Мөнххайрханы “Үзүүр гялан”-гийн олдвор дэлхийн үл тайлагдах гайхамшигт тооцогджээ


Шинжлэх ухаан ба ертөнцийн нууц

Уншигч та бүхэнтэй нэгэн сонирхолтой мэдээллийг хуваалцая. Өнгөрсөн 2016 оны намар манай Ховд аймгийн Мөнххайраны сумын нутаг “Үзүүр гялан” гэдэг газар хадны хөндийгөөс эртний хүний шарил (оршуулга) олдсоныг Манай  аймгийн судлаачид (Ховд их сургуулийн багш судлаачид, аймгийн Музейн  эрдэм шинжилгээний ажилтан болон холбогдох бусад хүмүүс) мэргэжлийн дагуу үзлэг хийж, олборлон зөөвөрлөж авч ирсэн ба түүнийг Улаанбаатар хот руу лабораторийн шинжилгээнд илгээсэн билээ.

Тэгвэл цахим ертөнц дэх www.youtube.com цахим хуудсанд “Lutch Green” хэмээх мэдээлэл судалгааны компаний байршуулсан “Цаг хугацааны давтагддаг гэдгийг тогтоох гэсэн давшгүй эрмэлзлэлийн нотолгоо болж болохуйц 10 чухал баримт” хэмээх нэртэй нэгэн бичлэг нийтлэгдсэн  бөгөөд түүнд үгүүлсэнээр хүн төрөлхтнийг гайхшруулж байгаа арван чухал баримтын нэгэнд манай “Үзүүр гялан”-гаас олдсон археологийн олдворыг багтаажээ.

Тэрхүү бичлэгт үгүүлэхдээ “Археологчдийн үзэж байгаагаар 1500 жилийн настай эмэгтэй хүний шарил Монгол Алтайгаас олджээ. Тэр эмэгтэйн шарил нь орчин үеийн спорт хувцасны “Адидас” брэндийн бэлэг тэмдэг (эмлем) бүхий гурван цагаан судалтай улаан өнгийн хөнгөн (пүүз шиг) гуталтай байсан нь нэн өвөрмөц сонин үзэгдэл болов.

Түүхийн энэ ховор өв (олдвор нь) Монгол орон дахь Алтайн ууланд, далайн түвшинээс дээш 10000 пут (тохой) орчим өргөгдсөн хэсэгт, арван тохой орчим гүнзгий хадны “нүхэн агуйд” хадгалагдаж байжээ. Анх харсан буюу малтлага хийж гаргаж авсан хүмүүс түүнийг төв Азийн нутгаас олонтоо олддог Түрэгийн үеийн булш (хадны оршуулга) гэж үзсэн байна. Эмэгтэйн булштай хамт эмээл, хазаар, шавар ваар, модон аяга, гүц данх, тогоо, адууны бүтэн цогцос болон өөр олон эд зүйл хувцас хунар байсан аж.

Ийнхүү эртний булшнаас орчин үеийн “хөнгөн гутал” (пүүз) –тэй маш адилхан олдвор олдсон нь цаг хугацааны алсад нуугдан буй үл тайлагдах сонин зүйлсийн тухай бас нэгэн барим тавим сэжүүрийг атгуулж буй хэрэг юм.

Зарим судлаачдын хувьд үүнийг боломжгүй зүйл гээд, музейд тавьлаа гэхэд орчин үеийн хос хөнгөн гутал (пүүз) байсан мэтээр тайлбар лавлагаа хийх нь гоомой хэрэг болно гэж байгаа.

Гэвч урьд нь Сибирээс олдож байсан, тухайн цаг үед (олдворын он цагийг урьдчилан тогтоосноор) хамаарах түүхийн дурсгал олдворуудад гар урлалын ийм маш уран, нарийн хийц бүхий эд өлгийн зүйлс олон байдаг гэцгээж байна. Судлаачид энэ булшыг энгийн хүний, тэр тусмаа ур чадвар нь нэлээн өндөр хөгжсөн гар урчуудын нэгний шарил бололтой гэж ойлгож байгаагаа илэрхийлсэн байна” гэж бичжээ.

Бичлэгээс үзэхэд түүнийг бэлтгэн, англи хэлэнд хөрвүүлж тавьсан хүмүүс дээрх тайлбарыг бичихдээ манай судлаачдын, тухайлбал Ховд аймгийн Музейн эрдэм шинжлгээний ажилтан, судлаач Х.Бямбасүрэн, ХИС-ын судлаач доктор Ч.Мөнхбаяр болон олон улсын шинжээчдийн ярьж, хэлсэнийг эх сурвалж болгосон нь илэрхий байна.

Хүн төрөлхтнийг гайхшруулж буй хэмээх энэхүү арван онцгой баримтад:

  • Хятадын өмнөд нутгаас олдсон, Мин улсын эхэн үеийн түүхэнд холбогдох шарил буюу оршуулгатай хамт байсан “орчин үеийн Швейцарь цаг”-ны тухай.
  • 1943 онд Америкийн Пенсильвань мужийн Филадельф орчимд сүйрсэн гэж байсан цэргийн шинжилгээний хөлөг онгоц хожим бүтнээрээ шахам гарч ирсэн
  • 1876 онд 29 настайдаа гэнэт алга болсон Кидолп Пентз гэгч 1950 онд Америкийн Нью -Йоркын гудамжнаас яг тухайн үед буюу XIX зуунд алга болохдоо өмсөж байсан хувцастайгаа, тэрч байтугай хувцасных нь халаасанд байсан тэр үеийн 70 доллар, түүнд хаягласан захидал, ууж байсан шар айраг нь хүртэл хэвээрээ олдсон
  • 1974 онд хэвлэгдсэн нэгэн номонд Канад, АНУ-ын нутгийн завсар газарт 1917 онд болсон үйл явдлын тухай бичвэр болон гэрэл зураг байдаг ба тэрхүү гэрэл зураг дээрх олон хүмүүсийн нэг нь тэднээс огт өөр, орчин үеийн нимгэн цамц, богино өмдтэй, яг өнөө цагийнхаар засуулсан байгааг гярхай уншигч олж ажигласан гэх мэтчилэн этгээт сонин зүйлсийг үгүүлжээ.

Мэдээллийг бэлтгэн нийтлэгсэд түүнийг нийтэд толилуулж буй учир зорилгынхоо тухай   тайлбарлахдаа:

“Бидний энэ яриа бол цаг хугацааны орчил эргэлтийн тухай юм. Өнгөрч баларсан эсвэл бидний төсөөлөөгүй байгаа ирээдүй үе рүү хэрвээ зорчиж үзвэл түүхийн агшинууд эргэж нөхөгдөхгүй урсан оддогоос заримдаа бүр дотор эвгүйцүүлэм тийм харамсал, зовинолыг төрүүлдгийг нөхөж чадах боломж байгаа эсэхийг судлах туай яригдаж байна.

Үүнийг спортын бооцоот уралдаанаас ч юмуу хонжворт тоглоомоос хожил хожихтой адил ов заль, ёс зүйгүй хэрэг гэж үзэх боломжгүй. Тэгэхдээ адал явдал гэвэл хамгийн шилдэг, үнэмлэхүй нь байж таарна.

         Өнгөрсөн болоод ирээдүй цагийн гүн  рүү (хол алсад) зорчиж үзвэл түүх соёлын тоо томшгүй олон гайхамшигт зүйлүүд илрэх нь маргаангүй. Гэхдээ бид тэдгээрийг яг хөдлөшгүй бодитой зүйл үү, үгүй юу гэдгийг шүүн хэлэлцэхийг урьтал болгосонгүй. Цаг хугацааны гүнд нуугдан буй тэр олон тайлагдашгүй нууцыг бид нэг бүрчлэн тогтоож тайлбарлах боломжгүй. Бид ирээдүй рүү санаан зоргоор очиж чадахгүй нь харамсалтай. Хэрвээ тэгдэг бол үл ойлгогдох зүйлүүдийн нууцыг тайлбарлах боломж чухам тэнд л оршиж байгаа.

          Хайггс Боссонс /Higgs Bossons/ болон зарим эрдэмтэд: “бид юмсын үл тайлагдах нууцыг бүрэн ойлгож чадахгүй нь үнэн. Гэхдээ цаг хугацааг нэвт шувт гүйлгэж үзэж болдог бол зарим зүйлийн учир шалтгааныг олж илрүүлэх бололцоо бий” гэж үзжээ. Суут эрдэмтэн Степан Хоукинг цаг хугацааны орчил эргэлт (давтамж) бодитоогоор явагдаж байгаа юу гэдгийг судлахад олон жилийнхээ амьдрал хөдөлмөрийг үрсэн, тэрбээр “физик хуулиар бол энэ нь арцалдаан, зөрчилдөөнгүй өрнөж болох үзэгдэл, өөрөөр хэлбэл цаг хугацаа орчин эргэж давтагдах нь боломжтой зүйл юм” гэсэн үзэл баримтлалаа гаргаж, дэвшүүлсэн ч үүнийг практик дээр нотлох боломжгүй байлаа.

      Хэдэнтээ үүсэн цэцэглэж, хэдэнтээ сөнөж мөхсөн манай соёл иргэншлийн гайхамшиг цаг хугацааны орчлоор дахин давтагдах боломжтой гэвэл энэ үнэхээр сэтгэл татам зүйл. Чухам иймээс бид ийнхүү таны хувьд хэзээнээс этгээд, үл гүйцэлдэх гэж үзсээр ирсэн зүйлийг боломжтой хэмээн итгэж, давагдашгүй хүсэл эрмэлзлэлийн хариуг ойртуулахад дөхөм болж чадахуйц үндэслэл бүхий баримт мэдээллүүдийг толилуулахыг хичээсэн юм гэжээ.

                     Бэлтгэсэн Г.Төрмөнх

(youtube.com–д байгаа англи хэл дээрх бичлэгийг ашиглав)

Санал болгох мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: “E-Mongolia” систем эрх мэдлийн төвлөрлийг задлахад онцгой үүрэг гүйцэтгэж байна

Төрийн үйлчилгээний нэгдсэн систем “E-Mongolia” дахин шинэчлэгдэж, хиймэл оюун ухаанд суурилсан 4.0 хувилбараа өнөөдөр танилцууллаа. …