Жил бүрийн 6 сарын 1-ний өдөр буюу хүүхдийн баярын өдрийг тохиолдуулан томчууд бид улс орон даяар бяцхан багачууд, хүүхдүүд рүүгээ анхаарлаа хандуулж төрийн болон төрийн бус байгууллагынхан энд тэнд очиж өнчин ядуу хүүхдүүдэд бэлэг гардуулж, зургаа татуулж, хүүхдийн эрхийн байгууллагууд “гэнэтхэн сэрсэн” мэт хүүхдийн эрхийн тухай ярьж бичиж эхлэдэг.
Жилийн 365 өдрийн гагцхүү энэ өдөр хүүхэд рүү анхаарлаа хандуулах ёстой мэт бид аашилдаг. Үнэн хэрэгтээ хүүхэд бол бидний, бас улс орны ирээдүй. Тэдний хүмүүжил, боловсрол, соёлын төлөвшлөөс эх орны ирээдүй тодорхойлогдоно. Тэр утгаар нь томчууд бид үр хүүхдүүдийнхээ ирээдүйд бодлоготой, ухамсартай хандах ёстой.
Цэцэрлэг, сургуулийн сургалтын тогтолцоо, хичээл сургалтын агуулгаас эхлэн бид үүнд анхаарах учиртай. Харин бид ингэж чадаж байгаа бил үү. Ихэнх эцэг эхчүуд ажил хөдөлмөр хийхийн эрхээр цэцэрлэг сургуулийн багш нарт хүүхдээ “даалган” орхиж, тэдэнтэйгээ ойр дотно, халуун дулаан байх “цаг завгүйгүйгээр” хорвоогийн өдөр хоногийг өнгөрүүлж байна. Интернэт цахим хөгжлийн нөлөөгөөр хүүхдүүд “хар багаасаа” цахим орчны “бүтээгдэхүүн” болж өсөн төлөвших хандлага давамгайлах боллоо.
Оюу толгой, Таван толгой, эдийн засаг, сонгуулийн тогтолцооны тухай улс төрчид ярьж хэлж, тэд улс төрийн нам, бүлгүүдэд, талцан хуваагдаж, эрх мэдэл, албан тушаалын хойноос улайран хөөцөлдөж байх хойгуур нийгмийн амьдрал, гэр бүлийн орчинд хүүхдийн эрх удаа дараа зөрчигдөж, нийгмийн ороо бусгаа байдалд сэтгэл нь гундуу, ходоод нь хоосон, авдаг цалин нь бага, амьдралд нь хүрэхгүйн улмаас архидан согтуурч, уурлаж бухимдсан томчуудын гарт “хэнд ч гэм хийгээгүй, юунд буруугүй” хүүхэд хэмээх “бяцхан бурхад” амь нас, эрүүл мэндээрээ удаа дараа хохирч байна. Төрсөн эцэг нь бяцхан хүүгээ, жирэмсэн эмэгтэй 4 -хөн настай хойд охиноо зодоод амийг нь егүүтгэсэн харамсалтай гэхээсээ илүүтэй “аймшигт” жишээ нийгэмд цөөнгүй гарах боллоо.
УИХ-ын 76 гишүүн өнгөрсөн хугацаанд юу хийв. Тэр тусмаа түүхэнд анх удаа 11 эмэгтэй гишүүн сонгогдсон атал тэдний дуу хоолой нийгмийн халамжийн шаардлагатай байгаа хүүхэд багачууд, өрх толгойлсон эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настнуудад хүрч чадахгүй 3 жилийг ардаа орхилоо. Алслагдсан гэр хороолын хүүхдүүдийн ирээдүйн төлөө, тэднийг сургаж хүмүүжүүлэхийн төлөө, өвдөж зовсон бяцхан багачуудад тус болохын төлөө УИХ-ын 11 эмэгтэй гишүүнээс илүүтэй урлаг соёлын 1-2 эмэгтэй уран бүтээлчид, шашин номын хувраг хүн хэрхэн сэтгэл гаргаж, яаж ажил хэрэг болгож болдгийг олон нийтэд бодитой харуулж өгсөн үйл явдлууд боллоо.
Хүүхдийн баярын өдөр л улс орон даяар хүүхэд байдгийг мэддэг энэ мэт аашилдаг улс төрчдийн увайгүй араншин, хуурамч хөөрхийлөл, дутуу бодлогоос бид хэзээ холдох вэ?
Томчууд бид зөвхөн хүүхдийн баярын өдөр л хүүхдүүддээ “за” гэж хэлж, тэднийгээ дор бүрнээ баярлуулахыг хичээдэг. Тэгвэл бид ганц энэ өдөр биш жилийн бүх өдрүүдэд хүүхдүүдээ баярлуулж, тэднийхээ төлөө “за” гэж хэлцгээж сурах хэрэгтэй байна. Гэр бүлдээ амар амгалан, аз жаргалтай байдлыг бий болгож чадах нь таны хүүхдийнхээ төлөө хийж чадах хамгийн чухал “за” хэмээх андгай байх болно.
Монголын ирээдүй болсон хүүхдүүдийнхээ төлөө та бид зөвхөн 6 сарын 1-ний өдөр биш үргэлж “за” гэж хэлцгээж, хэрэгжүүлж сурцгаая.
Ц.Мөнх