Монголын эдийн засгийн нөхцөл байдлыг хоёр хөршийн болоод дэлхийн томоохон хэвлэлүүд хэрхэн дүгнэн бичиж буйг “Монгол дэлхийн хэвлэлд” булангаараа тоймлон хүргэж байна.
WSJ: Хөрөнгө оруулагчдын хувьд “халуухан бүсгүй” байсан Монгол хаягдаж үлдэв
АНУ-ын томоохон хэвлэл “Wall street journal” сонинд өрөндөө баригдаж, хөрөнгө оруулагчид нь зугтсаныг дээрх агуулга бүхий нийтлэлдээ тодотгожээ.
Үүнд “Дэлхий дээр хөрөнгө оруулагчдын шинэ гарц олж харж чадаагүй нэгэн булан орших ажээ. Тэр нь Монгол. Учир нь тэд тэр буланд хөрөнгө оруулах нь хэтэрхий эрсдэлтэй гэж үэсэн хэрэг л дээ. Алт, зэсний ашиглагдаагүй арвин их нөөцтэй, ирээдүйд чулуу болж мэдэх дэлхийн хамгийн сийрэг хүн амтай тус улс руу хөрөнгө оруулагчид шуурч байсан цаг саяхан.
Гэвч хөгжингүй орнуудад гаргасан бондын өгөөж сөрөг дүнтэй гарч, хөрөнгө оруулагчид эрсдэл бага хувилбарыг эрэлхийлж, уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унасантай холбоотойгоор энэ оны долдугаар cap гэхэд тус улсын өрийн хэмжээ зургаан хувиар өссөн үзүүлэлттэй гарлаа. Наймдугаар сард Монгол Улсын Сангийн сайд тус улсын ДНБ-ий 55 хувиас хэтрүүлж болохгүй өрийн тааз аль хэдийнэ 78 хувьд хүрсэн талаар мэдэгдсэн нь хөрөнгө оруулагчдыг цус харвуулах дөхсөн.
Түүний илчлэлт Монголын зах зээлийн валютын ханш огцом унахад ч нөлөөлөв. Өнгөрсөн сард гэхэд төгрөгийн ам.доллартай харьцах ханш 7.7 хувиар унаж, үндэснийх нь мөнгөн тэмдэгт хөгжиж буй орнуудын дундаа хамгийн сул валют болж хувирсан билээ. Гэхдээ Олон улсын санхүүгийн хүрээлэнгийн Ази номхон далайн ахлах эдийн засагч Бежоё Дас Гупта “Саяхныг хүртэл Монголын зах зээл бүрхэг байсан. Тэд буруу зүйл юу ч хийгээгүй. Гэхдээ хэвийн байдалд орохын тулд хүндхэн сорилттой тулгарна” гэж онцолсон.
2011 онд зэс, алт, төмрийн ханш өссөнтэй холбоотойгоор эдийн засгийн өсөлт нь 17 хувьд хүрч, дэлхийн хамгийн хурдацтай өсөлттэй улс болж байлаа. Одоогоор хөрөнгө оруулагчдийн хамгийн гол найдвар нь өсөлтийн ихэнх хувийг бүрдүүлдэг алт, зэсний уурхай болж хувираад байна. 2015 оны арванхоёрдугаар сар Засгийн газар Рио Тинто компанитай дөрвөн жил дуншсан Оюутолгойн ордын хоёр дахь хэсэг дэлхийн хамгийн том нөөцтэй далд уурхайн гэрээг үзэглэсэн.
Гэвч төсөл амжилттай хэрэгжихэд ханш том саад учруулж байна.Тодруулбал, зэсийн үнэ дэлхийн зах зээлд хоёр дахин унасны улмаас улсын санхүүгийн хямрал гүнзгийрч, шинэ Засгийн газар онцгой нөхцөл байдалд ажиллаж байгаа юм” гэсэн байв.
Xinhuanet.com: Монгол Канадаас хөрөнгө оруулалт татах нь
Тэгвэл манай өмнөд хөршийн төрийн мэдлийн “Синьхуа” агентлагийн цахим хуудаснаа эдийн засгийн хүндхэн сорилттой тулгарч буй манай улс Канадаас хөрөнгө оруулалт татахаар мэрийж, тус улсын спикерийн айлчлалын үеэр ч энэ талаар үг унагаж дөнгөснийг онцолсон байлаа.
“Канадын спикер Жеофф Реган хоёр өдрийн хугацаагаар Монголд айлчиллаа. Айлчлалын хүрээнд хоёр улсын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд талууд тохиролцоонд хүрчээ. Айлчлалын үеэр Реган хоёр улсын харилцааг өргөжүүлж, шинэ шатанд гаргахад түүний энэ удаагийн айлчлал чухал ач холбогдолтой гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн. Тэрбээр “Канад, Монгол хоёр улсад нийтлэг талууд маш их. Хоёр улсын эдийн засаг ч яг адил дэлхийн зах зээл дэх түүхий эдийн үнэ өсч буурахад нэрвэгдсэн” гэж хэлжээ.
Харин Монголын засгийн газрын удирдлагууд гадны хөрөнгө оруулалт тэр дундаа Канадын хөрөнгө оруулалтыг хамгаалж, дэмжинэ гэдгээ онцолж байлаа. УИХ-ын дарга М.Энхболд “Эдийн засгийн хямралын эсрэг Монгол улсын засгийн газар иргэдийнхээ нуруунд хүнд ачаа үүрүүлэхгүйгээр эдийн засгийн нөхцөл байдлаа сайжруулахад гадаадын хөрөнгө оруулалт чухал гэж үзэж байгаа” хэмээн өгүүлсэн. Мөн “Тиймээс бид хөрш болон бусад орнуудын үзүүлсэн хөрөнгө оруулалтыг хамгаалах, дэмжихэд онцгой анхаарал хандуулах болно” хэмээн нэмж хэлэв.
Үүнээс гадна Монголд хөрөнгө оруулсан гадаадын хөрөнгө оруулагчдын аюулгүй байдлыг хамгаалахад Засгийн газраас цогц төвшинд аваачин хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлээд амжив. Улмаар айлчлалын үеэр хөрөнгө оруулалтыг дэмжих засгийн газар хоорондын баримт бичгийг үзэглэжээ” гэсэн байлаа.
www.mining. com: Хямралаас гарах эхний алхам Тавантолгойг хөдөлгөх
Дэлхийн “mining.com”, “reuters”, “finance.yahoo.com” зэрэг томоохон сайтуудад зургадугаар сард болсон сонгуульдүнэмлэхүй ялалт байгуулсан МАН-ын Засгийн газрын хямралаас гарах эхний алхам нь Тавантолгойн ордыг дахин хөдөлгөх гэдгийг тодотгон бичсэн байлаа.
Тус нийтлэлд “Бэлэн мөнгөний гачигдалд орж, улс орон нь дампуурах дээрээ тулаад буй далайд гарцгүй Монгол Улс өвчилсөн эдийн засгаа сэргээх гаргалгааг хайж, Өмнийн говийн том орд Тавантолгойн уурхайг дахин ашиглахаар зэхэж эхлэв. Үүний эхний алхам болж, Тавантолгойн ордын лицензийг эзэмшигч “Эрдэнэс Тавантолгой” төрийн өмчит компани ордын нөөц, эдийн засгийн үр өгөөжийг тооцож эхэлжээ. “Бид боломжит бүх хувилбарыг тооцож байна” хэмээн “Эрдэнэс Тавантолгой” компанийн эдийн засаг, хөгжил хариуцсан захирал С.Ашидмөнх “Ройтерс” агентлагт ярицлага өгөхдөө хэлсэн бөгөөд “Хэрэв эрдэнэс Тавантолгойд цаашлаад Монголын эдийн засагт өгөөжтэй л бол бид хэнтэй ч хамтран ажиллахад бэлэн байна” гэж нэмж хэлжээ.
Зах зээл дэх түүхий эдийн үнийн уналт, Хятадын эдийн засгийн удаашрал, хөрөнгө оруулалтыг хязгаарласан хууль, засаглалын буруу бодлоготой холбоотойгоор хөрөнгө оруулагчид нь дайжсаны улмаас байгалийн арвин их нөөц баялагтай Зүүн Азийн энэ улс хөрөнгө оруулагчдын итгэлийг дахин олохын тулд аргаа барж байна. Уг нь Засгийн газрын албаны их сурвалжийн өгүүлснээр тус улсын эрдэс баялгийн нийт үнэлгээ 1.3 их наяд ам.доллар аж. Өмнөговьд орших Тавантолгойн орд бол гангийн түүхий эд, дэлхийн хамгийн сайн чанарын коксжих нүүрстэй бөгөөд нөөц нь 7.5 тэрбум тонн хэмээн таамагладаг. Гэвч ордын үйл ажиллагааны менежментийг хэн хариуцах нь засаг захиргааны туйлбаргүй хүнд суртлаар тодорхойлогддог нь гол асуудал юм. АНУ-ын уул уурхайн “Peabody energy”, Хятадын Шенхуа болон Орос Монголын консерциумыг үйл ажиллагааны менежмент хийх компаниар тодруулсан боловч, хоёрхон сарын дараа Монголын аюулгүй байдлын зөвлөл цуцалсан шийдвэр гаргасан байдаг.
Улмаар өнгөрсөн жил парламент дээр Тавантолгойг гадны консерциумд өгөхгүй хэмээн шийдсэнээр Хятадын “Шенхуа энержи”, Японы Сүмитомо корпораци хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Mongolian mining Согр”-ийн Тавантолгой дахь сонирхол царцсан. Хэдий тийм боловч дээрх компаниуд Тавантолгойд оролцох сонирхол нь хэвээр байгаагаа илэрхийлдэг юм.
Тэгвэл шинээр байгуулагдсан Засгийн газар Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг нааштайгаар эргэн үзэж, ордыг түшиглэж Японы Марубенитэй хамтран барих цахилгаан станц болон Хятадын Чалько группт төлөх өр зэрэг асуудлыг шийдэхээр ажиллаж эхэлжээ.
www.moodys.com: Зээлжих зэрэглэлийг дахин бууруулж болзошгүй
“Moody’s” хөрөнгө оруулагчдын үйлчилгээний төвөөс Монгол Улсын Засгийн газрын урт хугацааны зээлжих зэрэглэлийг “В2”-оос “ВЗ” болгон бууруулж, ирээдүйн төлвийг “сөрөг” хэмээн үнэлжээ. Үүний зэрэгцээ Засгийн газрын өрийн зэрэглэлийг “ВЗ” болгон бууруулсан бол богино хугацааны зээлжих зэрэглэлд өөрчлөлт оруулалгүй хэвээр үлдээжээ. Тус агентлагийн тайланд дурьдсанаар Монгол Улсын зээлжих зэрэглэл ирэх гурван сард дахин буурах магадлалтай хэмээн үзсэн байна.
Монгол улсын Засгийн газрын хямралаас гарах хөтөлбөрийн үр дүн, түүний ДНБ-ий өсөлтөд үзүүлэх нөлөө гадаад өрийн эргэн төлөлтийг дахин санхүүжүүлэх чадвартай болох эсэхээс шалтгаалж зээлжих зэрэглэлийг дахин бууруулах талаар авч үзнэ гэжээ. Гэхдээ тус агентлагаас ирэх 12-18 сарын хугацаанд Монгол Улсын зээлжих зэрэглэл дахин буурах магадлалтай, сөрөг хандлагатай байна хэмээн дүгнэсэн байгаа юм.
Он гарсаар хоёр дахь удаа манай зээлжих зэрэглэл буурч байгаа нь энэ. Өнгөрсөн наймдугаар сарын 19-нд олон улсын үнэлгээний “Standard & Poor’s”, “Fitch” зэрэг агентлагууд ч манай улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийг “В-“ болгон бууруулсан билээ.
Б.Даваа
Эх сурвалж: Монголын мэдээ