“Бээжин 2022” өвлийн олимпын наадам эхлэхэд 100 хоног үлдээд байгаатай холбогдуулан тус наадмын медалийн загварыг Мягмар гарагт олон нийтэд танилцуулжээ.
“Tongxin” буюу нэгдмэл байдлыг илэрхийлсэн утгатай нэр бүхий медалиудад Хятадын гүн ухааны тэнгэр, газар, хүн төрөлхтний холбоо хамаарлыг илэрхийлсэн таван цагиргийг сийлжээ. Эдгээр цагираг нь медалийн төв хэсэгт дүрсэлсэн Олимпын цагираг хийгээд спортоор дамжуулан дэлхий дахиныг нэгтгэх олимпын үзэл санааг мөн илэрхийлэх ажээ.
“Бээжин 2022” өвлийн олимпын наадам 2022 оны хоёрдугаар сарын 4-20-нд Бээжин хотноо зохион байгуулагдана. Харин Паралимпийн наадам гуравдугаар сарын 4-13-нд болох юм.
Түүнчлэн өвлийн олимпын наадамд өрсөлдөх тамирчдын байрлах хотхоныг ирэх оны нэгдүгээр сарын 27-нд нээх төлөвтэй байна гэж наадмыг зохион байгуулах хорооноос лхагва гарагт мэдээлжээ.