Манайд УИХ-ын чуулганы танхимд УИХ-ын гишүүн хэлсэн үгэндээ хариуцлага хүлээдэггүй. Өөрөөр хэлбэл, хэнийг ч гүтгэж, доромжилж болно гэсэн үг. Чуулганы танхимаас гадна УИХ-ын гишүүд хэлсэн үгэндээ хариуцлага хүлээдэггүй нь тэдний үг, үйлдлээс харагддаг. Наанадаж л УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг гэхэд “МоАХ-ны квоттой дөрвөн сайд бий. Энэ баривчилгаа нэгжлэг бол цагдаагийн газраас хийж байгаа ажил. Цагдаагийн газрын даргыг томилдог Ерөнхий сайд, цагдаагийн газрын хийж байгаа хууль бус ажиллагааг зогсоохгүй бол дөрвөн сайдаа татна” гэж хэлсэн. Жирийн нэг гишүүн Засгийн газрыг огцруулах, дөрвөн сайдыг эргүүлэн татах тухай юу ч болоогүй юм шигээр ярьж сууна. Засгийн газар гэдэг нэг хүний гишүүний, хэдэн гишүүний эрх ашгийн төлөө унаж, шинээр байгуулагддаг эд биш юмсан. Гэтэл өнөө үед Засгийн газрыг ийм дорд үзэж, сайд нарыг эргүүлэн татаж, огцруулах асуудлыг ярьдаг болж.
Гишүүд хэлсэн үгэндээ хариуцлага хүлээж, ёс зүйтэй улс төр хийхээ больсон цаг. Ийм байхад тэднээс хариуцлага нэхнэ гэдэг их хэцүү. Ядаж гишүүд хурлаа цагтаа эхлүүлж, хуралдаа ирцээрээ суухаа байсан. Цөөн гишүүн хууль баталж, хэлэлцэх эсэхийг нь дэмжээд явж байх жишээний. Энэ ч яахав гээд цааш явахад зарим гишүүн их хэмжээний мөнгө, авлигын хэрэгт нэр нь холбогдоод эхэлсэн. Ийм байхад тэднийг эргүүлэн татаж шалгаж, авлигын хэрэгт холбоогүй бол нэрийг нь цэвэрлэж, уучлалт гуйх, үнэхээр холбоотой бол барьж хорих гээд арга хэмжээг авах ёстой. Харамсалтай нь манайд ийм систем алга. Хууль эрх зүйн орчин ч алга. Гэтэл бусад улс орон арай өөр зарчмаар явж байна. Зарим нь улс төрийн ёс зүй, хариуцлагаа ухамсарлаж, өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөж байна.
Тухайлбал, өнгөрсөн даваа гарагт Киргизийн Ерөнхий сайд Тэмир Сариев 100 сая ам.долларын замын тендерийг Хятадын компанид өгсөн шалтгаанаар огцорсон. Өөрийн хүсэлтээр шүү. Мөн Японы хоёр ч эмэгтэй сайд нэгэн зэрэг өөрсдөө өргөдлөө өгөн огцорч байсан. Хувийн асуудлаас болж эдийн заса, эрчим хүчний салбарын бодлого саатуулах сайдын хувьд уучилшгүй хэрэг учир ийнхүү огцрох хүсэлтээ өгсөн гэж байсан удаатай. Парламентын гишүүдийнх нь ёс зүйн дүрэм, хэм хэмжээ өөр учир тэд ийм үйлдэл гаргах нь арга ч үгүй биз.
Нигери улс гэхэд парламентын хуралдааныг 10 удаа дараалан тасалсан тохиолдол бүрэн эрхийг нь хасдаг аж. Манай улсад бол парламентын хуралдаанд суухгүй байсан ч болохоор байгаа. Япон улсад бол архи, тамхины бизнес эрхэлдэг хүн улс төрд байдаггүй. Гэтэл манайд огт өөр. Энэтхэг, Аргентин, Япон, Тайланд гэх мэт улсад өөр намд шилжсэн гишүүний бүрэн эрхийг парламентын даргын шийдвэрээр түдгэлзүүлдэг аж. Манай парламентын гишүүд сонгогдож гарч ирээд намаа солих, замын дундаас намаа орхиж, өөр намд шилжих тохиолдол их бий. Г.Уянга гишүүнийг хар. МҮАН-аасаа чөлөөлөгдөж, өөр сонголт хийсэн.
Энэ мэт хариуцлагагүй үйлдэл парламентад их гардаг. Энэ бүгдийг цэгцлэх үүднээс Ерөнхийлөгчөөс Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай болон Улс төрийн намын тухай хуулийн төслүүдийг боловсруулсан. Өмнө нь нэг удаа унаж байсан хуулийн төслүүдийг УИХ-д дахин өргөн мэдүүлж, хэлэлцүүлэх аж. Гэвч харамсалтай нь УИХ-ын гишүүд өөрсдийгөө хариуцлагажуулах, ийм ёс зүйг бий болгохыг хүсдэггүй бололтой. Улс төрийн намын тухай хуулийн төслийг дэмжилгүй унагааж байснаас нь харахад тэр шүү дээ. Хэдий гишүүд дэмжихгүй байгаа ч, парламентын гишүүдийг хариуцлагажуулах ёстой гэдэг дээр бүгд санал нийлэх биз ээ.
Эх сурвалж: Цензургүй.mn