Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцсэнээр Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан эхэллээ.
Эдгээр хуулийн төслийн дагуу 2016 оны хаврын тариалалтад шаардагдах 20.0 мянган тонн үрийн улаанбуудайг импортлоход ногдох гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөр байгаа бөгөөд иргэн, хуулийн этгээдийн импортоор оруулж байгаа үрийн улаанбуудайнд ногдох гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварыг 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд чөлөөлөхөөр тусгасан байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүдийн тавьсан асуултын гол нь гурилын үнэ өндөр байгаа төдийгүй буурахгүй байгаа нь ямар учир шалтгаантай, үнийн асуудлыг хэрхэн шийдэх гэж байгаа, цаашид үрийн асуудлаар ямар бодлого баримтлах, хаанаас, ямар сортын үр оруулж ирэх гэж байгаа, түүнд хэрхэн хяналт тавьж хуваарилах, үр дүнг яаж тооцохтой холбоотой байв. Түүнээс гадна үрийн нөөц маш чухал учир түүнд анхаарч ажиллах, судалгаа хийх хугацаа дууссан тул сонгох үрийн чанар, сорт, хэрэгцээ, гэрээ хийх, түүнийг хэрэгжүүлэх хугацаа, хэрэгжилтэд хяналт тавих, хариуцах байгууллага зэрэгт анхаарч ажиллахыг гишүүд санал болгов.
Энэ асуудлыг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
Дараа нь гишүүд зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа.
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн төсөл, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /Улсын Их Хурлын гишүүн Р.Бурмаа нарын 16 гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд нарын 7 гишүүн, Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү нарын 10 гишүүний тус тус өргөн мэдүүлсэн/ хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Уг асуудлаарх Төрийн байгуулалтын Байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.Бакей танилцуулав. Сонгуулийн одоогийн буюу 48/28 гэсэн холимог тогтолцоог хэвээр хадгалах, сонгогчдын саналын 28 хувийн босгогүй болгох, Улсын Их Хурал, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр нь сонгуулийн жилийн зургадугаар сарын сүүлийн хагасын аль нэг ажлын өдөр, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр нь сонгуулийн жилийн 10 дугаар сарын сүүлийн хагасын аль нэг ажлын өдөр байх зэрэг зарчмын өөрчлөлтүүдийг төсөлд тусгасан тухай тэрээр танилцууллаа.
Сонгуульд оролцох улс төрийн намуудын тэгш эрхийг хэрхэн хангасан, мөн Үндсэн хуультай илт зөрчсөн заалт төсөлд байгаа эсэх, сонгуулийн одоогийн холимог тогтолцоо нь Үндсэн хуулийн зөрчил мөн эсэх, УИХ-ын гишүүнээр сонгогдсоны дараа эгүүлэн татах асуудал төсөлд яаж тусгагдсан, улс төрийн намуудын төлөөллийг сонгуулийн зохион байгуулалтад оролцуулах асуудал төсөлд яаж тусгагдсан, санал тоолох төхөөрөмж болон гар тооллогын дүн хоорондоо зөрвөл аль нь хүчинтэй тооцогдох, сонгуулийн хуулиас гарч болох эрсдлийг хэрхэн тооцсон зэрэг талаар асуулт тавьж ажлын хэсгийнхнээс хариулт авсны дараа гишүүд зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хурааллаа. Тухайлбал, ээлжит сонгуулийн санал авах өдрийг санал авах өдрөөс “180-аас” гэснийг “150-иас” доошгүй хоногийн өмнө тогтооно гэж өөрчлөх, “Улсын Их Хурал, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр нь сонгуулийн жилийн зургадугаар сарын сүүлийн хагасын аль нэг ажлын өдөр, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр нь сонгуулийн жилийн 10 дугаар сарын сүүлийн хагасын аль нэг ажлын өдөр байна” гэж өөрчлөн найруулах зэрэг саналын томьёоллыг гишүүдийн олонх дэмжлээ.
Түүнчлэн хуулийн төслийн зарим хэсгийг “намыг Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн он, сар, өдрийг баримтлан тухайн нам, түүний нэр дэвшигч гэсэн дарааллаар, эвслийг эвслийн бүрэлдэхүүнд орсон намуудын эхэлж Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллаар”, “Санал хураалт дуусмагц сум, дүүргийн сонгуулийн хороо санамсаргүй сонголт /сугалах/-ын аргаар харьяа хэсгийн хорооноос 50 хүртэл хувийг сонгож 24 цагийн дотор техникийн тооллого хийнэ. Техникийн тооллогод сонгуульд оролцсон нам, эвсэл болон сонгогчдын төлөөллийг оролцуулна” гэж тус тус өөрчлөн найрууллаа.
“Энэ хуулийн 129.3.2-т заасан сонгогчдын гарын үсэг зуруулсан маягтыг нягтлан шалгахад бие даан нэр дэвшигчээс үл хамаарах, сонгогчийн бичиг баримттай холбоотой зөрчил илэрсэн бөгөөд маягтын зөрчилгүй гарын үсгийн тоо нь энэ хуулийн 128.2-т заасан тооноос доошгүй бол дээрх зөрчил нь бие даан нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл болохгүй” гэсэн хэсгийг нэмэхийг гишүүдийн олонх дэмжлээ.
“Энэ хуулийн 136.1-т заасан тойргийн сонгуулийг хүчингүйд тооцох шийдвэрийг Сонгуулийн төв байгууллага гаргана”. “Энэ хуулийн 163.1-д заасан тойргийн сонгуулийг хүчингүйд тооцох тухай шийдвэрийг аймаг, нийслэлийн сонгуулийн хороо гаргана” гэсэн хэсгийг төсөлд тус тус нэмж тусгахаар болов.
Харин “Нам, эвслийн нэрийн жагсаалтад орсон аль нэг нэр дэвшигчийн өмнөх тоог дугуйлж, тухайн нэр дэвшигчийн авсан саналыг нам, эвслийн авсан саналд тооцох”, “Нам, эвслийн нэрийн дараа тухайн нам, эвслийн нэрийн жагсаалтаар нэр дэвшсэн нэр дэвшигчийн нэрийг нам, эвслийн гаргасан дарааллын дагуу бичнэ” гэсэн санал гишүүдийн олонхын дэмжлэгийг авсангүй.
Сонгуулийн тухай хуулийн төсөл, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дуусгаж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлснээр чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан өндөрлөвгэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.