“MIH” группийн ерөнхийлөгч Д.Жаргалсайхантай ярилцлаа.
-В.Путин саявтар Эгийн голын станцыг барих боломжгүй, Байгал нуурт сөргөөр нөлөөлнө гэчихлээ. Эрчим хүчний системийн горимын тогтвортой ажиллагааг хангах үүрэгтэй гэдгээрээ Эг бидэнд чухал байсан. Энэ мэт эдийн засгийн тусгаар тогтнолд нөлөөлөхүйц хандлага хөрш гүрнээс тод анзаарагддаг. Ер нь эдийн засгийн тусгаар тогтнолоо хадгалахын тулд бид яах ёстой вэ?
-Хэрэгтэй, үнэ цэнтэй зүйл хийж, тэрнийхээ үндсэн дээр өөртөө хэрэгтэй зүйл олж авах харилцан солилцоог л эдийн засаг гэж би ойлгодог. Энэ өнцгөөс нь харвал эдийн засгийн тусгаар тогтнол гэж томьёолж буй нь ойлгомжгүй сонсогдоод байна л даа. Жишээ нь танд оршин тогтнож, амьдрахын тулд тодорхой хэрэгцээ байгаа. Тэр хэрэгцээгээ та ганцаараа хангаж чадахгүй. Тийм учраас бусад хүмүүсээс авч таарна. Тэгэхээр нийгмийн бусад гишүүдтэй харилцаанд орохоос аргагүй болно. Энэ харилцааг л цогцоор нь эдийн засаг гэдэг.
-Хойд хөрш манай улсыг эрчим хүч, шатахууны хэрэглээгээр хараат байлгах сонирхлын үүднээс Эгийн станц, газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтад таагүй хандаад байна уу гэсэн хар бий. Энэ утгаар нь тусгаар тогтнол гэдэг үг хэрэглэсэн юм. Танд тэгж харагдахгүй байна уу?
-Тэгж харагдахгүй байна. Эдийн засгийн аюулгүй байдал гэвэл ойлгож болж байна.
-Эрчим хүчний хэрэглээн дээр биеэ даасан зүйл алга гэдгийг аюулгүй байдал гэж тодотгож болох л юм?
-Эдийн засаг хүссэн, хүсээгүй даяарчлал буюу дэлхий нийтийг хамарсан үйл явдал болчихоод байна л даа. Таны асуугаад байгаа эрчим хүчний хувьд эдийн засгийн гэхээсээ илүү улс төрийн асуудал.
-Улс төрийнх гэдэг нь ойлгомжтой л доо. Гэхдээ бид төсвөөсөө өчнөөн мөнгө гаргаж хойд хөршөөс цахилгаан худалдаж авдаг, тэд бидэнд жил бүр үнээ нэмж ахиухан эрчим хүч зарахыг хичээдэг гээд ярихаар яалт ч үгүй эдийн засагт хамаарах биш үү?
-Шалтгаан нь улс төрийнх. Үр дагавар нь эдийн засагтаа очоод байгаа юм.
-Тэгэхээр эдийн засгийн гэдэг талаас нь харахад болохгүй зүйлгүй гэж бодож байна…?
-Болно л доо.
-Эрчим хүчний салбарт бие дааж бусдаас гуйхгүй болгоод явах боломж бидэнд бий юу?
-Та бид хоёр биенээсээ хамааралгүй байхын тулд сонголттой байх ёстой. Сонголт хэзээд байдаг. -Сонголт нь байхгүй бол, биднээс хамаарахгүй тохиолдолд яах вэ?
-Сонголтыг бид өөрсдөө бий болгох ёстой. Бидэнд юу ч дутагдаагүй. Цахилгаан станц барьж, шатахууны оронд өөр эх үүсвэр хайж болно. Цахилгаан станц барья гэвэл түүхий эд нь байна. Өөр юу хэрэгтэй гэж. Эрчим хүчний салбарыг бие даалгах боломж бүрэн бий. Дотоодоо эрчим хүчээр хангаад, дээр нь гадаад руу эрчим хүч экспортлох маш том боломж байгаа. Орос, Америкийн аль нь ч биш, бид өөрсдөдөө саад тээг болоод байгаа юм. Эрчим хүч үйлдвэрлэхэд түүхий эд, технологи, мөнгө, хүн дөрөв л хэрэгтэй. Дөрвүүлээ бидэнд байна. Технологио ямар ч асуудалгүй оруулаад ирнэ. Хөрөнгө оруулалтаа татчихна. Танаас нэг асуулт асууя. Яагаад хийхгүй байна вэ?
-Улс төр рүү эргэж орохоос аргагүй, улс төрөөс болоод хийхгүй байна гэж үү?
-Яг үнэн. Улстөрчидтэй л холбоотой. Өвөг дээдсээс үлдээсэн баялаг нь байна. Хоорондоо ойлголцоод, бие биедээ тээг болохгүй, зөв санаа санаачилгыг нь дэмжээд явахад төвөггүй өөдөлнө. Ойр зуурын яль шальгүй сонирхлоор асуудалд хандаж, бие биедээ төвөг уддаг улстөрчдөөс салах хэрэгтэй. Байгалийн баялаггүй, эрчим хүчний түүхий эдийн нөөцгүй улс орнууд эдийн засгаа хөгжүүлээд урагшилж л байна. Наад захын жишээ гэхэд Япон, Өмнөд Солонгос байна. Бидэнд маш олон сонголттой байх боломж бий. Боломжууд байна гэдэг чөлөөтэй байгаагийн л шинж. Аль нэг улс орноос хараат бус байх бүрэн боломжтой.
-Популизм улс төрөөс тийм амар салахгүй байх. Парламентыг дээд доод танхимтай болговол байдал өөрчлөгдөнө гэх мэт хувилбарууд дуулддаг. Ер нь яавал улстөрчид эдийн засаг, бизнесийг мэдэрсэн шийдвэр гаргаж сурах бол?
-Сонгогчдын хандлага өөрчлөгдөөгүй үед УИХ хэдэн танхимтай болоод ч байдал өөрчлөгдөхгүй. Төрийн гаргасан шийдвэр эцсийн гаргалгаа гэж боддог хэвээрээ байна. Москвад гаргасан шийдвэрийг л хэрэгжүүлэх ёстой гэж боддог хандлагаа өөрчилж чадахгүй байна. Хойно тийм шийдвэр гаргасан бол хэрэгжүүлэх л ёстой гэж ханддаг улс болоод хувирчихсан тал бий. Энэ сэтгэхүй, хандлага, байдлаасаа салах хэрэгтэй. Өөрсдөө зориг гаргаад өөр жимээр алхвал залуус дагаад алхана. Хатуухан хэлэхэд найдвар залууст л байна.
-Нийтлэлч Баабарын хэлдэг шиг социалист нийгэмд өссөн хүмүүс үхэж байж л шинэ замаар алхах боломж гарч ирэх нь ээ дээ?
-Хатуу ч гэсэн үнэн үг гэж боддог. Гэхдээ олны хандлага бага ч гэсэн өөрчлөгдсөнийг үгүйсгэхгүй. Гадаадын хөрөнгө оруулалт зайл, хувийн хэвшлийн компаниудын луйварчид сөнөтүгэй гэж хашгирдгууд нь цөөрсөн. Оюу толгойг улайран эсэргүүцэгчид бүр алга болчихлоо.
-Хөгжихийн тулд эхлээд мөнгө олох салбараа урагшлуулаад олсон мөнгөөрөө бусад салбараа тэтгэх ёстой гэсэн хандлага бий. Тэр салбар нь уул уурхай мөн үү?
-Мөнгө оргүй хоосноос бий болохгүй. Мөнгө, орлого бий болгодог салбараа хөгжүүлээд, дөрөөлж хөгжихөөс өөр аргагүй. Хятад гэхэд л газар тариалангийн салбартаа дөрөөлж хөгжсөн улс. Тариачдаа чөлөөлсөн. Тэгэнгүүт хуримтлал үүсч эхэлж байгаа юм. Тариачид буудайгаа хураагаад бүгдийг нь улсад өгдөг байсныг болиулсан хүн нь Дэн Сяо Пин. “Ургуулсан буудайныхаа 70 хувийг өөрөө ав, 30-ыг нь төр авдгаараа авна шүү” гэсэн. Хуримтлал үүсгэсний гол нууц нь ердөө энэ. Ингэж л бусад салбараа өөд нь татаж эдийн засгаа хөгжүүлсэн. Бидний мөнгө олох салбар бол уул уурхай. Гэхдээ эхлээд бөндгөрөөсөө, хандлагаасаа эхлэх учиртай. Юуны өмнө бүгдээрээ нэг зорилготой байх ёстой. Нэг зорилготой болоогүй үед хэзээд бие биедээ дайсагнана. Ер нь бол онол л доо. Хүмүүс хоёр тохиолдолд л хамтардаг. Нэг зорилготой үед хамтарна, эсвэл аюулын өмнө хамтардаг. Хүсэл мөрөөдлөө зорилго гэж бодоод яваа нь л бидний алдаа. Зорилго бол өөр. Хөгжил нь өндөр түвшинд хүрсэн бусад улсын хувьд хүрэхээр төлөвлөсөн зүйлийг зорилго гэж томьёолдог. Бүгд нэг зорилготой байх учиртай, тэгэхгүй бол систем задарч унах эрсдэл бий.
-Нийгмээрээ нэг зорилготой болохын тулд яах ёстой вэ?
-Уг нь нэг зорилготой байх боломж нь бий. Тэр зорилгыг нь Үндсэн хуульд ойлгомжтой гэгч нь заагаад өгчихсөн. Эдийн засгийн форумыг зохион байгуулагчид намайг нэг салбар хуралдаа итгэл тавьж оролцохыг урьсан юм. Тэр хуралд бэлдэх гэж төрийн байгууллагуудын үүргийг хамаарах хуулиудаас нь шүүрдэж үзлээ. Ичиж үхмээр дүгнэлт гарсан. Төрд гурван том салаа мөчир бий. Гүйцэтгэх, хууль тогтоох, шүүх засаглал. Эдний хоёр нь Монголын нийгэмд хуулиараа ямар ч үүрэггүй байдгийг олж мэдлээ. Нэг нь УИХ. УИХ-д ямар ч үүрэг байдаггүй юм байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ажлын албанд ямар ч үүрэг алга. Дандаа тэгэх, ингэх эрхтэй гэсэн өгүүлбэрүүд л олж харлаа.
-Засгийн газарт үүрэг хүлээсэн байна уу?
-Үүрэг байна, гэхдээ үүргийн хэсэгт зөвхөн удирдах гэсэн үг л олж харсан. Шүүх засаглалын үүрэг их хөгтэй. Эрх зүйн юуг ч билээ хамгаалах үүрэгтэй гэсэн өгүүлбэр харагдсан. Аймшгийн кино. Хамаг аймшиг тэндээс эхэлж байна. Гэтэл Үндсэн хуульд тов тодорхой заалтыг тусгаад өгчихсөн. Монгол Улсын төрийн үүрэг бол иргэнийхээ эрх чөлөө, хүний эрхийг нь хамгаалах, зөрчигдсөн бол сэргээх. Төр иргэнийхээ өмнө ийм үүрэг хүлээх учиртай. Миний яриад байгаа нөгөө зорилго чинь ерөөсөө л энэ. Гэтэл Үндсэн хуулийн энэ заалтад захирагддаг нэг ч төрийн байгууллага байдаггүй юм байна. Тийм учраас хулгайч, луйварчин, хамаг муу бүхэн УИХ гэх мэт үүрэг байдаггүй баахан эрхтэй газрууд руу цуглардаг юм байна. Төрийн байгууллага хэрнээ Үндсэн хуульд заасан үүргээ биелүүлэхгүй байна гэж буруутгах гэхээр хуулиудад нь үг өгүүлбэр байхгүй. Та бид хоёр Засгийн газраар удирдуулна гээд төсөөл дөө. Агентлаг, яамдынх нь хууль ч ялгаагүй. Засгийн газрын үүргийг салбартаа хэрэгжүүлэх үүрэгтэй гэж байх юм. Тэгэхээр яам, агентлаг нь ч манийгаа дахиад удирдах нь л дээ. Энэ хандлага та бидний хуучин сэтгэхүй, ойлголтоос үүдэлтэй. Үүнийг өөрчлөөгүй цагт юун эдийн засгийн тусгаар тогтнол. Дахиад хэлэхэд нийгмийн бүх гишүүд нэг зорилгыг тойроод атгасан гар шиг болох ёстой. Тэр дундаа улс төрийн намууд, улстөрчид. Төрийн байгууллагад эрх байж болохгүй. Эсрэгээрээ үүрэггүй төрийн байгууллага гэж байх учиргүй. Дан үүргүүд байх ёстой. Гэтэл манайд эсрэгээрээ, дээр байгаа хүмүүс өөрсдөдөө зориулсан хууль баталсан байна.
-Өмнө нь анзаарч хөндөгдөөгүй өнцөг байна шүү…?
-Бид ч анзаардаггүй байсан. Өнөөдүүл чинь ажил төрөл рүү ороод, хутгалдаад ирэнгүүт сэрж эхэлж байна л даа. Өмнө нь социалист сэтгэлгээгээрээ төрийн минь сүлд өршөө гээд явж байж. Надад саяхан хүртэл байсан сэтгэлгээ. Нийт иргэдийн бараг 99 хувьд нь байгаа.
-Та энэ асуудлыг эдийн засгийн форум дээр хөндсөн юм байна. Сая ярьсан хуулиудаа өөрчлүүлэх тал дээр ажиллая гэсэн бодол байгаа юу?
-Миний хувьд “Монгол форум”-ынхаа шугамаар таниулах ажил хийж байгаа. Өөрийгөө лобби хийгээд нөлөөлөх хүн мөн үү гээд харвал үр дүн нь тийм сайн биш байх болов уу. Монголын нийгэмд хамгийн их төвөг удаж байгаа, тогтворгүй байдал үүсгэдэг газар нь төр болчихоод байна. Иргэдийг талцуулаад байгаа байгууллага нь мөн л төр. Гэтэл Үндсэн хуульд төр ямар үүрэгтэйг тов тодорхой зааж өгснийг би сая дурдлаа шүү дээ. Төрийн үүргийг биелүүлдэг нэг ч байгууллага төрд алга. Төр байх ёстой гэдгээ гадна, дотнын аюулаар айлгаж хүлээн зөвшөөрүүлдэг. Төр байхгүй бол хятадууд орж ирээд чамайг жадалчихна гэх маягийн тайлбар тавьдаг. Төр үгүй бол оросууд эдийн засгаар боож алах гээд, би байгаа тулдаа л чамайг цахилгаантай амьдруулна гэх жишээний. Бид ийм л жүжгэн дунд амьдарч байна. Иргэд өөрсдөө төрд үүргийг нь сануулж, үүргээ хуульчлахыг нь шаардах ёстой.
-Төрд өмчлөх эрхэнд халдах гээд байдаг гэм бий. Наад зах нь энэ хандлага өөрчлөгдсөний дараа эдийн засгийн өсөлт гэж ярих боломж гарч ирэх байх…?
-Хүмүүсийн эдийн засгийн эрх чөлөө, Үндсэн хуулиар баталгаажсан эрх, өмч рүү нь халдаж байгаа жишээ өчнөөн байгаа. Захын жишээ гэхэд л лицензүүд хурааж авсан явдал байна. Лицензээр дамжуулж өмч рүү дайрч байгаа нэг хэлбэр. Үндсэн хуульд хүн хуулийн дагуу олж авсан өмч хөрөнгөө хуулийн дагуу эзэмших, захиран зарцуулах бүрэн эрхтэй, тэр эрхийг нь төр баталгаажуулж өгнө гээд заачихсан. Харамсалтай нь таны хэлсэн шиг төр өмчлөх эрхэд халдсан хэвээр байна. Угшил нь өнөө л социализмын хандлага. Бид ч тэр хандлагаасаа салаагүй учраас төрөө шүүмжлэхгүй байна. Өмчийн эрхийг баталгаажуулаагүй үед эдийн засгийн өсөлт, тусгаар тогтнол гэж яриад нэмэргүй.
-Өмчлөх эрх гэснээс Эрдэнэтийн 49 хувийг Монголын компани худалдаж авахаар болсон нь хэр зөв шийдэл гэж та бодож байна вэ?
-Зөв алхам гэж бодож байгаа. Гэхдээ эцсийн шийдвэр гараагүй учраас илүү дэлгэрүүлж яримааргүй байна. Ярианыхаа төгсгөлд УИХ-ын гаргасан нэг сайн шийдвэрийг онцолъё гэж бодож байна. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, дагаж гарсан тогтоол нь их сайн. Нийгмийнхээ хөгжлийг тоогоор хэмждэг болж байгаа. Ямар тоон үзүүлэлтүүдээр хэмжих вэ гэдгээ жагсаагаад гаргачихсан. Аль нам нь засаг барьснаас үл шалтгаалж хуульд заасан хэмжүүрээр хэмждэг болъё гэж байгаа нь олзуурхахаас аргагүй зүйл. Би сайн юм, чи муу зүйл хийсэн гэх мэт хэмжигддэггүй юмаар ярихаа больж байгаа гэсэн үг. Хэн нь ч засаг барьсан хуулиар тогтоож өгсөн хориод үзүүлэлтээр л хөгжлийг хэмждэг болж байна. Хугацаа нь дуусч байгаа УИХ-ын баталсан ганц сайн хууль гэвэл энэ л байна даа.
dnn.mn
Ц.Баасансүрэн