Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун авга ах Чан Сон Тхэкийн хоёр туслахыг юунаас болж буудах тушаал өгснийг Японы хэвлэлүүд олж тогтоожээ. БНАСАУ дахь эх сурвалжаас авсан мэдээллээс эш татан “Yomiuri Shimbun” сонинд бичсэнээр “Ким Чен Ун согтуу, гунигласан үедээ цаазын тушаал өгсөн” гэжээ.
Түүнчлэн эрх бүхий албан тушаалтнууд нүүрс олборлож, Хятад руу экспортлох ашигтай бизнесийг цэргийнхний хяналтад өгөхийг хүсээгүйтэй холбоотой аж. Тиймээс эрх баригч Хөдөлмөрийн намын захиргааны хэлтсийн нэгдүгээр орлогч захирал Ри Рен Ха, бас нэг хэлтсийн орлогч захирал, тэргүүн Чан Су Гиль нар Ким Чен Уны дургүйг хүргэсэн байна.
Уг нь тэд шаардлагын дагуу бизнесээ өгөх гэж байсан боловч хэтэрхий оройтсон гэнэ. Үүнээс гадна албан бус мэдээллээс үзэхэд тухайн бизнест холбоотой зургаан хүн хэлмэгдүүлэлтэд өртжээ.
Эрх бүхий албан тушаалтнуудыг цаазалж хороосны дараа төрөл төрөгсдийг нь хорих лагерьт цөлсөн гэнэ.
Үүнээс гадна Өмнөд Солонгосын тагнуулынхан Ким Чен Уныг авга ахаа цаазалсан нууц шалтгааныг саяхан илрүүлжээ. Тус албаны мэдээллээс үзэхэд Чан Сон Тхэк санхүүгийн ашгаа хуваахдаа зөрчилдсөнөөс болж цаазлуулсан гэнэ.
“Yomiuri Shimbun” сонинд бичсэнээр Ким Чен Ун авга ахтайгаа 20 тэрбум ам.долларын зарлагаас болж муудалцжээ. Учир нь Ким Чен Ун Европын банк, Швейцарьт 40 орчим тэрбум ам.доллар хадгалж байсан бөгөөд энэ мөнгөө өндөр албан тушаалтнуудад бэлэглэх үнэт цаг, виски, авто машин зэрэгт зарцуулдаг байжээ. Чан Сон Тхэк энэ дансыг хамт эзэмших эрхтэй байсан бөгөөд доод албан тушаалтнуудтайгаа нийлж, талыг нь үржээ. Энэ нь Ким Чен Уны дургүйцлийг төрүүлж, цаазлах шийдвэр гаргахад хүргэсэн гэнэ.