ТАНИН МЭДЭХҮЙ: Хятан нар бидний өвөг дээдсийн нэг

11257844_794121567352135_8488568384360758276_nМонгол орон цэцэглэн хөгжиж, ирээдүйдээ бат итгэн социализмын материал техникийн баазыг байгуулж явсан тэр цагт “хүн бүр аривч хямагч байж..” гэсэн лоозунг тарни мэт цээжилж, хүүхэд насаа үдэж байсныгаа Орос, Япон, Америк гээд харийн нутагт олон жил амьдарсныхаа дараа эргээд бодоход нэг их буруу юм тогтоож, цээжилж байгаагүй мэт санагдана. Сурагч ахуй балчирхан насанд дорнын соёлын тухай багш нар хааяа нэг ярьдаг байсан болохоор “цагаан будаа агшааж идээд, халуун ханзан орон дээр унтаж, ханз үсгээр хайку яруу найраг бичдэг, тариаланч хятад, солонгос, япон хүмүүсийн дүр төрх” сэтгэлд буудаг байж билээ. Төрөлх Монгол орноо дорнын соёлт нэгэн орон гэж огт үздэггүй, хоцрогсон бүдүүлэг феодлизмаас капитализмыг алгасч социализм руу үсрэнгүй хөгжиж буй шинэ улс гэсэн үзэл суртлаар цэнэглэгдсэн хэдий ч тэр гурван измын ялгааг сайн ойлгоогүй л явсан юм. Зөвлөлт оронд суралцсан он жилүүдэд хаа нэгэнтээ Оросын ухаалаг багш, оюутнуудаас “монголчууд та нар дорнын соёлтой ард түмэн” гэсэн үгийг сонсч нээрээ тийм ч юм болов уу гэсэн бүдэг эргэлзээнд унаж, бас урам орж япон хэлний хирагана, катакана сонирхон цээжилж, киноноос сурсан “конничива”, “саёонaра” зэрэг үгийг төрөлх хэлээр нь бичиж эхэлж билээ. Энэ бол өөрсдийгөө дорнын соёлтой болохоо хараахан хүлээн зөвшөөрөөгүй ч дорнын соёлыг сонирхох үүд хаалгаа сэтгэлдээ нээсэн хэрэг байжээ. Японд сурсан он жилүүдэд уулзаж учирч явсан япон хүмүүс монголчууд биднийг дорнын соёлын уугуул хэлбэр “нүүдэлчдийн” соёлыг хадгaлж ирсэн гээд биднээр бахархаж, харин биднээсээ өөрсдийгөө үүсэлтэй гэж ярьдаг байв. Энэ мөчөөс эхлээд нүүдэлчдийнхээ соёлыг улам нарийн судлах хүсэл эрмэзлэлтэй болов. Би хувьдаа япончуудыг нэлээд гэгээрсэн ард түмэн гэж үздэг. Учир нь ном их уншдаг тэдний мэдлэгийн цар хүрээнээс тодорхой харагдаж байгаад оршино. Нэг удаа танай өвөг дээдэс Рюугийн (хятадаар Ляо) үед эх газраас уран барилгын сонгомол загвар aрлын улсад орж ирсэн хэмээн хэлэхэд “тэр нь юу л бол энэ хүн дуудлага жаахан андуурсан байх” гэж бодоод ярианы сэдвийг өөрчлөөд өнгөрөв. Гэртээ ирээд Рюу гэдгийг толь бичгээс хөөгөөд үздэл хятан нар байлаа. Эрдэмтэн Х. Пэрлээ агсан Монголын нутаг дахь хятаны хотын тууриудын тухай ном бичсэн гэхээс цааш нэг их сайн мэдэхгүй байж билээ. Эх түүхээ мэдэхгүй бол харийн хүмүүсийн өмнө булайгаа дэлгэхийг өөрийн биеэр ойлгож мэдрээд түүнээс хойш нүүдэлчдийн талаар шамдан судлах болсон юм.

Өнөөдөр Монгол Улсын өндөр боловсролтой, барууны соёлт зарим сэхээтнүүд “нүүдлийн соёл иргэншил” гэж байдаггүй гэж мэтгэж байна. Гэтэл япончууд Mонголын соёл иргэншлийг “нүүдэлчдийн” буюу “морьтан ардын” бүнмэй (бүн нь соёл, мэй нь иргэншил), хятадууд “нүүдэлчдийн” буюу “хойд үндэстэний” вэнминг (вэн нь соёл, минг нь иргэншил) гэж эргэж буцалггүй соёл иргэншил мөн хэмээн хүлээн зөвшөөрч, бичиж тэмдэглэж байна. Энэ нь юутай олзуурхууштай. Япончууд Mонголын соёл иргэншлийг тодруулахдаа “түмэн газрын цагаан хэрмээс хойш орших бие даасан нүүдэлчдийн сoёл иргэншил” гэж үзэж байхад хятадууд нүүдэлчдийн соёл иргэншил нь Хятадын эх соёлын салшгүй нэгэн хэсэг гэж үзээд нотлохыг чармайдаг болжээ. Миний бодлоор Mонголын соёл нь дорнын соёлын нөлөө бүхий бие даасан нүүдэлчдийн соёл иргэншил мөн. Хятад Монгол хоёр үндэстэн соёлоороо харилцан нөлөөлж байсан болохоос XXI зүүныг хүртэл тусдаа оршиж ирж чадсан өөр өөр соёл иргэншил юм.

Монголчууд бидний түүх соёл Их Монгол улс байгуулагдсанаас хойш нэлээд тодорхой, түүнээс өмнөх мянган жилийн түүх нэн балархай, Хүннү нараас гаралтай гэж бид өөрсдийгөө үзэж буй нь бүрмөсөн батлагдаагүй, эргэлзээтэй хэвээр байна. Түүхийн хятад эх сурвалжуудад монгoлчуудын өвөг дээдсийг Дунху (зүүн бүдүүлэг) нараас гаралтай, Дунху нь Xүннү (хэрцгий боол) нарт дарагдаж зарим нь уусcaн, зарим нь бутран салж нүүсэн гэж үздэг. Энэ ээдрээтэй түүхийн цаад учрыг тодорхойлохын тулд Их Монгол улсаас өмнөх үеийг он дараалан мушигаж нарийвчлан судлах хэрэгтэй байна. Тухайлбал Зүрчидийн Алтан улс болон Хятан нарын түүхийг сайтар судлах нь бид эх түүхээ тодотгоход туйлын чухал хэрэгтэй байх болно. Хэрвээ Xятаны талаар нарийвчилж судлаад Mонголын түүхийн балархай үеийг наад зах нь 2-3 зуун жилээр, цаашилбал 7-8 зуун жилээр ахиулах боломж бидэнд бий. Тэгвэл аяндаа Хүннү нарын бутралын үед бидний судалгаа ойртох боломж гарна. Монголчууд бид хятан нарыг хятадуудын үзэл баримтлалаар дамжин их “хятаджсан” үндэстэн гэж үзээд хятан судлалаас ихэд цэрвэж ирсэн .Гэтэл япон, солонгос хүмүүс xятадын соёлын нөлөөд гүн гүнзгий автсан ч өөрсдийгөө хятаджсан гэж огт үздэггүй, зөвхөн хэрэгтэй зүйлээ өөртөө тохируулж xятадын соёлоос авсан, түүнийгээ сайжруулсан гэсэн ойлголттой байдаг юм. Монголчууд бид ч Хятан, Зүрчидийн Алтан улс, Юань улс, Манжийн Чин (ариун) улсаар дамжуулан Xятад соёлоос багагүй хэсгийг өөрийн болгож авсан нь монгол хэлэн дэх хоол хүнс, барилга байшингийн холбогдолтой үг хэллэгээc илхэн байна. Өөрсдөө хятад соёлд нөлөөлчихөөд буцаагаад боловсронгуй гэж үзсэн соёлын элементүүдийг хүлээн авсан тохиолдол ч бий. Хятан нар умарт Хятадын 16 мужийг боолчилж байхдаа технологийн давуу талыг өөрийн болгож хэрэгцээндээ тохируулж, өөрчлөн авч байснаас шууд хуулж байсангүй. Хятад бичгийг авахдаа бодлоготойгоор ханз үсгийн агуулгыг өөрчилж, түүндээ туслах авиа бүхий шинэ бичиг зохиож байсан. Тэдгээр бичгийг Хятаны их бичиг, бага бичиг гэнэ. Хятан нар өөрсдийгөө хятад соёлд уусч болохгүй гэдгийг сайн ойлгож байжээ. Тэдний үлдээсэн эд өлгийн зүйлс Xятадаас өөр, нүүдэлчин төрхөө хадгалсныг бид өнөөдөр харж байна. Хятан нар Зүрчидийн Алтан улсад мөхөөгдсөний дараа харин бодлогоор тэднийг хятадчилан, бичиг үсгийг нь хүртэл устаж үгүй болгосон. Их Монгол улсыг бүрэлдэн тогтоход хятан нар бидний өвөг дээдсийг дорнын соёлтой холбох үндсэн гүүр, суурь болсон нь түүхийн олон баримтаас тодорхой байна. Чингис хаан маш нарийн бодож, Елюй Чузайг (Чу мэргэн) өөрийн өрлөг зөвлөхөөрөө авсан нь тохиолдлын чанартай хэрэг огт биш юм. Чу мэргэн Монголын эзэнт гүрний төрд Хятаны хууль цааз, гааль татвар, харилцаа холбоонд өртөө, дипломат ёсонд гэрэгэ (паспорт, пайз), хот суурин байгуулахад уран барилгын технологи, цэргийн эрдэмд хэрэм эвдэх галт зэвсэг их буу, бөмбөг, дуут сум гээд маш олон зүйлийг нэвтрүүлжээ. Өгөдэй хааны зарилгаар боссон Хархорин хотын Түмэн амаглант ордны суурийг Елюй Чузай тавьж хэлсэн шүлэг өдүгэ хадаглагдан үлджээ. Өмнөд Сүнг улсыг монголчууд хараахан эзлээгүй байсан тэр цагт хятан нар Хархорин, Алтан ордны эзэнт улсын “Китай город” (одоогийн Москвагийн Кремлин) зэрэг хотыг барьж бүтээсэн байх үндэслэл их байна. Xятан нар өөрсдийгөө бунхны хөшөө бичигт “китай” гэж тэмдэглэсэн байдаг. Бидний түүх соёлтой хүйн холбоотой хятан нарын түүхийг монголчууд бид төдийлөн сайн судлалгүй өдий хүрчээ. Үүнд үндсэн хоёр шалтгаан байжээ. Нэгт, Монгол улс хөгжин бэхжих 50, 60-аад оны үед Xятадтай соёлын хувьд ургийн гүн холбоотой болчихож магад хэмээсэн улс төрийн болгоомжлолоор судлaхаас зайлcxийсэн, хоёрт, хятад судлал Монгол улсад хүчтэй хөгжөөгүй учир түүхийн эх сурвалжуудад олон эрдэмтэн, судлаачид хүрэх боломж муу байжээ. Япончууд дэлхийн хоёрдугаар дайнаас өмнө Манжуурын нутагт орох геополитикийн зорилгоор Хятаныг сайн судалж байсан ажээ. 60-аад оноос хойш Орос, Хятад хоёр гүрэн мөн улс төрийн зорилгоор Манжуурын маргаанаас үүдэн Хятаныг судлах болсон ба хятадууд хожим үргэлжлүүлэн нарийвчлан судалсан байна.

Өнөөдрийн байдлаар хятадууд Хятан судлалаар дагнан 500 орчим ном, Алтан Улс, Тангуд улс, Юань улсын судлалтай хамтруулсан 200 гаруй ном, нийт 2200 орчим эрдэм шинжилгээний нийтлэл бичжээ. Энэ бүхэндээ аль болохоор Хятаныг соёлын хувьд хятад болгох өнцгөөс нь харсан боловч археологийн олдворууд, Хятаны их бага бичгийн дурсгалыг тайлан уншсан зэргээс хамаарч Хятаны соёл хятадуудын харж байснаас тэс өөр болон хувирч, Хятадын түүхэнд үлдсэн сурвалж бичгүүдтэй Хятаны түүх нь үндсээрээ зөрж байна. Энэхүү судалгааг амжилттай хийж, хятан судлаачдын дунд ихээхэн шуугиан тарьсан эрдэмтэн эмэгтэй бол Манжийн хаадын алтан ургийн гаралтай Асингиро Урхикун (Урхичин – япон нэр Ёшимото Чиэко) юм. Тэрээр Хятаны их бичгийн 1002 дурс үсэг, бага бичгийн 397 авиа үсгийг дахин задлан уншихдаа Зүрчидийн Алтан улсын Нүчиэн бага бичгийн дуудлагыг хэрэглээд, Хятан бага бичиг XIII зууны үеийн монгол хэлтэй төстэй, өвөг монгол хэлэн дотроо дагур хэлтэй тун ойрхон, Алтай язгуурын хэл болох нь тогтоогдож, тэр үеийн монгол хэлний онцлогоор дамжуулан нарийвчлан судaлж, Хятаны их бичгийн дуудлагыг болон тухай үеийн хятад хэлний зарим дуудлагыг тодотгож, Хятан нарын булшнаас олдсон чулууны бичгүүдийг задлан уншaaд, хятад сурвалжуудтай харьцуулсан байна. Oдоогоор тодорхой болоод байгаа Хятаны үеийн чулууны 11 их бичгийн, 33 бага бичгийн дурсгалууд байна. Генетикийн судалгааны үндсэн дээр xятан нартай цусан төрлийн холбoотой монгол үндэстнээр дагуурчуудыг тодруулсан ба тэдний хэл нь XIII зууны монгол хэлтэй хамгийн ойрхон болох тухай яригдаж ирсэн маргааныг нэгмөсөн эцэслэжээ. Хятаны их, бага бичгийн судалгааны байдал ийм тодорхой болсон өнөөгийн нөхцөлд Хятан судлалыг Монголд хөгжүүлэх нь манай өвөг дээдсийн эх дэлхийнхээ хөрсөнд нууцлан үлдээсэн оньсого мэт олон зүйлcийг тайлж, Монголын түүхийг улам тодотгоход ихээхэн нэмэр болно гэж би үзэж байна. Хятан судлалаар хамтран ажиллах хэн бүхэнтэй би нээлттэй харилцах болно.

Ш.Баатар
АНУ-ын Бөркелей дахь Кальфорны их сургуулийн Зүүн өмнөд Ази судлалын хүрээлэнгийн зочин эрдэмтэн (visiting scholar). 2008 он.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Шуудангийн зардлаа төлөөд номоо захиалан унших боломжийг “Залуусын номын сан” олгож байна

Монголын Залуучуудын Холбооны салбар холбоо болох ХБНГУ-ын залуучуудын холбооноос санаачлан “Залуусын номын сан”-г бий болгосон …