2022 оны хамгийн чухал трендүүдийн нэг бол хурц тод өнгө билээ. Харин тод өнгийн хувцсыг хэрхэн бусад хувцастай хослуулах талаар эсвэл яг яаж өмсөхөө хүмүүс тэр бүр мэддэггүй. Тэгвэл тод өнгийг ямар өнгө, материал, загвартай зохицуулж өмсөж болох талаар бяцхан зөвлөгөөг хүргэе.
Хар өнгөтэй хослуулах
Энэ хаврыг тодорхойлох өнгө бол тод ногоон өнгө юм. Шууд нүдэнд тусахуйц хурц өнгө учир хар өнгийн хувцастай хослуулж зөвхөн ногоон хүрэм дээр акцент өгвөл өдөр тутамд илүү тохиромжтой. Мөн хар өнгийн загварлаг цүнх сонгоорой.
Хөлнөөс толгой хүртэл
Тод өнгийг яаж өмсөхөө мэдэхгүй байвал чөлөөт загварын, өнгөлөг хослол сонгоод үзээрэй. Сул өмсгөлтэй, хэт албаны бус хослол сонгож цайвар өнгийн кеттэй хослуулан орчин үеийн, дэгжин дүр төрхийг бүрдүүлж болох юм.
Нэхмэл хувцас сонгох
Нэхмэл хувцсыг маш олон төрлөөр, янз бүрийн стильд хувирган өмсөх боломжтой. Хамгийн энгийн жишээ бол өнгөлөг нэхмэл цамцыг цайвар жийнстэй хослуулж хэт хичээгээгүй хирнээ загварлаг дүр төрхийг бүрдүүлээрэй.
Оффис хувцаслалт
Урин дулаан цаг ирж байгаа учир оффис хувцаслалтдаа тод өнгийг шигтгэж өгөөрэй. Тухайлбал, тод шар өнгө нь хар цагаан өнгөтэй гайхалтай зохицдог. Тиймээс тод шар өнгийн даашинз эсвэл өргөн өмд өмсөж өнгөлөг оффис хувцаслалтыг бүрдүүлж болно.
Завсрын өнгөтэй холих
Завсрын өнгө нь ямар ч стиль бүрдүүлэхэд төгс суурь болж өгдөг. Тухайлбал, бэйж өнгийн цув дотроо хөх өнгийн даашинз хослуулж өмсөн ногоон өнгийн цүнх барьж болох юм. Ямар ч хувцаслалтад 3 буюу түүнээс доош өнгө орсон байвал хамгийн тохиромжтой байдаг.
Эх сурвалж: stylee.mn