Парад зохион байгуулах үүргийг Москвагийн Цэргийн тойрог, Москвагийн бүсийн хамгаалалтын цэргийн командлагч, дэслэгч генерал П.А.Артемьевт даалгажээ. Энэ үед Москвагийн төлөө хүнд хэцүү тулалдаан болж, дайны зурвас ердөө л 70-100 км зайтай байсан юм. Парадын бэлтгэлийг дээд зэргийн нууц байдалд хийсэн байна.
Гэтэл оркестр байдаггүй гэнэ. Алдарт В.И.Агапкиныг удирдаач болгож, хөгжимчид цуглуулах үүрэг өгчээ. Цуглуулсан хөгжимчдийн тоо цөөн учир Горький хотоос хөгжимчид нэмэн авчирчээ. Чимээ гаргахгүйн тулд хуучны морин тойруулгад хөгжмийн бэлтгэлээ хийж байв.
Метроны “Маяковская” өртөөг маш нууц байдалд бэлтгэв. Газар доорхи хонгилд хүртэл Дотоод яамны автоматчдын тусгай бүлгүүд байрлуулсан гэдэг.
Спасскын цамхгийн хонх найман цагийг цохиж цамхгийн гулдан хаалганаас ЗСБНХУ-ын Батлан Хамгаалах Ардын Комиссарын орлогч, ЗХУ-ын маршал Будённый омголон сайхан морьтой гарч ирэхэд түүнийг угтан парад командлагч дэслэгч генерал Артемьев хатируулан угтжээ.
Түүний рапортыг хүлээн авсан маршал Будённый генералыг дагуулан парадад хайрцаглан жагссан цэргийн эгнээг тойрон явж тэдэнтэй мэндчилэв. Дайчид маршалын мэндчилгээнд дайчин “ура” хашгирч хариулж байв. Маршал цэргүүдтэй мэндчилж дуусаад Мавзолейд дөхөн ирж, мориноосоо хөнгөхөн үсрэн бууж, индэр рүү өгссөн юм.
Танкийн батальонууд парадад Архангельскаас иржээ. Түүнээс гадна Челябинскийн завод шинэ хүнд олон арван танкаа Москва руу явуулсан байв. Нийт 30 мянга орчим цэргийн албан хаагч, ардын журамт цэргийн дайчин парадад оролцсон нь Улаан талбайд болдог парадуудын хувьд оргил тоо юм.
Энэ үед Сталин алдарт үгнүүдээ хэлсэн ба Хаант засгийн үеийг дурсаж цэргүүд, жанжиддаа Кутузов, Невский, Суворов нар шиг эх орноо хамгаалахыг уриалжээ. Парадад оролцсон бүх цэргүүд шууд фронт руу явж байлаа.
«Славян бүсгүйн үдэлт» нэртэй нэрд гарсан маршийг зохисон Василий Агапкин тэр өдөр өөрийн биеэр Улаан талбайд найрал хөгжмийг удирдаж байв. Парад дуусав. Тэрээр явж хөдлөх аргагүй болжээ. Гутал нь тавцанд хөлдөн наалдаж, уруул нь хөлдөж, үг хэлэх аргагүй болсон аж. Хөгжимчид удирдаачийг дамжлан индэр дээрээс буулгаж байв.
Гитлер галзууртлаа уурлав
Гэвч гадаадын цөөнгүй сурвалжлагч Улаан талбайн индэр дээр байсан юм. Иймээс парадын тухай радиогоор дэлхий даяар цацсан байна. Үүнийг Берлинд ч сонсжээ. Энэ мэдээг Гитлерт хэлэх зориг зүрхтэй хүн байгаагүй гэж хожмын дурдатгалуудад өгүүлдэг. Гитлер санаандгүй радиогоо залгаж орхиж. Гэтэл марш явж, цэрэг гутлын алхаа сонсогдох нь тэр. Тэр эхэндээ манай ялалтын хөгжим, алхаа гэж боджээ. Тэгснээ учрыг олмогцоо галзууртлаа уурлаж Дорнод фронтын бүх нисэх хүчинд Москваг бөмбөгдөх тушаал өгчээ. Москвагийн агаарыг оросын онгоцууд нэг ч фашистын онгоцыг нэвтрүүлэлгүй үхэн хатан хамгаалж байлаа. Тиймээс ч парадын үеэр нэг ч бөмбөг Улаан талбайд унагаж чадсангүй гэж Гитлер генералууд руугаа өөрийн биеэр утсаар холбогдож хашгичиж байжээ.
Дараа нь Гитлер сэтгэлээр унаж нэг өдөр, шөнө хэнтэй ч уулзалгүй өрөөндөө бүгсэн байлаа. Москва дарагдаагүй хийгээд арми нь парадаар алхаж байгааг германчууд эхнээсээ мэдэж эхлэв.
Зөвлөлтийн цэрэг жигдрэн жагссан явдал цэргүүдийн сэтгэл санаанд зохисгүй нөлөөлж байгааг генералууд Берлинд мэдээлж байв. Геббельс маш яаралтайгаар германы армид Улаан талбайд дөнгөж саяхан болоод өнгөрсөн парадын тухай мэдээлэл тараахыг хатуу хориглож байжээ.
Эцэст нь
Германы армийн анги нэгтгэлүүд Кимкид ирсэн ба энэ нь Москвагийн төв Кремлээс ердөө л 22 км зайтай. Кимкигээс нийтийн автобус Улаан талбай хүрдэг байв. Москвагийн эсэргүүцэл маш ширүүн байсан ба Германы нөөцийг барж байв. Энэ үед алс дорнодоос татаж ирсэн шинэ хүн хүчээр Улаан арми шархаа нөхөж парадаас хойш сар гаруйн дараа Жуковын удирдлага дор сөрөг давшилтад оров. Германчууд Москвагаас хамгийн багадаа 100 км, хамгийн ихдээ 200 гаруй км ухарчээ.
Германы арми Польшийг эзлэхдээ 44000 хүнээ, Францыг эзлэхдээ 154000 хүнээ алдсан бол Москвагийн төлөөх тулалдаанд 400000 орчим цэрэг офицероо, 1300 танк, 2500 их буугаа алдсан юм. Гитлерийн Барбаросса төлөвлөгөө бүтэлгүйтэж Дэлхийн 2-р дайнд эргэлт гарсан юм.
Эх сурвалж:bataar.mn