CNN суваг энэ сарын 16-ний өдөр Соёл урлагийн буландаа Британийн гэрэл зурагчин, найруулагч Алекс де Морагийн Монголын өнөөгийн нийгэм, өдөр тутмын амьдралын талаар хийсэн “Straight Outta Ulaanbaatar” баримтат кино, номыг онцолжээ. Энэхүү баримтат кино өнгөрсөн оны долдугаар сард олны хүртээл болсон юм.
Найруулагч Алекс де Мора “Straight Outta Ulaanbaatar” баримтат киноныхоо гол дүрээр Монголын нийгэм, улс төр, энгийн ард иргэдийн амьдралыг өөрийн уран бүтээлдээ тусгадаг реппер Big Gee-г сонгосон байна.
“Анх Монголд дуу бичлэгийн студи гэж бараг байдаггүй байлаа. Ганц нэг байсан ч маш үнэтэй. Миний хувьд анх тэр үнэтэй дуу бичлэгийн студид очиж дуугаа бичүүлэх, чанартай видео клип хийлгэх мөнгө байгаагүй. Бүх зүйл хүнд байсан. Монголчуудын ихэнх нь хип хопыг муу зүйл гэж хардаг байсан. Дуунуудыг минь радио, телевизүүд гаргахаас татгалздаг байв” хэмээн ярьсан Big Gee өсвөр наснаасаа Dr.Dre, Snoop Dogg нарыг сонсож, тэднээс урам зориг авч, тэдэн шиг болохын тулд дуугаа бичиж эхэлжээ.
Өдгөө тэрбээр Монголын хамгийн алдартай реппер болж, нийгэм, улс төрийн болж бүтэхгүй байгаа асуудлуудыг өөрийн уран бүтээлдээ тусган шүүмжилж, ард түмний бодит амьдралыг дуугаараа дамжуулан харуулж байна” хэмээн CNN-ий нийтлэлд дурдсан байна.
Мөн уг мэдээ гарсантай холбоотойгоор АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл С.Клечески Реппер Gee-д баяр хүргэжээ.
Тэрбээр өөрийн твиттер хуудсандаа “Big Gee болон Монголын хип хоп-ыг “CNN” онцолсонд баяр хүргэж байна. CNN танд анхаарал хандуулж байгаад миний бие баяртай байна. 2019 онд Big Gee, бусад монгол уран бүтээлчдийн оролцсон “Next Level” АНУ-ын хип хоп хөтөлбөрийг хөтлөх нь нэр төрийн хэрэг байсан. Цар тахал дуусаж аюулгүй болсон үед дахин уулзана гэж найдаж байна” гэжээ.