Тогогийн эрх баригчид Вьетнам руу илгээх гэж байсан дөрвөн тонн орчим зааны ясыг илрүүлэн энэ хэрэгт холбогдох гурван хүнийг баривчлан саатуулжээ. Цагдаагийн байгууллага энэ хэрэгт холбогдох мөрдөн шалгалтыг эхлүүлсэн бөгөөд анхан шатны дүгнэлтээр дөрвөн тонн бүхий эдгээр ясыг авахын тулд 500 гаруй зааныг устгасан хэмээн үзэж байна.
Олон улсын хэмжээнд хоригдсон зааны ясны худалдаа нь одоо хууль бус үйлдэлд зүй ёсоор тооцогддог боловч асар ашигтай учраас хүмүүс энэ төрлийн гэмт хэргээ зогсоохгүй байсаар байгаа юм. Сүүлд илэрсэн энэ хэргийн ард гэхэд л хэдэн тэрбум еврогоор тоологдох мөнгөн дүн эргэлдэж байгаа юм. НҮБ-аас зааны ясны худалдааны гол хөрөнгө оруулалтыг Төв Африкийн зэвсэгт бүлэглэлүүд санхүүжүүлдэг болохыг анхааруулсан байна.