Гэрийн нөхцөлд ногоо тарьж сурцгаая

hqdefaultГэрийнхээ тагтанд жимс, ногоо тарьж болно
Зөвхөн цэцгийг тасалгаанд тарьдаг гэсэн ойлголт байхгүйг Р.Балжинням доктор баталжээ. Тэрээр улаан лооль, өргөст хэмх, чинжүү, сонгино зэргийг тасалгааны нөхцөлд тарих технологийг боловсруулсан нь үр дүнд хүрсэн байна.
Жимс, ногоог цэцэгтэй адил нэг нэгээр нь саванд суулгана. Ингэж суулгасан улаан лооль, чинжүү, өргөст хэмхээс гэр бүлийнхээ жилийн хэрэгцээний ногоог хураачихдаг гэнэ. Р.Балжинням гуайгаас тасалгаанд тарьж ургуулах боломжтой ногооны үрсэлгээг хүмүүс худалдан авдаг.
Тэр нь цаад хүмүүстээ ч үр ашгаа өгсөөр байгаа аж. Р.Балжинням доктор эхнэртэйгээ хамт хүмүүсийн нэрлэдгээр Хайлаастын Зургаан буудалд хашаатай. Тэндээ бүх төрлийн жимсний мод, улиас, хайлаас тарьдаг. Эднийхээ үрсэлгээг хүмүүст худалдаж амьжиргаагаа залгуулдаг юм байна. Тэрээр тасалгаанд хүнсний ногоо тарих туршлагаасаа ингэж хуучлав.
– Монгол оронд 1997 онд Ногоон хувьсгал үндэсний хөтөлбөр батлагдсан. Энэ үед бид төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнийг гэрт, хашаанд тарих ажлыг эхэлсэн. Ер нь хот төв суурин газарт айл болгон ногооны талбайтай байж чаддаггүй. Тиймээс байшингийнхаа тагт, цонхны тавцан дээр жимс ногоо тарих боломж бийг судалсан. Гадаадад ийм ажил нэлээд өргөн цар хүрээтэй хөгжсөнийг олж мэдсэн. Уг ажилд өөрсдийн санаачилгаар оролцсон иргэд нэлээд бий. Тэр дундаа миний багш Цэдэнбалжир гэж нийслэлийн хүндэт иргэн, шинжлэх ухааны тэргүүний ажилтан хүн байдаг. Энэ хүн олон төрлийн ногоо, жимс жимсгэнийг гэрийнхээ тагт, цонхны тавцан дээр тарих ажлыг 1970-аад оноос эхлүүлсэн байдаг. Тэрээр нимбэг, мандарин, алимны жижиг сорт, гүзээлзгэнэ, гашуун болон амтат чинжүү, улаан лооль, өргөст хэмх, сонгинолог ургамлуудыг гэрт тарих тухай ном ч гаргасан. Харин энэ технологийг 2005 оноос эхлэн өргөн хүрээнд дэлгэрүүлж иргэдэд тарааж байна. Цонхны тавцангаас айл өрх хэрэгцээнийхээ ногоог авч чадахуйц үрсэлгээ хийж худалдаалж байна.
– Улаанбаатарт энэ маягаар ногоо тарьж байгаа хичнээн айл байгаа бол?

– Их л бий. Нарийн тоог нь хэлж мэдэхгүй юм. Зарим нь сонирхлын журмаар гэртээ ногоо тарьж байна. Гэр бүлийнхээ хэрэгцээг хангахаар ч тагт, цонхны тавцандаа ногоо ургуулдаг айлууд бий. Улаан лууванг хүртэл цонхноосоо аваад иддэг болсон байгаа. Мөн гүзээлзгэнэ тарьж байна. Гүзээлзгэнэ уг нь мөнх ногоон ургамал шүү дээ.
– Гүзээлзгэнийг өвөл ч гэртээ тарьж болно гэсэн үг үү?

– Гүзээлзгэнэ үрээрээ, сахлаараа үрждэг гээд олон зүйлтэй. Манайд тодорхой хугацаанд жимсээ өгдөг, мөнх ногооноороо байнга үр жимсээ өгдөг хоёр янзын гүзээлзгэнэ тарьж байна. Гэхдээ үүнийг айлын хэрэгцээнд гаргаагүй. Хятад, Солонгосоос үрийг нь авчирсан. Харин хашаанд тарих гүзээлзгэний суулгацыг айл өрхөд өгч байгаа. Өвлийн 30 хэмийн хүйтэнд тагтан дээрээ ногоо, жимсийг ургуулахад хүндрэлтэй. Хавар 4-10 сар хүртэл тагтаа дулаалаад дотор талд нь шилэн хаалт, хүлэмж хийгээд тодорхой хугацаагаар ургуулж болно. Дулааны асуудлыг сайн шийдээд өгчихвөл хавар гурван сараас намар 10 сар хүртэл жимс, ногоогоо гэртээ тарьж болно. Цонхныхоо тавцанг өргөтгөөд тагтан дээр байгаа ургамлаа шилжүүлж тавьж ч болно. Гэрэл тусдаг хананд ч байрлуулж болдог. Гэрлийг зохицуулахад өрөөнд тусч байгаа нарны байрлалыг даган зарим таримлаа зөөх нь ч бий. Гэхдээ одоо айлуудад тариад байгаа өргөст хэмх улаан лооль, чинжүү бол тухайн айлын цонхны тавцан дээр байхад л цонхоор тусч байгаа нарны гэрлээр хангалттай тэжээгдэж ургац өгөх боломжтой. Сонгинолог ургамлууд ч тэр гэрлээр хангагдана. Нар их тусдаг том цонхтой айлууд нарны гэрэл ихээр шаарддаг жимс жимсгэнийг тарьж болно. Өвөл гэрийн нөхцөлд гүзээлзгэнээс бусад жимс голдуу тайван байдалд буюу үр жимсээ өгөхгүй л дээ. Өөрөөр хэлбэл, тодорхой хэмжээгээр арчлаад байхад үхэхгүй, том болж ч ургахгүй. Тасалгааны гэрлээр амьдраад байж чаддаг.Тэдгээр ургамлуудыг айлууд тагтнаасаа аваад гэртээ байрлуулчихдаг. Цэцгийг өвөл зунгүй гэртээ байлгасан ч тэр нь үхэхгүй байдагтай адил гэсэн үг. Ихэнх нь зуны улиралд ургац өгөх учраас тэр үед нь тагтан дээрээ гаргана. Харин өвлийн улиралд дотогш оруулж бага зэрэг арчлаад байхад үхэхгүй байж чадна.
– Гэрт тарьсан жимс, ногоонууд ямар хэмжээний ургац өгдөг бол?

– Жимс ногоог хэр их тарьснаас шалтгаална. Чинжүү, улаан лооль 200 гаруй хоног ургана. Энэ хугацаанд улаан лоолийн нэг иш модноос 8-9 кг-ыг хураана. Долоо хоног тутамд 2-3 удаа хураахад 2-3 ширхэг бөөрөнхий улаан лооль авч хэрэглэх боломжтой. Улаан лоолийг жаахан өнгө ороод ирэхэд нь ишнээс нь салгаад дулаан газар тавьчихад болц нь гүйцдэг. Түүнээс ишинд нь улайхыг хүлээх юм бол хугацаа их шаардана. Дараагийн жимсний ургалт ч удааширна.
– Тасалгаанд тарьж байгаа ногоо, жимс ямар сортынх вэ?

– Тасалгааны ногоо, жимсэнд зориулж гаргасан тусгай сорт бий. Тухайлбал, улаан лооль уг нь хоёр метр гаруй өндөр ургадаг. Харин тасалгаанд ургаж байгаа сорт нь 50-60 см-ээс илүү өндөр болдоггүй. Бүдүүрч, олон салаа болоод арвин ургац өгдөг сорт байгаа. Чинжүү гэхэд 20 см-ээс өндөр ургахгүй. Энэ нь Япон, Америкийн сортууд. Нимбэг бол метр хэртэй ургаж, жимсээ өгнө. Өргөст хэмх 50-60 см өндөртэй мөртөө тасралтгүй жимсээ өгдөг байх жишээтэй. Мөн Орос, Хятадын сонгиныг тасалгаанд тариад иддэг. Монголын жууцайг талбайд зуны турш дөрвөн удаа тасалж хураадаг. Энэ нь олон жил ургадаг. Үүнийг цонхныхоо тавцанд тариад идэх боломжтой. Энэ мэтчилэнгээр яриад байвал олон ногоо, жимсний төрөл байна.
– Тасалгаанд ургадаг сортын жимс, ногоо амт чанарын хувьд ямар вэ?

– Амт чанарын хувьд талбайд тарьдаг сортуудаас дутахгүй.
– Гэртээ тарьдаг ногоонд ямар арчилгаа шаардагдах вэ?

– Нэг ургамалд ногдох тэжээлийн талбайн хөрсийг хангалттай өгсөн байна. Тухайлбал, 20-30 см-ийн голчтой мөн тэр хэмжээний өндөртэй саванд нэг улаан лоолийн үндсийг суулгаад ургуулахад битүүртэл ногоорч ургана. Тасалгаанд тарих ихэнх ногоог ийм хэмжээний саванд тарьдаг. Гэхдээ алимны жижиг сорт, нимбэг зэргийг том саванд буюу аравтын хувингаас арай том 40-50 см-ийн гүнтэй саванд хийвэл илүү сайн ургадаг. Үүний дараа мэдээж тасалгааны агааржуулалт сайн байх ёстой. Гэрлийн хангамж сайн байна. Тиймээс ургамлыг цонхны харалдаа гэрэлд ойр байлгах нь чухал болж байгаа юм. Тусгай цахилгаан гэрэлтүүлгээр ч хангаж болдог. Гэвч энэ талаар нарийн ярина гэвэл барагдахгүй. Үнэхээр гэртээ ногоо тарья гэсэн хүмүүс биднээс ирээд зөвлөгөө авч болно. Мэдээж таримал ногооныхоо ус чийгийн асуудлыг сайтар шийдэх хэрэгтэй. Гэртээ тарьсан ногоог услахдаа савнаасаа ус шүүртэл услахгүй байх ёстой. Хэрэв тэгсэн тохиолдолд шим тэжээлийг нь угааж доош нь гаргаад хөрс угаагдаж ядуурах магадлалтай. Тиймээс ойр ойрхон бага багаар 200-300 грамм усаар услах ёстой. Ер нь хөрс чийглэг, доошоо илүүдэл ус гарахгүй байхад л болж байна гэсэн үг. Мөн хөрсийг нь чулуугаар хучиж болдог. Энэ нь дулаан байлгахаас гадна гоёмсог харагдуулдаг. Үүний дараа ногоог шим тэжээлийн бодисоор хангаж өгөх ёстой. Азот, фосфор, калийн бордоогоор хангана. Ингээд ургамлыг дулаан байлгах нөхцөлийг хангана. Ихэнх таримлууд өдрийн цагт 21-22 градусын дулаанд байх чадвартай. Шөнийн цагт дулааныг 15 хэмээс буулгахгүй байх нь чухал байдаг. Тухайлбал, өргөст хэмх орчны дулаан 15 хэм хүрэхгүй байвал ургац муу өгдөг. Нимбэг мэтийн жимсний ургамлууд нэлээд дулаан нөхцөл шаарддаг л даа. Ер нь байгалийн хатуу ширүүн нөхцөлд ургаад байгаа ургамал, ногоог хүн арчлахад ургахгүй байна гэж үгүй. Ямар орчин, нөхцөлд ургаж болдгийг л иргэд сайн ойлгох хэрэгтэй. Одоо хот суурин газрын айлууд цонх, тагтан дээрээ жимс, ногоо ургуулж “Атрын аян”-д оролцох боломжтой гэж боддог.
– Та гэрт тарьдаг жимс, ногооныхоо үрсэлгээг хэдэн төгрөгөөр худалддаг вэ?

– Хэд хоногийн настай сорт гэдгээсээ шалтгаалаад бүгдээрээ 2-3 мянган төгрөгийн үнэтэй. Улаан лоолийг жимс өгөхөөс нь өмнө 75 хоног ургуулна. Үүний дараа саванд хийж 30-40 хоносны дараа жимс хураана. Жимс өгөөд эхэлсний дараа долоо хоногт 2-3 удаа хурааж болно. Өргөст хэмх ч адил. Чинжүүг ч гэсэн нэлээд томроод улайхаас нь өмнө хурааж авах хэрэгтэй. Харин түүнийг ургамал дээр нь улайхыг хүлээвэл удна л даа. Чинжүүний нэг онцлог нь үрийг буцаагаад тариад байж болдог. Одоохондоо манайд ирж байгаа сортууд үр байдаггүй. Учир нь гадаадынхан патент алдахгүйн тулд эрлийзжүүлээд үр гардаггүй болгочихоод нааш нь өгөөд байгаа юм. Манайх энэ ногооныхоо үрсэлгээг шууд газраас нь ухаж аваад хүмүүст өгдөг. Үрсэлгээг олон хоногийн өмнө ухаж авчихвал үзүүр нь хатчихдаг. Ийм үрсэлгээ ургахгүй шүү дээ.
– Жимс, ногооны таримал хэдэн жил үр ашгаа өгөх вэ. Үргүй юм бол хүмүүс жил болгон шинэ суулгац авна гэсэн үг үү?

– Нэг таримал жилийн хугацаанд үр ашгаа өгнө. Харин сонгинолог, жимсний ургамлууд олон жил ургац өгөх боломжтой. Нимбэг 30-40 жил байх жишээтэй. Гүзээлзгэнэ хэдэн жил ч байж болдог. Жил болгон шинэ үрсэлгээ худалдан авна гэдэг харамсалтай л даа. Тиймээс нэгэнт аваад тарьж байгаа бол түүнийхээ үрийг олж тарих нь чухал юм. Алимны мод 80 гаруй жил үр жимсээ өгөх жишээтэй. Энэ мэт боломжийг манайхан ашиглаж хашаандаа модтой, гэртээ жимсээ хэрэглээд амьдрах боломж байна.
– Та гэртээ ямар жимс, ногоо тарьж байна?

– Манайх хуучнаар Сүхбаатар дүүргийн агропарк гэж байсан даа. Одоогоор тэр зургаан буудалд нэг хашаатай. Тэнд хүлэмжинд өргөст хэмх, улаан лооль, гүзээлзгэний сортуудыг үрслүүлж байна. Яваандаа тавдугаар дунд сургуулийн урд Ногоон хувьсгал гэж дэлгүүрт үрсэлгээнүүдээ худалдана. Манайх хашаандаа алим, тошлой, үхрийн нүд, бөөрөлзгөнө, чацаргана, нохойн хошуу, мойл, долоогоно, тэхийн шээгийн суулгац тарьсан.
– Ургац арвин биз…
– Бид өөрсдийнхөө идэх хэрэгцээний л жимсийг хураадаг. Борлуулдаггүй. Харин жимс, модны суулгацыг худалддаг юм. Тухайлбал, чацарганаасаа ахиу жимс авах зориулалтаар биш мөчрөөр нь суулгац бэлтгэх зориулалтаар тарьдаг. Харин Цэдэнбалжир багш давжаа алимны нэг модноос 100 гаруй кг, үрэл 40, алим 100, үхрийн нүд, тошлойн нэг бутнаас 5-6 кг, чавга 60-70 кг, интоор 15-20 кг-ыг хурааж авдаг юм байна лээ.
– Танайх ямар ямар мод тарьдаг вэ?
– Хайлаас, улиасыг хэдэн мянгаар нь тарьж байна. Японы сакура, голт бор, шинэс гээд олон мод их хэмжээгээр ургуулж байгаа. Хотын цэцэрлэгжилтэд ч өгдөг.
– Мод тарихад хэдхэн чухал зүйлийг анхаарах хэрэгтэй. Үүнийг анхааралгүйгээр модыг тарих гээд борцлоод үхүүлээд байна. Сүүлийн үед суулгац тариад нэмэргүй болохоор нь уулныхаа модыг сугалж авчирдаг болж. Ер нь модыг услахгүй л үхүүлээд байна. Нэг модыг тарьсан даруйдаа 100 литр ус заавал хийх ёстой. Мод тарьсан эхний сард түүнийг долоо хоногт 80-100 литр усаар усална. Хоёр дахь сард нь хоёр долоо хоногт 70-100 литр ус хийх ёстой. Гэтэл манайхан нэг мод газар суулгачихаад ухсан тогоогоо л усаар дүүргэчихээд орхичихдог. Түүнийгээ усалсан гээд байдаг. Гэтэл уг тогоонд нь 20-30-хан литр ус орж байгаа. Тэр нь таван хуруунаас доош хөрсийг чийглэхгүй. Зөвхөн булсан үндсээ норгох биш 60-100 см хүртэл чиийглэсний дараа нялх үндэс нь чийг авна. Мөн сүүлийн үед машинаар шүршдэг болж. Энэ нь ямар ч нэмэргүй хөрөнгө зарлагадсан ажил. Уг нь улсаас байгууллага бүрийн харалдаа мод тариад өгчих хэрэгтэй. Түүнийг нь тухайн байгууллага байнга усалж байвал зүгээр байгаа юм. Нөгөө талаар, жижиг ч бай том ч байсан модыг газар суулгасны дараа гадаслаж уяж бэхжүүлэх ёстой. Учир нь модны нялх үндэс салхинд жаахан хөдлөхөд л ургалт нь зогсчихдог юм. Түүнчлэн модны суулгацаа холоос зөөж байгаагаас болж үндэс нь хатчихдаг. Нэгэнт үндэс нь хатчихсан суулгац ургахгүй шүү дээ. Энэ технологиудыг мод тарихад анхаарахад л ургана.

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …