“Эксперт ярьж байна” ярилцлагын булангийн энэ удаагийн зочноор Зам тээвэр барилга, хот байгуулалтын төрийн нарийн бичиг асан, Булган аймгийн МАН-ын дарга Ж.Бат-Эрдэнийг урьж ярилцлаа.
-Юуны өмнө бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Таныг “зам тээвэр”-ийн Ж.Бат-Эрдэнэ гэдгээр ихэнх хүн мэддэг. Тэгэхээр яриагаа, таны эзэмшсэн мэргэжил, төгссөн сургууль, боловсролоос эхлэх саналтай байна?
-Ах нь 1983 онд Нийслэлийн 10 жилийн 75 дугаар сургуулийг төгссөн. Үүнийхээ дараа нэг жил Хөнгөн үйлдвэрлэлийн техник мэргэжлийн сургуульд суралцаад 1984 оны намар ОХУ-ын Эрхүү хотын Политехникийн дээд сургуульд явсан. Тэнд дөрвөн жил автын инженер мэргэжлээр суралцсан. Хожим буюу 1995-1998 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр, 2001-2003 онд Удирдлагын академийг Удирдахуйн ухааны магистер цолтойгоор дүүргэсэн.
Ажлын тухайд 1992-2000 оны хооронд “Ашид эрдэнэ” ХХК-ийн захирлаар ажиллаж байгаад 2000 оноос Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Авто Тээврийг Газарт даргаар томилогдож ажиллаад саяхныг хүртэл тасралтгүйгээр төрийн албанд зүтгэсэн гэхэд болно.
-Одоо та ямар албанд зүтгэж байна?
-Одоогоор Булган аймгийн МАН-ын даргын албыг хашиж байна.
-Өмнө нь та Зам тээвэр барилга хот байгуулалтын яам гэж байхад төрийн нарийн бичгээр ажиллаж байсан. Энэ тухайгаа ярихгүй юу?
-Миний хувьд 2000 оноос 2004 он хүртэл дөрвөн жил Авто тээврийн газрын даргаар ажилласан. Үүний дараа хоёр жил орчим төрийн ажлаас завсарлаад буцаад яаманд ажиллаж эхэлсэн. Ингэхдээ, 2007оноос Зам тээвэр, аялал жуулчлалын яам, 2009 оноос Зам тээвэр барилга хот байгуулалтын яам гэсэн хоёр яамыг дамжиж төрийн нарийн бичгийн даргаар 2012 он хүртэл ажилласан.
-Зам тээврийн яаманд ажиллаж байсан хүний хувьд энэ салбарын хөгжлийн талаар санаа бодлоо чилээх үе байдаг биз?
-Монгол Улсын авто замын сүлжээг бид хамгийн түрүүнд бүрэн гүйцэд бий болгох ёстой гэж үздэг. Нийт 6000 мянган км зам тавьж бүх аймгуудыг авто замаар Улаанбаатар хоттой холбоно гэсэн тооцоо, судалгаа бий. Одоо ажиллаж байгаа Засгийн газрын тухайд 3000 орчим км зам тавьчихлаа хэмээн ярьж байна. Цаашид ч аймаг хоорондын авто замын сүлжээгээ үргэлжлүүлэн бий болгох ёстой. Ингэж байж иргэдийнхээ төв рүү тэмүүлсэн нүүдлийг зогсоож бүсчилсэн хөгжлийн тухай ярих хэрэгтэй болно. Үүнд авто замын сүлжээний гүйцэтгэх үүрэг асар их. Ухаан нь, аймгууд хоорондоо хатуу хучилттай замаар холбогдсоноор зах хязгаар нутгуудад очих барааны өртөг хямдрах, үйлдвэр үйлчилгээний газрууд тухайн бүс нутагт олноороо бий болж ард иргэдийн амьдралд ахиц дэвшил гарах юм.
-Орос, хятадыг холбосон хэвтээ тэнхлэгийн хурдны зам баригдах асуудал нэг хэсэг эрчимтэй яригдсан. Энэ ер нь хэр боломжтой зүйл вэ?
-Азийн авто замын сүлжээнд манай улс нэгдэн орж өөрийн улсаар дамжин өнгөрч байгаа авто замаа хатуу хучилттай болгох үүргийг олон улсын өмнө хүлээсэн байдаг. Өөрөөр хэлбэл, улс хоорондын холбоог сайжруулах буюу монголоор дайран өнгөрч байгаа замуудыг хатуу хучилттай болгож тээвэрлэлтийг саадгүй явуулна гэсэн үүрэг хүлээдэг. Энэ утгаараа хамгийн гол цэг болох Алтанбулгаас Замын-Үүд хүртэлх замыг хурдны зам болгоно гэсэн төлөвлөгөө байдаг. Бидний ажиллаж байх үеэс дээрх асуудал яригдаж төлөвлөгдөж байсан. Яг үнэндээ дотор нь орж ажиллаагүй болохоор энэ ажил өдгөө яг ямар шатандаа явж байгаа талаар сайн мэдээлэлгүй байна.
-Налайх-Улаанбаатарыг холбосон зургаан эгнээтэй хурдын зам барих тухай яригдаж байна?
-Энэ зам бол сая ярьсан замын нэг хэсэг нь байх ёстой л доо. Зургаан эгнээтэй болсоноор тээврийн хэрэгслийн урсгал чөлөөтэй болно. Улаанбаатар хотыг тэлж, Налайхыг дагуул хот болгон хөгжүүлэх бодлогын хүрээнд энэ замыг зайлшгүй засаж сайжруулах хэрэгтэй. Бидний үед АНУ-ын мянганы сорилтын сангийн санхүүжилтээр Баянзүрхийн гүүр болоод Налайх хүртэлх 17 байдаг шиг санагдах юм км замыг хийхээр гэрээ зурагдаад санхүүжилт хүрэхгүй цуцлагдаж байсан юм. Зайлшгүй хийх ёстой ажил. Хийгдэх гэж байгаа бол маш сайн байна.
-Нийслэлийн хэмжээнд авто замын түгжрэл гэдэг зүйл тулгамдсан асуудал болоод нилээдгүй хугацааг элээж байна. Үүнийг яаж шийдвэл зүгээр юм бол?
-Хэрвээ би андуураагүй бол Улаанбаатар хотын авто замыг 2050 он хүртэл хөгжүүлэх Япон улсын Жайка төслийн хүрээнд хийгдсэн судалгаа бий. Энэ судалгаанд Улаанбаатар хотын хэд хэдэн уулзваруудын нэвтрэх чадварыг сайжруулах, гол замуудын уулзварыг хоёр түвшинд болговол үндсэндээ түгжрэлгүй байх бололцоотой гэж үзсэн байдаг. Баруун, зүүн дөрвөн зам, Саппорогийн уулзвар гээд хэд хэдэн уулзварыг хоёр түвшинд зөрдөг болгох хэрэгтэй.