Өдөр ирэх бүр шинжлэх ухаан урагшлан хөгжиж хүн төрлөхтөн шинэ нээлт олон хийх болжээ. Ялангуяа сансар огторгуйг таниж мэдэх, сансарын уудмыг судлах чиглэлээр тодорхой амжилт үзүүлээд байна. Гэхдээ олон жилийн хөдөлмөр, цаг, хөрөнгө, туршилт судалгаа, эрсдэл хүлээж байж энэ түвшинд хүрсэн гэдгийг мартаж болохгүй. Ингээд тэртээ 44 жилийн өмнө сансарт зөвлөлтийн сансарын нисгэгчдэд тохиолдсон харамсалтай явдлын тухай бичиж байна.
Хүйтэн дайны ид үед, 1971 оны 6 дугаар сарын 6-нд Байконур дахь сансарын хөөргөх тавцангаас ЗХУ-ын “Союз-11”(Дуудлага нь “Янтарь” Р.Э) сансарын уудамд дүүлэн хөөрчээ. Хөлгийн бүхээгт дэд хурандаа Георгий Добровольский/багийн ахлагч/, борт-инженер Владислав Волков, инженер-туршигч Виктор Пацаев нар явж байлаа.
Сансарын шинэ хөлөг, техник, технологи бүтээж, турших өрсөлдөөн ид явагдаж байсан 1969 онд Америкчууд өөрийн хөлгийн саран дээр анх удаа амжилттай буулгав. Энэ нь зөвлөлтийн удирдагчдад таатай санагдсангүй. Сансарын чиглэлээр ямар нэгэн зүйлээр америкчуудыг давахын тулд зөвлөлтийн эрдэмтэн, инженерүүдийн шургуу хөдөлмөрлөж байсан юм. Ингээд тасралтгүй ажилласны үр дүнд дотроо сансарын нисгэгчтэй, дэлхийн орбитод удаан хугацаагаар ажиллах боломжтой “Салют” сансарын станцыг бүтээлээ. Энэ станцыг 1971 оны 4 дүгээр сарын 19-нд анх удаа хөөргөж дэлхийн тойрог замд оруулав. Энэ нь одоогийн олон улсын сансарын станцын анхны загвар байсан юм. Тэр үед америкчууд ч энэ станцтай адил функц, үүрэгтэй “СкайЛаб” станц бүтээх төсөл дээр ажиллаж байжээ.
“Союз-11”-ийн даалгавар бол сансарт буй “Салют-1” станцтай залгагдан тэнд 3 сарын турш төрөл бүрийн шинжлэх ухааны туршилт хийх ёстой байв. Гэхдээ багийн гишүүдийн ажил нэг л ургашгүй байдлаар эхэлсэн байдаг. Хөлөг нь “Салют-1”-тай залгагдаад орох гэтэл хаалга нь гацжээ. Ингээд түүнийг янзлаад станцад ортол доторх агаар нь утааны хольцтой байж таарав. Багийн гишүүд станцын агааржуулалтын системд гарсан гэмтлийг засаад агаарыг бүрэн цэвэршиж дуустал нь өөрсдийн ирсэн хөлөгтөө анхны шөнийг өнгөрөөв. Ингээд төлөвлөгөөний дагуу туршилт судалгаа хийгээд явж байтал 11 дэх өдөр нь станцад гал гарсан байна. Олон сараар туршилт судалгааны ажил явуулахад “Салют-1” станцын байдал найдвар муутай харагдсан бололтой нислэгийн удирдлага нислэгийг зогсоон сансарын нисгэгчдийг дэлхийд буцаах шийдвэр гаргажээ. Ингээд сансарт 23 хоног 18 цаг 21 минут 43 секундыг өнгөрөөсөн “Союз-11” хөлгийн багийнхан дэлхий руу буцах болсон юм.
Зөвлөлтийн иргэд 1971 оны 6 дугаар сарын 30-ны өглөө сансарт 23 хонож шинэ рекорд тогтоосон сансарын баатруудаа хүлээж авахаар баярлан хүлээж байв. Ингээд товолсон хугацаа болж хөлөг төлөвлөгөөний дагуу дэлхийн агаар мандалд орж ирээд шүхэр задарч газардагч аппарат амжилттай газардлаа. Харин хөлгөөс аврах багийнхантай ямар нэгэн холбоо барьсангүй, чимээгүй байгаа нь ямар нэгэн зүйл буруу болж буйг илтгэж байв. Аврах багийнхан хөлгийн зүг яаралтай очиж аппаратын хавхлагыг нь онгойлготол аймшигтай зүйл харагдав. Багийн 3 гишүүдэд амьд гэх ямар нэгэн шинж харагдсангүй, тэднийг хөлгөөс гаргаж ирэхэд аль хэдий амь үрэгдсэн байв.
Аврах баг сансарын нисгэгчдийн дарга хурандаа генерал Н.П.Каманинд “1-1-1” гэсэн мэдээ илгээв. Сансараас эргэн ирж буй нисгэгчдийг тосож авдаг аврах багийнхан нисгэгчийн биеийн байдлын тухай тусгай кодоор удирдлагадаа мэдээлдэг журамтай гэнэ. Тухайлбал нисгэгчийн биеийн байдал маш сайн – 5, сайн – 4, гэмтэлтэй – 3, хүнд гэмтэлтэй – 2, амиа алдсан бол 1 гэсэн утгатай байлаа. Тэгэхээр “1-1-1” гэсэн тоо нь багийн бүх гишүүд амь үрэгдсэн гэсэн аймшигтай мэдээ байсан юм.
Зөвлөлтийн тал энэхүү ослын талаар дэлхий даяар шууд мэдээлсэнгүй. Харин хэсэг хугацааны дараа “Союз-11”-ийн багийнхан төлөвлөгөөний дагуу газардсан. Газардуулагчийн хавхлагийг онгойлгоход багийн бүх гишүүд амь үрэгдсэн байв. Ослын шалтгааныг мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна гэсэн “ТАСС” мэдээллийн агентлагийн товч мэдээ нийтэлжээ. Гурван сансарын нисгэгчдийг ЗХУ-ын Баатар цолоор нэхэн шагнаж, төрийн дээд хэмжээнд хүндэтгэл үзүүлэн оршуулсан байдаг.
Энэ ослоос болж дараагийн төлөвлөсөн бүх нислэг зогссон ба тэр даруй улсын комисс томилогдож том хэмжээний мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ. Комисс сансарын нислэгийн удирдлага, сансарын хөлөг, зохион бүтээгч, инженер техникийн ажилтнууд, эмч нар гээд уг нислэгтэй холбоотой бүхнийг нэг бүрчлэн шалгасан юм.
1971 оны 8 дугаар сард улсын комисс мөрдөн шалгалтын дүнг зөвлөлтийн удирдлагад илтгэлээ. Мэдээж осол техникийн шалтгаанаас болж үүссэн нь тодорхой байв. Дэлхийгээс 130 орчим км-ийн өндөрт явж байсан сансарын станцаас хөлөг салах үедээ агаарын хавхлаг нь гээгдэж онгойсноос богино хугацаанд хөлгийн бүхээг хүчилтөрөгчгүй болсон нь нисгэгчдийн үхлийн шалтгаан болжээ. Энэ бүхнийг хөлгийн бүхээг дэхь сансарын нисгэгчдийн биеийн байдал болон техникийн ажиллагаанд хяналт тавих зориулалттай хэмжилтийн багажнууд нотолж байв. Хамгийн түрүүнд хөлгийн гадна талд ямар нэгэн нүх, хонхорхой, гэмтэл байсангүй. Энэ нь газардуулагч автомат аппарат ямар нэгэн алдаагүй ажилласныг нотолдог. Хөлөг станцаас салах үед /Москвагийн цагаар 1971 оны 6 дугаар сарын 30-ны 01 цаг 47 минут 26,5 секунд/ хөлгийн бүхээг доторх агаарын даралт 915 мм мөнгөн усны баганатай тэнцэж байжээ. Гэвч 115 секундын дараа даралт нь 50 мм хүртэл огцом унасан байна. Ийм тохиолдолд хөлгийн кабинд ямар ч агаар байх боломжгүй болдог аж. Инженер-туршигч В.Пацаевийн даралт 92-106 байсан бол хөлөг станцаас салсанаас хойш 50 секундын дараа даралт нь 42 хүртэл буураад хүчилтөрөгчийн гүнзгий дутагдалд орсон шинж тэмдэг бичигдэн үлджээ. Ер нь хөлөг станцаас салсанаас хойш 110 секундын дараа гурван нисгэгч бүгд амь үрэгдсэн байв. Тэд маш богино хугацаанд аймшигтай өвдөлт мэдэрч үхсэн бололтой. Харин “Союз-11”-ийн газардуулагч аппарат, үндсэн хөлгөөс салах, шүхэр дэлгэх, тоормзлох, газардах процессийг автоматаар гүйцэтгэжээ.
Мөрдөн шалгах комиссийн илтгэлд асар хурдтай дэлхий рүү ойртож буй хөлгийн битүүмжлэл алдагдаж хүчилтөрөгч алдагдаж буйг мэдсэн даруйдаа Г.Добровольский болон В.Пацаев хоёр хавхлагийг хаах оролдлого хийсэн гэдгийг дурьдсан байдаг гэнэ. Гэвч тэдэнд тийм орчинд, бас богино хугацаанд хаанаас хүчилтөрөгч алдагдаад байгааг тогтоох боломж байгаагүй ажээ. “Союз-11”-ийн гурван нисгэгч задгай сансарт амь үрэгдсэн явдал нь анхны бөгөөд сүүлийн тохиолдол болсон байдаг.
Энэхүү харамсалтай осол нь дараагийн сансарын нислэг үйлдэхэд томоохон туршлага сургамж болж өгчээ. Хамгийн түрүүнд хүчтэй доргилтод тэсвэртэй, хэр баргийн нөхцөлд онгойдоггүй, мөн шаардлагатай үед маш хурдан хаагддаг сансарын хөлгийн хавхлаг бүтээж ашиглах болов. Тун чухалд тооцогдох нэг зүйл бол сансарын нисгэгч бүр сансарт хөөрөх, буух, станцтай залгагдах зэрэг эрсдэлтэй ажиллагаа болгондоо сансарын нисгэгчийн тусгай өмсгөл заавал өмсөх журамтай болсон юм. Энэ ослоос хойш нэг удалгүй зөвлөлтийн эрдэмтэд бие даасан амьсгалын төхөөрөмж бүхий “Сокол-К” скафандрыг бүтээж 1972 оны хавар туршилтад оруулан тэр жилээс эхлэн ашиглаж эхэлсэн байдаг. Мөн нэг дор гурван нисгэгчийг сансарт хөөргөхийг нь болиулсан байна.
Түлхүүр үгсансар танин мэдэхүй
Санал болгох мэдээ
Шуудангийн зардлаа төлөөд номоо захиалан унших боломжийг “Залуусын номын сан” олгож байна
Монголын Залуучуудын Холбооны салбар холбоо болох ХБНГУ-ын залуучуудын холбооноос санаачлан “Залуусын номын сан”-г бий болгосон …