Монголчууд эрт цагаасаа л бие сайтай, тэсвэртэйгээрээ алдартай. Идэж байгаа хоол, ууж байгаа ус нь элдэв хольцгүй цэвэр байгалийн гаралтайн дээр өөрсдөө үргэлж хөдөлгөөнтэй, зүгээр суух завгүй байсан болохоор тийм эрүүл чийрэг хүмүүс байдаг байсан, одоо зарим нь ч тийм байгаа.
Гэтэл хар багаасаа эхлээд нас дээр гарах хүртлээ морь унадаг байсан гэдгийг нэг их чухал хүчин зүйлийг орхигдуулаад байгаа юм. Морь үнэхээр унасан эзнийхээ хийморь сүлдийг сэргээдэг төдийгүй бие махбодийн элдэв өвчин эмгэг тусахаас сэргийлдэг, туссан ч хурдан илааршуулахад нөлөөлдөг байсныг хүмүүс эрт дээр үеэс анзааран мэджээ.
Европ зүгийн буюу орчин үеийн анагаах ухааны эцэг гэгддэг Гиппократ манай тооллын өмнөх 500 жилийн тэртээ үүнийг ажиглан мэдээд сударт тэмдэглэн үлдээсэн байдаг. Өвдсөн хүн морь унадаг бол өвчин нь явган хүнээс хавьгүй хурдан эдгэрч байгааг суут Гиппократ ажиглаж мэдээд хүнд, архаг өвчнийг илааршуулахад морь унуулан эмчлэх аргыг ашиглаж болохыг заасан юм. Үүний адуу, морь буюу грекээр иппо, эмчилгээ буюу терапи гэж нэрлэх болсон юм. Ардын, уламжлал юм болгоныг орчин үеийн анагаах ухаан үгүйсгэдэг байсан цагт ч иппотерапийг эмч нар нөхөн сэргээх эмчилгээнд идэвхтэй ашиглаж байсан билээ.
Адуу заслын эмчилгээнд илүү түлхүү ашиглах түлхэц өгсөн нэг зүйл 1950 оны Олимпийн тоглолтын үеэр болсон юм. Урд нь тахир дутуугийн тэргэнцэр ашиглан ойр зуур явахаас цаашгүй байсан Лиз Хартелл гэгч Дани эмэгтэй адуу эмчилгээний тусламжтайгаар хөл дээрээ боссон төдийгүй өвчнөө бүрэн ялж, олимпийн тоглолтонд морин спортын төрлөөр оролцож мөнгөн медаль хүртсэн нь асар том дуулиан тарьсан юм. Морийг эхэндээ хөтлөх зэргээр өөртөө дасгаад дараа нь алхуулах, шогшуулах зэргээр бүрэн эзэмшиж сурна гэдэг ямар их сайн нөлөөтэй, манайхны одоо ярих дуртай болсон үгээр хэлбэл ямар их эерэг энергитэй болохыг энэ бүсгүй яруу тодоор харуулсан юм.
Манайх шиг морийг дээдлэн шүтдэг, дээд сайн юм болгоныг бэлгэдэл гэж үздэг ард түмэнд энэ эмчилгээг ашиглавал үр дүн нь өрнийнхөөс илүү гарна уу гэхээс дутахгүй л байх. Жишээ болгоод адуу эмчилгээг ашигладаг зарим эмгэгийн нэрсийг сонирхуулъя.
• Тархины цус харвалт -ын дараах нөхөн сэргэлт, тархины цусан хангамжийн өөр бусад алдаглын үеийн нөхөн сэргэлтийн үед. Өөрөөр хэлбэл хөдөлгөөнгүй болсон эрхтэнийг хөдөлгөөнд оруулах зорилгоор.
• Саажилт -ын хэлбэрүүдийн үед мөн л нөхөн сэргэх зорилгоор.
• Яс, үе мөчний өвчин эмгэгийн үед нөхөн сэргээх зорилгоор.
• Эмэгтэйчүүд ба эрэгтэйчүүдийн өвчний үед.
• Гэмтлийн дараах мэдрэлийн эмгэгийн үед.:
• Хараа муудах, сонсгол муудах зэргийн үед.
• Мэдрэлийн төрөлхийн өвчин
• Мэдрэлийн үрэвсэл.
• Хагалгааны дараах нөхөн сэргэлтийн үед.
• Аутизм, невроз зэрэг сэтгэцийн эмгэгийн үед.
• Эхний шатандаа яваа даралт ихсэх өвчин
• Нуруу тулгуур эрхтэний тогтворгүй байдлын үед
• Цээжний хэсгийн нугасны үеийн үрэвслийн эхний шат
• Таталд цөөн өгдөг унах өвчний үед. /эпилепси, татаж унах өвчин/
• Стресс, сэтгэл гутрал.
Нэлээд удаан хугацаанд нөхөн сэргэлт шаарддаг өвчин эмгэг байгааг та лав анзаарсан байх. Тэгэхээр нөхөн сэргэлтийн үед ажилгүй болсон эд эрхтэнийг ажилд оруулах, түгшүүр айдсыг арилгах, нурууны булчинг чангалж өгөх зэрэг олон талт үйлчилгээг адуу эмчилгээ үзүүлдэг. Мэдээж энэ эмчилгээг бусад шалгарсан аргуудтай хослуулж, хамтран хэрэглэвэл үр дүн нь хавьгүй сайн. Гол нь эмчийн заалтаар, номхон морь гэдэг нь эрхбиш ойлгомжтой байгаа байх.
Гүүний саамны сувилал гэж их олон гарах болсон, тэгвэл үүнтэйгээ зэрэгцээд ийм адуу эмчилгээг эмчийн заалтын дагуу давхар хэрэглэхийн сацуу үр дүн, нөлөөний талаар ул үндэстэй судалгаа явуулах хэрэгтэй байна. Баруунд гэхэд адуу эмчилгээний герман онцлог, англи онцлог, франц онцлог гээд хүртэл гарчихсан байхад хурдан хүлгээрээ бахархадаг та бид яагаад монгол онцлогтой адуу эмчилгээ гаргаж болохгүй гэж.
Хүн олноор нэг газар бөөгнөрөн сууж, мөнгөний төлөөх асар их өрсөлдөөн дунд маш их стресст орж ажилладаг, өв уламжлалаа мартагнаж эхэлж байгаа үед энэхүү адуу эмчилгээг өргөнөөр ашиглаж эхлэх нь ард олны, түүний дотор хүүхдийн эрүүл мэндэд нэн тустай нь гарцаагүй.
эх сурвалж:103.MN