Чихрийн шижин буюу сахарын диабет /оношлогоо, эмчилгээ/

obesity-type-2-diabetesДэлхий нийтээр “Чимээгүй тахал”  гэж нэрлэгддэг диабет буюу чихрийн шижин өвчинг хүн төрөлхтөн 300 гаруй жилийн тэртээгээс таньж мэдэн оношилсоор иржээ.

Чихрийн шижин өвчин нь хүний бие махбод дахь инсулин дааврын харьцангуй буюу огт байхгүй дутагдлын улмаас цусан дахь сахарын хэмжээ ихсэж улмаар нүүрс усны солилцоог ихээр алдагдуулан ам цангах, их уух, жин хасаж турах, таргалах, шээлгэх зэрэг хам шинжээр илэрч олон эрхтэн тогтолцоог хамарсан хүндрэл гардаг архаг явцтай бодисын солилцооны эмгэг юм.

Чихрийн шижин нь нойр булчирхай хангалттай инсулин боловсруулж чадахгүй, эсвэл боловсорсон инсулин нь  бие махбодод нөлөөлж чадахгүй болсон үед үүсдэг архаг явцтай өвчин юм.

 Нөлөөлөх хүчин зүйл:

Дараах хүчин зүйлүүдийн нөлөөгөөр чихрийн шижин үүсч болзошгүй байдаг.

Үүнд:

  1. Удамшил
  2.  Таргалалт
  3. Цусны даралт ихсэх
  4. Хөдөлгөөний хомсдол
  5. Дархлаа сулрах
  6. Нойр булчирхайн өвчин, үрэвсэл, хорт хавдар
  7. Вирусын халдварууд
  8. Сэтгэл санааны дарамт
  9. Ахимаг нас
  10. Буруу хооллолт
  11. Архи болон амттан хэтрүүлэн хэрэглэх, хийжүүлсэн ундаа их хэмжээгээр уух
  12. Хэвлий, тархины гэмтлүүд

Манай улсад 1990 оноос өмнө бараг байгаагүй гэж болно. 1990 оноос хойш хүний амьдралын хэв маяг өөрчлөгдөж хотжилт ихэссэнтэй холбоотойгоор чихрийн шижин өвчнөөр өвчлөгсөд ихсэх хандлагатай болжээ. 1998 онд ЭМШУИС-ийн Дотоод шүүрэл цусны тэнхимээс ДЭМБ-тай хамтран анхны хийсэн судалгаагаар нийт хүн амын 3% нь өвчтэй, 9.8% нь глюкозын шингээлт алдагдсан гэсэн дүн гарчээ. Глюкозын шингээлт алдагдана гэдэг нь чихрийн шижин өвчин үүсэх нөхцөл бүрдсэн гэсэн үг. 1999 онд диабетийн тархлалтын судалгааг ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр хийсэн. Тэгэхэд манай улс 3%-ийн тархалттай, 10%-ийн далд тархалттай, нийт 13%-ийн тархалттай гарсан. Энэ нь нийт хүн амын 30% нь өвчтэй, 70% нь диабет тусахад бэлэн гэсэн үг.

Манай улсын хэмжээнд 35-аас дээш насны хүн амын 3.5% буюу 35 мянга орчим хүн чихрийн шижин өвчтэй, 90 мянга нь глюкозын сорилд өвчлөлтэй гэсэн судалгаа байдаг. Бүртгэлгүй маш олон хүн цаана нь бий. Насны хувьд гэвэл хөдөлмөрийн чадвартай бүлэг хүмүүсийг хамардаг. Дэлхийд жилд чихрийн шижин өвчнөөр 3.2 сая хүн нас бардаг байна. Тодруулбал: нэг минут тутамд энэ өвчний улмаас хорвоог орхидог гэсэн судалгаа бий.

Чихрийн шижинг клиникийн хувьд 2 үндсэн хэлбэр болгодог.

  • Инсулин хамааралт чихрийн шижин -ИХЧШ буюу ЧШ-ийн 1 дүгээр хэлбэр
  • Инсулин үл хамааралт чихрийн шижин- ИҮХЧШ  буюу чихрийн шижингийн 2 дугаар хэлбэр

Инсулин хамааралт чихрийн шижин гэж юу вэ?

Инсулин хамааралт чихрийн шижин нь удамшлын урьдал байдал дээр гадаад орчны эмгэг төрүүлэгч хүчин зүйлсийн нөлөөгөөр үүсч хөгждөг, аутоиммунны өвчин юм. Инсулин хамааралт чихрийн шижингээр өвчлөх магадлалыг ихэсгэдэг эрсдэлт хүчин зүйлс:

  • Удамшил
  •  Аутоиммунны эмгэгээр, ялангуяа дотоод тогтолцооны өвчилсөн байх вирусээр үүсгэгдсэн Лангергансын арлын үрэвсэл ба Лангергансын арлын бэтта эсийн гэмтэл ордог.

Инсулин үл хамааралт чихрийн шижин гэж юу вэ?

Инсулин үл хамааралт чихрийн шижин нь  инсулины шүүрлийн ялгаралт өөрчлөгдсөнтэй холбоотой, мөн захын эд эсэд инсулиныг хүлээн авч мэдрэх чанар нь өөрчлөгдсөнтэй холбоотой үүсдэг эмгэгийг хэлдэг.

Үүнд:

  • Удамшлын урьдал байдал

Энэ нь ИҮХЧШ-тэй өвчтөний 100%-д удамшлын урьдал байдал нөлөөлсөн байдаг. Эцэг эх төрөл төрөгсдийн хэн нэг нь чихрийн шижингээр өвчлөх магадлал 2-6 дахин нэмэгддэг.

  • Таргалалт

Энэ нь ИҮХЧШ үүсэхэд нөлөөлдөг чухал хүчин зүйлийн нэг. Таргалалтын 1 дүгээр зэрэгтэй хүн ИҮХЧШ-ээр  өвчлөх магадлал 2 дахин ихэснэ. Таргалалтын 2 дугаар зэрэгтэй хүнИХЧШ-ээр  өвчлөх магадлал 5 дахин ихэснэ. Таргалалтын 3 дугаар зэрэгтэй өвчтөн ИҮХЧШ -ээр өвчлөх магадлал 10 дахин ихэснэ. Их биеийн доод хэсэг болон захын хэсгүүдээр таргалалттай өвчтөнөөс хэвлийн хэлбэрийн таргалалттай өвчтөн ИҮХЧШ-ээр  өвчлөх магадлал нь илүү өндөр байдаг.

 Шинж тэмдгийн чихрийн шижин гэж байна.

Энэ нь  үндсэн өвчин бус өөр өвчний суурин дээр үүсч буй эмгэг юм.

Тухайлбал:

  • Нойр булчирхайн удамшлын эмгэг
  •  Эмийн болон химийн бодисын нөлөөлөл
  •  Халдвар
  • Дархлал тогтолцооны урьдал өөрчлөлт
  • Таргалалт
  •  Нойр булчирхайн өвчин, хорт хавдар, нойр булчирхайн үрэвсэл
  • Хэвлий, тархины гэмтлүүд зэрэг өвчний суурин дээр үүсдэг байна.

 Жирэмсний чихрийн шижин  гэж байна.  Жирэмсний явцад эмэгтэй хүний цусанд сахар ихэсдэг. Нэгэнт ихэссэн сахарын хэмжээ буурахгүй тохиолдолд чихрийн шижингээр өвдөх магадлал ихэснэ.

Чихрийн шижин өвчний үед илрэх  шинж тэмдгүүд: 

  • Ам цангах, хатах
  •  Ойрхон шээх
  • Ядарч сульдах, турах
  • Шарх удаан эдгэрэх, өвчлөмтгий болох
  • Хараа муудах
  • Нойронд муу болох
  • Арьс загатнах

Эмнэлзүй, явцын хувьд 

Нэгдүгээр хэлбэрийн чихрийн шижингийн үед заримдаа бие илэрхий сулран, хэвлийгээр өвдөх, бөөлжүүлж, амнаас ацетон үнэртэх /кетоацидоз/ зэрэг шинж тэмдэг илэрсний дараа биеийн байдал эрс мууддаг. Хэрэв кетоацидоз үүссэн үед яаралтай оношлон, богино хугацаанд арилгахгүй бол хүн ухаан алдаж, улмаар үхэх аюултай.

 Хоёрдугаар төрлийн чихрийн шижин нь гол төлөв удаан хугацаанд аажмаар үүснэ. Инсулин дутагдсан үед бие махбод глюкозыг шингээж чадахаа байснаар, глюкоз нь цусанд хуримтлагддаг. Глюкозын илүүдэл нь шээсээр ялгарч, олон удаа шээс хүрнэ. Улмаар шингэн их хэмжээгээр алддаг тул байнга ам цангаж, ус, шингэн зүйл ихээр хэрэглэхэд хүргэнэ. Чихрийн шижин нь нүүрс усны солилцооны хямралд хүргэсний улмаас бие махбодид явагддаг амин чухал бүх л процессүүд хямарна.  Хэрвээ эмнэлзүйн шинж илэрвэл эмчид хандаж оношлуулах хэрэгтэй.

Чихрийн шижин өвчний үед гарах хүндрэл 

Хурц хүндрэл  Үүнд:

Сахар ихдэлт – Сахар ихдэлтийн ком гэдэг нь уг өвчин оношлогдохгүй, тухайн хүн мэдэхгүй эсвэл хоолны дэглэм барихгүй, сахар бууруулах эмчилгээ хийлгэхгүй байгаа тохиолдолд сахар ихсэж ком-д орж ухаан алдахыг хэлдэг.

Сахар багадалт – Сахар багадалтын ком гэдэг цусан дахь сахараа хяналгүйгээр сахар бууруулах эмийн тунг хэтрүүлж уух удаан өлөн байх зэргээс шалтгаалан ком-д орохыг хэлнэ. Энэ 2 хүндрэлийн тухай Чихрийн шижин өвчтэй хүн болон ар гэрийнхэн нь заавал мэдэж байх ёстой.

Архаг хүндрэлүүд

  • Бөөр, бөөрний архаг дутагдалд орох
  •  Нүд сохрох  Хөлний хүндрэл орно.
  • Судасны хүндрэлийн улмаас хөлөө тайруулах
  • Зүрхний шигдээс  зэрэг хүндрэлүүд үүсдэг.

Чихрийн шижин өвчнөөс хэрхэн яаж урьдчилан сэргийлэх вэ?  

  • Эрүүл зөв хооллох
  • Идэвхитэй дасгал хөдөлгөөн хийх
  • Илүүдэл жингүй байх, илүүдэл жинтэй бол түүнийгээ хасах
  • Хорт зуршлаас татгалзах хэрэгтэй.

Чихрийн шижин өвчний үеийн хооллолт

Хэрэглэх болох хүнс Хязгаарлах хүнс Хориглох хүнс
Хар талх, гурвалжин будаа, хөц будаа, овъёос, жигнэж чанаж болгосон өөхгүй мах хэрэглэх, байцаа, өргөст хэмх, помидор, чихэргүй цай, бага калоритой ундаа, халуун ногоогүй амтлагч 1-р гурил, цагаан чихэргүй талх өдөрт 1 зүсэм, цагаан будаа 7 хоногт 2-3 удаа, бага зэрэг өөхтэй мах сардаа 2 удаа, тослог багатай сүү цөцгий, манжин төмс лууван, вандуй, хатаасан мөөг, спирт бага агуулсан вино, пиво Чихэрлэг гурилан бүтээгдэхүүн, торт, жигнэмэг, өөх тос ихтэй шарсан давсалсан мах хиам, зөгийн бал, чихэр шоколад, зайрмаг, халуун ногоо бүхий хоол амтлагч

 

  • Дасгал хөдөлгөөн хиих нь ямар ач холбогдолтой вэ?
    Өдөр бүр дасгал хөдөлгөөн хийх нь:
    Инсулины хэмжээг багасгана
  •  Байнгын ээнэгшилд байлгана.
  •  Өөх тосны солилцоог хэвийн байлгана.
  • Цусны бичил эргэлтийг сайжруулна.
  • Фибринолизийг идэвхжүүлнэ
  • Стрессийн үед катехоламины ялгаралтыг багасгаж судасны хүндрэлээс сэргийлнэ
ЧИХРИЙН ШИЖИН ӨВЧНИЙ ҮЕД ХӨЛӨӨ АРЧЛАХ ЗӨВЛӨМЖ
Чихрийн шижин өвчний үед дараах шалтгаануудын улмаас хөл буюу тавхайд эмгэг өөрчлөлт ордог.

  • Чихрийн шижин өвчний үед захын мэдрэхүй алдагдсанаас хөл буюу тавхайн халуун, хүйтэн, өвдөлтийг мэдрэх мэдрэл алдагддаг. Энэ үед хөлөндөө гэмтэл эсвэл шарх авахад түүнийг мэдрэхгүй байсны улмаас хүндрэл үүсдэг.
  • Чихрийн шижин өвчний үед захын цусны эргэлт удааширч хөл буюу тавхайн цусан хангамж багасч хөлний арьс нь янз бүрийн нян, мөөгөнцрийн халдварт мэдрэг болдог.
  • Хөл буюу тавхайд гэмтэл авсны улмаас үүссэн шарх удаан эдгэрч халдвар авах нь амархан байдаг.

Хөлөө хэрхэн шалгах вэ? 

Хөлөө харахад өрөөний гэрэлтүүлэг сайн байх шаардлагатай бөгөөд өдрийн гэрэл эсвэл байгалийн гэрэлтүүлэгтэй үед хөлөө харахад тохиромжтой. Хэрэв та өөрөө хөлөө харж чадахгүй бол толинд харах буюу гэр бүлийн хэн нэгнээр хөлөө харуулах хэрэгтэй. Хөлөө ажиглах явцдаа  Шалбарсан  Зүсэгдсэн Арьс нь зузаарч эвэршсэн Арьсны өнгө нь өөрчлөгдсөн Тавхайд овгор товгор байгаа эсэх  Хумсны өнгө нь өөрчлөгдсөн эсэх  Зөөлөн эд нь гэмтсэн эсэхийг сайтар анзаарах хэрэгтэй.  Хэрэв хөл болон тавхайд том жижиг ямар ч хэмжээний шалбархай үүссэн, арьсны бүрэн бүтэн байдал алдагдсан байвал тавхайгаа бүлээн усаар савандаж угаагаад ариутгасан самбайгаар боогоод дотоод шүүрлийн булчирхай, мэс заслын эмчид үзүүлж зөвлөгөө аваарай.

Хөлөө өдөр бүр угааж байх

Өдөр бүр хөлөө шалгахдаа хөлөө угаах нь маш чухал юм. Хөл угаах ус нь 36-38 хэмийн халуун бүлээн байх ба тослогтой зөөлөн савангаар угаах шаардлагатай. Хөлөө угаасны дараа ус сайн шингээдэг зөөлөн даавуун алчуураар арчих хэрэгтэй. Ингэхдээ хүчтэй үрж арчиж болохгүй. Хөлийн арьсныхаа уян хатан байдлыг хадгалахын тулд хөлний арьсанд тэжээл өгөх тос түрхэх хэрэгтэй.

Хөлөө түлэгдэхээс болгоомжлох

Хөлөө угаах буюу халуун усанд орхын өмнө усаа заавал шалгаж үзэх хэрэгтэй. Ингэхийн тулд термометр хэрэглэж болох ба бэлтгэсэн уснаасаа саванд хэсэглэн авч түүндээ тохойгоо дүрж шалгаж болно. Мөн цахилгаан хөнжил хэрэглэдэг бол унтахаасаа өмнө заавал унтрааж унтах хэрэгтэй. Халаагуур /пар/ болон галын ойр хөлөө байлгаж болохгүй. Учир нь мэдрэхүй нь буурсан хөл халууны нөлөөнд амархан түлэгдэх аюултай байдаг.

Хөлний хумс авах

Хөлийнхөө хумсыг авахдаа хөндлөн авах хэрэгтэй. Хоёр зах руу нь ухаж, дугуйруулж  авч болохгүй. Хумсаа авахдаа зөөлөн эд нь гэмтэхээс болгоомжлон лав биш авах хэрэгтэй. Хөлөнд эвэр ургасан бол түүнийг иртэй, үзүүртэй зүйлээр авч болохгүй. Учир нь арьсны бүрэн бүтэн байдал алдагдвал халдвар авах нь амархан төдийгүй хөлний ноцтой хүндрэл үүсч болзошгүй.

Дээрх зөвлөмжүүдийг  өдөр тутам хийж хэвшихээс гадна хөлөндөө оймсоо маш сайн тааруулсан байх буюу хэт бариу, томдсон оймс өмсөхгүй ноосон даавуун оймс өмсөх хэрэгтэй. Гутал хөлд сайн таарсан, хөлийг хавчиж холгохооргүй байх хэрэгтэй. Ямар ч үед хөл нүцгэн явж болохгүй. Хөлд ямар нэгэн эмгэг өөрчлөлт гарсан тохиолдолд  гэрээр эмчлэлгүй, дотоод шүүрлийн эмчид хандаарай.

Чихрийн шижинтэй болсон эсвэл болсон байж магадгүй үед заавал хийх ёстой шинжилгээнүүд:

Сүүлийн жилүүдэд манай улсад чихрийн шижин буюу хар яриагаар сахарын өвчин гэгддэг эмгэгийг тохиолдлын тоо огцом нэмэгдсэн. Үүнийг дагаад чихрийн шижин эмгэгийг дагасан олон луйвар гарах болов. Зарим хүн хүнийг сахарын өвчтэй байна гэх, зарим өвдөөгүй байна гэх. Зарим нь бүр эмчилгээ нь гарч ирээгүй байгаа чихрийн шижин өвчнийг эдгээнэ гэж өвдөж зовсон хүмүүсээс таван цаас саах юм. Иймд юуны өмнө энэ таагүй эмгэгийг туссан эсэхийг эхлээд баттайгаар тодорхойлох хэрэгтэй.

Чихрийн шижинтэй гэдэг нь батлагдсан тохиолдол энэ эмгэг нь одоохондоо эмчлэгдэхгүй ч гэлээ гам сахиж чадвал хүн огт өвдөөгүй мэт олон арван жилийн турш амьдралын чанараа алдалгүйгээр бүрэн дүүрэн амьдралаар амьдраад байх боломжтой гэдгийг тогтоож авах хэрэгтэй юм. Ингээд чихрийн шижин гэсэн эмгэгийг баталгаажуулж эсвэл үгүйсгэхийн тулд хийлгэх ёстой дараах шинжилгээг нас 35-аас дээш, ойрын төрлийн хүмүүсийн дотор чихрийн шижин буюу диабет -тай хүн байдаг, байсан, илүүдэл жинтэй, биеийн хөдөлгөөний идэвх муутай ажил эрхэлдэг, нүд ба бөөр, даралтын ямар нэг өөрчлөлттэй хүмүүс жилдээ нэг удаа бүгдийг биш юм гэхэд заримыг нь заавал хийлгэж байхад огт илүүдэхгүй. Эмгэгтэй болсон гэдгээ хэдий чинээ эрт илрүүлнэ үү тэр чинээгээр гам сахих, лавшруулахгүй, хурцадуулахгүй байх арга хэмжээг авах боломж өндөр болж, амьдралын чанарыг алдалгүй үргэлжлүүлэн хэвийн аж төрөх боломж өндөр болно гэдгийг санаарай.

1.Өлөн элгэн дээрээ цусан дахь глюкозын хэмжээг тодорхойлох. Өглөөд сэрсэн даруйд тодорхойлно. Шинжилгээ өгөхөөс өмнө 8-10 цаг өнгөрсөн байх ёстой. Хэвийн үедп цусан дах сахарын төвшин
– өндөгний цуснаас авсан үед 3,3-5,5 ммоль/л, (капилляр буюу хялгасан судасны цус);
-хураагуур судас буюу венийн судаснаас авсан тохиолдолд 3,3-6,1 ммоль/л, (плазм).

2. Ингээд ямар тохиолдолд чихрийн шижинтэй болсон гэж ярьж эхэлдэг вэ гэсэн асуулт гарах нь зүйн хэрэг. Хүний цусан дахь сахарын хэмжээ нь хоногийн туршид хоол, сэтгэл хөдлөл, биеийн идэвх гэх мэт маш олон хүчин зүйлсийн нөлөөгөөр байнга өөрчлөгдөж байдаг. Ингэхдээ хэвийн гэж тогтоогдсон хэмжээнд л хэлбэлзэж байх ёстой. Тухайлбал, хоол идсэнээс хоёр цагийн дараа цусан дахь сахарын хэмжээ өндөг болон хураагуур судаснаас авч үзэхэд ялгаагүй 7,8 ммоль/л байх ёстой.
Харин дараах үзүүлэлт гарвал чихрийн шижин үүссэн байж болзошгүй гэж үзнэ, үүнд:
– Өлөн элгэн дээрээ өндөгнөөс авсан цусан дахь сахарын төвшин 6,1 ммоль/л хэмжээнээс их, судаснаас асан цусан дахь сахарын хэмжээ 7,0 хэмжээнээс өндөр;
-Хоол идсэнээс хоёр цагийн дараа өндөг ба судаснаас авсан цусан дахь сахарын хэмжээ 11,1 ммоль/л хэмжээнээс өндөр байх;
– Хоногт дурын үед цусан дахь сахарын хэмжээг тодорхойлоход 11,1 ммоль/л хэмжээнээс өндөр байх.

3. Глюкожсон гемоглобин. Энэ үзүүлэлт нь сүүлийн гурван сар буюу 90-120 хоногийн дотор хүний цусан дахь нүүрсусны агуулгын төвшнийг тусган харуулдаг. Чихрийн шижин эмгэгтэй хүн энэ шинжилгээг гурван сар тутамд өглөөд, өлөн элгэн дээрээ судасны цуснаас өгч шалгуулж байх ёстой.

4. Фруктозамин. Энэхүү глюкожсон уургийн хэмжээ нь сүүлийн 2-3 долоо хоногийн дотор цусан дахь глюкозын хэмжээ ямарх байгааг харуулдаг.

5.Цусны ерөнхий шинжилгээ. Хүний биеийн ерөнхий төлөв байдлыг илтгэн харуулдаг болохоор нэн чухал шинжилгээ юм. Шинжилгээг эмчлэгч эмчийн заалтаар өндөгний цуснаас авч хийнэ. Өглөөд, өлөн элгэн дээрээ хийх нь хамгийн зохистой гэж үзнэ.

6. Цусны биохимийн шинжилгээ. Үүнд наандаж липидийн хэсэг (ерөнхий холестерин, триглицеридүүд, ЛПВП, ЛПНП орсон байх ёстой), ерөнхий уураг, уургийн фракцууд, мочевин, креатинин, АЛТ, АСТ орсон байх ёстой. Харьцангуй ойрхон хугацаанд өгч байх хэрэгтэй. Үзүүлэлт хоорондын өөрчлөлтийн дагуу эмч бие махбодид явагдаж байгаа эмгэг үйл явцыг хамгийн анхан шатны үед нь илрүүлэх боломжтой юм. Судаснаас өглөө, өлөн элгэн дээр өгнө.

7. Шээсний ерөнхий шинжилгээ. Зургаан сард нэг удаа эсвэл эмчлэгч эмчийн заалтаар түүнээс ч илүү давтамжтайгаар өгнө. Чихрийн шижингийн үед бөөрний талаас ямар нэг өөрчлөлт гарсан эсэхийг цаг алдалгүй илрүүлэх боломж олгодог.

8. Шээсэн дэх микроальбумин. Зургаан сард нэг удаа хоногийн шээсэн дэх агуулгыг тодорхойлно. Чихрийн шижингийн гаралтай нефропатийг эрт үед илрүүлэх зорилгоор хийдэг. Энэ эмгэгийн үед бөөрний үйл ажиллагаа алдагдан уураг шээсэнд байж болох хэмжээнээс илүүгээр илэрдэг.

9. Бөөрний эхо. Шээсний ерөнхий шинжилгээ, хоногийн шээсэнд микроальбумин илэрсэн тохиолдолд гол төлөв энэ шинжилгээг давхар хийлгэх заалт өгдөг. Бөөрөнд чихрийн шижингийн нефропати эсвэл өөр ямар нэг эмгэг өөрчлөлт гарсан эсэхийг тогтоох, урьдчилан сэргийлэхэд заавал хийгдэх ёстой шинжилгээ.

10. Нүдний угийг нүдний эмчээр дурандуулах. Нүдний хараа муудсан зовиур илэрсэн тохиолдолд энэ үзлэгийг зургаан сар тутамт нэг удаа, үгүй бол жилдээ нэг удаа заавал хийлгэнэ. Чихрийн шижингийн гаралтай ретинопати нэртэй эмгэг үүсэх, үүссэн тохиолдолд ужигран хүндрэхээс сэргийлэх үүднээс энэ шинжилгээг заавал хийнэ.

11. Зүрхний цахилгаан бичлэг. Электрокардиограмм (ЭКГ). Зүрх судасны эмгэг үүсэх, үүссэн тохиолдолд ужигран хүндрэхээс урьдчилан сэргийлэх үүднээс энэ шинжилгээг заавал хийнэ. Учир нь чихрийн шижин өвчний үед цусан дах сахарын төвшин өндөр тогтмол өндөр байснаас үүдэн зүрхний булчингийн элдэв эмгэг үүсэх эрсдэл өндөр байдаг.

12. Хөл ба гарын хураагуур болон тараагуур судасны хэт авиан допплерографи. Энэ шинжилгээ нь өнгөц ба гүнд явж байгаа хураагуур судасны бөглөрөлт буюу тромбозыг богино хугацаанд өндөр магадлалтайгаар тодорхойлох боломж олгодог. Хар үгээр бол харвахаас урьдчилан сэргийлэх боломжийг олгодог.

Энэ мэтээр цусан дахь сахарын төвшнийг тогтмол хянах, эмчлэгч эмчийн заалтыг тогтмол бөгөөд тууштай дагаж, хоолны дэглэм сахих, биеийн жинг хянах, биеийн хүчний ачааллыг зөв тохируулснаар чихрийн шижин буюу сахарын өвчин нэртэй эмгэг туссан ч эрүүл хүнээс огт дутахааргүй амьдралаар амьдрах боломжтой байдаг.

Эх сурвалж: 103.mn

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …