УИХ-ын дарга З.Энхболд хаврын чуулганы хаалтаар хэлсэн үгэндээ тодорхой мэдэгдэл хийсэн. Тэрээр “УИХ-ын ээлжит бус чуулганыг наймдугаар сарын 3-наас зарлана. Ээлжит бус чуулганаар эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай, Эдийн засгийн өршөөлийн тухай хуулиудыг батална. Мөн Ардчилсан нам МАН-тай байгуулсан гэрээг цуцалж байгаатай холбоотойгоор сайд нарыг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэнэ” гэсэн юм.
Өөрөөр хэлбэл, УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд Засгийн газарт МАН-аас томилогдон ажиллаж байгаа сайд нарт тодорхой хугацааг нь заагаад өгчихсөн. Наймдугаар сарын 3-наас эхлээд ээлжит бус чуулган зарлаад, сайд нарыг өөрчилж, солино гэсэн үг. Хэдийгээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг зургаан сайдыг огцруулахыг дэмжихгүй байгаа хэмээн мэдэгдсэн АН-ын Гүйцэтгэх зөвлөл дахин мэдэгдэл хийсэн. Уг мэдэгдлээр Гүйцэтгэх зөвлөл гаргасан шийдвэрээсээ ухрахгүй гэдгээ мэдэгдсэн билээ. Дээрээс нь АН-ын дарга мэдэгдэл хийсэн гэх зэргийг харвал МАН-ын сайд нарын засагт ажиллах хугацаа хэзээ дуусах нь цаг хугацааны л асуудал болоод байна.
Үүнтэй зэрэгцээд зургаан сайдыг орлох шинэ сайд нарын сураг ч саарал ордонд сонсогдох болсон. “Бор шувууны” жиргэж буйгаар бол АН-ынхан МАН-ын гишүүдийн оронд томилох сайд нарынхаа нэрийг аль хэдийнэ тодорхой болгочихсон гэх. Тодруулбал, Шадар сайд У.Хүрэлсүхийн оронд экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Зам тээврийн сайд Н.Төмөрхүүгийн оронд экс Зам тээврийн сайд А.Гансүх, Барилга, хот байгуулалтын сайдаар УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Хөдөлмөрийн сайдаар С.Чинзоригийн оронд Д.Арвин томилогдох гэнэ. Харин үлдсэн хоёр яам болох Сангийн яам болон БОНХАЖЯ-ыг МАХН болон ИЗНН-д хуваарилах сурагтай.
Мэдээж сайд нарыг чөлөөлөхөд хүрвэл орных нь хүмүүсийг богино хугацаанд томилох шаардлагатай. Гэхдээ бодит байдалд асуудал тийм хялбар шийдэгдэхгүй л болов уу. Нэгдүгээрт, МАН-ынхан сайд нараа чөлөөлөхийг дэмжихгүй байгаа. Тэд АН-ын Гүйцэтгэх зөвлөл Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж буй билээ. Мөн ИЗНН-ынхан ч бас засаг тогтвортой ажиллаасай гэх байр суурьтай байгаа. Бүр цаашилбал, Ерөнхий сайд өөрөө асуудлыг өргөн барихгүй бол зургаан сайдыг чөлөөлөх асуудал ч яригдахгүй биз. Ерөнхий сайд үнэхээр өргөн барилаа гэхэд УИХ хэлэлцээд, зургаан сайдыг чөлөөлөхөд ядах зүйлгүй. Харин дараагийн сайд нарыг томилох тал дээр нөгөө л АН доторх фракц хоорондын тэмцэл, өрсөлдөөн өрнөнө. Хэдийгээр дээр бичсэн хувилбараар АН-ын фракц хооронд тохиролцсон гэх боловч яг цаг дээрээ тулбал, фракцууд хоорондоо хэрхэн зөрчилдөж, “чулуу шидэлцэх”-ийг таах аргагүй.
Нөгөөтэйгүүр ИЗНН болон МАХН-д хуваарилагдах хоёр сайдын суудал байна. БОНХАЖЯ-ыг УИХ-ын гишүүн, ИЗНН-ын төлөөлөл болсон С.Дэмбэрэлд өгнө гэх яриа гарсан ч тэрээр өөрөө үүнийг үгүйсгэсэн. Өөрөөр хэлбэл, ИЗНН-аас сайд томилогдтол бас багагүй хугацаа зарцуулагдахаар байгаа юм. Нөгөөтэйгүүр улс орны эдийн засаг, санхүүтэй холбоотой хамгийн чухал яам болох Сангийн яам байна. Сангийн сайдыг МАХН-аас томилно гэж байгаа. Гэтэл дахиад л МАХН уу, МҮАН уу гэх маргаан гарахыг үгүйсгэхгүй. Энэ мэтээр сайдыг томилох чөлөөлөх асуудлыг яриад эхэлбэл, парламент хамгийн багадаа нэг сарын турш томилгоогоор хөөцөлдөх нь.
АН-ынхан томилгоо, улс төр биш, улс орноо бодъё хэмээн МАН-ыг засагт урьсан. МАН ч бас улс орноо бодъё, улс төрөө хойш тавья гээд урилгыг хүлээж авсан. Ингээд хамтраад улс орноо сайхан болгочихно хэмээн хоёр том нам амласан. Гэвч зургаан сарын хугацаанд улс орны амьдралд дорвитой өөрчлөлт гарсангүй, бүтээн байгуулалт өрнөсөнгүй. Үүнд АН МАН аль алиных нь алдаа, дутагдал байгаа л байх. Хөөсөн нь нэг их ариун сайхан болоод, хөөгдсөн нь төр засгийн ажил хойш уясан зүйл үнэндээ байхгүй шүү дээ. Алдаа дутагдлаа хоёр талаасаа ярьж, хэлэлцээд, засаж, сайжруулахад болохгүй гэх газаргүй.
Л.Энхдэлгэр