэж гарахдаа хийн зуухны хоолой, цахилгаан таслах хөшүүргийг дахин шалгах, бэртсэн, шархадсан хүмүүсийг аврах, анхны тусламж үзүүлэх, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн дамжуулж буй мэдээг анхааралтай сонс.
10. 10 минут өнгөрснөөс хойш- Хүчээ нэгтгэн гарсан галыг унтраа, аврах, яаралтай тусламж үзүүлэх ажиллагаанд ор, цуу ярианд автахгүй бай, хохирлын мэдээг цуглуул, харилцан туслах сэтгэлтэй бай.