лсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Их Британийн Элчин сайдын яам, Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн хамтран “Улс төрийн санхүүжилт:-Сонгуулийн санхүүжилтийн шинэчлэлийн асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2015.12.14/ Төрийн ордонд зохион байгуулав.
Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын зарим гишүүд болон сонгуулийн хуулийн ажлын дэд хэсгийн гишүүд, мөн Улсын Их Хурлын Тамгын газар, Сонгуулийн ерөнхий хорооны ажилтнууд, төрийн зарим байгууллагууд, улс төрийн намуудын төлөөлөл оролцлоо. Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, Улсын Их Хуралд сонгуультай холбоотой гурван хуулийн төсөл өргөн баригдаж, хэлэлцүүлгийн шатанд байна. Эдгээрийн нэг нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль, Аймаг, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийг нэгтгэсэн Сонгуулийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, нөгөө хоёр нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд юм. Энэ гурван хуулийн төслийг нэгтгэж хэлэлцэхээр шийдвэрлэсэнтэй холбогдуулан Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлэг, Улсын Их Хуралд суудалтай намуудын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг байгуулагдаж, хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй зарим санал дээр зөвшилцөл хийгдэж байна. Хэдийгээр цаг хугацаа шахуу байгаа ч гэлээ улс төрийн намууд зөвшилцөж чадвал сонгуулийн хуулийн төслийг хуулийн хугацаанд нь багтааж батлах боломж бий. Ийм үед сонгуулийн санхүүжилтийн шинэчлэлийн асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа нь чухал ач холбогдолтой юм гэдгийг онцлов.
Мөн тэрбээр судалгаанаас үзэхэд манай улсын тухайд сонгуулиас сонгуульд улс төрийн намууд болон нэр дэвшигчдийн зарцуулсан зардлын хэмжээ өсч ирсэн байна. Тухайлбал, 2012 оны сонгуулиар Улсын Их Хуралд суудалтай намууд нийтдээ 35 тэрбум төгрөг зарцуулснаас 20 гаруй тэрбум төгрөг нь зөвхөн сонгуулийн сурталчилгаанд зарцуулагджээ. Энэ бол зөвхөн намуудын тайланд туссан зардлын дүн юм. Тиймээс сонгуулийн зардлыг яаж оновчтой төлөвлөх, зохион байгуулалт, менежментийг хэрхэн боловсронгуй, үр өгөөжтэй болгох асуудал чухлаар тавигдаж байгаа юм. Сонгуулийн хуулийн төслүүдэд сонгуулийг аль болох бага зардлаар зохион байгуулах, улс төрийн намууд, нэр дэвшигчдийн болон сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн зааг ялгааг тодорхой болгох, мөн улс төрийн намын зардлын ямар хэсгийг төрөөс санхүүжүүлэх, нэр дэвшигчид ямар хэсгийг нь хариуцах, сонгуулийн зардлын санхүүжилтийг олон нийтэд хэрхэн ил тод мэдээлэх чиглэлээр зарим зохицуулалтыг тусгасныг дурдаад шилэн дансны хуулийн зарчмыг улс төрийн намуудын болон сонгуулийн үйл ажиллагаанд хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж буйгаа хэллээ.
Дараа нь “Их Британийн улс төрийн болон сонгуулийн санхүүжилтийн эрх зүйн зохицуулалт” сэдвээр Их Британийн Сонгуулийн хорооны хуулийн хэрэгжилтийн менежер Жон Франке, “Их Британийн сонгуулийн санхүүжилтийн эрх зүйн зохицуулалтын улс төрийн намуудад үзүүлэх нөлөө” сэдвээр Шотландын Үндэсний намын хуулийн зөвлөх Скотт Мартин нар илтгэл тавьсан юм.
Их Британийн тухайд сонгуулийн санхүүжилт нь төрийн дэмжлэг болон хувь хүн, хуулийн этгээдийн хандив, улс төрийн намуудын зээл зэргээс бүрддэг байна. Улс төрийн намуудад парламент дахь суудлын тоо, намуудын авсан саналын хувь зэрэгтэй нь уялдуулан төрөөс зохих төсвийн дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ сонгуулийн кампанит ажлын явцад намууд болон бие даан нэр дэвшигчдэд сонгуулийн сурталчилгааг тодорхой хүрээнд үнэгүй явуулах эрх олгох, төрийн байгууллагын байр танхимыг сонгуулийн сурталчилгаанд нь ашиглуулах зэргээр туслалцаа үзүүлдэг байна. Тус улсын нэг онцлог нь хувь хүн, хуулийн этгээд улс төрийн намд хүссэн хэмжээгээр хандив өгч болдог байна. Түүнчлэн хувь хүн нь улс төрийн намд зээл өгч болох хуулийн зохицуулалт байдаг агаад тухайн нам нь зээл авах тухайгаа сонгуулийн хороонд мэдэгдсэн байх учиртай аж. Харин намууд нь банкнаас арилжааны зориулалтаар зээл авах шаардлагатай бол зээлийн зориулалт, мөнгөний хэмжээг сонгуулийн хороонд урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээдэг байна.
Илтгэлүүдтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва, Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл нар болон хэлэлцүүлэгт оролцсон зарим хүн асуулт асууж тодруулан, сонгуулийн санхүүжилтийн шинэчлэлийн асуудлаар санал бодлоо хуваалцав.
Хэлэлцүүлгийн төгсгөлд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей энэ удаагийн хэлэлцүүлэг нь сонгуулийн санхүүжилтийн эх үүсвэр, түүнд тавих хяналт, төрийн санхүүжилтийг улс төрийн намуудад ямар нөхцөлд яаж олгодог байх зэрэг чухал асуудлыг хөндөж, бусад орны зарим туршлага, арга хэлбэрээс суралцах, санаа авахад ач холбогдолтой болсныг онцлов.
Мөн хэлэлцүүлэгт оролцсон Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн Монгол дахь Суурин төлөөлөгч Ашлэй Вэйлэн энэ удаагийн хэлэлцүүлэг нь богино хугацаанд шахуу болсон ч гэлээ энд яригдсан асуудал нь Монгол Улсад сонгуулийн болоод улс төрийн намуудын санхүүжилтийн талаарх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож чамбайруулахад үр өгөөжөө өгнө гэдэгт найдаж буйгаа илэрхийллээ.