Нас барсан хүнийг оршуулахын өмнөх ёсыг зурхайн судар ном мэдэх зурхайч хүнээр “Алтан сав” нээлгэж тэр номын дагуу ёсчлон үйлдэнэ. Монгол ёсонд нас барагчийг оршуулах өдөр малгайг буруу харуулж, дээлийн захыг дотогш чихэж, дээлийн хормойг хормойг хоёр тийш ярж ордог бөгөөд бусад үед дээрх үйлдэлүүдийг цээрлэдэг. Эцэг, эхийг оршуулж байгаа бол баруун өвдөгнөөс нь зөвхөн төрсөн хүүхдүүд нь адис авах ёстой. Нас барагчтай хамаа бус салах ёс үйлдэж болохгүй.
Шарилд номонд заасан жилтэн эхлэж хүрсэн хойно бусад ёсыг гүйцэтгэх бөгөөд оршуулгын ажилд жирэмсэн эмэгтэй болон нялх хүүхэд оруулдаггүй. Мөн 49 хоног дотор нөхрийг оршуулж байгаа бол эхнэр нь, эхнэрийг оршуулж байгаа бол эр нөхөр нь өөр бусадтай эр, эмийн ажил үйлдэх, амьтны амь таслах, хулгай дээрэм хийх, мод огтлох, хэл ам хэрүүл маргаан, зарга тэмцэл хийхийг хатуу цээрлэдэг.
Шарил хөдөөлүүлэхээр явахдаа шарилыг оролцуулж тоолоод сондгой тоотой явж буцаж ирэхдээ тэгширдэг нь араасаа үхэл хагацал дагуулахгүйн билэгдэл юм. Оршуулгын ажилд архи дарс оруулахыг цээрлэнэ. Мөн зэрлэг амьтад болон ангийн мах, тахиа шувууны мах иддэггүй.
Оршуулгын ажилд унаж эдэлсэн морь, тэмээг нэг жилийн дотор барьж унаж эдлэхийг цээрлэдэг бөгөөд хадаг уяж хүндэтгэдэг. Энэ нь оршуулганд оролцсон морь мал нь урьд эртийн ерөөл буяны хүч байсан хэмээж бүтэн жилийн турш уналага ачилгаас чөлөөлж амар тайван, эрх дураар нь байлгадаг ажээ.