Эмэгтэйчүүд “хүйсээ солиулж байж” УИХ-ын гишүүн болох уу

3547

Эмэгтэчүүд “хүйсээ солиулж байж” УИХ-д орж ирэхээс өөрөөр орж ирэхэд хэцүүхэн боллоо. Парламент дахь эрчүүд нь эмэгтэйчүүдийг ад үзэж, 30 хувь байсан квотыг 20 хувь болгон бууруулчихав. Сонгуулийн тухай хуульд оруулсан энэ өөрчлөлт нь парламент дахь эмэгтэйчүүдийг хумиж, эрчүүдийг түлхүү оруулж ирэх бодлоготой гэдэг нь мэдээж. Иймд л эмэгтэйчүүдийг “хүйсээ солиулж” эр болсны дараа л эрх барьж, парламентын гишүүн болох хэмжээнд хүрчихлээ гээд байгаа юм.

УИХ-ын 2012 оны сонгуулийн дараа парламентын түүхэнд байгаагүй олон эмэгтэй гишүүн сонгогдсон. 11 эмэгтэй гишүүн болж, улс орны нийгэм, эрүүл мэнд, эмэгтэйчүүдийн асуудлыг түлхүү ярьж, энэ чиглэлээр ажилласныг өнгөрсөн жилүүд харуулж байгаа болов уу. Эдгээр 11 эмэгтэй гишүүний 40 хувь нь л намын жагсаалтаар орж ирсэн. Өөрөөр хэлбэл, дийлэнх нь тойргоос сонгогдсон гэсэн үг. Тэгэхээр эмэгтэйчүүд намын жагсаалттай байсан учраас л парламентад олуулаа орж ирсэн гэх өрөөсгөл ойлголтыг халах хэрэгтэй болж байна. Харин квотын хувьд УИХ-д хуульчилж оруулж ирэх нь хамгийн чухал юм. Ингэхдээ 30 хувь байсан квотыг 20 болгох нь эмэгтэйчүүдийг алагчилж буйн хэлбэр.

Анх 2005 онд УИХ-аар эмэгтэйчүүдийн 30 хувийн квотыг баталж байсан. Гэвч УИХ-ын эрчүүд 2007 нь энэ квотыг байхгүй болгосон. Харин энэ удаа эрчүүд парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоог багасгалаа. Манай улс 1996-2000, 2000-2004 оны парламентад тус бүр 8 эмэгтэй гишүүнтэй байж. Харин 2004-2008 оны УИХ-д 5 байсан бол 2008-2012 онд 3 эмэгтэй гишүүнтэй байсан. Ингээд бодохоор 11 эмэгтэй гишүүн парламентад суусан нь эмэгтэйчүүдийн оролцоог хангаж чадсан зөв алхам байсан юм. Энэ удаа квотыг нь багасгачихлаа.

Манай улс эмэгтэйчүүдийн квотоо багасгаж байхад Канадын Ерөнхий сайд танхимынхаа талыг нь эмэгтэйчүүдээр бүрдүүлж байх жишээтэй. Үүнийгээ тайлбарлахдаа энэ бол 2015 он хэмээн хариулж байснаас нь харахад эмэгтэйчүүдийн нийгэм дэх оролцоог нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байгааг олж харсан хэрэг. Америкийн Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгээс хийсэн “эмэгтэй, эрэгтэй нэр дэвшигчийн алийг нь илүү дэмжих вэ” гэсэн судалгаагаар 44 хувь нь эмэгтэй, 25 хувь нь эрэгтэй хүнийг дэмжихээ илэрхийлжээ. Мөн Европын орнуудын нийгмийн хамгаалалт сайн, иргэд нь баян чинээлэг байгаа нь парламентад 49 хүртэлх хувь нь эмэгтэйчүүд байгаатай холбон тайлбарладаг. Бусад улс орон эмэгтэйчүүдийг дэмжих бодлого явуулж байхад манай улс 30 хувийн квотыг өөрсдийн эрх ашгийн төлөө 20 хувь болгож, эмэгтэйчүүдэд “хүйсээ солиулах” сонголтыг үлдээх нь юуных вэ.

           Эх сурвалж: Цензургүй.mn

Санал болгох мэдээ

Г.Занданшатар: Мал аж ахуйд тулгамдаж буй асуудлыг хоршиж, нэгдэх арга замаар л шийдвэрлэж чадна

“Шинэ хоршоо” хөдөлгөөн арга хэмжээнд хот, хөдөөгийн 3100 гаруй малчид, хоршоологчид хөдөө аж ахуйн салбарт …