“Шинэ хоршоо” хөдөлгөөн арга хэмжээнд хот, хөдөөгийн 3100 гаруй малчид, хоршоологчид хөдөө аж ахуйн салбарт тулгамдаж буй асуудлын талаар ярилцаж, туршлагаа солилцож байна.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр /2024.04.26/ “Шинэ хоршоо” хөдөлгөөний нээлтэд оролцож үг хэллээ.
Тэрбээр, Монгол Улсын Их Хурал зудын хүндрэлийг даван туулахад нь малчдадаа дэмжлэг үзүүлэх, мал аж ахуйн салбарын цаашдын хөгжлийн цогц бодлогыг боловсруулах, үүнтэй холбоотой хууль тогтоомж батлахад онцгой анхаарч байна.
Монгол малчин, Монгол газар шороо буюу бэлчээр, Монгол мал гурав бол Монгол орон өнө мөнх орших тулгын гурван чулуу юм.
Малаа, Малчнаа, Бэлчээрээ хайрлаж байж бид Монголоо авч үлдэнэ гээд малчин, бэлчээр, мал гурвын тулгамдсан асуудлын талаар санал бодлоо хуваалцаж, шийдэх гарцыг танилцуулсан юм.
Тухайлбал, малын мах, ноос, сүү, арьс шир гээд ашиг шим, түүхий эд нь үнэд хүрэхгүй байгаагаас болж малчдын орлого нэмэгдэхгүй байна. Малчдын нийгмийн асуудал ихээр хуримтлагдлаа. Ядуурал хөдөөд илүү байгаа. Боловсрол, соёлын гэх мэт нийгмийн үйлчилгээ хот суурингийнхантай адилгүй байна.
Малчид эмнэлгийн тусламж, үйлчилгээнд бүрэн, тогтмол хамрагдаж чаддаггүй. Энэ бүхнээс болж малчдын дундаж нас хот, суурин газрынхнаас бага байгаа. Малчдын залгамж халаа санаа зовоосон асуудал болсон. Нийт малчдын дунд залуу малчдын эзлэх хувь 1992 онд 35 хувь байсан бол 2023 онд 24 хувь болж буурсан байна гээд малын тооны өсөлт нь чанарын өсөлтдөө саад болж байгааг онцлоод боловсруулах үйлдвэр хөгжөөгүйгээс гаднын зэх зээлийг түүхий эдээр хангагч, хавсарга улс болж хувирлаа. Малын гаралтай түүхий эдийн үнэ унаж, хонины нэхий л гэхэд хайрцаг тамхины үнэд ч хүрэхгүй болсон байна гэв.
Мөн тэрбээр, уур амьсгалын дулаарал, ган гачиг, цөлжилт хуурайшилт дэлхий нийтийн зовлон болсон. Манай улсын хувьд малын тооны хойноос хэт хөөцөлдсөнөөс бэлчээр хомсодсон. Бэлчээрийн талбай 1970-аад оныхоос 20.0 сая га-гаар буураад байна. Нийт бэлчээрийн 40 хувь нь 1-3дахин, 25 хувь нь 3-5 дахин, 20% ньолон дахин даац хэтэрсэн гэсэн судалгаа байдаг. Нийт бэлчээрийн 78 хувь хөрсний элэгдэлд өртөж, цөлжилт эрчимжиж байна гээд эдгээр мал, малчин, бэлчээрийн асуудлыг цогцоор нь нэг мөр шийдэх шаардлагатай гэж хэллээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар үргэлжлүүлэн, УИХ, Засгийн газар энэ цогц реформын үзэл баримтлалыг дэвшүүлж, холбогдох хуулиудыг батлан гаргаж байна. Энэ реформын үзэл санаа “Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай”, “Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай” хуулиудад туссан.
Малчин өрхүүд хамтарснаар ҮЙЛДВЭРЛЭГЧ-БОРЛУУЛАГЧ-НЭМҮҮ ӨРТӨГ БҮТЭЭГЧ-АШГИЙГ ХҮРТЭГЧ болно. Эдгээр хуулиудын хамгийн гол үзэл баримтлал бол малчид МАЛЧИН ӨРХИЙН ХОЛБООНДОО НЭГДЭЖ, малчдын хөдөлмөр, бүтээгдэхүүн үйлдвэрлэлт, борлуулалтаа ХОРШИХ явдал юм. Тиймээс МАЛЧИН ӨРХИЙН ХОЛБОО буюу МӨНХ холбоогоо байгуулж, нийтлэг эрх ашгийнхаа төлөө нэгдэн хамтарч, амьдралдаа, аж ахуйдаа ШИНЭ ЭРГЭЛТ гаргахыг Та бүхэндээ хандан уриалъя.
“Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг” гэсэн монгол ардын зүйр үг бий. Арав хорин гэрээрээ, баг сумаараа нэгдэн нийлж, хөдөлмөрөө хоршиж, түүнийг нь төрөөс бодлого, хөтөлбөр, зээл, хөрөнгө оруулалтаар дэмжих нь РЕФОРМ үр дүнд хүрэх гарцаагүй зөв зам гэдэгт итгэлтэй байна.
Монгол Улс 305.000 малчинтай, 200.000 малчин өрхтэй. Нэг малчин өрх дунджаар 5 гишүүнтэй гэвэл 1.000.000 хүний амьжиргааны асуудал энд яригдаж байна. Тиймээс дор хаяж 1.0 сая хүний ирээдүйг элбэг дүүрэн ,сайн сайханд хөтлөх энэ замаар хамтдаа алхцагаая.
“Мал дагавал ам тосоддог”-ийн бодит жишээг хэрэгжүүлж, Монголын хөгжлийн эдийн засгийн хүчирхэг шинэ тулгуурыг сэргээж, таван эрдэнэ мал сүргийнхээ буяныг эдэлж, сайхан амьдрахыг Та бүхэндээ хүсэн ерөөе гэв.