Хот хөдөлгөөнд орохын хирээр ханиад томууны дэгдэлт ихэсдэг. Энэ жилийн хувьд цэцэрлэг, сургуулийн бага насны хүүхдүүд бөөлжиж, суулгадаг ханиадаар өвчилж эцэг эхчүүдийн санааг зовоож байгаа.
Тэгвэл энэхүү ханиад нь клиник шинжээрээ вирусийн гаралтай, гэдэсний халдвар давамгайлсан шинжтэй байгаа гэнэ. Зовиурын хувьд 39-40 хүртэл, 2-3 хоног үргэлжлэн өндөр халуурч, бөөлжиж, суулгалт өгнө. Мөн бөөлжиж, гэдсээр өвдөж, өндөр халуурч байгаа тохиолдлууд ч их байгаа аж.
Түүнчлэн гэдэс их базалж байгаа учир гэдэсний хурц мэс заслын өвчинтэй их андуурах тохиолдол гарч байгаа гэнэ. Халуурч шингэн их алддаг учир шингэн уух зүйл ихээр уулгах хэрэгтэй. Буцалсан болон цэвэр ус, хросол энэ ханиадны эдгэрэлтэд сайнаар нөлөөлж байгаа аж.
Харин эмийг эмчийн зааваргүйгээр дур мэдэн хэрэглэхгүй, нэгдүгээр шатлалын эмнэлэгт хүүхдээ үзүүлэх шаардлагатайг эмч мэргэжилтнүүд анхааруулж байна. Дашрамд дуулгахад, Эмнэлэгт ихэвчлэн цэцэрлэгийн насны хүүхдүүд ирж байгаа аж. Тиймээс цэцэрлэгүүд ханиад томууны дэгдэлтийн үе буюу аравдугаар сараас дөрөвдүгээр сарын хугацаанд өвчтэй хүүхэд хүлээж авахгүй байх хэрэгтэй. Эцэг, эхчүүд хүүхдээ 3-5 хоног хэвтрийн дэглэм сахиулж, цэцэрлэг, сургуульд нь явуулахгүй байх нь халдвар тархах эрсдэлийг бууруулна.