Тухайлбал, 2012 онд АН ажил орлоготой, эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, аюулгүй орчинтой, эрх чөлөөтэй монгол хүн гэсэн таван дэд бүлэгтэй мөрийн хөтөлбөрийг дэвшүүлж байжээ. Нэг бүлэг нь дотроо уул уурхай, үйлдвэржүүлэх, ноос, ноолуур, арьс шир, нийгэм, эрүүл мэнд, боловсрол зэрэг олон салбарт чиглэсэн байх бөгөөд түүн дотроо мөн нэлээд заалтыг тусгасан. Ямартай ч 30-аад хуудас амлалтаас биелүүлээгүйг нь бус хэрэгжүүлэх гэж оролдсоныг нь тоолбол цаг хэмнэх биз. Гэхдээ энэ удаад бид олны дунд нэлээд хүлээлт үүсгэж, горьдлого төрүүлсэн боловч хэрэгжүүлээгүй зарим нэг амлалтыг нь эргэн сануулж байна.
Байгаль орчинд ээлтэй бус халтай АН
Энэ хэсэгт нэгэн жишээг онцлон хүргэе. АН засгийн эрхийг барьсан 2012 оноос хойш, тэр тусмаа энэ жил АН-ын дотоод зөрчилдөөн хурцдаж, эв зүйгээ олохоо больсон. Тухайлбал, “Монгол хүн 2020” мөрийн хөтөлбөрийнх нь автор гэгдэх Ж.Батболд намаасаа татгалзаад буй. Түүний хэлснээр өнгөрсөн дөрвөн жилд АН байгаль орчинд ээлтэй бус, халтай байдлаар ажилласан байна. Энэ нь ч үнэн гэдэгт маргах хүн гарахгүй болов уу. Товчхондоо, мөрийн хөтөлбөрөө биелүүлэх нь битгий хэл эсрэг үйл ажиллагаа явуулсныг тэрбээр онцолжээ. Хамгийн ойрын жишээ нь, цөмийн хаягдал. Энэ тухай тэрбээр “Монгол Улсын нутаг дэвсгэр дээр цөмийн хог хаягдал булшлахыг хатуу хориглоно” гэсэн заалт АН-ын өгсөн мөрийн хөтөлбөрт байгаа. Ингээд нам олуулаа яллаа.
Засаг байгуулагдаад хориглох эрх зүйн актаа гаргах юм болов уу гэсэн, байдаггүй. Гэтэл сая 2016 оны гуравдугаар сарын 29-нд манай намын нөхөд Цөмийн ашигласан түлшний конвенцид нэгдэнэ гээд мөрийн хөтөлбөрийнхөө эсрэг юм бариад орж ирдэг байгаа. Энэ үед л би тэсэрсэн. Яаж ч бодоод эвлэрч чадахгүй байсан” хэмээжээ. Ямартай ч байгаль орчны чиглэлээр тусгасан заалтыг огтхон ч хэрэгжүүлээгүйг мөрийн хөтөлбөр боловсруулсан хүн хэлсэн нь энэ. Түүнчлэн ашиглалтын зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй аж ахуйн нэгжүүд нийслэлчүүдийн ундны эх үүсвэр болох Туул голын ойр орчим болон ай савд хайрга, дайрганы олборлолт хийж, аюултай төвшинд хүрээд буй. Тэнд ямар нөхцөл үүссэнийг нийслэлчүүд андахгүй. Энэ байдал удаан үргэлжилбэл төд удахгүй Туул голын амь тасарч, цэвэр усны хомсдол бий болох аюул нүүрлэнэ. Хэрэв АН-ынхан 2012 онд амласан амлалтаа ажил хэрэг болгосон бол байдал өнөөдрийнхөөс арай л өөр байх нь мэдээж. “Амьсгалах агаартай, уух устай, аюулгүй амьдрах хоттой болох нөхцөлийг бүрдүүлнэ” гэж амлаж байснаа мартсан бололтой, АН-ынхан.
АН-ын 2012 оны мөрийн хөтөлбөр хөрсөн дээр бууж, иргэдийн амьдралд өгөөжөө өгсөн эсэх талаар иргэдийн сэтгэгдлийг сонслоо.
Э.УУГАНБААТАР: АН-ын мөрийн хөтөлбөрийн биелэлт муу байна
-Миний бодлоор АН-ын мөрийн хөтөлбөрийн биелэлт муу байна. Бодит байдалд харагдаж, үзэгдэх юм алга. Өмнөх жилүүдтэй харьцуулахад техник, технологи хурдацтай хөгжиж байгаа ч иргэдийн амьдрал улам доошилж байна. Зарим нь улам баяжиж байхад зарим хүмүүс ямар ч мөнгөгүй, гуйлга гуйгаад явж байх жишээний. Манай улсын иргэдийн амьдрал нэгэн жигд биш, нийгмийн янз бүрийн давхарга үүссэн харагдаж байна. Төрийн бодлого буруу, гаргаж буй тогтоол шийдвэр хүн рүүгээ чиглээгүй учраас ийм нөхцөл байдал үүсч байх шиг байна. Манай улсад урт хугацааны тогтвортой бодлого л хэрэгтэй болов уу.