“Шанхайн хэлэлцээр” буюу Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын асуудлыг УИХ-аар хэлэлцэх мөч ойртох тусам нүүрсний бизнестэй холбоотой бүлэглэлийн эрх ашиг хөндөгдөж, сандарцгааж эхэлсэн. “Чайна энержи”-тэй 54 удаа уулзсаны эцэст яагаад дахин хамтрахаар болов гэдгийн цаана “Шеньхуа”-аас авч үлдсэний ач холбогдол тод харагдаж байгаа юм. Арван хоёр жилийн дараа “Шеньхуа”-ийн охин компани, “Чайна энержи” гэдэг эрчим хүчний компанитай бид хэлэлцээр хийхдээ тэдний талыг өмнөх алдагдсан боломж гэгчийг нэхэхгүй, Монголын тал олборлоно, тээвэрлэнэ, худалдах үнээ тогтооно гэдэг үнэт эрх мэдлээ авч үлдлээ. Энэ жижиг зүйл гэж үү?
Тэд ганцхан зүйлийг хүссэн нь нүүрсний чанар, “Чалко”-гийн гэрээ шиг тогтвортой үнэ тогтоосон гэрээ байгуулахыг л хүслээ. “Чалко”-гийн гэрээ ч гэсэн иргэн бүртээ халамж тараахдаа сонгуульд өрсөлдөгч АН-ынхныг давж гарах гэсэн тухайн үеийн МАН-ын удирдлагдууд буюу Ерөнхий сайд асан С.Баяр, С.Батболд нартай л холбоотой шүү дээ. Хаана нь Х.Баттулгын эрх ашиг харагдаад байгаа юм бэ?
Гэсэн ч “гацаагч” нэрийг тээсээр өнөөдрийг хүрлээ. Тээх ч ёстой. Харин өнөөдөр “Шанхайн хэлэлцээр” буюу Гашуунсухайт-Ганцмодыг холбох хил дамнасан төмөр замыг барихаар “Чайна энержи”-тэй “Чалко” шиг үнээр гэрээ хийх явдал тэгэхээр хэний эрх ашгийг хөндөж байна вэ? Энэ гэрээг Монголын төрөөс нуусан тэр бүлэглэлийн эрх ашгийг хөндөөгүй гэж үү? Тэд нүүрс тээвэр, гаалийн ачилт буулгалтын бизнестэй хамаагүй гэх үү?
Эцэст нь эздийг нь олж хараасай гэсэндээ ил байгаа хүмүүсийнх нь талаарх олдсон мэдээллээ сонирхуулъя.
Гашуунсухайт-Ганцмод боомтыг холбосон нарийн царигийн төмөр замын түүх “Гашуунсухайт төмөр зам” компанийг “төрүүлснээр” эхэлдэг. 2014 оны 3 дугаар сарын 21-ний өдөр тухайн үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Засгийн газрын хуралдаанаар нүүрсний экспортыг нэмэгдүүлэх, гадаад худалдааны тэнцвэрийг сайжруулах бодлогын хүрээнд Гашуунсухайт-Ганцмод боомтыг холбосон нарийн төмөр замыг ашиглах чиг үүрэгтэй “Гашуунсухайтын төмөр зам” компанийг холбогдох ААН-үүдтэй хамтран байгуулах шийдвэр гарсан. Үүнээс арав гаруйхан хоногийн дараа “Гашуунсухайтын төмөр зам” гэдэг компанийг байгуулахаар Монголын талаас “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Энержи ресурс” ХХК, “Тавантолгой” ХК, Хятадын талаас “Шэньхуа” компанийн оролцоотой “Гашуунсухайтын төмөр зам” хамтарсан компанийг үүсгэн байгуулах гэрээнд гарын үсэг зурсан байдаг.
Харин “Гашуунсухайт төмөр зам” компанийн анхны Гүйцэтгэх захирал Хөхөө овогтой Ганболдын талаар өмнөх нийтлэлдээ дурдаад тодруулахаар түр хойш тавьснаа одоо үргэлжлүүлье. Учир нь “Гашуунсухайт-Ганцмод” боомтыг холбосон төмөр замын асуудал “Шанхайн хэлэлцээр”-ээр эцэслэн шийдэгдэж эдүгээ УИХ-ын босгон дээр ирээд байгаа нь уг төмөр замтай холбоотой “нүүрсчдийг” давчдуулж энэ бизнесээ авч үлдэхийн төлөө халхавчилж байсан худал бүхэн нь илрэхэд хүрээд буйг сүүлийн өдрүүдийн “азгүй”, амжилтгүй жагсаалын ард буй “эзэд” нь харуулсаар байна.
Хөхөөгийн Ганболд гэгчийг яагаад онцлоод байна вэ гэхээр “Гашуунсухайт төмөр зам” ХХК-ийн анхны захирал нь юм. Гэхдээ түүнээс өмнө хаана ажиллаж байсан нь сонирхолтой л доо. Юу гэвэл Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчөөр сонгогдонгуут буюу 2009 оны 7 дугаар сарын 28-нд үүсгэн байгуулсан “Чөлөөт бүсийн зөвлөлийн ажлын алба” гэдэг улсын төсөвт үйлдвэрийн газрын анхны даргаар Хөхөөгийн Ганболд томилогдон ажиллаж иржээ. Х.Ганболд, Ч.Жаргалсайхан нар нь АН-ын гишүүнчлэлтэй бөгөөд анхнаасаа Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг нарын оролцоотойгоор томилогдсон байдаг. Ч.Жаргалсайханы үүсгэн байгуулсан “Алтан говь” группийн охин компаниуд ч нүүрс тээвэр, гаалийн ачилт буулгалт зэрэг үйл ажиллагаа явуулж байснаас үзэхэд нэр бүхий улстөрчдөөр дамжин Хятадын төрийн өмчит компаниудын нөлөөлөл тодорхой харагддаг.
Ингээд “Гашуунсухайт төмөр зам”-д иржээ. ТУЗ-ийн дарга нь Жоу Тие Жун, ТУЗ-дөө Д.Дагвадорж, Л.Оюунбат, С.Цэвэгжав нарын арваад гишүүнтэй ажиллаж байж. Тус компанийн 17 хувь нь “Энержи ресурс”, 49 хувь нь “Lodestar investment”, 17 хувь нь “Эрдэнэс Тавантолгой” ХК, 17 хувь нь “Тавантолгой” ХК эзэмшдэг байсан бөгөөд ТЭЗҮ-д нь дурдсанаар 13.57 км төмөр зам байх бөгөөд нийт 202 сая ам.долларын өртөгтэй, шилжүүлэн ачих хэсгийн хөрөнгө оруулалт 69.24 сая ам.доллар, нийтдээ 271.3 сая ам.доллар байхаар төлөвлөсөн байв. Энэ компанийг УИХ-ын 2014 оны “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах тухай” тогтоолыг үндэслэн 2017 оны 3 дугаар сард татан буулгасан юм. Гэхдээ татан буулгаснаас хойш буюу 2018 оны 2 дугаар сарын 27-ноос 3 дугаар сарын 17-ны өдрүүдэд “Шеньхуа Хайвай” компанийн нэр бүхий төлөөлөгчид Монголд албан томилолтоор ажиллаж холбогдох улстөрчид, албан тушаалтнуудтай уулзаж Гашуунсухайт төмөр зам компанийн талаар дурдаж, ажлаа үргэлжлүүлэх хүсэлтэйгээ илэрхийлсэн бичиг баримтууд олдсоор байна.
Х.Ганболдын хувьд нь өмнөх нийтлэлд бичсэнчлэн Хятадын Ерөнхий сайдаас Монголын Ерөнхий сайдад хүргүүлсэн мөртлөө Монголын талд ЗГХЭГ-т ч, ГХЯ-нд ч байдаггүй 12 шахам жил хав дарсан өнөөх Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрт “…гэх хууль ёсны төлөөлөгчтэй хувьцаат компани болох “Гашуунсухайт төмөр зам” буюу /цаашид “Жи-Эс-Ар гэх/ гээд заачихсан, үүнд “Санхүүгийн байгууллагаас зээл олгох тохиолдолд “Жи-Эс-Ар” өөрийн бүх өмч хөрөнгийг, мөн Монголын талын хувьцаа эзэмшигчид “Жи-Эс-Ар” дахь өөрийн эзэмшлийн бүх хувьцааг “Шэньхуа эсхүл түүний хамаарал бүхий компанид барьцаалах урьдчилсан нөхцөлтэйгээр “Шэньхуа болон Хятадын хөгжлийн банк корпорацийн шаардлагад нийцүүлж зөвшөөрөл авсны үндсэн дээр арилжааны зарчимд суурилсан 150 сая ам.доллар хүртэлх дүнтэй зээл авахад бэлэн гэдэг эрхээр хангагдан 1435 мм царигтай ачааны төмөр замын төслийг хэрэгжүүлэх байв. Гэхдээ энэхүү “Жи-Эс-Ар”-ын хамгийн том хувьцаа буюу нийт хувьцааны 49 хувийг эзэмшигч нь “Шеньхуа” байсан. Ингээд энэхүү ерөнхий хэлэлцээр 2014 оны 8 дугаар сарын 21-нд байгуулагдсан. Байгуулахаас ганцхан сарын өмнө л Хөхөөгийн Ганболд “Гашуунсухайт төмөр зам”-д ажиллах болсныг онцлох нь зүйтэй байх. Тэгэхээр миний өмнө хардаж байсанчлан тэдэнд “гарын үсэг зурах итгэлт хүн” л чухал байж.
Ингээд Х.Батулга, З.Энхболдын “гацаасан” нэр зүүж, үнэн хэрэгтээ “Шеньхуа”-гийн эсрэг зогсож Монголдоо авч үлдсэн. Өнөөгийн “Чайна энержи”-тэй наймаалцах гээд байгаа Тавантолгойн ордын өрөмтэй хэсэг буюу коксжих нүүрсний хамгийн үнэ цэнтэй хэсгийн түүх ийм аж.
Хөхөөгийн Ганболд нь 1965 онд Увс аймагт төрсөн. “Баярс констракшн”-д есөн жил ажиллаад Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа Чөлөөт бүсийн зөвлөлийн ажлын алба байгуулахад анхны даргаар нь ажилласныг дээр дурдсан. Дараа нь нэг жил орчим “Шинротте” ХХК-д ажиллаж байгаад 2014 оны 1-6 дугаар сард “Эрдэнэс Тавантолгой” ХК-д ажиллаж байгаад “Гашуун сухайт төмөр зам” компани байгууллагдахад анхны гүйцэтгэх захирлаар нь ажилласан. 2019 оны 10-12 дугаар сард ҮАБЗ-ийн стратеги, судалгааны хүрээлэнд ажиллаж байжээ. Хувь эзэмшдэг ААН-үүдийг нь нээлттэй мэдээллийн сангаас харахад “Эртний тоонот гэр” ХХК-ийн 33 хувийг, “Увс хар азарга” гэдэг Увс аймгийн Малчин суманд хаягтай, 250 гаруй хувьцаа эзэмшигчтэй компанийн 3.6 хувийг эзэмшдэг, “Баянхайрхан хас” ашгийн төлөө хоршоо гэх мөн Увс аймгийн Малчин суманд байршилтай компанийн 53.2 хувийг эзэмшдэг. Хамгийн сүүлийн мэдээллээр “Говийн ус ногоон хөгжил” болон “Нүхэн жорлонгүй ногоон хот” гэдэг хоёр НҮТББ-ын хувьцаа эзэмшигчийн бүртгэлээс Хөхөөгийн Ганболд хасагдсан бөгөөд Удирдах зөвлөлийн даргаар нь Ч.Жаргалсайхан, түүний хүү Ж.Энхманлай нар ажиллах болжээ. Ч.Жаргалсайхан нь Өмнөговь аймагт төрсөн. Аймгийн ИТХ дахь АН-ын бүлгийн даргаар ажилладаг гэхчлэн цааш үргэлжилнэ.
Наад зах нь эдгээр холбоо сүлбээг тодотгосон баримт мэдээллүүд олдсоор байна. Энэ бүлэглэл яг л “атом, молекул” шиг задарч байгаа харагдана. Төр ч, бид ч олон гинжин холбоосыг мэддэггүй аж. Харин төр, төрийн хууль, хяналтын байгууллага “Цаг нь болохоор тэсэлнэ” гээд хүлээж байсан мэт эхнээс нь шалгаж эхлэхээр болсон мэдээлэл олдох боллоо. Нүүрс байгаа цагт “Нүүрсний бүлэглэл” байсаар байх бололтой. Баялгийн хувийг бүх нийтэд хүртээх үйлс маш том ашиг сонирхлыг хөнджээ гэдгийг ойрын үед өрнөж буй үйл явдлууд харуулсаар байна.
Нийтлэлч Оргилмаа