Өмнөд Солонгост хакерууд халдлага хийж, цөмийн цахилгаан станцын зураг, төсөл бүхий засвар үйлчилгээ хийх заавруудыг хулгайлжээ. Хакерууд “Korea Hydro and Nuclear Power” компанийн сүлжээнээс авсан зураг төслийн заримыг өнгөрсөн долоо хоногт твиттер сүлжээнд байршуулсан аж. Үүнийхээ дараа тэд“Эдгээр станцын ажлыг зогсоохгүй бол халдлагаа цаашид үргэлжлүүлнэ” гэдгээ мэдэгдсэн байна. Үүнтэй холбоотойгоор тус компани цөмийн цахилгаан станцын дөрвөн реактор дээр сүүлийн хоёр өдөр дараалан хакерийн халдлагаас хамгаалах талаар сургуулилт хийсэн байна. “Korea Hydro and Nuclear Power” компани цөмийн 23 реактор ажиллуулж, тус улсын цахилгаан эрчим хүчний30 хувийг үйлдвэрлэдэг аж. Өмнөд Солонгосын тал урьд нь Умардыг хакер халдлага үйлдсэн хэрэгт нэг бус удаа буруутгаж байсан юм. Тухайлбал, 3013 онд Өмнөд Солонгосын банк, телевизийн сувгууд халдлагад өртсөн. Хакеруудын түгээсэн вирусийн уршгаар нийт 47 мянган компьютер дэх мэдээлэл алга болсон юм. Сөүлийн эрх баригчид уг халдлагад Умард Солонгосын талыг буруутгасан байна.
Д.Болд
Эх сурвалж: www.unen.mn