Австралийн Брисбен хот 2032 оны зуны олимпыг зохион байгуулахаар боллоо. Япон улсын Токио хотод болж буй ОУОХ-ны чуулганаар уг шийдвэрийг гаргасан байна.
Чуулганд оролцож байсан Куинслэнд мужийн захирагч Анастейша Палашук, Брисбен хотын дарга Адриан Шриннер, Спортын сайд Ричард Колбэк тэргүүтэй Австралийн төлөөлөгчид баярт мэдээг сонсоод ковидын дүрэм журмыг үл тоон чангаар алга ташсан талаар хэвлэлүүд мэдээлжээ. Мөн Брисбен хотод баярын салют буудуулсан байна.
2032 оны олимпыг зохион байгуулах сонирхолтойгоор Энэтхэг, Индонез, Катар, Герман, Испани улс илэрхийлээд байсан ч Австрали ялагч болж чадлаа. Австраличууд өмнө нь 1956, 2000 оны олимпын наадмыг зохион байгуулж байв.