Байр суурь: Төрийн нууцад халдаж буй хуулийн төслийн эргэн тойронд

14621734915726ff3329eedЧоно борооноор гэдэгчлэн одоогийн эрх баригчид амралт, баяр наадам, эсвэл улс оронд өрнөж байгаа томоохон үйл явдлыг далимдуулан хамгийн чухал хууль тогтоомжуудыг өөрсдөдөө ашигтайгаар шийвэрлүүлдэг явдал дахин давтагдаж байна. 2016 оны 4 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд УИХ-ын чуулганаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай болон Хууль сахиулах ажиллагааны тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдалтай холбоотой чухал хуулийн төслүүдийг өөрсдийн эрх ашиг, хүсэл сонирхолд нийцүүлэн 10-аад гишүүн баталж байх юм. Гэтэл санал хураалтад 40 хүн оролцсон мэт мэдээ бичлэгийг эфирт цацаж иргэдийг мэхэлж байна.

14621734345726fefa49d23

УИХ-ын гишүүн Х.Тлейхан: -Бид хууль баталж байж яагаад хуулиа мөрдөхгүй байна вэ? Энэ зааланд 15 хүн байна. 15 хүн хууль баталж болдог хуультай юм уу? Хурал даргалагч аа, та өөрөө хууль сахиулаач. Гишүүдээ цуглуулаач. Хуулиа биелүүлээч. Ингэж хэлбэрдэхээ болих хэрэгтэй.

Зарим гишүүд ирц бүрдээгүйг хурал даргалагчид сануулж хэлсэн ч үл тоомсорлон зохион байгуулалттайгаар баталсан. Уг хуулийг судалж үзэхэд төрийн тусгай албадын хэрэгжүүлдэг маш нууц үйл ажиллагаанд Хууль зүйн хяналтаа тогтоохоор тусгасан байна. Ямар ч улс оронд тусгай албадын үйл ажиллагаа тогтвортой, улс төрийн оролцоо, нөлөөлөлгүй, хараат бус байдлаар явагддаг. Харин манай улстөрчид нууц ажиллагааг хянах гээд байгаагийн цаад учир нь тэдний ярьдаг иргэдийн эрх, эрх чөлөөнөөс илүүтэйгээр өөрсдийн үйлдсэн албан тушаал, авлигын гэмт хэргийг мөрдөж байгаа эсэхийг хяналтандаа байлгаж, нөлөөлөх зорилготой гэдэг нь тодорхой харагдаж байна.

Тухайлбал, Хууль зүйн сайд шаардлагатай гэж үзвэл өөрийн бүтэц дэх гүйцэтгэх ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавихаар энэ хуулийн төсөлд тусгасан байгаа нь сайд Д.Дорлигжав болон УИХ, Засгийн газрын гишүүдийн авлигын хэргийг хуулийн байгууллага шалгаж байгаатай холбоотой юм. Мөн Үндсэн хууль зөрчсөн ноцтой заалтууд ч оруулсан. Тодруулбал, Үндсэн хуульд зааснаар прокурорын байгууллага нь хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх үйл ажиллагаанд хяналт тавих, шүүхэд төрийг төлөөлөх эрхтэй байтал Үндсэн хуулиас давсан эрх мэдэл олгохоор тусгасан байна. Төрийн тусгай чиг үүрэгтэй байгууллагуудын нууц үйл ажиллагааг ил болгон дархлааг нь сулруулах сонирхол хэнд хэрэгтэй, ашигтай болох нь хамгийн анхаарал татсан асуудал юм. Нөгөө талаар манай хууль тогтоогчдоор дамжин гадны бодлого орж ирж байна уу гэх хардлага ч төрүүлж байна.

14621734325726fef843675

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: -Улс төрөөс л хамааралтай байлгаж болохгүй. Улс төрийн албан тушаалтан гэдэг чинь нүүдлийн шувуу байхгүй юу. Тэгэхээр улс орны амьдралтай холбоотой, ялангуяа гүйцэтгэх ажиллагаатай холбоотой асуудал руу орж болохгүй. Энэ ажил бол төрийн нууц гэдэг асуудлынхаа хүрээнд байж байж явна.

Чуулганы хуралдаан дээр туршлагатай улс төрч, хуульч Д.Лүндээжанцан, улс төрийн албан тушаалтнууд төрийн нууцын үйл ажиллагаатай танилцаж болохгүй, энэ нь хориотой гэснийг сануулсаар байтал ирц бүрдээгүй байхад бусдын өмнөөс товчлуур дарж хуулийг баталлаа.

Эрх баригчдын санаачлан хэлэлцүүлж байгаа ашиг сонирхлын зөрчилтэй эдгээр хуулиуд нь Монгол Улсын гадаад, дотоод аюулгүй байдал, улс үндэстний эрх ашигт сөргөөр нөлөөлж, төрийн нууцлалыг алдагдуулахад хүргэж байна. Хамгийн хачирхалтай нь сөрөг хүчин МАН-ын бүлэг таг чиг. Тэдэнд ирэх сонгууль, түүний үр дүн л чухал байгаа бололтой. Эсвэл бүгд амаа үдүүлэх нэгэн адил зовлон байдаг бололтой.

14621734305726fef64ab5c

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: -Энэ хуулийг бид тойргоо томсгоё, жижиг болгоё, квотыг хасъя, хасахгүй байя гэдэг үед, зарим шөнө нойргүй хонож байгаа ийм үед хэлэлцэх гэж байгаа байхгүй юу. Хэр чанартай хууль гарахыг бүү мэд. Гэхдээ энэ бол хүний эрхийг зөрчих, зөрчихгүй байх, хангах, хамгаалах чиглэлд хамгийн гол хууль. Маш том хууль. 9 сарын 1-нээс хэрэгжүүлнэ гэж байна. Магадгүй, Засгийн газар бүрэлдэж амжих уу үгүй юу ийм нөхцөл байдал үүсэхийг би үгүйсгэхгүй байна. Энэ хууль 9 сарын 1-нээс хэрэгжиж эхлэх нөхцөл байдал байна уу. Харин хуулийн хэрэгжих хугацааг дараа оны 1 сарын 1-нээс болгоод энэ хуулиудаа нухацтай хэлэлцээд явбал яасан юм бэ. Хугацааг нь хойшлуулах асуудлыг тавья гэж бодож байгаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай болон Хууль сахиулах ажиллагааны тухай хуулиуд энэ чигээрээ батлагдсанаар Үндсэн хууль зөрчөөд зогсохгүй төрийн тусгай албадын үйл ажиллагаанд улстөрчид хяналтаа тогтоосноор нууц, далд, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх боломжгүй болж, үндэсний аюулгүй байдалд онц ноцтой байдал үүсч магадгүй тул Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндсэн хуулийн цэц ч анхнаас нь энэ асуудалд анхаарал хандуулах учиртай. Аливаа улсын төрийн дархлаа нь нууц албадын тогтвортой, найдвартай үйл ажиллагаанаас шууд хамааралтай гэдгийг хүн бүр ухамсарлавал зохилтой.

Ч.Ган

эх сурвалж: zaluu.com

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …