“Нээлттэй Ардчилсан нам” шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөний зохицуулагч С.Буяндэлгэртэй ярилцлаа.
-Шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөнөөс өнөөдөр болох Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдааныг нээлттэй хийхийг уриалж, шаардаж байна. Энэ удаагийн хуралдааныг олон нийтэд нээлттэй хийх нэг хэрэг. Ер нь АН-ыг ямар тохиолдолд нээлттэй болсон гэж ойлгох юм бэ?
-Улс төрийн аливаа нам нээлттэй байна гэдэг нь тухайн иргэн сонгосон намынхаа үзэл баримтлалыг хүлээн зөвшөөрч, дүрмийг дагаж мөрдөхөө илэрхийлэн, татвараа төлж, намынхаа үйл ажиллагаанд саналын эрхтэй оролцож чадаж байвал нээлттэй байна гэсэн үг.
Өөрөөр хэлбэл, тухайн гишүүн намын үйл ажиллагаануудад чөлөөтэй оролцдог байх бололцоо, тогтцолцоо бүхий намыг л нээлттэй гэж ойлгож болно. Мэдээж дан ганц үүгээр тодорхойлж болохгүй. Намынхаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцохоос гадна сонгох, сонгогдох эрхээ эдэлдэг байх ёстой. Үүнийг намын дотоод ардчиллаар шийдвэрлэж, намын нээлттэй байдлыг бэхжүүлж байдаг.
-Сая хэлснээс тань тодруулах зүйл цөөнгүй байна. Юуны түрүүнд дотоод ардчилалтай байна гэж чухам юуг хэлээд байна вэ. Уг ойлголт зөвхөн АН-ын төдийгүй Монголын улс төрийн намуудтай холбоотойгоор хамгийн их яригддаг шүү дээ.
-Улс төрийн нам дотоод ардчилалтай байгаа, эсэхийг хэмждэг шалгуур үзүүлэлтүүд байдаг. Тэдгээр нь оролцоо бүхий сайн институтжсэн байдал, төлөөллийн олон хэлбэртэй байгаа эсэх, өрсөлдөөн буюу дарга, тэргүүлэгчийг сонгох үйл явц журамлагдсан, хариуцлагатай, ил тод байдал зэрэг юм.
Тухайлбал, намын шат шатны үйл ажиллагаа, хурал нь нээлттэй байж, түүнд гишүүд, дэмжигчид нь санал бодлоо тусгаж чаддаг байх шаардлагатай. Гишүүд нь чөлөөт өрсөлдөөний зарчмаар санал, санаачилга гаргаж, хийж, хэрэгжүүлэх ажлаараа нам, цаашлаад нийгэмдээ хувь нэмрээ оруулдаг байх учиртай.
-Дээр дурдсан шалгуур, хэмжүүрээр авч үзвэл манай улс төрийн хүчнүүдийн дотоод ардчилал ямархуу түвшинд байна вэ?
-Намын дарга, сайд нарыг дагаж гүйдэг бүлэг борооны дараах мөөг шиг гэнэт олноороо бий болчихдог. Олон нийт ч энэ талаар бишгүй ярьж, шүүмжилдэг болсон. Цүнх баригчид, долоогчид гэгдээд буй тэдний буруу ч бас биш л дээ. Тухайн хувь хүний чадаж байгаа зүйл нь л тэр байж магад шүү дээ. Үүнийг сууриар нь харвал эрх мэдэлд очиж байгаа хүмүүс шийдвэр гаргахдаа зайлшгүй харгалзаж үзэх ёстой зорилго, мэдээ, мэдээлэл, судалгаа, эрх ашгуудыг илэрхийлдэг албан ёсны бүтэц байхгүйтэй л холбоотой хэрэг.
Тэгэхээр хүссэн, эс хүссэн ч өнөөх л салдаггүй дагагчдаасаа л асууж, зөвлөлдөхөөс өөр аргагүй болж байгаа юм. Дагагчид нь ч “Та бол бурхан. Таны шийдвэр зарлиг билээ” гээд л хамаг асуудал эхэлдэг. Уг нь өнөөх дарга, сайд нар маш олон гишүүн, дэмжигч, сонирхлын бүлгүүдийн саналыг авч тэр эрх мэдэлд хүрснээ ухамсарлаж, эргээд тэр хүмүүстээ тустай, судалгаагаар батлагдсан тоонд суурилсан зорилго бүхий ажил хийж, хэрэгжүүлэх ёстой шүү дээ.
-Монголын намууд дарга буюу аль нэг хувь хүнээс хэт хамааралтай байна гэж хэлэх гээд байна уу?
-Яг тийм. Улс төрийн нам институтийн хувьд хэн нэгэн даргаас хараат бус, үзэл баримтлалаас хараат байж, хэсэг бүлэглэлд үйлчлэх бус улс нийгэмдээ үйлчилдэг байх ёстой. Улс төрийн намын хараат байх зүйл нь зөвхөн үзэл баримтлал. АН үзэл баримтлалтай нам болох хэрэгтэй байна.
-АН үзэл баримтлалын мухардалд орсон гэвэл санал нийлэх үү?
-Юуны өмнө бага зэрэг тайлбар хийе. Унтаад сэрэхэд л шинэ бүтээгдэхүүн, шинэ технологи бий болчихсон байдаг үсрэнгүй дэвшлийн эрин үед бид амьдарч байна. Энэ бүхэн шинжлэх ухаан буюу туршилт, судалгаанд суурилан, бий болж буй. Тэгвэл нийгмийн шинжлэх ухааны улс төрийн хүрээнд үзэл баримтлал гэдэг зүйл томоохон судлагдахуун нь байдаг. Ямар нийгэм цогцлоохыг хүсэж байгаагаа шинжлэх ухааны үндэстэйгээр зорилго болгон тавьж буй л бол тэр үзэл баримтлал болно.
Өөрөөр хэлбэл, аливаа онолыг хувь хүн, бүлэг, анги, улс үндэстэн өмнөө зорилго болгон тавьж байгаа нь үзэл болдог. Ийм тодорхой зорилгыг нам, нийгмийнхээ өмнө тавихгүй юм бол бид чухам юуг урдаа зорилго болгож тавих гэж. Хувийн эрх ашиг, явцуу бүлэглэлийн эрх ашиг тавигдана гэсэн үг биз дээ. Яг одоо манай намуудын байгаа байдал л энэ. Мөн биз?
-Тийм л дээ. Хувь хүний хувьд тантай санал нэг байна. Манай намууд үзэл баримтлалгүй болсныг нийгмээрээ шүүмжлэх болж.
-Онол гэхээр л бүтэхгүй, амьдралаас тасарсан зүйл гэж үздэг хүн цөөнгүй бий. Гэтэл аливаа саланги, тусдаа илрэх үзэгдлүүдийн хоорондын уялдаа холбооны цаад хуулийг нэгдмэл байдлаар тайлбарлахыг л точвхондоо онол гээд байгаа юм шүү дээ. Өөрөөр хэлбэл шинжлэх ухааны дээд ерөнхийлөлийг онол гэдэг. Тэгвэл манай нийгэмд өдөр тутам өрнөдөг саланги, тусгаар үзэгдэл, үйл явцуудын уялдааг юугаар тайлбарлаж, жолоодох вэ гэсэн асуулт урган гарч байгаа биз дээ.
Бид онолд суурилсан үзэл баримтлалгүй намуудтай учраас л асуудлаас асуудалд унадаг, сонгуулиас сонгуульд үсэрдэг тогтолцоонд хүлэгдээд байна л даа. Бид үзэл баримтлалын ялгаагүй намуудын тогтолцоогоор 25 жил мөлхлөө. Үр дүн нь одоо та бидний амьдарч буй нийгэм. Хөгжих гэж хичээж л байна. Гэхдээ таван жилийн дотор хүрч болох үр дүндээ 15 жилийн дараа хүрч байна шүү дээ.
-Үзэл баримтлал зөвхөн намд хамаатай зүйл үү. Шинжлэх ухаан, онол, судалгаа гээч зүйл манай нийгмийн олон салбарт үгүйлэгдэж байгаа талаар бид хангалттай ярьдаг шүү дээ.
-Үзэл баримтлалын ялагаагүй байдал сонгогч олон нийтийг хүртэл төөрөгдүүлж байна. Жишээ хэлье. “Сонгогчид ходоодоороо сонголт хийчихлээ” гэж хэлэхийг цөөнгүй хүнээс сонслоо. “Уучлаарай, та жаахан баримжаатай юм ярь” гэж хэлмээр байна. Сонгогчид том гэгддэг хоёр намын үзэл баримтлал, үйл ажиллагааны арга хэрэгслийн ялгааг олж харахгүй байгаа учраас “Мөнгө өгсөнд нь саналаа өгье” гэдэгтээ тулж байна. Тэдний зөв шүү дээ. Чанарын ялгаагүй хоёр бүтээгдэхүүнээс таалагдсан, аль өнгөтэйг нь л сонгодог биз дээ. АН, МАН-ын мөрийн хөтөлбөрийг ч харьцуулаад хараарай. Бараг ялгаагүй. Сонгогчид МАН нь арай илүү хийж магадгүй гэж л сонгосон байхгүй юу.
-Тэгэхээр улс төрийн нам нээлттэй, дотоод ардчилалтай, үзэл баримтлалдаа захирагдаж байвал ямар ч асуудал үүсэхгүй нь ээ?
-Монголын улс төрийн намууд бодлогын нам болох хэрэгтэй байна. Гишүүний хувьд АН-ыг бодлогын нам болоосой гэж хүсдэг. Энэ хүсэл, зорилгынхоо төлөө өнөөдөр ингээд шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөнийг үүсгэн байгуулагчдын нэг болоод явж байна.
-“Бодлогын нам” гэдэг ч сүүлийн үед бас л танил болж, олонтаа хэрэглэж буй ойлголт. Бодлогын намын талаар тодруулахгүй юу?
-Бодлого судлал, бодлогын шинжилгээ гэж хоёр тусдаа ухагдахуун байна л даа. Өөрөөр хэлбэл, “бодлого” гэсэн болгоныг нэг саванд чихэж ойлгоод байх шиг. Бодлого судлал бол ямар бодлого хэрэгжүүлэх вэ, ямар суурь, хавсарга судалгаа хийх вэ, тэдгээрийн үр дүнд суурилан нийгмийн аль бүлэг, салбарт чиглэсэн, ямар тодорхой бодлого хэрэгжүүлэх вэ гэдэг ойлголт. Харин бодлогын шинжилгээ бол энэхүү хэрэгжүүлж байгаа бодлого нь зорилтот бүлэг, салбартаа хүрч, үр дүнгээ өгч байна уу, түүнийг нь хэрхэн хэмжих вэ, анх тавьсан зорилгоо биелүүлж чадаж байна уу, юуг хаана нь засаж, сайжруулах хэрэгтэй байна гэдэг л ажил.
Эндээс тодорхой харагдаж байгаа биз. Засгийн эрх барьж байгаа бол бодлогын шинжилгээгээ нэгдүгээрт тавьж, анхаарч ажиллана. Сөрөг хүчин болж байгаа бол бодлого судлалаа нэгдүгээрт тавьж, анхаарч ажиллана гэсэн үг. Сөрөг хүчин байхдаа ирээдүйн сонгуульдаа бэлдээд засгийн эрх авахаараа хийж, хэрэгжүүлэх бодлогоо судлахын зэрэгцээ одоо эрх барьж буй намын бодлогод шинжилгээ хийж, засаж залруулах чиглэлд байр сууриа илэрхийлэх ёстой. Нөгөө талаас бодлого судлал гэхээр тинк танкуудын жишээ яриад, тийм л зүйлтэй болчихвол гоё болчих юм шиг ойлгодог хүмүүс бий.
Бодлого судлалынхаа суурийг олж харах хэрэгтэй л дээ. Бодлого өөрөө тодорхой бүлэг, салбарын үйл ажиллагааг сайжруулахад чиглэж бий болдог. Тэр тодорхой бүлэг, салбарын төлөөллүүд сонирхлоо илэрхийлж, санхүүжилт, хандив өгч байж ажил хэрэг болдог зүйл. Тэгэхгүй бол тэдний өмнөөс өөр хэн нэгэн хэсэг бүлэг мөнгө төлөөд өөрсдийн эрх ашигт нийцсэн явцуу бодлого захиалдаг. Сайхан амьдарахыг хүсэж байгаа бол мөнгөө төлөх хэрэгтэй шүү дээ. Барууны намууд хандивын арга хэмжээ тасралтгүй зохион байгуулдаг нь ийм л учиртай.
-Улс төрийн намын шинэчлэлтэй холбоотой таны байр суурь ийм байж. АН-ын шинэчлэлийн үйл явц ямар шатандаа явж байгаа бол?
-АН-ын өөрчлөлт шинэчлэлт эхлэлийн шатандаа явж байна гэж үзэж болно. Энэхүү өөрчлөлт цаашдаа ямар үр дүнд хүрэх нь шинэчлэлд гар бие оролцож буй хүмүүсийн идэвх чармайлтаас хамаарна. Шинэчлэлийн хувьд нам үнэт зүйлээ тодорхой болгож үзэл баримтлалаа тунхаглах, нээлттэй, чөлөөт өрсөлдөөнд суурилсан хүний нөөцийн бодлоготой болох, бодлогод суурилсан зорилго, зорилттой болох нь нэн чухал. Эдгээр суурь асуудлууд шийдэгдэж байж шинэчлэл цаашдаа амжилттай явагдах хөрс суурь тавигдах юм.
“Дугуйг дахин зохиох хэрэггүй, хуулчихъя” гэдэг хүмүүс нэлээд бий. “Ингэхдээ бүр сайн хуул” ч гэдэг (инээв). Сайн хуулна гэж яахыг ч хэлдэг юм бэ. Үндэстэн бүхэн өөрийн онцлогтой. Язгуур нь хэл, бичигтээ тусгалаа олсон байдаг. Хэл бичиг бол суурь нь юм. Нэг талаас хэл бичиг соёл урлагт биеллээ олж, улмаар зан заншил болоод суртахууныг бий болгодог. Нөгөө талаас танин мэдэхүйд түшиглэсэн хэл бичиг шинжлэх ухаанаар дамжин үзэл суртлыг бий болгодог.
Хүн гэдэг амьтан суртахуунд жолоодуулж, үзлээ гүйцэлдүүлэхээр амьдардаг амьтан шүү дээ. Тэгэхээр хүн төрөлхтний бий болгосон үзэл баримтлалуудаас дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдсөн үнэт зүйлүүдийг авч, өөрийн үндэстний онцлогт тохируулан уусгаж авах нь зүйтэй юм л даа. Энэ бол шинэ зүйл зохиох гэж мунгинах, хуулж тавиад манарч суухын аль ч биш.
Эх сурвалж: “Өнөөдөр” сонин