Эрхэм хүндэт парламентын спикер, парламентын гишүүд ээ,
Хатагтай, ноёд оо,
Юуны өмнө Дэлхийн парламентын спикерүүдийн 4 дүгээр бага хурлыг зохион байгуулж буй Олон улсын парламентын холбоонд гүн талархал илэрхийлье. Энэхүү бага хурал хүн төрөлхтөн 2015 оноос хойшхи хөгжлийн зорилтуудаа тодорхойлж, батлах түүхэн цаг мөчид болж буйгаараа чухал ач холбогдолтой бөгөөд та бидний идэвхтэй оролцоо, хувь нэмэр нэн чухал юм.
Мянганы хөгжлийн зорилтууд нь сүүлийн 15 жилд биднийг нэгтгэн чиглүүлж, дэлхийн улс орнуудын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн. Бид дийлэнх зорилтоо амжилттай хэрэгжүүлсэн хэдий ч удаашралтай, цаашид анхаарах асуудал олон бий. Тийм ч учраас энэ 9 дүгээр сард болох НҮБ-ын Дээд хэмжээний уулзалтаар 2015 оноос хойшхи хөгжлийн зорилтуудаа тодотгон дэлхийн улс орнууд санал нэгтэйгээр батална гэдэгт эргэлзэхгүй байна.
НҮБ-ын Дээд хэмжээний 2000 оны уулзалтаас баталсан Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг хангахад Монгол Улс онцгойлон анхаарч багагүй амжилт олсон бөгөөд ардчилал, хүний эрх, сайн засаглалыг бэхжүүлэх чиглэлээр нэмэлт 9 дэх зорилтыг үндэсний түвшинд дэвшүүлэн Монгол Улсын Их Хурлаас тогтоол гарган хэрэгжүүлж ирсэн.
Улс орон бүрийн хөгжил дэвшил, тогтвортой хөгжлийг тууштай хангах нь олон улсын хамтын нийгэмлэгийн тэргүүлэх чиглэл мөн. Үндэсний хууль тогтоогч байгууллагууд 2015 оноос хойшхи хөгжлийн зорилтуудыг ханган хэрэгжүүлэхийн тулд хууль тогтоомжид шаардлагатай өөрчлөлт хийх, гүйцэтгэх засаглалд тавих хяналтыг сайжруулах, тогтвортой хөгжлийн төлөвлөгөөг ажил хэрэг болгоход шаардлагатай төсөв мөнгийг гаргаж ажиллах учиртай. Монгол Улсын Их Хурал эдгээр чиглэлийг онцлон анхаарч ажиллах болно.
Монгол Улс хүн амын тэн хагасаас илүү хувийг эзэлдэг эмэгтэйчүүд эрэгтэйчүүдтэй адил тэгш эрхтэй болохыг одоогоос 90 гаруй жилийн өмнө анхны Үндсэн хуулиараа хуульчилсан. Монгол Улсын үе үеийн парламент жендэрийн тэгш байдлыг хангахад онцгой анхаарч шийдвэр гаргах түвшинд болон парламентад эмэгтэй гишүүдийн эзлэх хувийг нэмэгдүүлэх чиглэлд бодлогын баримт бичиг гарган ажиллаж байна.
Хатагтай, ноёд оо,
Ардчилал, сайн засаглалыг бэхжүүлэх чиглэлээрх олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлтад Монгол Улс хувь нэмрээ оруулахыг эрмэлздэг. Өнгөрсөн хугацаанд тухайлбал, 2011-2013 онд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг, 2015 онд Онлайн эрх чөлөө эвслийг Монгол Улс даргалж, ээлжит бага хурлуудыг 2013, 2015 онд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулж, ардчилалд шилжсэн 25 жилийн туршлагаа бусад улстай хуваалцсан. Монгол Улс түүхийн асар богино хугацаанд иргэдийнхээ сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулж сонгуулийн ардчиллын олон жилийн түүх, уламжлалтай улс орнуудтай эн зэрэгцэн алхаж, анхны ардчилсан сонгуулийн 25 жилийн ойгоо саяхан тэмдэглэлээ. Үүний зэрэгцээ Улаанбаатар хотноо энэ сарын 15-19-ний өдрүүдэд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын Ассамблейн намрын хурлыг Азид анх удаа зохион байгуулах гэж байна. Энэ завшааныг ашиглан эрхэмсэг хатагтай,ноёд Та бүхнийг тус хуралд оролцохоор нарлаг монгол оронд морилон ирэхийг урьж байна.
Хуульт ёс, хүний эрхийг дэлхий дахинаа түгээмэл болгохыг Монгол Улс эрхэмлэдэг. Өнө эртний түүхтэй, өөрийн онцлог уламжлал, ёс заншилтай Монгол Улс орчин цагийн энэ үнэт зүйл, зарчмыг өлгийдөж, ард иргэддээ эрх чөлөө олгохын төлөө ардчилсан тогтолцоог бэхжүүлэн ажиллаж байна.
Анхаарал тавьсанд баярлалаа.