Сүүлийн үеийн судлаачид их гүрнүүдийн тоглолт Ази тивд төвлөрөх болсон тухай онцолж байна. Тэр дундаа Азийн орнуудын батлан хамгаалахын салбар дахь төсөв, хөрөнгө урьдынхаас хэд дахин нэмэгдэж Европын орнуудынхаас давж гараад байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт Пентагон батлан хамгаалахын төсвөө хэмнэх зорилгоор Европ дахь нэр бүхий 15 цэргийн баазаа хаахаар болсон гэж мэдэгдсэн билээ. АНУ жилдээ 600 тэрбум орчим ам.долларыг батлан хамгаалахын салбарт зарцуулдаг бөгөөд эдгээр цэргийн баазыг хааснаар 500 сая ам.доллар хэмнэх гэнэ. Үнэндээ энэ нь тийм ч дорвитой хэмнэлт биш гэж олон улсын цэргийн шинжээчид үзэж байна.
Асуудлын гол нь төсөв хэмнэхдээ биш геополитикийн тоглолт Европоос Ази тив руу, тэр дундаа Ази, Номхон далайн бүс нутаг руу чиглэж байгаагийн илрэл гэж дүгнэж байгаа юм. Өөрөөр хэлбэл АНУ-ын батлан хамгаалахын үзэл баримтлал шинэчлэгдэж, цэрэг, стратегийн бодлого Азийг анхааралдаа авах болжээ. Учир нь эдгээр бүсэд газар нутгийн маргаантай асуудал ихээхэн хурцадмал байдалтай байгаа төдийгүй БНХАУ Батлан хамгаалахын салбар дахь зардлаа жил ирэх тусам нэмэгдүүлж байгаатай ихээхэн холбоотой юм. Нөхцөл байдал хүндэрвэл ирээдүйд зэвсэгт мөргөлдөөн гарахгүй гэх баталгаа байхгүй байна.
-АНУ, ОХУ-ыг түгшээсэн Хятадын батлан хамгаалах-
Батлан хамгаалахын салбарт хамгийн их хөрөнгө хаядаг улсуудыг АНУ, БНХАУ, ОХУ тэргүүлдэг. Хятад улсын хувьд Оросын батлан хамгаалахын төсвийг хэдийнэ давж гарсан бөгөөд цэрэг армийн хүчин чадлаа бэхжүүлэх, зэвсэг технологийг шинэчлэх зорилгоор жил бүр батлан хамгаалахын зардлаа нэмэгдүүлсээр иржээ. 2014 онд Хятад нийт төсвийн 5.3 хувь буюу 131 тэрбум ам.долларыг батлан хамгаалахын салбарт зарцуулжээ. Энэ нь өмнөх жилийнхтэй харьцуулахад 12.2 хувиар өссөн үзүүлэлт юм.
Ийнхүү Бээжин цэргийн зардлаа өсгөж байгаа нь хөрш зэргэлдээ орших Вьетнам, Филиппинтэй Өмнөд Тэнгист, Японтой Дорнод Хятадын тэнгист олон жилийн турш газрын маргаантай байгаатай холбоотой аж. Ийнхүү батлан хамгаалахын салбар дахь Хятадын хүчирхэгжилт АНУ, ОХУ-ыг түгшээх хэмжээнд хүрээд байна.
Тэгвэл ОХУ энэ онд мөн л батлан хамгаалахын зардлаа нэмэгдүүлжээ. Хэдийгээр газрын тосны үнэ хоёр дахин унаж, барууны орнуудын тавьсан хоригийн улмаас Оросын эдийн засаг хямралтай байгаа ч батлан хамгаалахын төсвийг танахгүй гэж В.Путин мэдэгдсэн билээ. Энэ долоо хоногт Оросын Засгийн газар батлан хамгаалахаас бусад бүх салбарын төсвийг арав арван хувиар хасах шийдвэр гаргажээ.
Тус улсын Төрийн Думын батлан хамгаалахын хороо 2015 онд батлан хамгаалахын салбарт 3.3 их наяд рубль буюу 81 тэрбум ам.доллар зарцуулахаар төсөвлөсөн байна. Энэ нь Оросын ДНБ-ий 4.2 хувьтай тэнцэж байгаа юм. ОХУ урьд өмнө нь ийм их хэмжээний мөнгийг дээрх салбарт зарцуулж байгаагүй ба энэ нь өнгөрсөн жилийн төсвөөс даруй 812 тэрбум рублиэр өссөн үзүүлэлт гэдгийг “Интерфакс” мэдээллийн агентлаг онцолжээ.
-Японы батлан хамгаалахын зардал 100 тэрбум иенээр өсчээ-
Энэ долоо хоногт Японы Засгийн газар 2015 оны төсвөө баталсан байна. Ингэхдээ батлан хамгаалахын зардлаа ихээхэн өсгөж 4.98 их наяд иен буюу 41.7 тэрбум ам.долларт хүргэжээ. Энэ нь өнгөрсөн жилтэй харьцуулахад 100 тэрбум иенээр өссөн үзүүлэлт аж. Энэхүү төсвөөс 350 тэрбум иенээр 20 ширхэг Р-1 эргүүлийн онгоц, 103 тэрбум иенээр зургаан ширхэг F-35 сөнөөгч худалдаж авахаар болжээ. Үүнээс гадна хил орчмын бүс нутгийн ажиглалтыг нэмэгдүүлэх, Америкийн цэргийн баазыг Окинава руу шилжүүлэх зэрэг нэмэлт зардлууд багтсан байна.
Үүний зэрэгцээ Дорнод Хятадын тэнгис дэх газар нутгийн маргаантай асуудал батлан хамгаалахаа хүчирхэгжүүлэхэд багагүй нөлөө үзүүлсэн гэдгийг шинжээчид онцолжээ.
Эх сурвалж http://www.eagle.mn/