Өнгөрсөн 8-ны өдөр Малайзын нийслэл Куала Лампур хотоос Бээжингийн чиглэлд хөөрсөн “MH370” онгоцыг Энэтхэгийн далайд осолдсон гэж тус улсын Ерөнхий сайд Нажиб Разак мэдэгдсэн билээ.
“MH370” онгоц нь задгай далайд унаснаас хойш 22 хоног өнгөрч байгаа өнөөдрийн байдлаар онгоцны ослын шалтгааныг тодруулах цорын ганц баримт болох хар хайрцгийг эрж хайх ажил эхэлжээ. Хар хайрцагны батарей, осол болсноос хойш 30 хоногийн турш ажиллаж , 3-4 км радиуст өөрөөсөө тусгай долгион цацаж байрлалаа заадаг бөгөөд энэхүү хугацаа дуусахад ердөө 11 хоног үлдсэн нь эрлийг яаравчлах шаардлагатайг харуулж байгаа ажээ. Гэвч хамгийн багадаа 3-4 метр мянган гүнзгий далайн гүнд буй хар хайрцгийг 11 хоногт олж авах магадлал үнэхээр бага байгаа юм.
Хэдийгээр хар хайрцагны батарей ирэх 4 сарын 12-ны өдөр дуусах ч доторх мэдээлэл нь 2 жилийн хугацаанд хадгалагддаг тул түүнийг энэ хугацаанд олж чадвал онгоц осолдох үед болж байсан бүх яриа болон замын чиглэл зэргийг цаг, минут , секундтэй нь гаргаж болох юм байна.
Хар хайрцаг нь онгоцны хийж буй бүх үйлдэл, чиглэл, техникийн үзүүлэлт зэргийг сүүлийн 25 цагийн турш бичиж хадгалж чаддаг ч онгоцны нисгэгчийн бүхээгт болж буй ярианы зөвхөн сүүлийн 2 цагийн бичлэгийг хадгалдаг ба ирэх 2015 оноос эхлэн дэлхийн олон үйлдвэрлэгчид , хар хайрцгийн батарейг 90 хоног ажиллаж, 13 км радиуст дохиогоо цацдаг хүчин чадалтайгаар үйлдвэрлэх болсон байна.
эх сурвалж: mglradio.com