Жуулчдын анхаарал татдаг Монгол орны үзэсгэлэнт газрууд

Хөвсгөл нуур

Манай улсын хамгийн гүн, цэнгэг уст нуур. Нийт усны эзлэхүүн 381 км3 бөгөөд дэлхийн нийт цэнгэг усны 0.4 хувь болно. Хөвсгөл нуурт нийт 96 гол горхи цутгах бөгөөд ганцхан Эгийн гол эх авч урсан Сэлэнгэ мөрөнд цутгадаг билээ.

Алтай Таван богд уул, Потанины мөсөн гол, Цагаан гол

Алтай Таван богд уул нь Баян-Өлгий аймгийн Улаан хус сумын нутагт байрладаг ба түүний биологийн тогтоц төрөл зүйл нь Монголд байхгүй өвөрмөц. Энэ нь таван ноён оргилоос бүтдэг юм. Мөсөн голоос эх авсан Цагаан гол зэрэг нийлээд жуулчдын сонирхлыг татдаг газар. Мөсөн гол нь 30 км урт, 300-500 м өргөн, 50-200 м гүн ангалуудтай. Байгалийн өвөрмөц тогтоцтой газар.

Ээж хайрхан

Говь-Алтай аймгийн Цогт сумын нутаг Захуй зарманы говьд байдаг. Уулын хажууд тогтсон тогооны ус хальж, доод талын тогоо руу урсана. Цөлийн нар салхи энэ уулын хажуу хормойн чулууг элдэв дүрстэй болгон элээж, нүх сүв гаргасан нь уран хүн хийсэн гэлтэй байдаг. Уулын баруун хэсэгт чулуулгын лав судал дагаж цувран тогтсон 9 тогоо нь ногоон хүрээтэй бөгөөд эхний тогоо дүүрээд усаа 40-50 см жижиг хүрхрээ үүсгэн нөгөөдөө юүлдэг онцлогтой.

Тэрхийн цагаан нуур, Хорго

Хоргийн тогоо нь Архангай аймгийн Тариат сумын нутагт оршидог. Гарал үүслийн хувьд девоны үеийн боржин чулуу, дөрөвдөгч галавын галт уулын чулуулгаас тогтоно. Унтарсан галт уулын гүнзгийн өрх, хүрмэн хад, цохио, ангал, агуй хоргодох газар ихтэй тул Хорго гэж нэрийджээ. Амсар нь 300-400 м, гүн нь 70-80 м, гадны талын налуу нь 35-40 хэм, тогооны дотор налуу нь 45-50 хэм.

Тэрхийн цагаан нуур нь далайн төвшнөөс дээш 2060 м өндөрт байдаг. Энэ нуурт 10 гол цутгадаг, цэвэр устай, урт нь 16 км, өргөн нь 5-6 км, гүн нь 6-20 м. Цорын ганц гол эх аван урсдаг бөгөөд энэ нь Суман гол юм. Энэхүү нуур голдоо жижиг аралтай ажээ

Увс нуур, Их нууруудын хотгор

Увс нуур нь далайн төвшнөөс дээш 753 м өндөрт орших, 3350 ам дөрвөлжин километр нутагтай Монгол Улсын хамгийн том нуур юм. Увс нуур нь олон сая жилийн өмнөх аварга том тэнгисийн үлдэгдэл бөгөөд давсархаг, гүехэн устай. Увс нуур нь Их нууруудын хотгорын хойд хагаст оршидог. Увс нууранд Тэс, Нарийн, Хархираа, Түргэн, Сагил, Боршоо, Хөндлөн, Торхилог зэрэг том, жижиг 38 гол, горхи цутгадаг. Хан хөхийн нуруу нь Их нууруудын хотгор руу түрэн орж, Увс болон Хяргас нууруудын хотгоыг зааглана. Увс нуурын орчимд байгалийн бүх бүслүүр нэг дор байдаг учир ЮНЕСКО-гийн байгалын өвд орсон.

Байгалийн түүхийн музейд орших махан идэшт Тарбозаврын бүтэн араг яс

Энэ нь 1981 онд Баянхонгор аймгийн Баянговь сумын Бүгийн цавийн хоолойноос олдсон махан идэшт Тарбозаврын чулуужсан бүтэн араг яс юм. Дэлхийд динозаврын араг яс бүтнээрээ олдох нь ховор бөгөөд Азидаа эхний гуравт орох байгалын үнэт олдвор билээ.

Гурван цэнхэрийн агуйн хадны сүг зураг

Ховд аймгийн Манхан сумын нутаг Монгол улсын нутгаас палеолитийн үеийн урлагийн бүтээл болох зосон зураг энэ агуйгаас олдсон бөгөд энэ нь Монголд төдийгүй Төв Азийн Хүй нэгдлийн урлагийн голомтод зүй ёсоор тооцогддог. Агуйн ханад ан амьтан мод зэргийг дүрслэхдээ нэг хэсийг улаан хүрэндүү, нөгөө хэсгийг арай цайвар ягаан өнгөтэй улаан зосоор зуржээ. Заан, хирс, анааш зэрэг амьтдыг дүрсэлсэн байдаг бөгөөд зарим амьтдыг чухам ямар амьтан болохыг одоогоор тогтоогоогүй байна. Агуйн хананы өндөр 2.5 м ажээ.

Женко Турын 13 дугаар зуун, Алтан ташуур цогцолбор

Төв аймгийн Эрдэнэ сумд орших Алтан ташуур цогцолбор. Гурван мэргидэд эхнэр, хүүхдээ алдсан Тэмүүжин тэднийг дайлахаар явах замдаа Цонжин болдог буюу одоогийн Алтан ташуур цогцолбор баригдсан газраас нэгэн ташуур олсон гэдэг. Энд Чингис хааны 40 м өндөр хөшөө баригдсан нь хамгийн том Чингис хааны морьт хөшөө байрладаг. 13 дугаар зуун цогцолбор нь Улаанбаатар хотоос зүүн тийш 96 км-т оршдог.

Хөшөө цайдам, Хар балгас, Культегин жанжны хөшөө

Түрэгийн эзэнт гүрний дурсгал Хөшөө цайдам дахь Түрэгийн дурсгалууд Архангай аймгийн Хашаат сумын нутагт байдаг. Энэ нь зүүн Түрэг улсын төрийн нэрт зүтгэлтэн Билгэ хаан (683-734) болон Культегин (Түрэгийн цэргийн жанжин, Билгэ хааны дүү 684-731) нарын дурсгалд зориулан босгосон хоёр цогцолбороос бүрдэнэ. Эдгээр дурсгалууд Төв Азид манай эриний VI-VIII зуунд ноёрхож байсан Түрэгийн эзэнт гүрний хамгийн чухалд тооцогдддог дурсгал юм. Энэ дурсгал дээр бичигдсэн түрэгийн рүни бичээс Төв азийн түүх, соёлын судалгаанд хосгүй үнэтэй мэдээллийг хадгалж байдаг.

Хар балгас хотын туурь Архангай аймгийн Хотонт сумын нутагт байдаг. Энэ хотыг МЭ 761 онд Уйгарын хаан Тейлогийн ордныг барьж эхэлснээр үүсгэжээ. Хар балгас нь Уйгарын эзэнт гүрний засаг захиргааны төв, худалдаа, эдийн засгийн төвлөрөл байснаараа онцлог. Хар балгас орчмоос 840 гаруй хэргэсүүр олдсон гэсэн мэдээлэл бий. Анх 1889 онд Оросын шинжээч Н.М.Ядринцев нутгийн хүмүүсийн тусламжтайгаар олсон гэдэг. Хар балгасын нүүрэн талд рүни бичээс бүий 103 зурлага, 20-50 см урт богино цэгийг харилцан адилгүйгээр сийлж, 12 мөрт багтаан цохижээ. Культегин жанжны хөшөөн 3,33 м өндөр, өргөн нь 1,32 м ажээ.

Амарбаясгалант хийд

Сэлэнгэ аймгийн Баруун Бүрэн сум, Манжийн төрийн бодлогоор буддын шашны нэгэн дурсгал болх шарын шашныг хүчтэй дэлгэрүүлэх үүднээс Манжийн хаан Энх-Амгалангийн зарлигаар Монголын төр шашны нэрт зүтгэлтэн анхдугаар Богд өндөр гэгээн Занабазар 1727-1736 онд барьжээ.

Дуугардаг элс

 Марко Поло Төв азиар жуулчилсан тухайгаа “Тэр цөлөөр шөнө аялах үед хэн нэг хүний яриа сонсдох, олон хөгжмөөр зэрэг тоглох мэт авиа сонсогддог” хэмээн бичсэн байдаг. Дорноговь аймгийн өмнөд захын Дуут элс харахад ердийн нэг манхан, оройд нь гараад хярыг нь барьж явахуйд хөлд өртөн нурах элс нисэх онгоц мэт хүнгэнэн дуугардаг.

Толь хад

 Архангай аймгийн Жаргалант сумын Хоолтын бригадын нутагт өндрөөшөө 100-аад, өргөөшөө 80 гаруй метр засаж өнгөлсөн юм шиг гөлгөр хад бий. Бас Өмнөговь аймгийн нутаг Дүгнэн уулын ард 10 м гаруй урт, 3 м орчим өндөр Толь хад гэдэг том цохио бий нь хүн амьтны дүрс тод харагдам гялгар өнгөтэй юм. Эрт галавт уул цогцлон тогтох хөдөлгөөнөөр том цохио чулуу, өнхөрч гулсан бусад чулуулагтай хавирч үрэлдсэнээс ийнхүү гялалзсан толь шиг болсон гэж судлаачид үзжээ.

 Дэлхийд ховорхон тал

 Дорнод аймгийн Матад, Халх гол сумын нутгийн ширээ мэт хавтгай тэгш талд хааш хаашаа 100 км аялахад нэг ч толгод гүвээ, хунх нугачаа үл тааралддаг. Байгалиас заяасан унаган төрхөөрөө атар онгон ийм тал газар дэлхийд ховор.

Цагаан гол

Алтай таван богдоос эх авсан олон мөсөн голын нэгийг өвөл зунгүй мөс хэвээр цав цагаан байдгаар нь Цагаан гол хэмээн энэ нутгийнхан нэрлэсээр иржээ. Голын урт нь хагас өртөө гаруй /20 км/ юм.

Болор толгой

Дундговь аймгийн Амтат хоршооллийн нутаг Баянхошууны худгаас хойш 1 км орчим газарт нэгэн бор толгой бий. Энэ толгой бүхлээрээ усан болон утаат болроос тогтдог. Энэ толгойн энгэрт буусан айлын хүүхдүүд болроор тоглоом барьдаг байсан учраас Болор толгой гэж нэрлэжээ.

Соронзот хад

 Загасчид хадны сүүдэрт амарч, нэг нь бугуйн цагаа авч газарт тавьжээ. Гэтэл тэрээр цаг нисээд явчихлаа гэж сандрав. Харваас бугуйн цаг хэдийнээ хадны завсарт хавчуулагджээ. Ийм нэгэн соронзот хад Сэлэнгэ аймгийн Ерөөгийн голын нэгэн гүүрийн ойролцоо бий.

Уурт

Говь-Алтай аймгийн Бигэр сумын нутаг Сэрх уулын Устын голын амны нүх маягийн хонгилоос ямагт уур манаран баагиж байдгаас Уурт хэмээн нэрлэгджээ.

Юндэн Нансалмаа хоёр

Төв аймгийн Зоргол хайрханы Морь хад, Горхийн Мэлхий хад, Ховд аймгийн Бодончийн голын Тэмээн чулуу, Нохой чулуу, Завхан аймгийн Ургамал сумын Арслан чулуу, Түдэвтэй сумын Сум хад, Увс аймгийн Байшинтын Арслан Заан хад зэрэг хачин сонин дүрс бүхий хад чулуу манай оронд олон бий. Дундговь аймгийн Их газрын чулууны янз бүрийн гайхалтай хэлбэр дүрстэй хад чулуудын дундах хоёр босоо хүн шиг харагдах хадыг нутгийнхан нь урьд Хаан, хатан хоёр гэж нэрлэдэг байгаад одоо Юндэн, Нансалмаа хоёр гэх болжээ. Баруун талын босоо хүн арай өндөр, баруун гарын тохойд аяны шуумааз тохож, зүүн гараа нөгөө хүний мөрөн дээр тавьсан, намхан нь  эхнэр хүний өмсгөлтэй агаад тэргүүнээ яльгүй гудайлгасан нь салж ядсан хоёр мэт дүр харагдана. Хадны зүүн урдаас хоёр зуун метр орчим зайнаас ийм дүрсийг ажиглаж болно.

Улаанцутгалан хүрхрээ

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд байрлах Улаан цутгалан хүрхрээ нь зуны дэлгэр цагт гадаад, дотоодын аялагч, жуулчдын үзэхийг хүсдэг хамгийн үзэсгэлэнтэй газрын нэг юм. 24 метрийн өндрөөс буух энэхүү хүрхрээний домогт Дайны үед Монголын цэрэг гамингуудад хөөгдөж амь дүйж яваад хайрган дээгүүр гарсан гэнэ. Монгол цэргүүдийн нэг нь номтой гэх бөгөөд тэрээр “Улааны гол минь улаанаар урс” гэж дуу алдан орилоход, Улаан голын дагуу үер буун гамингийн цэргүүдийг аван одсон гэнэ. Хожим түүнээс хойш “Улаан цутгалан” гэж нэрлэх болжээ.

Отгонтэнгэр хайрхан

Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэрийг, түүний орчны уулсыг оролцуулсан 955 ам км талбайг хамруулан 1992 оноос дархлан хамгаалж байна. Отгонтэнгэр уулын ноён оргил нь далайн түвшнээс дээш 4008 м өндөр өргөгдсөн бөгөөд түүний 3752 м-ээс дээш өндөрт мөнх цастай юм. Мөнх цасны хилээс доохно уулын энгэрт дархан газрын бүсэд Бадархундага гэдэг үзэсгэлэнт нуур бий.

Улаагчны хар нуур

Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутагт орших Улаагчны хар нуур нь хайд талаараа элсэн манхнаар, урд талаараа зэгсээр хүрээлэгдсэн хосгүй үзэсгэлэнт газар юм. Аймгийн төвөөс 110 км, Эрдэнэхайрхан сумаас хойш 80 км зайд оршдог. Эргэн тойронд нь Товхошийн сүрлэг уулс бий.

Улаагчны хар нуурын гүн нь 48 метр, урт нь 30 км, өргөн нь 5-10 км байдаг бөгөөд нуурын голд д.т.д 2500 гаруй метр өргөгдсөн их бага гурван Авгаш арал байдаг нь нүүдлийн шувуудын үүр болдог.

Эх сурвалж: www.TODAY.mn

Санал болгох мэдээ

Египетийн фараон Тутанкамуны дүрийг сэргээжээ

МЭӨ 1332-1323 оны хооронд амьдарч, 19 насалсан Египетийн фараон Тутанкамуны амьдрал, үхэл олон хүний анхаарлыг …