Мила Кунис: Өнөөдөр буй алдар нэр ирээдүйд үгүй болохыг Маколей Калкин ойлгуулсан

Украин гаралтай жүжигчин бүсгүй Мила Кунис есөн жилийн турш “Гэртээ ганцаараа” киноны гол дүрийг бүтээж үзэгчдийн хайртай жүжигчин болсон Маколей Калкинтай хамтран амьдарч кино үзэгчдийн дунд алдаршсан нэгэн. Харин Холливудын ертөнцөд Эштон Качерийн шинэ найз бүсгүй болсон нь түүнийг жинхэнэ утгаар хэвлэлийн хатан хаан болгосон гэж болохоор.  

-“Хар хун”, “Нөхөрлөл” зэрэг кинонд тоглосон Мила Кунис өнөөдөр холливудын хамгийн дуулиантай од болчихоод байна. Учир нь Деми Мурын хуучин нөхөр Эштон Катчертай хамтран амьдарч байна. Танд яагаад эхнэртэй хүнтэй явах санаа гэнэт орж ирэв.

-Яг үнэндээ би тэр хоёрыг салгаагүй шүү дээ. Нэг л өглөө Эштоны харц ер бусын өвөрмөц маягаар намайг ширтэх болсныг би мэдсэн.

-Та хоёр учиртай болсоноос хойш Деми Муртай уулзсан уу?

-Айж байна. За яалаа гэж дээ. Бид нэг салбарт ажилладаг хүмүүс. Удахгүй ээж охин хоёр болоод дэлгэцэнд гарахгүй гэсэн баталгаа байхгүй шүү дээ. Кино урлаг бол цусгүй тулаан гэдгийг бид мэднэ.

-Мила, та аль хэдийнэ нас биед хүрчээ. Энэ хугацаанд олон залуустай нэр холбогдож явлаа?

-Хэдийгээр миний тухай олон цуурхал гарсан ч үнэндээ сэтгэл минь ганцаардаад л байна. Гэхдээ одоохондоо би хэн нэгэнд хариуцлагатай амьдрал бэлэглэхэд  бэлэн биш гэдгээ ухаарсан. Миний амьдралд нэг л удаагийн гэхдээ урт хугацааны харилцаа байсан. Маколей Калкин бид хоёр 2002 оноос хойш үерхэж, есөн жил хамтдаа амьдарсан. Калкинтай анх уулзаж, амьдарч эхлэхдээ би өсвөр насны охин байсан болохоор хүмүүстэй болзох, аятайхан ресторанд орж ярилцах боломж бараг гараагүй. Эштон Катчер бид хоёр 15 настайгаасаа хойш нэг нэгнээ танина. “70-аад оныхны шоу” олон ангит киноны үеэр л бид танилцаж, тэр намайг гэрт минь хүргэж өгч, мөхөөлдсөөр дайлдаг байлаа. Гэтэл одоо бидний хооронд галзуу хайрын гал ассаныг нуугаад ч яахав. Жастин Тимберлейк бид хоёрын харилцаа ч үүнтэй төстэй зүгээр л найзууд. Ер нь би жүжигчин биш, алдар нэртэй хүн биш байсан бол баараар хэсч, залуу хайхгүй ээ. Харин гэртээ интернэтийн ард суугаад, танилцах залуу хайх байсан. Гэртээ суугаад залуу хайх хичнээн тухтай, сонирхолтой гээч. Яг л интернэтээр худалдаа хийж байгаа юм шиг /инээв/. Гэхдээ одоо Мила Кунис залуу хайж байна гэвэл хэн итгэх вэ дээ. Киноны зураг авалтын хооронд зав гарвал би найз бүсгүйчүүдтэйгээ хамтдаа суугаад интернэтээр тэдэнд тохирох залууг хайж, олж өгдөг. Бид нэгэндээ ямархуу залуус тохирохыг хэлж өгдөг гэж ойлгож болно.

-Та өөрийгөө дур булаам бүсгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна билээ. Гэхдээ таны хошин шогийн мэдрэмж, хөгжилтэй зан ааш улам дур булаам болгодог гэсэн хэлсэн байсан?

-Тийм үү. Гэхдээ үнэн л үг байна. Эцэг эх минь хэзээ ч намайг хөөрхөн, сайхан гэж өсгөөгүй. Бас муу, муухай ч гэж байгаагүй. Харин үргэлж л намайг хөгжилтэй, хошин шогийн мэдрэмжтэй гэж магтдаг. Намайг хөгжилтэй яриа сэдэж хүмүүсийг инээлгэхэд аав минь байнга анзаарч, ухаалаг, оновчтой үг хэллээ гэж магтдаг байсан. Харин заримдаа уур бухимдалтай сууж байхад аав намайг үгээр “явуулж” эхэлдэг. Тэгээд намайг дургүйцэхээр “Өөрийгөө өрөвдөж, уурлаж суух цаг биш ээ. Сэтгэлийн тэнхээтэй бай л даа. Уурлаж, урвайж сууснаас инээсэн нь хамаагүй дээр” гэж хэлдэг юм. Түүний энэ үг, үзэл намайг их өөрчилсөн. Тиймээс үүнийг л би гоо үзэсгэлэнгийн нууц гэж хэлнэ.

-Та жүжигчний хувиар ийм их амжилтад хүрнэ гэж төсөөлж ч байгаагүй гэж хэлсэн байдаг. Таны амьдрал их өөрчлөгдөж, нэр алдартай боллоо. Харин та өөрөө хэр өөрчлөгдсөн бэ?

-Энэ бүхэн намайг тэгтлээ өөрчилсөн гэж бодохгүй байна. Ямартай ч миний найз нарын минь хүрээ өөрчлөгдөөгүй. Намайг тойрон хүрээлж буй хүмүүс минь хэвээрээ л байгаа. Ес, 14, 25 настайд ч эдгээр хүмүүс л намайг хүрээлж байсан. Гэхдээ урьдын адил эрх чөлөөг мэдрэхээ больсон. Гэрийнхээ хажууханд орших дэлгүүрт тайван орж болохгүй болсон. 90 настай эмээгээ хааяа салхинд гаргачихдаг байсан бол одоо энэ үлгэр болжээ. Эмээгээ түшээд гарах гэтэл л үүдэнд папарацичид бүччихнэ. Тэр даруй “Эмээ, буцаж орохоос аргагүй боллоо” гэж хэлээд гэр рүүгээ зүглэдэг. Гэвч би үүгээрээ зовлон тоочоод байгаа юм биш шүү. Надад миний амьдрал таалагддаг. Магадгүй өнөөдөр буй алдар нэр ирээдүйд үгүй болох юм билүү. Маколей Калкины амьдрал ийм боломж байгааг харуулсан шүү дээ. Хэдийгээр түүний түүх харамсалтай ч гэсэн хэзээ нэгэн цагт хүмүүс миний араас тэгтлээ элдэхээ больж ч болох боломж байгааг хамгийн их ойлгуулсан хүний нэг. Маколей Калкин яг одоо хог дээр үсэрсэн лааз шиг харагдаж байна.

-Түүнд хайртай байсан уу?

-Мэдээж хэрэг. Би түүнд хайртай байсан. Одоо бол үгүй шүү.

-Амьдрал бол эрээн бараан гэдгийг хэн бүхэн мэдэж байна. Бараан үүлний цаанаас цэлмэг тэнгэрийг эхэлж харсан хүн амжилтад хүрдэг хэмээх үг байдаг. Өнөөдрийн амжилтад хүрэхийн тулд хөдөлмөрлөсөн чинь тодорхой байх. Анхныхаа гарааны тухай сонирхуулаач?

-Би АНУ-д 1991 онд ирсэн. Тэр үед долоо билүү, найман настай байсан байх аа. Миний англи хэл тийм ч сайнгүй, бас чи итгэхгүй байх л даа, би үнэхээр ичимхий нэгэн байсан учраас ээж, аав хоёр надад найз олж өгөх гэж их л зүдэрдэг байсныг санадаг юм. Нэг өдөр радиогоор “Beverly hills studio”-д жүжиглэх хүсэлтэй хүүхдүүдийг бүртгэж байгаа тухай зар явав. Ээж, аав хоёр намайг бүртгүүлчихэж. Шалгаруулалтын дараа аав, ээж хоёрт “Танай хүүхэд тэнцлээ” гэж хэлэхэд тэдний нүд орой дээрээ гарч, маш их баярласан. Яг үнэндээ бол шалгаруулалтад оролцсон бүх хүүхдийг тэнцүүлсэн юм. Тэгээд студитэй би 400 ам.долларын гэрээ анх байгуулж, бэлэн мөнгө гар дээрээ авч байсан. Тэр үед л би доллар ногоон өнгөтэй гэдгийг мэдсэн. Нэг удаа менежер маань “Эгдүүтэй царайтай охидыг сурталчилгаанд тоглуулах шалгаруулалт явагдана” гэхээр нь би оролцож, тэнцсэн. Анхны маань ажил “Барби” хүүхэлдэйн рекламны зураг авалт байсан. Түүх ингэж л эхэлсэн дээ. Тэгэхдээ болоогүй л байна түүх дөнгөж эхэлж л байна.  Би яг одоо 10 шатны хоёр дээр нь л гарчихсан байна. Надад найман шат дутуу байна.

Чи жүжигчний мэргэжилд өөрөө суралцаж явна уу. Эсвэл хэн нэгэн чамайг хөтлөөд, чиглүүлээд, карьерийг нь залаад байна уу?

-Найман жил телевизийн цувралд тоглож, түүнээс ч илүү хугацааг хүүхэлдэйн кинонд тоглосны эцэст би мөнгөний тохиролцоог санаа зовохгүйгээр хийдэг болсон. Ажил намайг биш, би ажлаа сонгох боломж бүрдсэн нь азтай хэрэг. Би үргэлж баян цатгалан байгаагүй, буудлын үйлчлэгч, жуулчны хөтөч ч хийж л явсан үе зөндөө. Одоо ч гэсэн би бусад жүжигчний адил гялтагнахгүй байгаа биз дээ. Шүүгээнд минь “Оскар”-ын шагнал байхгүйд харамсдаг. Холливуудад чи нэгэнт орсон бол энэ талаар хамгийн эхэлж л бодох хэрэгтэй. Энэ бол амьдралын хамгийн анхны дүрэм.

-Ямар үед “галзуу” байдаг вэ?

-Хэрэв бүх өндөг үүрэндээ байвал тахианд санаа зовох зүйл гарахгүй. Санаа зовох зүйлгүй бол хүн өөрийнхөөрөө юу ч хийсэн болно. Кино урлагийн салбар жүжигчний амьдралыг “алдаг”. Гэвч өөрийнхөөрөө байж чадахгүй хүмүүс л золиос болно уу гэхээс энэ тамын тогоо биш.

Украинд сүүлийн үед томоохон жагсаал гарсан. Үүнд та хэрхэн хандаж байна вэ?

-Улстөрч хүнээс л наад асуултаа асуух хэрэгтэй байх. Харин надаас “этюд” хэрхэн тоглох вэ гэсэн бол би илүү өөртөө итгэлтэй хариулах байлаа. “Үхлээ ирсэн хулгана муурын сахлаар оролдоно” гэдэг чинь наад асуулт чинь байх.

-Жирэмсэн гээд байсан чинь гэдэс чинь нэг их томороогүй байх чинь?

-Аргагүй ш дээ. Нэгхэн сартай юм чинь.

Б.Дэлгэрцэцэг

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …