Толгой эргэх гэдэг нь хүний бие махбодь нь биеийн байрлал, хөдөлгөөнийхөө чигийг алдаатай мэдэрч, орон зайд чиг авах чадвараа алдахыг хэлдэг. Толгой эргэлт нь нас хайхралгүйгээр үүсдэг. Иймд багадаа эргэдэг тоглоомон дээр хэт их эргээд, эсвэл насанд хүрсэн хойноо хэт их наргисны дараа гэх мэт янз бүрийн шалтгааны улмаас толгой нь эргэж байгаагүй хүн гэж бараг байхгүй биз.
Үүнд гайхаад байх зүйл үгүй. Гэвч илэрхий шалтгаангүйгээр ойр ойрхон толгой эргэдэг болсон үед шалтгааныг нь тодруулахыг хичээсэн нь дээр.
Шалтгаан
Хүнийг орон зайд баримжаалахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг тэнцвэр, хараа ба хүртэхүй гэсэн гурван системээс хоорондоо үл авцалдсан мэдээлэл өгсний улмаас толгой эргэдэг.
Харин ингэж үл авцалдаа үүсэхэд хүргэдэг шалтгаан маш олон. Жишээлэхэд, сууж байгаад огцом босоход толгой эргэж байгаа бол мэдрэл судасны тэнцвэргүйдлээс үүдэлтэй байж болно.
Толгой эргэх үед сонсгол сулрах, чих шуугих, чих дүнгэнэх, нь чихний үрэвсэл туссаны шинж байж болно. Толгой эргэх, тэнцвэр алдагдах шинж тэмдэг илрүүлдэг нэг өвчин нь чихний усан хаван буюу гидропс.
Толгой таллдаж өвдөх өвчний үед толгой эргэх, сонсгол сулрах зэрэг шинж тэмдэг давхар ажиглагдах нь бий. Улмаар мигрень буюу толгой таллаж өвдөх өвчтэй хүмүүст толгой нь өвдөөгүй атлаа эргэх тохиолдолд олон гардаг. Үүний өвдөлтгүй мигрень ч гэж нэрлэдэг.
Тархины хавдрын үед толгой байнга эргэхийг дагалдан хүчтэй өвдөлт үүсдэг, өвдөлт дагалдуулдаг. Харин тархины цусан хангамжын хурц хямралын үед толгой эргэхээс гадна хэл ярианы өөрчлөлт, бие сулрах, хөл гарын хөдөлгөөн алдагдаж, ухаан алдах зэрэг шинж дагалдаж болзошгүй.
Удаан хугацаагаар сууж ажилласны дараа гэнэт, огцом босоход толгой эргэх нь олонтаа. Энэ нь суугаа ажил эрхэлдэг биеийн хөгжил сул хүмүүст гол төлөв ажиглагддаг. Хүзүүний булчин хэт чангарснаас үүдэн чих болон орон зай дахь биеийн байрлалыг тодорхойлдог тархины хэсгийн цусанд хангамж дутагдаж ийнхүү толгой эргэдэг.
Мөн даралт бууруулах нөлөөтэй, эсвэл антибиотикийн төрлийн эм, бэлдмэлийн тунг хэтрүүлэн хэрэглэснээс үүдэн толгой эргэх нь бий.
Үүнээс гадна машин, нисэх онгоц, усан онгоцоор аялах үед толгой эргэх, дотор муухайрах, бөөлжүүлэх зэргээр илэрдэг зайлалтын хам шинж гэж байдаг. Ийм хам шинжийг арилгах өндөр үр дүнтэй эм бэлдмэл олон байдаг.
Эцэст нь агарофоби буюу нээлттэй орон зайн айдас зэрэг янз бүрийн фобийн үед толгой эргэж унахаас айх шинж тэмдэг илэрдэг.
Оношлогоо
Толгой эргэх шинж ойр ойрхон илэрвэл мэдрэлийн эмчид, чих хамар хоолойн эмчид үзүүлэх хэрэгтэй. Энэ үед танд тэнцвэрийн сорил хийж, хараа, тэнцвэр, булчингийн системийн харилцан уялдааг шинжилнэ. Мөн оношлогоонд аудиметри, чанд авиан дурандалт, компьютер томографи хийнэ.
Эмчилгээ
Хэрэв толгой эргэх шинж тэмдэг илэрвэл юуны өмнө сандарч тэвдэх хэрэггүй. Эвтэйхэн газар суугаад харцаа ямар нэг зүйл дээд тогтоон барих хэрэгтэй. Нүдээ аних гэсний хэрэггүй. Толгой эргэхийн зэрэгцээ хөл, гар бадайрах, ярианы өөрчлөлт гарах, хэвлий цээжээр хүчтэй өвдөх зэрэг эвгүй мэдрэмж төрвөл цаг алдалгүй эмчид үзүүлэх шаардлагатай.
Эмч.мн