Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо Авлигатай тэмцэх газар, “Сонгогчдын боловсрол” төвтэй хамтран “Сонгуулийн санхүүжилт-шинэчлэлийн асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулав.
Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүд, Сонгуулийн ерөнхий хороо, Авлигатай тэмцэх газрын зарим удирдах албан тушаалтнууд, улс төрийн нам, иргэний нийгмийн болон судалгааны байгууллагын төлөөллүүд оролцлоо.
Хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей нээж хэлсэн үгэндээ: “Улсын Их Хурлын даргын захирамжаар Монгол Улсын сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлийн хэсэг байгуулагдан ажиллаж байна. Монгол Улсад сонгуулийн зохион байгуулалт, үйл ажиллагааг зохицуулсан Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай, Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тухай, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулиуд хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Монгол Улсад зохион байгуулж явуулдаг сонгууль тус бүр өөр өөрийн хуультай байгаа нь нэр дэвшигч, иргэд сонгуулийн тогтолцоог ойлгоход бэрхшээлтэй, эдгээр хуулиудад тусгагдсан сонгуулийг зохион байгуулж явуулах, бэлтгэл ажлыг хангахтай холбогдсон өөр хоорондоо зөрчилтэй зохицуулалт нь сонгууль зохион байгуулахад ч түвэгтэй байдлыг бий болгож байгаа тул сонгуулийн зохион байгуулалт, бэлтгэлийн уялдааг хангах, зөрчлийг арилгах зорилгоор сонгуулийн тухай хуулиудыг нэгтгэн сонгуулийн нэг хуультай болох шаардлага бий болоод байна.
Мөн сонгуулийн үйл ажиллагааны санхүүжилт, зардлын эх үүсвэрийг тодорхой зааж өгөх, ялангуяа сонгуулийн кампанит ажлын зардлыг бодитой төлөвлөх, хамгийн бага хэмжээгээр сонгуулийг зохион байгуулах боломж, нөхцөлийг судалж бий болгох шаардлага тулгамдаж байна. Түүнчлэн сонгуулийн санхүүжилттэй зайлшгүй холбогдох улс төрийн намын үйл ажиллагааны болон бодлогын санхүүжилтийн асуудлыг нухацтай хэлэлцэж, эдгээрийн зохицуулалтыг зааг ялгаатайгаар нарийвчлан тодорхой болгох, улс төрийн намуудыг төрөөс зохих хэмжээгээр санхүүжүүлэх, намуудын санхүүжилт, зарцуулалтыг олон нийтэд ил тод болгох, улс төрийн намуудын шударга өрсөлдөөнийг дэмжих, ил тод байдлыг хангах зохицуулалтыг улам боловсронгуй болгох зорилт тавигдаад байгаа энэ үед энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж буй нь цаг үеэ олсон үр дүнтэй ажил болно гэж үзэж байна гэдгийг онцоллоо.
Сонгуулийн ерөнхий хорооны ажлын албаны дарга Д.Баяндүүрэн энэ үеэр хэлсэн үгэндээ сонгуулийн хуулийн шинэчлэл, түүнийг хэрэгжүүлэх талаар сонгуулийн төв байгууллагаас авч хэрэгжүүлж ирсэн арга хэмжээ, түүнчлэн өмнөх сонгуулиудыг зохион байгуулж явуулах үеэр ажиглагдаж байсан алдаа онооны талаар баримт дурдаад хуулийн төсөлд анхаарч тусгууштай зарим асуудлын талаар саналаа хуваалцсан юм.
Дараа нь Авлигатай тэмцэх газрын Судалгаа, шинжилгээний албаны ахлах ажилтан Ц.Шинэбаяр “Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх 2014 оны төсөөллийн судалгааны үр дүн” сэдвээр илтгэл тавилаа. Энэхүү судалгааг жил бүр хийж байх чиг үүргийг Улсын Их Хурлын 2008 оны 13 дугаар тогтоолоор тус газарт даалгасан бөгөөд судалгааны үр дүн нь Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтын хэрэгжилтийг үнэлэх нэг шалгуур үзүүлэлт болдог аж.
Монгол Улсын улс төр, хууль хяналтын байгууллагуудын хүрээн дэх авлига буюу “өндөр” түвшний авлигын талаарх шинжээчдийн төсөөллийн 2014 оны үнэлгээ 3.58 гэсэн үзүүлэлттэй гарсан нь манай улсад “өндөр” түвшний авлига түгээмэл байгааг илэрхийлж байна гэдгийг тэрээр илтгэлдээ дурдлаа. Түүнчлэн судалгаанд оролцсон шинжээчид манай улсад албан ёсны бүртгэлтэй улс төрийн намуудаас парламентад суудалтай намууд авлигад хамгийн ихээр автсан гэсэн үнэлгээ өгсөн нь улс төрийн хүрээнийхний үйл ажиллагаа хувийн эрх ашгаа улс төрийн намын ашиг сонирхлын дор далдсан нэг нам, эсхүл намууд дамнасан бүлэглэл, хүрээллүүдийн үйл ажиллагаа болж хувирсантай холбоотой гэж дүгнэж болохоор байна. Тиймээс сонгуулийн санхүүжилтийг буруугаар ашиглавал авлигын нэг хэлбэр болдгийг анхаарч, энэ асуудлыг нухацтай авч үзэж улс төрийн намуудыг хариуцлагажуулах, сонгуулийн эрх зүйн зохицуулалтыг сайжруулахад анхаарч үзэх шаардлагатайг тэрээр илтгэлдээ дурдаж байв.
Мөн “Сонгогчдын боловсрол” төвийн гүйцэтгэх захирал С.Оюунтуяа “Сонгуулийн санхүүжилт: Тулгамдсан асуудал ба шийдэл” сэдвээр илтгэл тавьж, энэ чиглэлээр хийсэн судалгааны дүнгээс танилцуулсан юм. Сонгуулийн хууль тогтоомж шинэчлэгдэх бүр сонгуулийн санхүүжилтийн асуудал эрх зүйн зохицуулалтын хувьд сайжирч байгаа боловч хэрэгжилт нь хангалтгүй, нам, нэр дэвшигч хуулийг тойрч гарах, хийдлийг ашиглах боломжтой байгаа нь зохицуулах шаардлагатай орон зай байгааг харуулж байгааг тэрээр дурдаад судалгааны үр дүн, дүгнэлтэд үндэслэн зарим зөвлөмжийг санал болгож байгаагаа танилцуулав. Тухайлахад, сонгуулийн санхүүжилтийн асуудлыг “улс төрийн санхүүжилт” гэсэн ойлголтын нэг бүрдэл хэсэг гэж иж бүрэн хандлага талаас нь харж, сонгуулийн зохион байгуулалттай холбоотой одоогийн сонгуулийн хууль тогтоомжоор бус харин тусдаа улс төрийн намын болон сонгуулийн санхүүжилтийн асуудлыг хамтад нь багтаасан Улс төрийн санхүүжилтийн хуулиар зохицуулах хэрэгтэй гэж үзэж байгаа аж. Мөн сонгуулийн санхүүжилтийн шинэчлэлийг нэр дэвшин оролцож буй субъектуудын улс төрийн тэгш бололцоог хангах, ингэхдээ хориглож, хязгаарлахаас илүүтэй ил тод, нээлттэй, тайлагнах суурь зарчмын хүрээнд, улс төрийн санхүүжилтийн эх үүсвэр, төрөл, хэмжээ зэргийг авлигаас ангид байх, урьдчилан сэргийлэх асуудалтай хослуулан авч үзэх, сонгуулийн санхүүжилтийн зардлыг бууруулахад чиглэсэн шинэчлэлийг авч хэрэгжүүлэх, тухайлбал, одоогийн олон эх үүсвэрт санхүүжилтийн хэлбэрийг хадгалж зохицуулалтыг сайжруулах, төрөөс өгч байгаа эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээ авахыг зөвлөмж болгож буйгаа танилцуулав. Түүнчлэн сонгуулийн зардлын дээд хэмжээг сонгогчдын тоо, тухайн сонгуулийн газар нутгийн хэмжээ, онцлогийг харгалзан тогтоох нарийн шалгуур журмыг хуульд тусгах, үүнийг санхүүгийн мэргэжлийн байгууллага, эсвэл Үндэсний аудитын газрын чиг үүрэгт хамааруулах нь зүйтэй гэдгийг хэлж байв.
Дараа нь Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Р.Бурмаа “Сонгуулийн санхүүжилт-шинэчлэлийн асуудал” сэдвээр мэдээлэл хийж, сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг боловсруулах, уг хуулийн төсөлд сонгуулийн санхүүжилтийн асуудлыг хэрхэн тусгахаар ажиллаж байгаа талаар танилцуулсан юм. Тэрээр хэлэхдээ, ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг боловсруулах ажлын хүрээнд 10 удаа хэлэлцүүлэг зохион байгуулан 700 гаруй иргэн, байгууллагын төлөөллөөс 20 гаруй багц асуудлаар 600 гаруй санал авч хуулийн төсөлд тусгахад анхаарч ажиллаж байна. Тэр дундаа судалгааны байгууллагуудаас гаргасан дүгнэлт, зөвлөмжид анхааралтай авч үзэж, хуулийн төсөлд тусгахыг хичээж байгаа. Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийн сонгуулийн санхүүжилттэй холбоотой асуудлаар ажлын хэсгийн гишүүд үндсэндээ санал нэгдээд байгаа гээд хуулийн төсөл дэх сонгуулийн санхүүжилтийн асуудалтай холбоотой зохицуулалтын талаар товч танилцууллаа.
Ингээд судалгааны байгууллагын дүгнэлт, зөвлөмж, ажлын хэсгийн мэдээлэлтэй холбогдуулан хэлэлцүүлэгт оролцсон Улсын Их Хурлын гишүүд болон зарим иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Р.Бурмаа болон илтгэгчдээс асуулт асууж тодруулан хуулийн төсөлд тусгах асуудлын талаар саналаа хэлсэн юм. Монгол Улсын сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг боловсруулж өргөн барихаар бэлтгэж буй энэ үед судалгааны үр дүн, зөвлөмжтэй танилцаж, улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллийн үгийг сонсохоор хэлэлцүүлэг зохиож байгаа нь цаг үеэ олсон, чухал арга хэмжээ юм гэдгийг хэлэлцүүлэгт оролцогчид онцолж байлаа.
Сонгуулийн хуулийн төсөлд анхаарах зайлшгүй шаардлагатай нэг асуудал нь цахим сурталчилгааны тухай асуудал учраас дараагийн хэлэлцүүлгийг энэ сэдвээр зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.