Сүүлийн үед “Дэлхийн дээвэр” дээр зогсох, магнайг нь тэмтэрч үзэх хүсэл олон зуун уулчин, авирагчийг малгайг нь бүчлүүлэн, майхныг нь үүрүүлэн алхуулсаар. Жил ирэх тусам олон зуун адал явдал хайгчийг уулсын тэргүүн соронзон мэт л татдаг болжээ. Одоо жилд дунджаар 800 орчим хүн Эверестийн оргилд гарах гэж оролддог болсон гэдэг тоон баримт байна. Энэ бол зөвхөн оролдлого хийсэн хүний тоо. Өнөөдөр мэдээ мэдээллийн нүдэнд үл үзэгдэх сүмбэр уулс дэлхийн өнцөг булан бүрд сүндэрлэж түүн дээрээс бараг хүн бүр Эверестийн зүг саравчлан зогсдог болжээ.
БУРХАНТАЙ УУЛЗАХ ХҮСЭЛ
Мэдээ мэдээлэл сайжирсан, ууланд авирах технологи төгөлдөржиж, хувцас хэрэглэлийн хувьд ч харьцангуй хөгжсөн байна. Эверестийг тал талаас нь судалж, жалга гуу, судаг сархиаг болгоныг нь нэгжин, ширхэг чулууг нь хүртэл таньдаг болжээ. Мэдлэгтэнгүүд, мэргэжлийн чадвартангууд оргилд авирахыг бизнес болгосноор албан газраараа аялалаар явж байгаад оргил булаалдах тэмцээн зохиодог шиг л зүйл болчихлоо.
Одоо ч тэгээд сансарт нисэх хүртэл бизнес болж дээ. Саяхан сансрын жуулчдын бүтэн баг явчихаад ирсэн биз дээ. Харин манай Гавьяат тамирчин Г.Өсөхбаярын оргилд гарсан үед зөвхөн мэргэжлийн, тэр дундаа дээд зэргээр бэлтгэгдсэн, мөнгө санхүүгийн сайн дэмжлэгтэй, багагүй хугацааны судалгаатай, туршлагатай уулчид л гардаг байлаа. Гарсан нэг нь саранд хүрчихээд ирсэн мэт болдог байв. Гэтэл одоо Эверестийн оргилын ойролцоох нарийхан, ил хэсэг болох “Хиллари стэп” дахь хүний түгжрэл мэргэжлийн уулчдад, шерпа нарын сэтгэлийг ихээхэн түгшээгээд байгаа юм. Олон уулчид цаг агаар таатай байх богинохон хугацаанд оргилыг эзлэх гэсэн оролдлого хийдэг тул эрсдэл өндөртэй энэ бүсэд урт дараалал үүсдэг болжээ. Мэдээж энэ урт дараалал социалист нийгмийн үед маханд дугаарлаж байгаа шиг сонин гарчигласан шиг суухгүй нь лавтай. Тэнд агаарын даралт хэт их, хүчилтөрөгч дутагдалтай. Минут бүр амь насны төлбөртэй өчүүхэн саатах аваас ядарч сульдах, хөлдөх аюултай нөхцөлд хүргэнэ. Уулчид савласан хүчилтөрөгчийг “Уулын хар тамхи”, “Уулын сэргээш” хэмээн зүйрлэн нэрлэдэг. Хэт өндөрт, хүчилтөрөгч дутагдалтай газар өөр юугаа шүтэх вэ дээ. “Хиллари стэп” дахь түгжрэлийг Улаанбаатар хотын уухирдсан түгжрэлтэй харьцуулан бодох хэрэггүй. Хэдийгээр талын жижигхэн толгод шиг түмний хөлд гишгэгдэж эхлээд байгаа ч уулсын хаан шүү дээ.
Өнөөдрийг хүртэл Эверестийн оргилд нийт 7000 гаруй уулчин гарсан гэх тоон мэдээлэл байдаг. Тэдгээр эр зоригтноос 220 гаруй нь нэмэлт хүчилтөрөгчгүйгээр оргилд гарчээ. Далайн түвшнээс дээш өндөрсөх тусам агаар сийрэгждэг учраас хүмүүсийн тархины ажиллагаа удааширч энгийн үйлдлийг хийх нь хүртэл төвөгтэй болдог. Тийм учраас л 8000 метрээс дээших бүсийг “Үхлийн бүс” гэж нэрлэдэг. Үүнээс өндөрт жирийн хүн савтай хүчилтөрөгчгүйгээр амьсгалах боломжгүй. Ингээд бодохоор уулчдыг үнэхээр л “Бурхантай сэнтий ойртох хүсэл”-тэй явж дээ гэж бодогдмоор. Монголчууд бид хийморь золбоотой нэгнээ “Тэнгэртэй эр” гэдэг бол нас барсан нэгнээ “Тэнгэрт одлоо” л гэдэг.
Яс янгинам үнэн
Уулсын хаан Гималайн ноён оргил, ихэмсэг хүйтэн Эверестийн цав цагаан хэвнэг дор яс янгинам үнэн нуугдаж байдаг. Тэнд ёс суртахуун гэдэг ойлголт газрынхаас тэс өөр бөгөөд “Хүн чанар”-ын тухай яригдахгүй. Тэнгэрийн магнайг илж үзэх санаа тэр олон хүнийг түгжрэлд хүргэсээр л байгааг дээр өгүүлсэн. Түгжрэлд гацагсад дунд бурханы оронд очих “Тийз”-ээ захиалчихсан нэгэн байж ч болох. Сүүлийн 70 жилд Эверестийг зорих уулчид, сонирхогчдын тоо тасралтгүй өсөж байгаа нь ууланд эрсэдсэн хүмүүсийн цогцос, тэдний хэрэглэсэн хүчилтөрөгчийн баллон болон бусад хог хаягдал нь байгалийн экосистемд сөргөөр нөлөөлж буй талаар яригдах хэмжээнд хүрээд буй. Оргил руу авирах замдаа уулчид энд тэндгүй цогцостой таарах ба хэн нэг нь өндөр хаднаас унасан, нөгөө нэг нь хөлдсөн эсвэл хүч чадалгүй болж тамирдан унасан, хүчилтөрөгч нь дуусаж унасан байдаг. Эверестийг уулчид зорих болсон энэ хугацаанд 300 орчим хүн нас барсан бөгөөд 200 орчим хүний цогцос уулан дээр байгаа гэсэн тооцоо бий. Тэдний цогцсыг уулчдын хүсэлтээр эсвэл буулгаж ирэх төлбөр өндрөөс болоод нас барсан газарт нь орхих тохиолдол цөөнгүй аж. Хөлдсөн цогцос 150 килограмм жинтэй болдог бөгөөд нэг цогцос доош буулгахад 6-8 хүн шаардлагатай. Цэвэрлэгээ хийх ямар ч боломжгүй гэсэн үг. Шерпа нар тэдгээр амь насаа алдсан уулчдын өмссөн хувцасны өнгөөр газруудаа тодорхойлон нэрлэдэг болсон гэнэ. “Ногоон гутал”, “Нойрсож буй гоо үзэсгэлэн” гэх мэт. Тэд бүгд л бурхантай уулзсан байх. Ямар сайндаа л “Хэрвээ та үхэх үйлтэй хүн гэдгээ мэдмээр байгаа бол Эверест дээр гарах гэж оролдож үзэх хэрэгтэй” гэдэг яриа гарсан байх вэ. Эверест өндөрт байрлах “Оршуулгын газар” болох нь.
Хэрвээ чи байгальд дуртай, өөрийгөө сорьж үзэх хүсэлтэй бол уулчны зам чамд тохирох ч байж мэднэ. Уулын оргил руу тэмүүлэх нь зөвхөн өндөрт гарах бус, дотоод хүнээ таньж, өөрийгөө хөгжүүлэх аялал. Гэхдээ дэлхий дээр хүний хөл гараагүй хамгийн өндөр оргил гэж үлдсэнгүй. Хамгийн өндөр уул хогийн тантан шиг л болчихсон. Та байгальд хайртай хүн учраас уулсын тэргүүн тийш зүглэж хог тарихыг хүсэхгүй л болов уу. Магадгүй сансрын аялал жуулчлалын эрин эхэлж байгаа болохоор Ангараг гаргийн хамгийн өндөр оргил “Олимпиус” дээр мөрөө гаргаж болно. Эхэнд өгүүлсэнчлэн тэнгэр лүү тэмүүлэх хүсэл, тэндээс Бурханыг хайх санаа хүн төрөлхтөнд үнэндээ байхгүй. Хүмүүс гадагшаа ертөнцийг тольдон ширтэх биш, дотогш ширтэж тэнд өөртэйгөө уулзах гэж л явдаг.
Трамп Төмөрөө
Эх сурвалж: Монголын үнэн сонины №021/24648/ дахь дугаар
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл