Монголын түүхийн цахим хувилбарт чулуун зэвсгийн үеэс ардчилсан хувьсгалын үеийг багтаажээ
Монголчууд түүхээ судлахын тулд заавал ном шагайх хэрэггүй болжээ. Учир нь түүхийн “Монголчууд” цахим цомгийг саяхан Архивын ерөнхий газрын дэд дарга бөгөөд Үндэсний төв архивын захирал, түүхийн ухааны доктор Д.Өлзийбаатар эмхэтгэн хэвлүүлжээ. Түүнтэй уулзаж, шинэхэн цомгийнх нь талаар ярилцлаа.
-Монголын түүхийг цахим хэлбэрээр эмхэтгэсэн байна. Чухам яагаад цахимаар бэлтгэсэн юм бол?
-Дэлхийн аль ч улсад түүхээ бичихээс гадна түгээн дэлгэрүүлэх, сурталчилж олон нийтийн хүртээл болгох зорилго уламжлагдан ирсэн байдаг. Энэ хүрээнд түүхийн баримтат нийтлэл, уран сайхны болон баримтат кино бүтээх, үзэсгэлэн, уулзалт, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах зэрэг ажлуудыг байнга хийдэг.
Мэдээллийн эрин буюу нийгмийн хөгжлөө даган, хөл нийлүүлэхийн тулд хүмүүсийн сэтгэл зүйн хандлага өөрчлөгдөж эхэлсэн. Сүүлийн 20 жилийн хугацаанд ном, сонин уншихаас дөлж, төвөгшөөх үзэгдэл хүчтэй бий болсон.
Түүнчлэн түүхийн мэргэжлээр тусгайлан мэргэшиж байгаа хүмүүсээс бусад нь эрдэм шинжилгээний хуралд оролцож, түүхэн кинонуудыг тогтож суугаад үзэх цаг, зав багатай болчихсон шүү дээ. Тиймээс энэхүү сонсдог түүх буюу цахим хэлбэрт оруулсан “Монголчууд” цомгоо хэвлүүлсэн юм.
-Энэхүү цомогт хэдий үеийн түүхийг хамруулсан бол. Таны хэлснээр хүмүүс ихэвчлэн аливаа асуудлыг хялбаршуулан хүлээн авдаг болсон. Тиймээс бүтэн сонсоход хэр их хугацаа шаардагдах бол гэдэг нь сонирхолтой байна?
-Монгол нутагт хүн анх суурьшсан чулуун зэвсгийн үеэс эхлээд 1992 оны ардчилсан хувсгалын үеийг хамруулсан. Нийт 81 сэдэвтэй, 28 цагийн бүтээл байгаа юм. Энэ CD-ийг аудио CD, MP3 хэлбэрээр болон гар утсанд аппликэйшнээр суулгах боломжтой.
Олон нийтэд хүртээлтэй болгох үүднээс нэг цомогт гурван сэдэв багтаасан. Тэгэхээр 81 сэдэв маань 25 CD-нд багтаж байна. Учир нь нэг сэдэв буюу нэг түүхэн явдал нь 30 минутаас нэг цаг 30 минут үргэлжилж байгаа. Тодруулбал нэг CD нь эртний түүхийн сэдэв, дундад болон орчин үеийн түүхээс оруулсан тус бүр нэг сэдвээс бүрдэж байгаа юм. Бүгдийг сонсоход 63 цаг шаардагдана.
-Маш урт удаан цаг хугацааны түүхийг ажлынхаа завсар зайгаар ч сонсож, мэдлэгээ зузаатгах боломж бүрдэх нь ээ?
-Тийм ээ. Манайхны ихэнх цаг хугацаа машин дотор өнгөрдөг болж. Хотын түгжрэл, хөдөөгийн урт замд энэ цомгийг сонсвол эх түүхээ мэдэж, мэдлэг, боловсролоо ахиулаад байх боломжтой гэсэн үг. Хамгийн гол нь ингэж хэвлүүлснээр түүхийн талаарх хүртээмжтэй бүтээл болсон. Аливаа нэвтрүүлгийг цаг нь таарвал үзнэ, номыг тухайн гэр бүлийн 3-4 хүн л уншина. Харин цомгийг хаана ч, хэзээ ч сонсох боломжтой. Нийтийн тээврийн хэрэгсэл, хувийн машин, ажил, гэр гээд тоочвол барагдахгүй.
-Түүхийн маш олон эх сурвалж байдаг. Таны хувьд энэ цомогт ямар бүтээлүүдийг эх сурвалж болгож ашигласан бэ?
-Өөрийн тань хэлсэнчлэн Монголын болон гадаадын бүтээлүүд маш их байдаг.
Би дундад зууны үеийн их эзэн Чингис хааны байгуулсан түүхийн үйл явцыг ярихдаа “Монголын нууц товчоо”, Рашид Ад Дины “Судрын чуулган”, “Эрдэнийн эрхи” зэрэг түүхэн бүтээлүүдийг барьсан. Бусад орнуудын бүтээл номуудыг ч харсан. Тэдгээрээс өөрийн дүгнэлт эргэцүүллийг хийсэн байгаа. Түүхийн олон эх сурвалж дунд үнэнийг гуйвуулсан, магтаж, дөвийлгсөн янз бүрийн бүтээлүүд бий л дээ.
-Нийгэм, улстөрийн ашиг сонирхлоос болоод манайхан өөрсдөө ч түүхийг гуйвуулдаг. Гэхдээ энэ нь гуйваагүй, жинхэнэ түүх гэдгийг хэрхэн яаж мэдэх вэ?
-Түүхийг социализмын үеэс гуйвуулж эхэлсэн л дээ. Хуурай бичиж, эзэнгүйдүүлдэг, ард түмний нэрийн дор түүхэн үйл явцыг далдалдаг үйлдэл 1940-1950-иад онд хүчтэй бий болсон. Энэ нь нийгмийн системтэй холбоотой л доо. Үүнээс улбаалан түүхийг сонирхохгүй, үл итгэх явдал үүссэн.
1980-аад оны дунд үеэс ЗХУ-д өөрчлөн байгуулалт эхэлж, социализмыг эргэн харж, энэ системд багтаж байсан орнууд өөрсдийн түүхээ дахин харж эхэлсэн. Гэхдээ л социалист, марксист системийнхээ хүрээнд шүү дээ. Тэр дундаа түүхэн биет хүмүүсийг сурталчлах ажилд эргэлт гарсан.
-Нийгмийн системийн өөрчлөлтөд түүхийн архивт эргэлт үүссэн гэж үү?
-Товчхон хэлбэл тийм. Социалист системтэй орнууд түүхийн архиваа нээсэн хэрэг. Манай улс ч мөн адил. Өмнө нь архивт үзэж болох, болохгүй хаалттай фондууд гэж байдаг байлаа. Тэр нь 1991 онд нээгдсэн.
Энэ хүрээнд түүхтэй холбоотой архивын бүтээлүүдийг олон нийтэд дэлгэх үүднээс Ардын хувьсгалын 70 жилд зориулсан цуврал нэвтрүүлэг хүртэл хийж байлаа.
Түүнчлэн түүхийг таниулахад 1996 онд Баабар гаргасан “Нүүдэл суудал, гарз олз” ном маш их хувь нэмэр оруулсан. Энэ нь түүхийн маш урт хугацааг хамруулан, бичлэгийн өөр хэлбэрээр хэвлэгдсэн учраас монголчууд түүхээ сонирхож эхлэхэд ихээхэн түлхэц өгсөн. Үүнээс хойш түүхийг олон нийтэд таниулах цар хүрээ нэлээд нэмэгдсэн.
Гэхдээ улс орны академик буюу албан ёсны түүхэнд хоёр хүний хэрүүл, маргаан, уулзалт зэргийн бүх протоколыг оруулах шаардлага байдаггүй. Харин үр дүн нь хэрхсэн бэ гэдгийг албан ёсны түүхэнд тэмдэглэн үлдээдэг.
Энэ түүхийг саяхан Шинжлэх ухааны академийн Түүхийн хүрээлэнгээс таван боть болгон гаргасан. Одоо долоон боть болгохоор зэхэж байгаа. Үүнийг төрийн өмнө олон нийтэд түүхийг сурталчлан таниулах үүрэг хүлээсэн Түүхийн хүрээлэнгээс хэрэгжүүлдэг. Тэд 2010 оноос хойш энэ чиглэлээр далайцтай олон ажил хийж хэрэгжүүлж ирсэн.
-Түүхийг гуйвуулах нэг үндэс нь гадаад орнууд гэж ойлгож болох уу. Гадаадад сурч, ажиллаж байгаа залуучууд тухайн улсын түүхийн сурвалж бичгүүд манай түүхийн сурвалжуудаас эрс өөр байдаг гэдэг шүү дээ?
-Аливаа улсыг нөлөөндөө барьж, дагуул байлгахын тулд хамгийн түрүүнд түүхийг нь гуйвуулж, өөрчилж, засварладаг. Манай улсын тухайд хэлэхэд дэлхийн эзэнт гүрнийг байгуулж байсан орны ард түмэн хэдий бага, буурай, ядуу болсон ч цаад санаа нь агуу хэвээрээ байдаг. Энгийн малчин ардаас, язгууртан түшмэдэд ч “Бид том эзэнт гүрний үр сад” гэдэг үзэл, санаа нь байж л байна шүү дээ. Үүнийг үгүйсгэхийн тулд түүх гуйвуулах, засварлах ажил их явагдсан.
Монголчууд өөрсдөө дэлхийн улсыг байгуулж, түүхийг нь бичсэн хүмүүс шүү дээ. Хэдий 800 гаруй жил өнгөрсөн ч хамгийн том газар нутагтай гүрэн байгуулсан нь өнөөг хүртэл давтагдаагүй л байна. Цаашид ч чадахгүй гэж үздэг.
Ийм том улс, гүрэн байгуулсан ард түмэн гэдэг өөрсдөө агуу их түүхтэй байх учиртай. Энэ түүхийг тухайн цаг үе бүрт бичиж ирсэн. Гэхдээ Монголын түүхэнд бусад улсуудын хандах хандлага их өөр байдаг.
Эзлэгдсэн орнууд эзэлсэн улсынхаа түүхийг бичих дургүй, бичсэн ч сөрөг талаас нь авч үлддэг.
-Эрт, эдүгээгийн өширхөл байдаг байх л даа?
-Оросууд л гэхэд Чингис хааныг харгис, муу хүн. Байлдан дагуулагч, алан хядагч, олон эхнэртэй гэх зэргээр муу муухайгаар буддаг. Өмнөд Хятадын түүхчид монголчууд гэдэг маш бүдүүлэг, морь унаж, мах идэхээс өөрийг мэддэггүй, бичиг соёлгүй, Хан үндэстэн, Нанхиадын нэг хэсэг, бидний хойно явж байдаг нөхөд мэтээр бичдэг. Энэ нь Чингис хаан Их Монгол Улсаа байгуулсан үед ч байсан, өнөөдөр ч байж байна.
Энэ мэтчилэн Дундад Ази, Хорезм, Бухар, одоогийн Узбекистан, Тажикистан, Перс, Иран гэх зэрэг орнууд дээрхийн л адил бичдэг.
-Энэ бүхнийг та мэдээж цомогтоо багтаасан байх. Гэхдээ түүхээ маш сайн мэддэг, ёс заншлаа хадгалж үлдсэн улс, үндэстэн олон бий шүү дээ. Хамгийн ойрын жишээ л гэхэд өвөрмонголчуудыг аваад үзье. Дундад улсын багахан хэсгийг эзэлдэг тэдгээр хүмүүс өнөөдөр түүх, ёс заншлаа өвлөж үлдэж чадсан шүү дээ?
-Монголчууд хоёр том гүрэнд хуваагдсан шүү дээ. Өмнөд хэсэг нь БНХАУ-ын, хойд хэсэг ЗСБНХУ-ын мэдэлд шилжсэн. Хэдий манай улсын нутаг дэвсгэр ч гэлээ яг үнэндээ эзлэн түрэмгийлж авсан. Энэ тухай болон Буриад, Халимаг, Өвөрмонгол зэрэг улсуудаа эргүүлэн авахын тулд бид юу хийсэн бэ гэх зэрэг үйл явц цомогт маань бий.
Монголчуудын гол үзэл санаа нь Манжийн түрэмгийлэлд орохоос өмнөх үеийн улсаа байгуулах байсан. Энэ санаа 1940-өөд оны дунд үе хүртэл байсан бөгөөд цагийн байдлаас шалтгаалан үгүй болсон.
Хятадын таван бүрэлдэхүүний хамгийн том нь Төвөд, Өвөрмонгол болж орж байсан. Гэхдээ хятадууд тусгаар тогтнолоо олсон монголчуудын үр удам учраас өвөрмонголчуудыг уусгах бодлогоо эхний үед хүчтэй явуулж чадаагүй.
Харин Соёлын хувьсгалын үеэр гаарсан. Үүний эсрэг өөрсдийгөө авч үлдэх, түүх, ёс заншил, газар нутгийн нэршлээ хэвээр авч үлдэхийн тулд маш их тэмцсэн. Тэгээд ч Хятадын нөлөөнд байна гэдгээ хүлээн зөвшөөрөөд гарын үсгээ зурж баталгаажуулсан болохоор өвөрмонголчууд одоо асуудал үүсгэхгүй гэсэн байр суурьтай болсон байх.
-Түүхийн сурвалж учраас цомгийн өмчлөлийн асуудал хэрхэн шийдэгдэх бол?
-Оюуны өмчийн газраас тодруулж үзсэн. Тэд таны бүтээл учраас тан дээр бүртгэнэ гэсэн. Хэдий түүх ч гэлээ үүнийг хэн ч, аль ч өнцгөөс харж тайлбарлаж болно. Тиймээс миний бүтээл гэж бүртгэх юм билээ.
-Та энэхүү цомгоо гадаад хэлээр орчуулах уу. Гадныхны мэддэг хувиргасан түүхийг засан залруулахад хувь нэмрээ оруулах болов уу?
-Ийм бодол бий. Гэхдээ хүний бүтээлийг орчуулаад гадныханд ойлгуулж уншина гэдэг их хэцүү ажил гээд шууд бариад авчих хүн олдохгүй л байна. Найз, нөхөдтэйгөө ярилцаж үзээд ирэх жилээс цомгоо дахин хураангуйлж 5-7 цаг болгож орчуулж, хүргэнэ.
-Ингэхэд “Монголчууд” цомог маань үнийн хувьд хэр вэ?
-Гурван сэдэвтэй аудио цомгийн нэг нь 3 999 төгрөгөөр зарагдана. Бүх сэдвийг багтаасан MP3 нь 68 999 төгрөгийн үнэтэйгээр худалдаалагдах болов уу гэж бодож байна.
-Сар шинээр гарын бэлэг болгоход их л хүндэтгэл болох нь дээ?
-Мэдлэгийг эрхэмлэж, түүхээ дээдлэдэг хүмүүст бол сайхан бэлэг болно гэж бодож байна.
-Ярилцсанд баярлалаа.
Ж.Нарангэрэл