Мах, түлшний сурталчилгааг хориглосон дэлхийн анхны нийслэл Амстердам болжээ

Нидерландын нийслэл Амстердам хотод махан бүтээгдэхүүн болон чулуужсан түлшнээс гаралтай бараа бүтээгдэхүүний сурталчилгааг албан ёсоор хориглох шийдвэр хэрэгжиж эхэлжээ.

Энэхүү хязгаарлалт нь гудамж талбай, нийтийн тээврийн зогсоол болон метроны буудлуудад байрлуулсан зар сурталчилгааны самбаруудад хамаарах ажээ.

Шинэ журмын дагуу хотын гудамжуудаас хагас боловсруулсан махан бүтээгдэхүүн (бургер зэрэг бэлэн бүтээгдэхүүнүүдийг оролцуулан), нислэгийн үйлчилгээ, мөн бензин болон дизель хөдөлгүүртэй автомашины сурталчилгааг авчээ. Хотын захиргаанаас мэдэгдэгдсэнээр, энэхүү шийдвэрийг Амстердам хотыг 2050 он гэхэд “нүүрстөрөгчийн саармаг” (уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөгүй) бүс болгох томоохон бодлогын хүрээнд гаргасан байна.

“GreenLef” намын төлөөлөгчид мэдэгдэхдээ, энэхүү хориг нь хотын байгаль орчныг хамгаалах зорилго болон нүүрстөрөгч ихээр ялгаруулдаг бүтээгдэхүүний сурталчилгаанаас орлого олох явдал хоёроос үүсээд байсан зөрчлийг арилгаж байгааг онцолжээ. Хотын захиргаанаас мөн иргэдийн махны хэрэглээг бууруулах урт хугацааны зорилт тавиад байгаа юм.

Энэхүү арга хэмжээ нь иргэдийн сонгох эрхийг хязгаарлаж байгаа хэрэг биш, харин томоохон корпорацуудын маркетингийн дарамтыг сулруулах зорилготой гэж “Амьтдыг хамгаалах нам”-ын төлөөлөгчид мэдэгджээ.

Шинжээчдийн урьдчилсан тооцоогоор, махны сурталчилгаа нь хотын гудамж талбай дахь сурталчилгааны зах зээлийн дөнгөж 0.1 хувийг эзэлдэг байсан бол түлшний салбартай холбоотой сурталчилгаа 4 орчим хувийг эзэлж байжээ.

Амстердам нь ийм эрс шийдэмгий алхам хийсэн дэлхийн анхны нийслэл хот болж байна.

Эх сурвалж: Montsame.mn

Санал болгох мэдээ

Лхагва гарагт цахилгаан хязгаарлах хуваарь

​  Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас цахилгаан шугам сүлжээний засвар үйлчилгээ хийхтэй холбоотой Улаанбаатар хотын …