Йинглак Чинаватын тэргүүлдэг засгийн газрыг огцруулах зорилготой Тайландын сөрөг хүчний сар гаруй хугацаанд үргэлжилсэн эсэргүүцлийн жагсаал эцэслэхэд бэлэн болжээ.
Тодруулбал, нийслэл Бангкок хотноо үймээн самуун дэгдээгээд байсан сөрөг хүчин, засгийн газартайгаа “Тайландын хаан Пхумипхон Адулъядетын 86 насны ойг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан” эвлэрлийн гэрээ байгуулахаар тохиролцсон тухай өчигдөр CNN мэдээллэв.
Сонирхуулахад, тус улсад гарсан эл үймээн самуун нь ерөнхий сайд Йинглак Чинаватыг өмнө нь Тайландын засгийн эрхийг барьж байсан одоо цөллөгт буй Таксина Чинаватын удирдлага, зааврын дагуу ажилладаг гэх Сөрөг хүчний хардалтаас болсон юм.
Бангкокт гарсан эмх замбараагүй байдлын дүнд таван хүн алагдаж, 200 гаруй хүн гэмтсэн тул засгийн газраас дахин иргэдээ хохироож цус урасгахгүй байхын тулд өчигдөр сөрөг хүчнийхэнийг засгийн газрын байрны нутаг дэвсгэрт орж ирэх зөвшөөрөл олгожээ.