Үндэсний их хувьсгалыг мандуулан бадруулахад нийт монголчууд хүчин зүтгэсэн билээ. Ялангуяа өмнөд монгол ахан дүүс маань үнэлж баршгүй их гавъяаг байгуулж, хувьсгалын нэгэн гол хүчин зүйл болж асан. Чөлөөлөх цэрэг жанждын маань олонх нь, Богд хаанаас баатар цол хүртэгсдийн ч олонх нь, хувьсгалын гол зүтгэлтнүүдийн ч олонх нь өмнөд монголчууд байсан. Яагаад гэвэл, угаасаа монголчуудын олонх нь тэд, Бүх Монголын гол хэсэг нь тэд байсан юм. Нэгдсэн Монгол төвхнөхөд бүх юманд тэд олонх болж байсан юм.
Өчүүхэн энэ нийтлэлдээ 1911-1915 оны Нэгдсэн Монголын их хувьсгалд оролцсон өвөрлөгч баатруудыг дурдан дурссу.
Хайсан гүн их хувьсгалын гол зүтгэлтнүүдийн нэг билээ. Монгол улс тусгаар тогтносны дараа Ханддорж ван, Чимэдцэрэн да ламтай хамт онцлогдон хөхиүлэгдэж байсан, тулгын гурван чулууны нэг ээ.
Зост чуулганы Харчин хошуунд 1857 онд төрсөн. Хятад колонистуудын эсрэг зэвсэгт тэмцэлд идэвхтэй оролцож байгаад, Оросын нөлөөн дорхи Харбин хотод дүрвэн, монгол үндэстэнд тустай ажил үйлсэд хувь нэмрээ оруулж, “Монголын сонин бичиг” сониныг гаргалцаж байв. 1907 онд Ар Монголын эх орончидтой танилцан бүлхэмдэх гэж Хүрээнд ирж, Ханд ван, Цэрэнчимэд лам нартай анд бололцож, тусгаар тогтнолын төлөө хамтран тэмцэгчид болов. Монгол туургатан эх орончид энэ санаагаа 1911 оны хавар Богд хаанаар дэмжүүлэх явдалд хүчин зүтгэж ирэв.
Хувьсгалын дараа Монголын төрөөс түүнд нутаг, албатууд хуваарилж, гэр бүл, төрөл төрөгсдийг нь ирүүлэн төвхнүүлж байв. Баруун хязгаарыг чөлөөлөх үйлсийг удирдалцав. Зүүн хязгаар буюу Өвөр Монголыг чөлөөлөх таван замын цэргийг захиралцан одов. Дотоод яамны өндөр албан тушаал хашиж, гурван улсын хэлэлцээрт зарчимчаар оролцов. Уг хэлэлцээрийн дараа, Хятадтай тохиролцсоны дагуу өвөр монголчуудыг шахан буцаах болсон бөгөөд, Хайсан гүн буцсаны дараа удалгүй нас баржээ (1917).
Манлай баатар Дамдинсүрэн. XVII зуунд Хөлөнбуйрт Сэцэн хан аймгаас нүүж очигсод бол баргууд юм. Барга, Цахар, Түмэд (Хөх хот), Ховд, Тагна Урианхай, Дариганга бол Манжийн захиргаанд шууд харъяалагддаг нутгууд байлаа.
1908 онд Ханддоржтой танилцан, хамтран ажиллах болсон Дамдинсүрэн, Хүрээнд тусгаар тогтнол зарлагдангуут шууд 1912 оны эхээр бослого гарган, Баргыг Нэгдсэн Монголын өнөр бүлд багтаан оруулж байсаан. Гадаад яамны дэд сайд байж, идэвхи санаачилгатай ажиллаж байв. Ер нь бараг бүх яамны дэд сайдууд өмнөд монголчууд байсан юм.
1912 онд Баруун хязгаарыг тохинуулах сайд болж, Ховдыг чөлөөлөх үйлсийг удирдав. 1913 онд таван замын цэргийн ерөнхий командлагч боллоо. 1915 оны хэлэлцээрийн дараа таван замын цэргийг буцаах, тараах, хүсэмгүй бөгөөд хүнд үүргийг ч түүнд оноожээ.
Хиагтын гэрээг түр зуурын л явдал хэмээн үзэж, монгол туургач бодол, төлөвлөгөөгөө хэзээ ч орхиогүй тэр, 1919 онд автономийг (үнэн хэрэгтээ Оросын ивгээл дорхи тусгаар тогтнол) устгасны дараа зэвсэгт бослого зохион байгуулах гэж яваад, урвагчдаас болж илчлэгдэн, эмгэнэлтэйгээр эрсэдсэн.
Бодлогот баатар Цэнд гүн. Манлай баатар Дамдинсүрэнгийн хамт Монголын төрд дагаар орон зүтгэхээр ирэгсдийн нэг, 1875 онд төрсөн дагуур хүн. Ховдын тулалдаан, таван замын тулалдаанд эрэлхгээр оролцож, Бодлогот баатар цолоор шагнуулжээ. Гадаад яамны дэд сайдаар ажиллаж байв. Мөн “Монголын нууц товчоо”-г хятад хэлнээс орчуулах зэрэг, эрдэм соёлд тустай үйлийг бүтээж байв.
Удай ван. Жирэм чуулганы дэд дарга, Хорчин өмнөд хошууны засаг ноён Удай, Хорчин хойд хошууны засаг ноён Раашминжүүр, дүү Бөхбаяны хамт Нэгдсэн Монголын үйл хэрэгт нэгэн сэтгэлээр зүтгэсэн билээ. Хүрээний цэрэг ирэхийг хүлээлгүй, хятадын харгисуудын эсрэг том бослогыг дэгдээж байв. Кайлугийн тулалдаанд 5000 цэрэгтэйгээр Хятадын 15 мянган цэргийн эсрэг 20 хоног үзэлцэж байлаа. Аргагүй давуу хүчинд дийлдэж, Ар Монголд иржээ.
Ингээд олноо өргөгдсөн Монголын төрд зүтгэж, Цэргийн яамны дэд сайд болж, таван замын цэргийг удирдалцаж, гурван улсын гэрээнд оролцжээ. Ташрамд энэ үгүүлэлд дурдагдсан хүмүүс зүтгэлтнүүд Хиагтын гэрээнд оролцохдоо, Орос, Хятадын саналыг огтхон ч хүлээн зөвшөөрөлгүй, гагцхүү Их Монголын бүрэн тусгаар тогтнолын төлөө тууштай зогсч байсан билээ. Уг гэрээг аль аль тал нь өөрийнхөөр ойлгон, монголчууд Ар Монголын хүрээний тусгаар тогтнол, оросууд Оросын ивгээл дорхи өргөн автономи, хагас протэкторат, хятадууд бараг бүх Монголыг дотоод муж болгов гэж төсөөлж байв. Гэрээний дараа Удай ванг нутаг буцааснаас хойш сураг алдарчээ.
Сахалт лам Бөхбаян. Удай вангийн дүү, олноо сахалт лам хэмээн алдаршсан энэ хүн өдгөө бараг бүрэн мартагджээ. 1916 оны Цагаан сараар Монголын их урвагч, Хятадын их эх оронч Ши Янь Шань Б.Цэрэндорж хятад төлөөлөгч Чен Лу-тай наргиж суухдаа, Бөхбаяныг Гадаад Монголын тусгаар тогтнолын үйл явдлыг анх өдөөн эхлүүлэгч хэмээн тодорхойлж, хэрэв Хайсан, Удай, Бөхбаян нар ирээгүй бол яавч тусгаар тогтнолын хэрэг өрнөхгүй байсан юм гэж харуусан үглэж байжээ. Яг тэр үед нь Ханддорж хорлогдож, Хайсан, Удай буцаагдаж байсан билээ. Сахалт лам Бөхбаян мөн урвагч дайснуудад хорлогдон, амь насаа харамсалтайгаар алджээ.
Зоригт баатар Тогтох. Жирэм чуулганы Горлос хошуунд 1863 онд төржээ. 1894 онд хятад түрэмгийчүүдийн эсрэг зэвсэгт тэмцэл үүсгэж, ялангуяа 1906-1910 онд идэвхжиж, 23 (100 ч гэдэг) удаа байлджээ. 1907 онд баригдсан ч, оргон мултарч чаджээ. Манжийн үед Ар Монголд ирэх гээд чадаагүй тул Орост улс төрийн орогнолоор суужээ. Олноо өргөгдсөний дараа Хүрээнд ирэхэд нь, түүнийг монгол үндэстнийхээ төлөө тэмцсэн баатар хэмээн угтаж, Зоригт баатар цол, Цэргийн яамны албан тушаал, хашаа байшин олгож, ар гэрийнхнийг нь авчруулж хүндэтгэж байжээ. Ховдыг эзлэх тулалдаанд гавъяа байгуулж, түшээ гүн болжээ. Баатар Тогтохын үзлээр хүмүүжсэн, өргөмөл хүү нь болох нэрт зохиолч, төр нийгмийн зүтгэлтэн С.Буяннэмэх монгол туургатныг нэгтгэх үйлсэд идэвхийлэн зүтгэж явсан гавъяатан билээ.
Баяр гүн. Тогтох баатрын баруун гар болж явсан эрэлхэг дайчин. Ямар ч аюулаас үл айж эмээх тул, Богд хаанаас Түрэмгий баатар цол хүртсэн. Монгол улсыг бадраах үйл хэрэгт их гавъяа байгуулсан тэрбээр Хиагтын гэрээг хүлээн зөвшөөрөөгүй. Өмнөд Монголын зарим эх оронч Монгол төрийн аргагүй шийдвэрийг хүндэтгэн дагасан бол, зарим нь Нэгдсэн Монголын үйлсээс ухарснаас нэр төртэй үхсэн нь дээр хэмээн тэмцэж байсан юм.
Баяр гүн Нармай Монгол улсыг байгуулах хэрэгт оролцож, автономийг устгасан хятадын түрэмгийлэгчдийг даран сөнөөхөд цолгорон баатарлаж явав. Энэ үед Зөвлөлтийн улаантантай холбооцон, дэмжлэг авсан эх орончдын хүч тодрон гарч ирээд байв. Харин Нармай Монголынхон цагаантантай холбооцсон байлаа. Аль аль нь л Монгол улс үндэстнийхээ төлөө гэж чин сэтгэлээр итгэж зүтгэж явсаар, гарцаагүй сөргөлдөн мөргөлдсөн нь эмгэнэлтэй.
Хиагтыг чөлөөлсөн МАН-ынхан руу Унгэрнийхэн довтлоход түрэмгий баатар Баяр аюумшигтай хэмээн алдаршсан цахруудыгаа дагуулан хамгийн түрүүнд давшсан агаад, суманд оногдон, шархаа даалгүй нас баржээ.
Ялгуун баатар Сумъяа. 1874 онд төрсөн, өөлд хүн юм. Ил Тарвагатайд үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийг өрнүүлж, зэвсэгт тэмцэл хийж байсан. Олноо өргөгдсөн Монгол улсад нэгдэн зүтгэхээр, Хаант Оросын нутгаар дамжин, хүнд хэцүү аялал хийж байж, Хүрээнд ирж байсан.
Тэгэхэд Сумъяаг гүн болгож, 10 гаруй хамтран тэмцэгчдэд нь хэргэм шагнажээ. Таван замын цэргийг захиралцан, Чуулалт хаалга хүртэл давшиж явжээ. Ялгуунбаатар цол, үе улиран залгамжлах засаг ноёны хэргэм, хамжлага ардуудаар шагнуулж байв. 1915 онд бэйс болжээ.
Ардын намынхны чөлөөлөх тэмцлийг эхнээс нь дэмжиж, Хиагтын тулалдаанаас хамтын ажиллагаагаа эхлүүлжээ. Цөөнгүй тулалдаанд оролцож ялан, 1922 онд бэйл хэргэмээр шагнуулж байсан билээ.
Бавуужав гүн. 1875 онд Зост чуулганы Түмэд Монголжин хошуунд төржээ. 1891 онд гэрийнхэн нь Улаан малгайтны урвалгаанчид гэх улайрсан хятад алуурчдын хядлагаас (150 мянган монгол хүнийг хүйс тэмтрэн, цогцсыг нь эвдэж мөчлөн овоолсон) дайжин Мүгдэн орчмын Зангуутай сууринд суурьшсан байна.
Орос-Японы дайны үеэр Бавуужав алсдаа үндэсний тэмцэлд япончуудыг түшиглэх нь зүйтэй гэж үзэж, хамтран ажиллаж байжээ. Зэвсэгт тэмцлийг өрнүүлсээр, 1912 оны 9-р сард Ар Монголд зүтгэхээр орж ирэхэд, үндэсний үйл хэргийг нь үнэлж, түшээ гүн цолоор шагнажээ. Ховдыг чөлөөлөх үйлсэд Харчин гүн Бавуужав баатар гавъяа байгуулсан. 1913 оны чөлөөлөх дайнд Даригангын чиглэлээр 2000 цэрэг удирдан явж, мөн баатар гавъяа байгуулав.
Гурван улсын хэлэлцээрийг эс зөвшөөрч, манлай баатар Дамдинсүрэн цэргээ тараах учиртай болсныг хэлэхэд “Өвөр монгол бид чинь үнсэнд хаясан шалз шиг болох нь уу!” гэж бачимдан харуусч байжээ. Тэрбээр Хүрээний тушаалыг эс даган, зэвсэгт тэмцлээ үргэлжлүүлжээ. Япончуудтай холбоо тогтоож, зарим тусламжийг авч байв. 1916 онд тулалдаанд амь үрэгджээ. Цэргийнх нь үлдэгдэл орох байх газаргүй хэрж явсаар, дээрэмчин хулгай нар гэгдэн цаанаасаа ч хятадуудад цохиулж, наанаасаа ч монголчуудад цохиулж, устсан эмгэнэл буй.
Норимпил гүн. Бавуужав баатрын шадар хамтран зүтгэгч энэ хүн Монгол улсыг байгуулахад баатар гавъяа байгуулжээ.
Хиагтын гэрээг үл зөвшөөрөн, тэмцлээ үргэлжлүүлж байсаар, Нармай Монголын хөдөлгөөнд нэгджээ. Ташрамд, ар монголчууд Нармай Монголын хөдөлгөөнийг дэмжээгүй гэх буруу ойлголт байдаг. Хиагтын гэрээг зөрчив гэж Орос буруушааж, Хятад түрэмгийлэх аюул байсан, Нармай Монгол хөдөлгөөнийхөн цөөнгүй ноцтой алдаа гаргаж байсан ч ихээхэн дэмжиж, амь бие хайргүй зүтгэсэн болно…
Нармай Монголын ЗГ-ын тэргүүн Нэйс гэгээн (шарын шашинд 4-рт орох зэрэг дэв) Мэндбаяр, Норимпил гүн нар цэргүүдийн хамт Буриадад нэлээд саатсан юм. Холбоотон нь болох атаман Семёнов тэднийг ямар зорилготой нь мэдэгдэхгүй, янз бүрийн арга саам хийн саатуулаад байв.
Учир иймд казакуудтай эвдрэлцэн байлдаж, атаман Семёновын шадар хүн гэнэрал Левицкий ч энэ тулалдаанд амь үрэгдэж, улмаар Мэндбаяр, Норимпил нар цэрэгтэйгээ Хиагтын зүг хөдөлжээ. Хиагтын хятад цэргийн удирдлага цус урсгалгүй, найрамдлын гэрээ байгуулж, та нарыг хандсан зүг рүү тань саадгүй нэвтрүүлье хэмээхэд тэд Монголын эх оронч хүчнийхэн рүү очиж нэгдэхийг эрхэм болгож зөвшөөрчээ.
Усанд орж байхад нь зэвсгийг нь хулгайлан авч, ичгүүргүй мэхлэгчид болохоо харуулсан хятадууд Мэндбаяр, Норимпил нарыг цаазалсан юм. Тэгэхэд Мэндбаяр гэгээн тайвнаар бясалгаж, Норимпил гүн хэнэг ч үгүй тамхи нэрэн зогсож байжээ.
Гончигсүрэн ван. Хорчин зүүн гарын засаг ноён Гончигсүрэн 1887 онд төржээ. Тэрбээр цэл залуухан насандаа цагаагчин гахай жилийн (1911) хувьсгалыг талархан дэмжих хөдөлгөөнийг Өвөр Монголд зохион байгуулалцаж байжээ. Ерөнхийлөн захирах яамны дэд сайд байлаа. Зөвхөн Оросыг түшиглэх хараат, хязгаарлагдмал байдлаас гарах, Япон болон олон улстай хамтран ажиллахыг эрэлхийлэгсдийн нэг байв. Да лам Цэрэнчимэдийн хамт нууцаар Япон руу явж байсан агаад, урвагчдын мэдээлснээс болж, Харбинд тэднийг оросууд саатуулан буцааж байлаа.
Бинт ван хэмээн алдаршсан Гончигсүрэн нэгэнтээ Цэргийн яамны ажлыг болон сайд Гомбосүрэн вангийн үйл ажиллагааг зургаан зүйлээр хатуу шүүмжилжээ. Гомбосүрэн ван бичгээр хариу өгчээ. Албаны энэ зөрчлийг улс төрийн аллагач гурвал ашиглан Гончигсүрэн ванг хорлон алж, Гомбосүрэн ван үүнд холбоотой гэх цуурхал тараав. Төдөлгүй тэд Гомбосүрэн ванг хөнөөсөн юм.
Саяхан манай нэг лут том дарга эрдэмтэн, монгол ноёд эрх мэдэл, ашиг хонжоо булаалдан алалдсан, Богд гэгээн, Бадамдорж шанзав, Цэрэндорж сайд гурав авран болиулах гээд ер чадаагүй гэжээ. Энэ нь яг эсрэгээрээ бөгөөд, харийг дагагч гурвалд хорлогдон алагдсан 13 нэрт зүтгэлтнийг одоо ч “алсаар” л байна даа.
Найданжав ван. Нэгдсэн Монгол улсыг байгуулах үйл хэрэгт амь хайргүй зүтгэсэн баатар Найданжав Ар Өвөр Монголыг чөлөөлөх дайнд цэрэг захиран явсан жанжин. Мөн гурван улсын гэрээг дагалгүй зэвсэгт тэмцлийг үргэлжлүүлсэн. 1919 оны Нармай Монголын хөдөлгөөнд идэвхтэй оролцож, хятадын булаан эзлэгчдээс Ар Монголыг авран чөлөөлөлцжээ.
Улс үндэстнээ харийн эзэрхийллээс ангижруулахын тулд гадаадын өөр өөр хүчийг бараадсанаас болж, монголчууд хоорондоо цус асгаруулан тулалдаж, Оросын иргэний дайнд татагдан орж байсан нь харамсалтай. Гэхдээ Зөвлөлтийг түшиглэсэн нь ирээдүйтэй гэж үзсэн Нармай Монгол хөдөлгөөнийхөн МАН-ынхны талд олноор орж байсан нь ч буй.
Буруу булхайтай марксист-ленинист онолтонгуудыг дагав хэмээн эвлэршгүй буруушааж, эсэргүүцэн байлдаж, “цагаантан, Японоос тусламж авсан нь өлзийтэй” гэж үзэгсэд ч байлаа. Ингээд Найданжав ван “улаантнуудтай” байлдаж явсаар, хамгийн сүүлд 600 цэрэгтэй байхдаа бут цохиулж, зэвсэгт тэмцэл нь үндсэндээ дууссан байдаг. 60-хан цэрэгтэйгээр тулааны талбараас зайлж гарч чаджээ. Үүний өмнө түүний хамтран зүтгэгч, Нармай Монголын хөдөлгөөний зүтгэлтэн цахарын Зодовжав вангийн 1000 цэрэг мөн хиар цохиулсан ажээ.
Ийнхүү Хамаг Монгол улсаа байгуулах үйлсэд ялгуусан бадрангуйгаар оролцож асан баатар өмнөд монголчууд эсвэл хорлогдон алагдаж, эсвэл хагарал бутралын дүнд элэг нэгтнүүдтэйгээ тулалдан эрсдэж, эс бөгөөс алдар гавъяа нь мартагдаж, буруудаж, хэлмэгдэн төгссөн байдаг нь юутай харуусалтай, юутай эмгэнэлтэй. Өөр олон ийм нэрт зүтгэлтэн байв…
Улс гэрийг маань байгуулалцаж өгсөн өмнөд монгол баатруудаа бид ул болгон дэвсэлж явах уу, зул болгон дээдэлж явах уу?!
Арваад онд Олноо өргөгдсөн Нэгдсэн Монгол улс байгуулахад өмнөд монголчууд их үүрэг гүйцэтгэв. Хориод онд Ардын засагт Ар Монгол улсыг байгуулахад буриад монголчууд их үүрэг гүйцэтгэв.
Ар монголчууд минь нэгийг бодох цаг болмоорсон доо. Хэзээ бид улс гэрээ байгуулах бадраахад гол үүргийг гүйцэтгэдэг болох вэ!
Ч.Мөнхбаяр
ММХ.XII.XXVI
http://moenhbayar.blogspot.com/