Салхинд хийсэх мэт сарниж алга болсон Зүүнгар

308eb28f686768f4originalТүүхийн хуудсыг эргүүлэн харахад элэг эмтэрмээр олон гунигт үйл явдал монголчуудад тохиосон байдаг. Тэдгээрийн хамгийн эмгэнэлтэй нь Зүүнгар улсын мөхөл юм. Манжууд энэ улсыг эзлэхдээ эрэгтэй, эмэгтэй, хүүхэд, хөгшидгүй толгой дараалан хядсан байдаг. Энэхүү гашуун түүхийн талаар түүхч, доктор, дэд профессор На.Сүхбаатар  цувралаар бидэнд өгүүлнэ.

– Зүүнгар улс хэр удаан оршин тогтносон юм бэ?

– Зүүнгар улсын хүчирхэгжилтийн талаар өмнө нь ярьсан. Дахин давтан хэлэхэд дэлхийн түүхийн голлох бүтээлүүдэд монгол овогтны Хүннү, Их Монгол, Зүүнгар гэсэн гурван улсыг тэмдэглэсэн  байдаг.  Зүүнгар  улс  байгуулагдсанаасаа хойш үндсэндээ 80-аад жил оршин тоггносон. Дөрвөн Ойрадын сүүлчийн чуулган буюу Цоросоор толгойлуулсан 1636 оноос тооцвол 120 жил юм уу даа.  1676-1755 онд хүртэл оршин тогтносон Зүүнгар улс бол биеэ даасан улс байлаа. Энэ үед, энэ цагт Халх монгол Манжийн эрхшээлд орсон үе. Халхууд Манжид эзлэгдсэнээс хойш 70 жил оршин тогтносон Зүүнгар улсад зургаан хаан эрх барьжээ. Зүүнгарыг үндэслэгч нь Галданбошгот хаан. Галдан хааны ахынх нь хүү Сэнгэ хун тайжийн хүү Цэвээнравдан 1697-1727 онд, Цэвээнравдангийн хүү Галданцэрэн 1727-1745, Галданцэрэнгийн дунд хүү Цэвээндоржнамжил 1745-1749, ахмад хүү Лхамдаржаа 1749-1752, Галдан хааны дүү Бүм ноёны үр ач Даваач нар энэ улсыг захирч байв. Даваач хааны үед Зүүнгар Манжид эзлэгджээ.

 -Гэхдээ өмнө нь Манжийн олон дайралтыг удаа дараа маш амжилттай хамгаалж байсан гэдэг биз дээ?

-Зүүнгар улс тухайн үедээ Хятад-Дундад Азийг холбосон Торгоны замыг хянаж, эзэгнэж байв. Тэнгэр уулын өмнөх Уйгарын хотуудыг бүгдийг нь эршээлдээ оруулж захирч байсан. Түүний цаадах Узбек, Тажикийн хотуудаас татаас авч, Киргиз, Хасагийг нөлөөндөө байлгаж байсан. Өөрсдөө тариалан эрхэлж, үйлдвэрлэл явуулж тэр хэмжээгээрээ Зүүнгар улс эдийн засаг болон бусад зүйлээрээ хүчирхэг болсон байлаа. 1717-1733 он хүртэл Манж, Зүүнгар хоёр байлдсан. Энэ тулаанд хоёр улс хоёулаа туйлдсан байдаг. Ойрадууд эх нутгаа хамгаалж буй болохоор баатарлаг, бүх ард олны сэтгэл нэгэн зүгт. Манжууд Зүүнгарыг дайлж эрхшээх гэж олон удаа цэрэг татаад, сүүлдээ цэрэг дайныхаа зардлыг дийлэхээ больж, ард олноосоо нэмэлт татвар авчээ. Үүнээс үүдэн хятадад бослого хөдөлгөөн гарч маш хүнд байдалд орсон. Эцэст нь 1739 онд Зүүнгар, Манж улс найрамдлын гэрээ хийж, хилээ Алтайн нуруугаар тогтоосон. Хятад, монгол, солонгосыг залгисан хүчирхэг Манжтай өрсөлдсөн том улс байжээ гэж бид Зүүнгар ойрадуудыг төсөөлж ойлгож болно.

 XIII зуунд Их Монгол улсын үед Ази дахиныг ямар сайхан амгалан байсныг жишээлж хэлдэг үг байдаг л даа. Илжгэнд алт ачсан өнчин хүү Багдадаас Хархорин хүртэл айх аюулгүй илжгээ хөтлөөд ирж байв гэж. Тийм амгалан, эмх цэгтэй байсан. Зүүнгар улсын үед яг л тийм байжээ. Худалдаа харилцаа нээлттэй, айх аюулгүй, элдэв дарамтгүй.

– Ер нь тийм хүчирхэг том байсан улс бидний үе хүртэл оршин тогтносоор ирэх боломж байсан боловуу?

-Зүүнгар улс оршин тогтносоор бидний үед ирэх боломж байсан. Даанч дайсан их байжээ. Нэгдүгээр дайсан бол Манж. Тэд бүх Монголыг эзлэхийг хүсч байсан. Бас торгоны замыг эзэгнэх, баруун тийш өргөжих, өр доорх дайсан болох монголчуудын тусгаар тогтнолын сүүлчийн голомтыг алга хийх хүсэлтэй. Дараах нь Орос. Оросууд зүүн тийшээ өргөжих гэхээр Зүүнгар гол саад нь болж байв. Орос, Манжийн хооронд хэд хэдэн хэлэлцээр болсон байдаг. Нууц хэлэлцээр байсныг ч үгүйсгэхгүй. Яагаад гэхээр Зүүнгар улс Манжид эзлэгдэхэд Орос ган хийх дуу гаргаагүй. Хараад л сууж байсан. Эндээс хардлага үүсч байна. Юу хэлж байна гэхээр тэд газар нутгийг нь хувааж авахаар тохирсон байхыг үгүйсгэхгүй. Тийм баримт ч бий.

 Зүүнгарын хамгийн сүүлчийн хүчирхэг хаан бол Галданцэрэн. Гайхамшигтай дотоод бодлоготой. Гадааддаа нэг чиглэлийн бодлого барьж байв. Тэр нь тусгаар байдал, ах дүү монголчууд болох халх, дээд монголыг манжаас салгах. Аж ахуй, соёл, эдийн засгийг хөгжүүлэх тал дээр гайхалтай олон зүйл хийсэн байдаг.

 Галданцэрэн хааны амьдралын төгсгөл эмгэнэлтэй. 1745 оны үед Ойрад даяар халдварт цэцэг өвчин тархсан. Олон хүний амь насыг авч одсон энэ өвчинд хаан өөрөө бас өртсөн байдаг. Дараа нь дунд хүү нь хаан ширээнд сууж, ахмад хүү Лхамдаржаа нь дөрвөн жилийн дараа хаан ширээг булааж авсан.

 -Дүүгээсээ юу?

-Дүүгээсээ. Эх өөртэй дүү. Ер нь 1745-1755 оны хооронд Зүүнгар улсад дотоодын үймээн самуун их гарсан. Энэ бол аль ч улсад байдаг асуудал. Яагаад гэхээр Зүүнгарын хаант улс гадаад дайсан олон байсантай холбоотой дотоод бодлого нь уялдсан байсан. Орос, ойрадын хилийн дагуу Даваач тэргүүтэй том ноёд, Хасаг ойрадын хил дээр Амарсанаа тэргүүтнийг суулгасан. Цэрэг хүчийг нь нэмж, хангамж өгч тэнд суулгаснаар хилийн хамгаалалтын системийг сайжруулж байна. Яг энэ мэтчилэн хэд хэдэн том ноёдод эрх мэдэл өгсөн. Эрх мэдэл хүмүүст төвлөрөөд ирэх тэр цагт хаанд захирагдахгүй гэсэн хүсэл сонирхол нийгэмд бий болсон. Тэгээд л би чадна гэсэн үзлээр хаан ширээний төлөөх тэмцэлд босдог.

 -Хаан ширээний тэмцэлд оролцогсод хэн бэ?

-Зүүнгарын төрийг ганхуулсан, хүчгүйдүүлсэн тэр үйл явдлыг ярьвал урт яриа болно. Товч хэлбэл үүнтэй холбоотой хэдэн хүн бий. Нэгд, Даваач хаан орно. Их Цэрэндондов гэдэг алдартай жанжны ач нь. Төвдийг эзлэхдээ өмнө нь хэн ч давж байгаагүй Гималайн өндөр уулсыг араас нь давж дайрсан жанжин бол Цэрэндондов. Түүний нөлөөнд хүчирхэгжсэн хүн нь Даваач. Хоёрт, Нэмэхжаргал гэж ноён байна. Энэ бол 1732 онд Халхыг Манжаас салгахын төлөө дайн хийхэд цэрэг ахалж явсан, Хотон, Хурган нуурын дайнд Манжийн 20000 цэрэг хиар цохиж явсан бага Цэрэндондов гэдэг бас нэгэн алдарт жанжны ач нь. Гуравт нь Амарсанаа гэдэг Хойд аймгийн анги захирч байсан ноён. Энэ бол Галданцэрэн хааны зээ хүү. Ийм ноёд хаан ширээний төлөө тэмцсэн. Улс даяар гарсан халдварт өвчин, дотоодын тэмцэл, Манж, Орос, Хасаг зэрэг орнуудаас явуулсан хатгах, үймүүлэх, салгах бодлогын дүнд 1755 онд Зүүнгар улс Манжид эзлэгдэхэд хүрсэн. Манжийн туйлын хүсэл нь Зүүнгарыг эзэлж авах явдал байсан. Манж 100 жил Ойрадыг эзлэх бодлого явуулав. Тэр үед Зүүнгарын дотоодын үймээн самуунаас болоод зарим овог аймаг Халх руу орох, Халимаг руу нүүх мэтээр үймээн самуун байсан. Энэ бүгдийг Манжууд овжин ашиглаж Зүүнгарт цэрэг оруулсан. 1755 онд нийт 50 мянган цэргийг гурван замаар оруулсан байдаг. Яг баримтаар үзвэл 36 мянган цэрэг оржээ. Манж, хятад ногоон тугийн цэргээс гадна өвөрлөгч, халх цэргийг оруулсан. Манжууд Ойрадыг эзэлж аваад халхтай адил дөрвөн аймаг болгон, чуулган байгуулж, хан тавьсан. Тэгээд Долнуурт Ар, Өвөр, Баруун монголчуудыг эзэлж авсаны том баярыг намар нь хийхээр бэлдэж байлаа. Зарим цэргээ татсан. Яг энэ үед ойрадууд бослого гаргаж эхэлсэн.

 -Энэ үеэр халхад ч бас Манжийг эсэргүүцсэн бослого гарч эхэлсэн биз дээ?

-Тийм ээ. 1755-1758 оны бослогыг бид ганцхан Ойрадын бослого гэж ярьж тайлбарлаж болохгүй. Манжийг эсэргүүцсэн нийт монголчуудын бослого юм. Дотроо хоёр хэсэгтэй. Нэг нь Ойрадад, нөгөө нь Халхад өрнөсөн. Халхын бослогыг Чингүнжав толгойлж, Ойрадыг Амарсанаа удирдаж байсан. Энэ нь Манжийн хүчийг ганхуулсан бослого. Энэ бослого гарсан тулдаа Монголын ард түмэнд Манжаас хэзээ нэгэн цагт тусгаарлаж болох юм шүү гэсэн үндэсний үзэл санааг үеийн үед суулгаж өгсөн. Бослогыг манжууд хуваан таслаж дарсан. Угтаа бол Өвөр Монголд ч ийм бослого гарах байж. Даанч урвагчдын мэдээллээр толгойлсон ноёдыг устгасан байдаг.

 -Халх, Ойрадын босогчдыг бүгдийг нь дарж устгасан. Гэхдээ Ойрадууд бүр ард түмнээрээ хохирсон, хядуулсан гашуун түүхтэй…

-Ойрадын бослого бол гашуун, харамсалтай үр дагавартай. Үр дүн, хор уршиг нь айхтар юм аа. Эхэндээ Ойрадын босогчид Манжийн 36 мянган цэргийг бут цохисон. Манж цэргүүдийн дийлэнх нь халх, Өвөрмонголоос татагдсан монгол цэргүүд байсан гэдэг. Бялтат буу, үхэр буутай нь голдуу манж ногоон тугийн цэргүүд. Анхлан оруулсан цэргүүд алагдаж хиарсан тул дахин яаралтай цэрэг татаж хоёр дахь удаагаа оруулсан. Бас л 3 замаар. Үүнийг Амарсанаа, Чагдарманж, Ням, Занагарав, Дондогманжаар тэргүүлсэн ойрадын бүх ард түмэн дахин бут цохисон. Гурав дахь удаагаа манжууд дахин дайрсан нь үнэхээр аюултай байсан. Тэдний даалгавар нь Зүүнгарын ард түмнийг хядах зорилготой байв. Тэд 1758 он хүртэл Ойрадын нутагт алан хядах ажиллагаа явуулсан. Академич Ч.Далай гуайн гаргасан тоо байна. Зүүнгарын ард түмэн Манжид эзлэгдэх цагтаа 600 мянга байжээ. Энэ бол цэвэр монголчууд. Энэ бол тэр үеийн нүүдэлчдийн хувьд их том тоо шүү дээ. Үүнээс ердөө 120 мянган хүн үлдсэн байна гэжээ.

 -Дийлэнхийг нь хядсан гэж үү?

-Тийм ээ. 480 мянган хүн алагдсан байна, олзлогдож монгол биш газар нутагт цөлөгдсөн байна. Энэ бол аймаар тоо. Тодорхой баримт бий. Манжийн цэргийн дарга нар эзэн хаандаа мэдээлж  байсан мэдээллүүд байна л даа. Тэд уултай газрыг гар гараасаа барьж байгаад самнасан байна. Жанжнуудын айлтгалд “500 махчинг алав, 1000-ыг барьж сөнөөв, 2000 хулгайг хийсгэв” гэх мэтээр бичсэн байдаг. Болоо ч үгүй хүнийг алав гэхгүй “махчин, босуул, хулгай, дээрэмчнийг алав” гэсэн байна. Манжууд ойрадуудыг яснаасаа үзэн ядаж байв. Эхэндээ дандаа эр хүнийг нь алах бодлого барьж байв. Гэтэл ойрад эмэгтэйчүүд бүгд ханцуйдаа хутга бариад боссон. Тиймээс бослого дарах үйл явцад эр, эм, хүүхэд гэж ялгалгүй алах болжээ. Хүйс тэмтрэх гэдэг үг Зүүнгарын бослогыг дарах үед монгол хэлэнд орж ирсэн болов уу гэж би боддог юм. Эр, эм гэхгүй алж хядна гэсэн үг. Нүүдэлчдийн дунд ямар ч үед эмэгтэй хүнийг алахгүй хууль байдаг. Ер нь монгол эмэгтэй шиг эрх чөлөөтэй бүсгүйчүуд бага байсан байх. Таван хүү төрүүлэхээр дархан цол өгч овог дотроо үг хэлэх, санаа бодлоо илэрхийлэх эрх өгч байгаа зэрэг. Ойрадын нэг аман цааз надад байна л даа. Түүнд “эмэгтэй хүний үсэнд гар хүрэхийг хориглосон” байдаг. Эмэгтэй хүн гэрийн зүүн хатавчинд хоргодсон байхад гар хүрч болдоггүй. Мэс хүргэж болохгүй гэсэн байдаг. Тэнд нуугдаж байгаа хүнийг дайсан ирсэн ч алж болохгүй, олзол гэх зэрэг. Гэтэл манжууд бүгдийг нь хүйс тэмтэрсэн. Нилээд хэсгийг нь олзолсон. 480 мянга дотор олзлогдсон хүмүүс ч их байгаа. Олзны хүмүүсийг Хятадын өмнөд рүү буюу муу амьсгалтай муж руу цөлсөн. Уурхайд ажиллуулсан. Ингээд Зүүнгар үндсэндээ эзгүйрсэн. 1765 онд буюу 10 жилийн дараа Зүүнгарын нутагт харуулын асуудлаар очсон манж түшмэл “20 хоног явахад нэг ч хүн таараагүй” гэж тэмдэглэсэн бий. Хүн ардыг хоосортол хяджээ. Энэ алан хядлага л Монголчуудын хүн амыг цөөрүүлсэн.

 -Яагаад манжууд Зүүнгарыг хорсож хядаж алсан юм бол…

-Энэ хядлагад манжууд монголыг монголоор нь цохиулсан. Зүүнгарын их уул хадтай газар манж, хятад цэрэг явна гэж байхгүй. Монгол, Өвөрмонголоос их цэрэгтатсан. Бүгд цалинтай, алсан хүнийх нь тоогоор мөнгөөр шагнадаг байсан болохоор тэгж хүйс тэмтэрсэн. Энэ хядлагаас болж ойрадын махас, шарас зэрэг том том овог алга болсон. 480 мянган хүн алагдаж, олзлогдож, зугатаж, салхинд хийсэх мэт алга болсон. Энэ бол Монголын түүхийн хамгийн эмгэнэлтэй үйл явдал.

 -Үлдсэн 120 мянган ойрад хаачсан бэ?

-Энэ бол уул хаданд гарагчид, бас бөөнөөрөө олзлогдсон хүмүүс. Тэдний нэг хэсэг нь Монголын ойрадууд. Эд бол хатуу зовлон эдэлсэн ард түмэн.

 -Эднийг яаж амьд үлдээсэн юм бол…

-Олон талтай. Хууран мэхэлж өөртөө татаж чадсан. Бас гарах гарцгүй болгож хурааж дагуулсан. Манжид бууж өгсөн хүмүүс нэг хэсэг нь байгаа. Уул хаданд дүрвэж гараад буцаж ирсэн хүмүүс ч бий. Бууж өгсөн хүмүүсийг Хятадын нутагт ч тарааж суулгасан.

 -Харамсмаар юм аа. Гэхдээ хойч үе нь өмнөх түүхээ мэдэж байж сургамж авах ёстой гэдэг үүднээс үүнийг хүмүүс сайн мэдэж байх ёстой байх?

-Бид түүхийн эмгэнэлт хэсгээс сургамж авах ёстой. Баруун монголд Амарсанаа, халхад Чингүнжавын тухай домог их бий.

Энэ бүхэн Манжаас тусгаарлах үзэл санааны амин гол сүнс нь болж байжээ. 2003 онд Улиастай хот байгуулагдсаны 270 жилийн ойг их сүртэй тэмдэглэж, Ерөнхийлөгч хүртэл очиж байсан. Би үүнд их харамссан. Улиастай хотыг яах гэж байгуулсан юм бэ гэвэл Ойрад болон Халхын ард түмнийг дарангуйлах цэргийн бааз байгуулах гэж. Эхлээд Ховдод цэргийн бааз байгуулсан чинь ойрадууд орж ирээд цохисон болохоор нутгийн гүнд байгуулъя гээд Цагаансүүл буюу Улиастайг сонгожээ. Үүний 270 жилийг ойг тэмдэглэх ямар шаардлагатай юм бэ! Тэндээс бэхлэлтээс гарсан цэргүүд халхын Чингүнжав, ойрадын Амарсанаагийн бослогыг бут цохисон шүү дээ. Ховд хотыг үлдэж хоцорсон дөрвөд, торгууд, баяд, захчин тэргүүтэй ойрадуудыг дарангуйлах цэргийн хот болгож 1762 онд байгуулсан. Тэмдэглэх ой, тэмдэглэхгүй ой гэж бас байна. Манай зарим түүхчид ойрадын түүхийг тэднийг дарангуйлж байсан Манжийн эх сурвалжаас авч бичдэг. Тэр сурвалжид “Ойрадууд хоорондоо дайтаад байхаар нь Манжийн их цэрэг очиж төвшитгэсэн” гэсэн байдаг. Тэгж алж хядаж, юу ч үгүй болгож төвшитгэдэг юм уу. Үүнийг ойрадын өөрийнх нь түүхийн эх сурвалж буюу худам, тод бичгийн сурвалжаас үзэх хэрэгтэй. Бид түүхийг олон талаас нь олон баримт сэлтээс үндэслэж, болгоомжтой бичих ёстой юм.

Ярилцсан Д.ОЮУНТУЯА

 “Өдрийн сонин” №111 (3188) 2009.05.08

Санал болгох мэдээ

Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2023 оны дөрөвдүгээр сарын 03. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” …