БНХАУ-ын ӨМӨЗО-ны Алшаа аймаг. Шарласан түүхийн урт сэжмээр Монголчуудтай салшгүй холбоотой энэ л нутагт яг өдийд намар цаг хормой дэлгэн амсхийж, модод зулайгаасаа эхлэн шаргалтаж байна. Алшаа нутаг дэвсгэрийн хэмжээгээрээ Өвөр Монголд хамгийн том засаг захиргааны нэгжээр тооцогддог ч, хамгийн цөөн хүн амтай аймаг. Хойд талаараа манай Өмнөговь, Баянхонгор, Говь-Алтай аймагтай хиллэдэг, нийт 267,574 км² нутаг дэвсгэртэй, 300 гаруй мянган хүн амтай.
Хятад, Монгол, манж, төвд, Монгор буюу бидний нэрлэдэгээр цагаан Монгол үндэстнүүд, хотон, халх, торгууд, буриад, барга ястнууд оршин суудаг. Алшаа аймаг Зүүн хошуу, Баруун хошуу, Эзнэй хошуу гэсэн гурван хошуунаас бүрддэг. Алшаа бол говь цөл газар. Гэвч энд мод тарьж, Баян хот хэднийнээ нов ногоон өнгөөр хучигдаж амжжээ. Алшаагийн нэгэн гайхамшиг нь Эзнэй хошуу, элсэн цөл дунд байрлах Тооройн төгөл. Тоорой модон энэ ой нийтдээ 250 мянган га талбайг хамардаг.
Амьд амьтан үгүй мэт зах хязгааргүй үргэлжлэх элсэн цөлд намар цагт тооройн төгөл таван өнгөөр солонгорч, навчис яг л бороо шиг асгардаг гэнэ. Байгалийн энэ л гоо үзэсгэлэн, басхүү амар амгаланг мэдрэх гэсэн жуулчид намартаа хэдэн зуун мянгаараа ирдэг аж. Үндсээрээ нэвт сүлбэн газрын гүнээс ус олж өөрийгээ тэжээж, тэтгэж чаддаг Тоорой мод ямар ч ган гачиг, хуурай салхи, хүйтэн өвлийг ажиралгүй сөрж ургаж чаддагаараа алдартай. Алшаа нутгийнхан өөрсдийгөө Тоорой модтойгоо зүйрлүүлэн ярих ярих дуртай. Үнэхээр ч өвөлдөө тэсгэм хүйтэн, зундаа шатаам халуун эрс тэс уур амьсгалтай, элсэн цөлд дасан зохицож амьдарна гэдэг тийм ч амар бус.
Үүнийг манай говийнхон л сайн мэдэх байх даа гэсэн бодол өөрийн эрхгүй төрж байлаа. Эзнэй гол гэж нутгийн түмний дээдэлдэг энэ л голын хөвөөнд Хар хотын балгас бий. Хар хоттой холбоотой олон домог яриа байдаг. Хар хотыг цэргийн бэхлэлт хүрээ хэлбэрээр Баруун Сяо буюу Тангудууд 1032 онд байгуулагдсан гэж үздэг. 1032-1227 оныг хүртэл Тангудын мэдэлд байв. Хар хот нь Монголын их хаадын сонирхолыг ямагт татсан цэрэг стратегийн түшиц гол хотуудын нэг байсан бөгөөд Чингис, Өгөөдэй, Мөнх хаадын өмнө зүгт хийсэн аян дайны гол түшиц газар байжээ. 1227 онд Чингис Тангуд улсыг дайлаар мордохдоо Хар хотод их цэргийн хүрээг байгуулж байв.
Энэ цагаас Хар хот нь 145 жилийн туршид Монголчуудын хяналтан дор байж, 1226 онд Чингис хаан уг хотыг эзлэн авснаас хойш, Хархорин, Занаду, Күмүл буюу Хамиг холбосон замын уулзвар болж, Монголчуудын удирдлага дор хөгжин цэцэглэж, Хубилай хааны үед 3 дахин өргөжин, Их Юан гүрний дараа Тогоон Төмөр хааны Хятадын Мин улсын эсрэг байлдах байлдааны бэлтгэл суурь хот болж байжээ. Хар хот нь элсэн цөлийн дундах ногоон арал байсан, орчин нутаг нь үржил шимтэй нүүдэлчдэд их тааламжтай нутаг байсан гэдэг мэдээ бий. Хар хот дамжлагын чухал үүрэг гүйцэтгэж байсан тухай Марко Поло бичихдээ “Эндээс дөчин өдрийн хүнс төхөөрч гараад хойт зүг чиглэн дөчин хоногийн турш орон байр, айл хүнгүй талаар аялан явна” гэж бичсэн байдаг аж.
Их Монгол, Юань улсын үед цэцэглэн хөгжиж Хятад, Монгол, Дундад Азийг холбож, их торгоны замын гол уулзварт байсан Хар хотын их говийн элсэнд дарагдаж, сураг тасарчээ. Энэ хотын тухай анхны мэдээллийг Марко Поло анх Европчуудад хүргэсэн бол 20-р зууны эхээр оросын нэрд гараагүй судлаач П.К.Козлов төв азиар аялж байхдаа нутгийнханы мэдээллийн дагуу олж илрүүлсэн байдаг. Түүний олсон энэ хот Тангудын Хар хот болох нь батлагдаж тэрээр дэлхийд нэрээ гаргасан том археологич болсон юм. П.К.Козловоор ахлуулсан орос эрдэмтэд 1908 оноос эхлэн Хар хотод нийт 3 удаа малтлага хийж, 40 тэмээ ачаа, 2400 гаруй ном судар олсон нь тухайн үед дэлхий дахиныг донсолгосон том олдвор байв.
Орос эрдэмтэд Хар хотоос бүхэл бүтэн номын сан олсон бөгөөд хамгийн алдартай нь Тангуд Хятад хавсаргасан толь аж. Өнөөдөр Алшаа аймгийн музейд Хар хотын балгасыг илрүүлсэн тухайгаа П.К.Козловын бичсэн илтгэлүүд, мөн судалгааны материалууд, тэнд байсан түүхийн эд өлгийн зүйлсийг судалгааны зориулалтаар авсан гэдгээ батлаж бичсэн гар бичмэлийн хуулбарууд хадгалагдаж байна. Алшаачуудын бас нэгэн бахархал нь гоёо, тэмээ, чулуу гурав. Тэд жилдээ хоёр удаа гоёогоо хурааж, цагаан, улаан гоёоны наймаа энд хаа сайгүй цэцэглэдэг аж. Эмийн ховор ургамлуудын тоонд багтдаг энэхүү гоёог тэд өөрсдөө тарьж, элсний нүүдлээ зогсоож, цөлжилтөөс хамгаалахаар багагүй ажил хийж байгаа гэнэ.
Зөвхөн 2015 онд л гэхэд 26.6 мянган га талбайн хөрсийг хүн хүчээр ойжуулахаар төлөвлөсөн байна. Заг, цагаан гоёог тариалсан иргэдэд төрөөс мөнгөн шагнал олгодог учраас энэ жил гэхэд 950 мянган мод тарьж ургуулахаар ажиллаж байгаа аж. Алшаа аймгийн орон нутгийн захиргаанаас элсэн цөлийн ургамлыг аж үйлдвэржүүлэх ажлын стратеги төлөвлөгөө хүртэл боловсруулжээ. Алшаа нутгийнхан яг л манай говийнхон шиг тэмээгээ дээдэлдэг ард түмэн. Энэ нутагт Онгон тэмээний тахилга нэртэй тэмээний том баярыг хаврын сард зохион байгуулдаг бөгөөд хоёр бөхт говийн улаан тэмээний зураг, хөшөө баримлуудыг эндээс олноор нь харж болно.
Нийтддээ арван нэгэн түмэн тэмээтэй гэж ярих Алшаачууд сүүлийн үед хонь, ямаанаас илүүтэйгээр тэмээ өсгөх болж, тэмээний ноолууран бүтээгдэхүүний үнэ ч өсөж байгаа аж. Алшаад тэмээний ноолууран бүтээгдэхүүн Монголын тэмээний ноолуураас хэд дахин илүү үнэтэй. Мөн бүтээгдэхүүнээ Япон, Солонгосын зах зээлд гаргаж, багагүй ашиг олдог аж. Харин сүүлийн үед Алшаачуудын амьдралыг өөд нь татаж, басхүү гадны анхаарлын төвд авчирсан нэг зүйл нь чулуу. Алшаачууд их элсэн говьд байх хачин, сонин хэлбэртэй чулууг засаж өнгөлж, бүхэл бүтэн чулууны музей гаргажээ.
Хачин чулууны музей хэмээх хачин нэртэй энэ музейгээс үнэхээр л хачирхалтай зүйлс олныг харж болно. Алшаа нутагт үлэг гүрвэлийн яс, өндөг, чулуужсан модноос эхлээд хаш, мана зэрэг эрднийн чулуу элбэг. Тэр ч бүү хэл чулуугаар хоол хүртэл урлаж тавина. Одоогоос хоёр жилийн өмнө Алшаад арааны шүлс асгарам амтат идээ ундаа, хоол зууш алаглуулан өрсөн дайллагын тансаг ширээг чулуугаар хийж, үүнийгээ геннисийн номд бүртгүүлжээ. Алшаа аймгийн Баян хотод гаргасан “Чулуун дайллага” хэмээх үзэсгэлэнд байгалийн бүх төрлийн чулуугаар өнгө алаглуулан бүтээсэн 6000 гаруй хоол зууш бүхий 105 ширээ тавигдсан байсан гэнэ.
Өнөөдөр ч тус музейд чулуугаар хийсэн шарсан хониноос эхлээд өндөр байцаа, бууз банш гээд өнгө алаг тансаг ширээ дүүрэн чулуун хоол дэлгээстэй байна. Үүний зэрэгцээ галт уулын асар хүчтэй дэлбэрэлт болсныг гэрчлэх өөр, өөрийн өвөрмөц хэлбэр дүрстэй чулууны музейг үзэх гэсэн хүмүүсийн хөл тасардаггүй. Биднийг очих үеэр Алшаа аймаг, Тайваны хамтарсан чулууны музей гарч, эрднийн чулуу сонирхогчдын дунд томоохон наймаа хийгдэж байлаа. Хятадын нутаг нутгаас ирсэн чулууны наймаачид музейн үүдэнд чулуун эдлэлийн зах нээсэн нь олны анхаарлыг татаж байсан юм.
Хачин чулууны музейн үүдэнд цугларсан олны дотроос яах аргагүй халх хийцийн дээлтэй, хөрслөг бор залуу анхаарал татав. Өөрийгөө Үйлст хэмээн танилцуулсан энэ залуугаас “Ямар үндэстэн бэ?” гэж санаандгүй асуугаад эгээтэй л загнуулсангүй. Түүний аав ээж Өмнөговийн хилийн ойролцоо амьдардаг, 1921 оны хувьсгалийн дараахан Алшаа руу нүүж ирсэн халх ястнууд гэнэ. Монгол улс зах зээлд шилжиж, хил хязгаар чөлөөтэй болсны дараа Өмнөговиос 20 гаруй хамаатан садан нь ирж, аав, ээж хоёртой нь золгоод буцсан хэмээн ярихдаа Үйлстийн нүд сэргээд ирлээ. Тэрээр “Монгол руу хэд хэд очсон.
Адилхан монгол байж та нар биднийг хужаа гэж ад үздэг” хэмээн гомдол мэдүүлээд авав. Сүүлийн үед Алшаа нутагт гарсан “чулууны хувьсгал” нутгийн иргэдийн санааг тун их зовоож байгаа гэнэ. Элс малтаж, уулс бутлаж, гол сөрж чулуу хайгсад уул усаа хэт их бохирдуулж, газрынхаа хөрсийг эвдэж байгаад санаа нь зовдог Үйлст хэмээх энэ залуу Алшаад Монголын сэтгүүлч нарын 6-р форум болж байгааг Одон телевизийн мэдээнээс үзсэн гэнэ.
Харин энд тааралдана гэж бодсонгүй хэмээн хөөрцөглөж, Алшаад ирсэн хэрнээ Тоорой төгөлд очсонгүй гэж тун сүрхий зэмлээд авлаа. Алшаагийн чулуу хятад чулууны дархчуудын гарт орж, дэлхийд үнэлэгдэх үнэт эдлэл болон цааш зах зээлд гардаг гэнэ. Үзэх нэг хэрэг. Харин харьцуулан бодох өөр асуудал. Алшаа аймаг Өмнөговь, Баянхонгор, Говь-Алтай аймагтай хиллэдэг, хүн ам цөөтэй, манай говийнхонтой адилхан цаг ууртай, бас байгалийн тогтоц, баялгийн хувьд ч адилхан. Гэхдээ энд бүтээн байгуулалт ид өрнөж, аялал жуулчлал хөгжиж, говийн байгалиа хамгаалахын төлөө асар их зүйл хийж байгааг хараад битүүхэн атаархах сэтгэл төрж байсныг нуугаад яахав. Говийн аялал жуулчлалаа хөгжүүлэхийн тужлд бид зам харгуйгаа сайжруулж, дэд бүтэц, үйлчилгээ, сурталчилгаа гээд олон зүйлд анхаарах хэрэгтэй юм байна даа гэсэн бодол өөрийн эрхгүй төрж байлаа.
Б.Цоож