Х.Дармен: Их Алтайг тойрсон аялал жуулчлалыг хөгжүүлж чадвал манай аймаг хөгжлийн гарцаа олно

13014916_856185734491872_53876305_n

Баян-Өлгий аймгийн Засаг дарга Х.Дарментай ярилцлаа.

-Сайн байна уу та. Баян-Өлгий аймагт  хаваржилт ямар байна вэ?

-Баян-Өлгий аймагт сайхан хавар болж байна. Хатуухан өвөл болж зарим сумдын малчидад хүндрэл учирч мал хорогдсон хэдий ч сар шинээс хойш хаврын урь орж бороо, цастай газар эхэд чийг өгсөн сайхан хавартай золгож байна. Мал ид төллөж байна. Баян-Өлгий аймгийн хэмжээнд мал төллөлт 59,9 хувьтай явж байна. Мал  төллөхтэй зэрэгцээд газар тариалалтын ажил эхлэх гээд тариаланчид маань бэлтгэл ажлаа хийж байна. Өөрөөр хэлбэл тариаланчид тариалах ногооныхоо үр, газрын хөрсөө бэлтгэх ажилд орж эхлээд байна. Урин дулаан болж бүтээн байгуулалтын ажил ч тодорхой хэмжээгээр эхлэж байна. Аймгуудыг нийслэл улаанбаатар хоттой хар замаар холбох ажлын баруун бүсийн хүрээнд босоо тэнхлэгийн 187,9 километр хар зам тавих ажил Ховд аймагт өнөөдөр нээлтээ хийж байна. Замын бүтээн байгууллат хийхээр шалгарсан компаниуд газар шорооныхоо бэлтгэл ажилд орж бэлтгэл ажлаа бүрэн хангаад байна.

-Босоо тэнхлэгийн замын бүтээн байгуулалт өнгөрсөн жил хийгдэхээр ярьж байсан даа?

– Тиймээ. Шинэчилсэн Засгийн газрын бодлогын хүрээнд 2013 оноос 2016 он хүртэл баруун аймгуудыг Улаанбаатар хоттой холбох хатуу хучилттай замын ажил хийгдэх байсан ч улс төрийн тогтворгүй байдал, эдийн засгийн хүндрэл зэргээс шалтгаалан хугацаа алдсан юм бий.

-Өнгөрсөн хугацаанд танай аймагт ямар ямар бүтээн байгуулалт хийгдэв?

– Улсын төсвийн хөрөнгө оруулалт, орон нутаг хөгжүүлэх сан, гадаадын хүмүүнлэгийн байгууллагууд дэлхийн зөн олон улсын байгууллагаас өнгөрсөн гурван жилд нийт 140 тэр бум төгрөгийн  бүтээн байгуулалт хийгдсэн байна. Ийм хэмжээний санхүүжилтээр мэдээж олон арван бүтээн байгуулалт хийсэн байгааг манай иргэд мэдэж байгаа. Тухайлбал аймгийн төвийнхөө төв талбайг орчин үеийн шийдэлтэй болгож  шинэчиллээ. Мөн гэрэлтүүлэг, камержуулалтын ажлыг хийснээр гэмт хэргийн тоо 2012 онтой харьцуулахад 2,3 дахин буурлаа. Мөн сүүлийн 3 жилд манай аймгийн ДНБ 3 дахин өсөөн сайн мэдээ байна. Түүнчлэн  орон нутаг   хөгжүүлэх сан, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар  хийгдэх Сагсай сумын 100 хүүхдийн дотуур байр, Алтай сумын 100 хүүхдийн дотуур байрны барих бүтээн байгуулалтын ажил  хийгдэхээр газар шорооныхоо ажилд орчихоод байна. Энэ жилдээ багтаан барихаар төлөвлөсөн байгаа. Мөн Ногоон-Нуур сум, Дэлүүн суманд баригдах 150 хүүхдийн дотуур байрууд баригдах ажил тендер шалгаруулах шатандаа явж байна. Ер нь манай орон нутгийн сангаас хийгдэх ажлуудын төлөвлөгөө гарч тендр нь зарлах шатандаа явж байна.

-Байгаль орчны салбарт хийгдсэн ажил бий юу?

-Аймгийн төвийн дөрвөн зүгт 60-аад мянган мод тарьж, зүлэгжүүлэж  ногоон байгууламж болгох ажлыг хийсэн. Өөрөөр хэлбэл Өлгий сумын нийт 35 га газар талбайг ногоон байгууламж болгон моджуулсан байгаа. Аймгийн төв өнгө зүс нэмээд явчихсан.

Эрүүл мэндийн яам одоогоор сайдгүй байгаа. Энэ хугацаанд эрүүл мэндийн салбар хэрхэн ажиллаж байна?

 -Баян-Өлгий аймгийн хэмжээнд өрхийн эмнэлгүүдийнхээ ажиллах орчин нөхцлийг сайжруулсан. Өөрөөр хэлбэл сүүлийн үеийн стандартад нийцүүлэн шаардлага хангахуйц тоног төхөөрөмжөөр хангаж энмнэлгийн орчин нөхцлийг нь сайжруулсан. Ингэснээр ажиллах хүчний ая тухтай, аюулгүй байдлыг хангаж өгөхийн зэрэгцээ эмнэлэгт хандсан иргэдэд хурдан шуурхай чанартай үйлчлэх боломж бүрдсэн гэж хэлж болно. Тухайлбал УИХ-ын гишүүн А.Бакейн дэмжлэгээр бөөрний гемодиалезийн  аппраттай болгож, одоо Гемодиалезийн тасаг нэн бөөрий дутагдалтай 12 хүнийг орон нутагтаа эмчилж байна. Урьд нь Баян-Өлгийгөөс Ховдын төв рүү эсвэл Улаанбаатар хот руу эмчилгээ, оношилгоо хийлгэхээр зорьдог байсан бол одоо аймгийнхаа төвийн эмнэлгээр үйлчлүүлэх бүрэн боломж бүрдсэнд манай ард иргэдэд баяртай байна.

Хот хөдөөгүй орон сууцанд амьдрах иргэдийн сонирхол нэмэгдэж байна. Танай аймгийн хэмжээнд төрийн орон сууц хөтөлбөрийн хэрэгжилт ямар байна вэ?

-Засгийн газраас санаачилан гаргасан энэхүү хөтөлбөрийн хүрээнд манай аймаг хувийн хэвшлийнхэнтэй хамтраад 450 айлын орон сууцыг ашиглалтанд оруулсан байна.  Ерөнхий төлөвлөгөөгөө шинэчилээд түүнийхээ хүрээнд 940 айлын орон сууцны газар талбайг бэлдээд инженерийн шугам сүлжээг татах гээд бүх зураг төслийг хийлгээд бэлэн богосон. Төлөвлөгөө ёсоор 2015 онд хийгдэх байсан ч мөн эдийн засгийн хүндрэл бидний энэхүү  бүтээн байгуулалтын ажилд багагүй саад учруулж хугацааны хувьд хойш татагдсан байгаа. Хэдий ТОСК-оос хамаарсан байрны асуудал ийнхүү хойш татагдсан хэдий ч хувийн хэвшлийнхэнд бид  газар олголтыг нь шийдвэрлэн өгч хариуд нь ипотекийн зээлд нийт 308 айлыг 8 хувийн зээлд хамруулсан. Эдгээр айлууд 5 хувьд шилжүүлэхээр бол автоматаар шилжих бүрэн боломжтой юм.

-Ард түмний амьдралын түвшин ямар байна вэ. Эдийн засгийн хямрал танай аймагт хэр  нөлөөлж байна?

-Эдийн засгийн хямрал хаа сайгүй л тодорхой хэмжээнд нөлөөлж байна. Ялангуяа хөдөөний малчидын хувьд түүхий эдийн үнэ буурсан нь хямралд оруулсан гэж хэлж болно. Гэхдээ эдийн засгийн хямралтай зэрэгцээд Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэрэгсэл ч бас бийг бид хэлэх хэрэгтэй. Жишээ нь манайхан ОХУ-руу визгүй гардаг болсон. Өөрөөр хэлбэл худалдаачин наймаачид чөлөөтэй зорчидог болсон. Энэ нь хил залгаа манай аймгийн ард иргэдийн хувьд том боломж юм. Визгүй болчихсон чинь хил гарч наймаа хийх хүн олширсон. Бараа таваарын нийлүүлэлт ихсэхийн хирээр үнэ буурч ард түмэнд эдийн засгийн хувьд хэмнэлт бий болж байна.

Мөн  Улсын хэмжээнд шатахууны үнэ бууруулж тэгштгэсэн явдал баруун бүс хязгаар нутгийн бидэнд маш их хувь нэмэр болж байна. Манай аймагт 200-400 төгрөгөөр шатахууны үнэ буурсан шүү дээ. Энэ нь эргээд ард иргэдийн амьдралд багагүй хувь нэмэр оруулж байгаа юм. Мөн малчдын зээлийн хүүг бууруулж 10 хувь болгосон явдалд.  Засгийн газраас гаргаж буй эдгээр тогтоолууд ард иргэдийн амьдралд маш үр өгөөжөө өгч байгааг малчдынхаа өмнөөс хэлэхэд таатай байна. Энэ мэт үр өгөөжтэй цаг үеэ олсон шийдвэрүүд гаргаж буйд манай аймгийн ард иргэд талархаж байна.

-Улсын хэмжээнд танай аймаг хүн амын тоогоор дээгүүрт ордог. Иргэдийн амьжиргааны эх үүсвэр нь юу байна вэ. Аймгийн хэмжээнд тулгамдаж байгаа асуудал юу байна?

-Манай аймгийн хэмжээнд хамгийн түрүүнд тулгамдаж байгаа асуудал бол ажилгүйдэл.  Тус аймаг нь 95 мянган  хүн амтай. Сүүлийн жилүүдэд хүн амын өсөлт улам нэмэгдэх болсон. Шилжилт хөдөлгөөн ч багассан. Улсын дунджаас хүн амын өсөлтөөрөө дээгүүр тооцогдож байна. Мөн малын өсөлт ч жил ирэх тусам өсөж байгаа. Аймаг байгуулагдсанаас хойш 75 жилийн хугацаанд анх удаа 2 сая 21 мянган мал тоолуулсан байдаг. Энэ бол малчин ардын маань хүч нөр их хөдөлмөр юм гэж үзэж байна. Бидний зүгээс он дараалан ажилгүйдэл гэх энэхүү тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр хэд хэдэн ажил зохион байгуулж ирсэн. Тэглээ гээд сансан хэмжээндээ хүрч ажиллаж чадахгүй байна. Тиймээс цаашид ажлын байр бий болгох ажилгүйдлийг бууруулах тал дээр арга хэмжээ авч ажиллах хэрэгтэй байна. Тухайлбал уул уурхайн салбарыг хөгжүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжиж цаашид үр өгөөжтэй байлгах зэрэгт анхаарч ажиллах нь болж байна.

-Танай аймгийн цаашид хөгжих гарц боломж юу байна вэ?

 -Бид аймгийнхаа газар нутгийн байршлыг ашиглан хөгжүүлэх боломж бидэнд байна. Аялал жуулчлалыг хөгжүүлж болно мөн ОХУ-тай хамтын ажиллагаагаа өрөгжүүлэн тэлэх боломж бидэнд байна. ОХУ-ын дэд бүтцийг хөгжүүлэх ажил сая ярьсан босоо, хэвтээ тэнхлэгийн зам тавих ажил байна. Оросын талын Ташаантын боомтыг хөгжүүлэн хоёр урсгалтай болгох ажил хийгдэх хэрэгтэй байна. Визгүй болсоноор манайхаас худалдаа наймаа хийх хоёр орны хооронд зорчих зорчигчид улам өсөж байна. Түүнээс илүү зорчигч зорчиулах тал дээр бид байгаа нөхцөл боломжоо ашиглан ажиллах хэрэгтэй байна.  Цагааннуурын чөлөөт бүсийг хөгжүүлэх хэрэгтэй байна. Баян-Өлгий аймгийнхаа Улаан уулын боомт зуны дөрвөн сар ажиллаж байгаа. Тйимээс энэ боомтыг дөрвөн сар биш олон улсын статустай болгон өргөжүүлэх зам мөрийг  бид тавьж чадвал их Алтайг тойрсон  аялал жуулчлалын мөр дагасан олон зорчигч зорчих боломжтой гэж харж байна. Энэ бүгдийг ашиглаж чадвал манай аймаг хөгжих гарцаа олсон гэсэн үг. Иргэдийн амьжиргааны түвшинг мал аж ахуй голлож байна. Мөн худалдаа наймаа эрхлэх хүмүүс олширч байна. Ажилгүйдлийг бууруулахын тулд бид  цаашид үйлдвэржилтийг хөгжүүлэх тал дээр анхаарч ажиллах юм бол иргэдээ ажлын байраар хангах нөхцөл бүрдүүлж чадах юм.

-Сонгуулийн хугацаа ойртож байна. Ард иргэд итгэл алдарч байна. Та бүхнийг дахин сонгох гэдэгт итгэлтэй байна уу?

-Тэр бол ард иргэдийн хийх цэвэр сонголт. Хэлэх үгтэй, хийсэн ажилтай хүмүүсээ сонгох байх гэж бодож байна.

Ярилцсанд баярлалаа.

Санал болгох мэдээ

Т.Наранбат: Сонгогчид нэрийн жагсаалтад өөрийгөө байгаа эсэхийг нягтлахаас гадна тойрог, хэсэг, санал өгөх байраа тодорхой мэдэж авах үүрэгтэй

Улсын бүртгэлийн ерөнхий газар энэ сарын 1-ны өдрөөс эхэлж, сонгууль дуустал сонгогчдын нэрийн жагсаалтыг цахим …