Ч.Энхээ: С.Зоригийн аллагын эзэн Ардчилсан хүчин дотор л бий

1442809222_untitled-2

УИХ-ын ээлжит сонгуулиас хойш АН дотооддоо шинэчлэлийн тухай ярьж, ахмад зүтгэлтнүүд, ардчилсан хөдөлгөөний партизанууд, шинэчлэгчид талцан бужигнах болсон. Энэ талаар Монголын ардчилсан холбоог санаачлан, үүсгэн байгуулагч, Ардчилсан хөдөлгөөний анхны удирдагчдын нэг Чимидийн Энхээтэй ярилцлаа.

АН, ардчиллынхан энд тэнд цуглан шинэчлэл ярьж, уулзалт хэлэлцүүлэг хийх боллоо. Та яагаад чимээгүй байна, энэ бужигнааны  хаана нь явна вэ?

-Би өнөөгийн улс төрийн үйл ажиллагааг огт сонирхохгүй байгаа. Миний хувьд  өөрийн анх оролцож байгуулсан ардчиллын өнөөгийн байдалд тодорхой дүгнэлт хийсэн. Үүнээс гарах арга зам одоогийн байдлаар харагдахгүй байгаа. Нэг үгээр хэлбэл, би  ардчиллын үйл хэрэгт анхнаас нь оролцож явсандаа харамсах хэмжээнд хүрсэн. Дэмий юм хийжээ, буруу зүйл байжээ, маш заваан, хүмүүсийг зовоосон, бодож санаж байснаасаа огт өөр сонин нийгэм байгуулахад гар, хөлөө оролцуулсандаа харамсах болсон. Тиймээс улс төрөөс хол хөндий байхыг хичээж байгаа. Гэхдээ мэдээж, өөрөө эхлүүлсэн, миний оролцоотой явсан юм болохоор сэтгэл зовох, санаа чилээх зүйлүүд байлгүй яахав.

Тэгвэл улс орны өнөөгийн байдалд ямар дүгнэлт хийж байна?

-Монгол  орон нэг том дайсантай болжээ гэж ойлгож байгаа. Уг нь манай улс дэлхийн улс орнуудтай харьцуулахад завшаантай зүйлүүд бий. Гаднаас ил харагдах, айлгаад байдаг  дайсан байхгүй. Гэтэл бид өөрсдөө дотроосоо маш аюултай, улс орныг бүхэлд нь унагаах дайсныг төрүүлчихсэн байгаад гол асуудал байна. Тэр дайсан нь юу вэ гэвэл, улс төрийн намууд. Улс төрийн нам гэдэг утгаар аваад үзвэл манайд нам байхгүй болчихож.  Дандаа ашиг сонирхлын бүлгүүд болсон байна. Өөрөөр хэлбэл, улс төрийн нам гэдэг нь улсыг хөгжүүлэх хөдөлгүүр байх үүргээ биелүүлж чадахаа байгаад авлигач, урваачдыг төрүүлдэг, дараа нь тэднийгээ хаацайлдаг, төрийн мөнгийг  их хэмжээгээр идэж шамшигдуулсан улс нь нуугдаж зугтдаг, орогнодог оромж болж хувирсан. Хуучин, шинэ  гэж би хэлэхгүй, бүгд адилхан болсон. Аман дээрээ бүгд “Ард түмний төлөө” гэж ярьдаг боловч цаанаа ийм байдалтай. Одоо  зүгээр албан тушаалд хүрэхийн тулд намд ордог болж. Энэ байдал өөрчлөгдөөгүй цагт Монгол Улс цаашид хөгжих ирээдүйг би л лав олж харахгүй байна. Яаж ч шинэчлээд, яаж өөрчлөөд өөдтэй юм болохгүй.

АН ч юм уу ардчиллаа аваръя гээд байгаа хөдөлгөөнүүдээс та хол байгаа гэлээ. Ардчиллын анхдагчдаас тань руу холбогдож байна уу?

-Надад огт хэлэхгүй, дуулгахгүй байгаа. Үнэнийг нь шударгаар хэлчихдэг  болохоор тэгдэг биз надтай ямар нэг холбоо харилцаа байдаггүй. Ерөөс Ч.Энхээ гэдэг хүн ардчилалд огт байгаагүй гэсэн царайтай явцгаадаг. Манай ардчиллынхан одон, тэмдэг, янз бүрийн юмаар шагнуулдаг ч надад тийм зүйл байхгүй.

Ингэхэд ардчиллын анхдагч гэснээс би мөн, тэр биш гэлцсэн баахан хүн байх юм. Ардчилсан хувьсгалынхны түүх бүдгэрч, хэн нь үнэн яриад байгаа нь ч ойлгомжгүй байдаг?

-Уг нь 1989 оны арваннэгдүгээр сард анх Залуу уран бүтээлчдийн II зөвлөгөөнөөс эхэлсэн юм шүү дээ ардчилсан хөдөлгөөн чинь. Тэндээс эхэлсэн хүмүүс бол манай кино үйлдвэрийн хэд. Орчуулгын киноны редактор Б.Нарантуяа, найруулагч Б.Жумдаан, Ж.Биндэр, “Нохой орон” киног найруулсан, сэтгүүлч Д.Төрмөнх, нүүр хувиргагч Ж.Эрдэнэ-Уул, зураач Л.Бэхбат, Ц.Орхон нарын олон хүн Ардчилсан холбоо гээч байгууллагыг анх байгуулсан. С.Зориг, Э.Бат-Үүл хоёр бол бүүр сүүлд орж ирсэн хүмүүс дээ. Э.Бат-Үүл “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт орохдоо “Байгаль хамгаалах тухай ярьсан баахан залуучууд л байсан гэсэн, тэр анх Залуу уран бүтээлчдийн II зөвлөгөөн дээр. Би жинхэнэ улс төрийнх нь үйл ажиллагааны чиг, замыг зааж өгсөн” гэж туусан. Өөрөөр хэлбэл, Дарь.Сүхбаатар, Ц.Элбэгдорж, Чимидийн Энхээ нар ойн цагдаа нарын холбоо байгуулах гээд “ухнатаж” байсан бололтой байгаа юм. Тэгсэн чинь Владимир Ильич Бат-Үүл гуай  гарч ирээд бидний хандах зүгийг нарны туяа мэтээр зааж өгсөн, түүгээр нь бид замнаад явсан бололтой байгаа юм. Үнэнийг  нь хэлчихэд ардчиллын анхнаас явсан гурван хүн гээд байгаа С.Зориг, Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж нарын байр суурийн тухайд  маш сонин  баримтууд бий шүү. С.Зориг бол  социализм, коммунизмыг  шинэчлэн байгуулахад болно гэсэн бодолтой орж ирсэн. Шинэ коммунист нам байгуулна, социализм, коммунизмын  жинхэнэ замаар замнана. Өнөөдөр Монголд Сталинизм, Цэдэнбализм үүрлэчихсэн байна. Үүнийг өөрчилж, яг Маркс, Лениний заасан, зорьж зүтгэж байсан тэр замаар явна гэж орж ирсэн. Э.Бат-Үүл юу ярьж байсныг бүгд мэднэ дээ. Мань хүн тэр үед МАХН –д өөрчлөн байгуулалтыг түргэн, шуурхай хийхэд нь бид туслах үүрэгтэй. Удаад байна, бид шахалт үзүүлж түргэн хийлгэе  гэсэн ганцхан зүйл л ярьдаг байсан. Өөр юм хэлж, ярьж байсныг нь би санахгүй байна.  Ц.Элбэгдорж бол өөрийнхөө тухай номондоо бичсэн дээ “Би Ардчилсан холбоог үүсгэн байгуулж эхний хэдэн сар юунд орчихоод юуны төлөө явж байгаагаа огт ойлгохгүй байсан” гэж. Ийм л гурван хүн өнөөдөр ардчиллын эх үүсвэрийг тавьсан гэдэг нэр зүүчихээд явж байгаа шүү дээ.

Тэгвэл ардчиллын жинхэнэ эхлэлийг тавьсан хүмүүс нь хэн юм бэ?

-Сая хэлдэг гурав бол ардчилалд огт оролцоогүй хүмүүс байгаа биз. Ярьж байсан зүйл нь л тэр. Ардчиллын эх үүсвэрийг хэн тавив гэхээр хүн олддоггүй. Сүүлд энэ гурван хүн дээр Д.Сосорбарамын нэр нэмэгдэж, гурвуулаа биш дөрвүүлээ байсан юм байна гэсэн ойлголтод хүрэхээр байдлыг байн байн харуулаад байгаа. Д.Сосорбарам бид хоёр Багшийн дээдийн кино драмын дээд, доод ангид байсан.  Бие биеэ мэднэ, оюутан байхын найзууд. 1989 оны  Залуу уран бүтээлчдийн II зөвлөгөөний хоёр дахь өдрийн хуралдаанд орж ирэхэд нь би Д.Сосорбарамд хэлж байсан юм “Найзаа, бид залуучуудын улс төрийн байгууллага байгуулж, тэмцэл хийх зорилготой байна. Чи бас үүнд нэгдэж орооч” гэж. Гэтэл “Энхээ би нам, төрийн эсрэг тийм заваарсан үйл ажиллагаанд оролцохгүй. Найзын хувьд  чамд ч гэсэн тийм юманд оролцохгүй байхыг зөвлөж байна” гэсэн дээ. Д.Сосорбарамын  Ардчилсан холбоог дэмжиж, оролцож яваа гэдгийг нь би хэзээ мэдсэн бэ гэвэл,  Ленин багшийн нас барсан өдөр Ц.Элбэгдорж “Дурсгалыг нь хүндэтгэе”  гээд малгайгаа авсан өдөрлөгийн үеэр С.Зоригийн дэргэд зогсч харагдсан. Өнөөдөр ардчиллын түүх өөрөө будлиантай болсон, анхнаас нь хөтөлж ирсэн маш олон бичиг баримтыг устгасан байдаг.  Залуучуудын соёлын төвийн үүдэнд болсон Ардчилсан холбооны анхны цуглаан  гэхэд л холбооны нэрээр яваагүй юм шүү дээ. Бодит түүхээрээ бол Чимидийн Энхээгийн зохион байгуулсан цуглаан гэж явдаг юм.

Тэр нь ямар учиртай юм бэ?

-Тэр цуглааныг зохион байгуулах гээд бид цуглаж ярилаа, тухайн үед. Төр төмбөгөр, ёс ёмбогор гэж нэг юм бий. Ямар ч байсан чимээгүй хийж болохгүй. Тийм цуглаан зохион байгуулж байгаа гэдгээ Хотын захиргаанд мэдэгдье. Цагдан сэргийлэх газрын хэв журмын тасагт мэдэгдье. Аюулаас хамгаалах яаманд мэдэгдье гэсэн.  Ингээд МоАХ-ны зохицуулах зөвлөлийн гишүүн С.Амарсанаа бид хоёр Хотын захиргаан дээр очсон. С.Амарсанаа маань “Би болилоо, орохгүй” гээд доор миний хувцсыг бариад үлдсэн. Би ганцаараа орсон.  Тэгэхэд Хотын захиргааны дарга байсан С.Мөнхжаргал гуай, сүүлд “Казино” гэж нэрлэгдэх болсон Их хурлын гишүүн агсан С.Батчулуун тухайн үед хотын захиргаанд хэлтсийн зааварлагч байсан юм. Тэр хоёр намайг хүлээж авч уулзаад “Ардчилсан холбоо гэдэг байгууллагад чинь цуглаан хийх зөвшөөрөл өгөхгүй” гэсэн. “Яаж байгаа юм бэ” гэхэд хэдэн залуу Ардчилсан холбоо гэдэг байгууллага байгуулсан гэж яриад явааг бид мэднэ. Гэхдээ албан ёсоор баталгаажсан бүртгэл, тамга тэмдэг, албан ёсны үйл ажиллагаа явуулах  байхгүй. Ийм учраас зөвшөөрөл өгөхгүй гэсэн. Тэгэхээр нь би “Хувь хүнд зөвшөөрөл өгч болох уу” гэсэнд “Болно. Тэр бол Үндсэн хуульд  заасан эрхийн асуудал” гэхээр нь би өөрийнхөө нэр дээр зөвшөөрөл авъя гэж тэр дор нь “Чимидийн Энхээ миний бие арванхоёрдугаар сарын 12-нд Залуучуудын соёлын төвийн үүдэнд хүний эрхийн өдөрт зориулсан цуглаан зохион байгуулна. Эмх цэгц, дэг журмын бүх асуудлыг би бүрэн хариуцна. Ямар нэг зөрчил гарвал бүх хариуцлагыг би дангаараа хүлээх болно” гээд гарын үсгээ зурсан. Дараа нь Цагдан сэрийлэх газар руу явахад С.Амарсанаа надаас салаад яваад өгсөн тул бас ганцаараа очсон. Тухайн үед цагдаагийн хэв журмын хэлтсийн дарга байсан хурандаа Л.Гарамжил /сүүлд генерал болсон/ дээр орж учраа хэлэхэд, миний зоригтойг гайхаад “Болж байгаа юм уу. Осолтой асуудал шүү. Чи бүх хариуцлагыг үүрнэ шүү” гэсэн. Ингээд надад цуглааны дэг журмын талаар зөвлөгөө өгч гарын үсэг зуруулаад  гаргасан.  Тэр бичгийн нэг  хувь надад бий. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл 30-аад жил болоход ардчиллын үйл хэрэгт огт оролцоогүй хүмүүс ямар албан тушаал, эрх мэдэлд хүрч байна. Миний нэрээр анх цуглаан хийсэн холбоо өнөөдөр намайг яаж үзэж байна гэдэг хоёрын хооронд тэнгэр газар шиг зөрүү бий. Намайг ардчилалд огт оролцоогүй, за яахав ганц нэг удаа явах нь явж байсан, айгаад зугтаасан гэж гүтгэдэг. Э.Бат-Үүл бүр улайм цайм Сүхбаатарын талбай дээр ардчиллын 20 жилийн ойг тэмдэглэхээр өчнөөн хүн цуглуулчихаад тэрэн дээрээ “Чимидийн Энхээ авгайгаасаа айгаад ардчиллаас зугтсан” гэж гөрдсөн. Гэтэл Э.Бат-Үүл өөрөө анхны цуглаан дээр гарч ирж үг хэлэх ёстой байснаа зугтаагаад хогийн савны ард нуугдчихсан байсан.  Тийм л хүн шүү дээ. Тэгсэн атлаа дараа нь намайг тэгж хэлэхдээ хүртэл ёс зүй нь доошоо орсон улсуудтай би хамт явж байсан гэж бодохоор харамсдаг. Тэр үед Э.Бат-Үүлтэй барьж байсан гараа өнөөдөр дахин дахин угаамаар санагддаг. Үнэнийг хэлэхэд тийм байна. Өнөөдөр эргээд харж байхад, бодож суухад ардчиллын төлөө гэсэн тэмцэл маань явж явж Ц.Элбэгдорж, .Бат-Үүл тэргүүтэй цөөн хэдэн хүнийг дэлбэ баяжуулахын төлөө, тэднийг маш их эрх мэдэлд хүргэхийн төлөө болсон юм биш биз дээ. Одоо би тэгж л боддог.

АН  ч гэсэн  тэр л ашиг сонирхлыг хангах байгууллага, бүтэц болж дээ?

-Тийм. Хотын захир­гааны дарга С.Мөнхжаргал гуайн тэр үед хэлдэг үнэн л дээ. Ардчилсан холбоо албан ёсны бүртгэл байхгүй учраас данс байхгүй, тэгэхээр мөнгө орж ирэх боломжгүй байсан. Гадаад, дотоодоос асар их  хөрөнгө орж ирж байсан.  Шулуухан хэлэхэд, анхны тэр цуглааныг хийж коммунист үзэл баримтлалаас татгалзана гэснээс хойш Ардчилсан холбоо барууны тусгай албадын хөрөнгөөр санхүүжиж эхэлсэн. Данс байхгүй байсан учраас тэр мөнгө  ардчилсан хөдөлгөөний удирдагчид, хувь хүмүүсийн дансаар орж ирж байсан. Тэр дотроос мөнгөний тал нь алга болж байсан.

Тэгвэл АН сонгуульд ялагдсанаар тэр ашиг сонирхлоо хэрэгжүүлэх боломжгүй болсон. МАН олонх болж эрх барьж бай­на. Монгол Улсыг аврах, хөгжүүлэх хүчин хэн бэ?

-Монгол Улсыг аврах, өнөөгийн байдлаас гаргах ганцхан гарц л харагддаг. Ерөнхийлөгчийн засаглал бий болгож, гарт нь бүх эрх мэдлийг атгуулж, хагас авторитар дэглэм тогтоочих хэрэгтэй. Авторитар, тоталитар гэж хоёр дэглэмийг манайхан ойлгодоггүй. Нэг нь диктатур, нөгөө нь цирания гэсэн хоёр үгээр илэрхийлэгддэг.

Циран гэдэг нь бүр нухчин дарангуйлагч гэсэн утгатай. Диктатур гэдэг нь дарангуйлах дэглэх гэсэн утгатай. Манайхан хоёуланг нь дарангуйлагчид гэж ойлгодог. Циран биш диктатурыг бий болгож, энэ намуудын үйл ажиллагааг  түр хугацаагаар бүгдийг зогсоож, ядаж найман жил ийм байдалд  оруулан, УИХ-ын сонгуулийн үйл ажиллагааг шалгуурыг нь сайтар тавиад дан бие даагчдаас бүрдүүлэхээр өөрчлөх. Тогтолцоог бүгдийг өөрчлөх хэрэгтэй. Өнөөдөр 801 хүний гарын үсэг цуглуулчихсан бол “Шаазан суултуурын нам” байгуулъя гэсэн ч бүртгэдэг болчихоод байгаа шүү дээ. Гэтэл намд  хүний  тоо чухал биш. Таван хүн нийлээд ч нам байгуулж болно. Гэхдээ тэр таван хүнд үнэхээр Монгол Улсыг  хөгжүүлэх тодорхой хэмжээний шинжлэх ухааны үндэс байна гэж хүлээн зөвшөөрөгдсөн нэг үзэл баримтлал, түүнд хүрэх арга замын өөрийн гэсэн байр суурь байх хэрэгтэй юм. Тэрийг хэн ч шаардахаа байчихсан. Сүүлийн үед жаахан шударгадуу намуудыг замын дунд нь унагаадаг шинэ технологи бий болж байна шүү дээ. Та нар анзаарсан уу?

Та ХҮН-ыг хэлж байна уу?

-Тийм. ХҮН-ыг анх байгуулахад хүмүүс маш их дэмжсэн. Нэр хүнд олж сайн байхад нь замын дундаас унагаасан. Тиймээс Их хурлын сонгуульд орж чадсангүй.

Та түрүүнд АН  анх ингэж, ийм л зорилгоор үүссэн гэлээ. Тэгвэл ардчиллыг эхлүүлсэн удирдагч гээд байдаг гурав, тухайлбал С.Зориг, Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж нарын дунд  ямар эрх ашиг, зөрчил тэмцэл байсан юм бол. С.Зоригийг хөнөөсөн хэрэгт  Э.Бат-Үүл яагаад сэжигтэн-яллагдагчаар татагдаад  байна вэ? 

-Би мэдэхгүй байна. Мэдэхгүй учраас үгүйсгэж чадахгүй. Өө, Бат-Үүл  тэгсэн гээд баталж бас чадахгүй. Ямар нүдээр харсан биш дээ.  Харин энэ гурвын хооронд эрх ашгийн зөрчил байсан уу гэвэл байсан. Яагаад гэвэл, Э.Бат-үүл бүр эртнээс эрх ашгаа зарласан “Би Ерөнхий сайд болно. Ерөнхий сайд болоод боловсролын сайдаа дагуулаад гадаадын маш олон улсаар явна” гэсэн. Энэ бас  телевизээр ярьсан яриа нь шүү. Дараа нь С.Зоригийн нэрийг Ерөнхий сайдад дэвшүүлэхийн өмнө Э.Бат-Үүлийг дэвшүүлэхэд Их хурал хүлээж аваагүй унагаачихсан юм. Тэгээд С.Зориг гарахаар болсон байхгүй юу. Магадгүй түүн дээр тэр хоёрын хооронд ямар нэг байдлаар одоо нөгөө  Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл хоёрын хооронд бас нэг Ерөнхийлөгч болох гэсэн юмнаас болоод асуудал үүсээд байгаа шиг тийм маягийн зүйл  тэр үед байсан байхыг үгүйсгэхгүй. Яагаад гэвэл, Э.Бат-үүл нэг тийм  шартай нөхөр. Тухайн үед өөрийнх нь амнаас унасан үг ч бий. “С.Зориг одоо Ерөнхий сайд болж чадахгүй байж  болох гэж намайг унагаахад гар бие оролцсон” гэсэн нэлээн гомдолтой үг дуугарсан тохиолдол байдаг юм. Тийм учраас С.Зоригийг Ерөнхий сайд болгохгүйн тулд тийм зүйл хийсэн байхыг би үгүйсгэхгүй. Тэгэхдээ  яг таг баталж бас  чадахгүй. Ямар ч байсан би нэг зүйлийг хатуу хэлдэг. Аль дээр үед С.Зоригийг нас барахад ч хэлсэн. С.Зоригийн аллагын эзэн Ардчилсан хүчний дотор гэж бий. Одоо захиалагч нь гэх юм уу. Тэр нь яг хэн юм бэ гэдэг дээр би бас хатуу хэлж чадахгүй. Сүүлд Нинж тэгж хэлсэн чинь түүнийг баривчилчихсан, би их гайхсан. Уг нь тэр үгийг чинь улс төр судлаач С.Эрдэнэтуул бид хоёр хамгийн түрүүнд хэлсэн. Бид хоёрыг хэн ч баривчлаагүй. Яагаад бид хоёрын хэлсэн үгийг давтаад хэлсэн Нинжийг сүүлд нь барьсныг ойлгоогүй. Нинжийг баривчлахад би хэлж байсан “Нинж буруугүй ээ, миний ярьсан зүйлийг наадах чинь давтаад хэлсэн байна. Та нар намайг барих ёстой шүү дээ” гэхэд хэн ч тоогоогүй. Тэгээд Нинжийг баахан суулгаж байгаад гаргах шиг болно лээ.

Өнөөдрийн ардчиллын тухайд та юу хэлэх вэ. Ялангуяа хууль ёс, шүүх засаглалын тухайд хуульч хүний хувьд ямар бодолтой байна?

-Сүүлийн үед ойлгохоо байсан. Манай хуулийн байгууллагууд их л улстөрж­сөн шинжтэй. Тэр дотор нэг аюултай юм байгаад байгаа юм. Ерөөс манай хуулийн систем илт төрийн тогтолцооноос ч илүү унаж эхэлж байна. Юунаас болов гэвэл өнөөгийн хуулийн байгууллагад байх ёсгүй юмыг өөртөө аваад наачихсан. Тэр нь шүүх, шүүгч хоёр шударга ёсны хэмжүүр байна гэсэн юм. Хэзээ ч тийм зүйл байдаггүй, байж ч болдоггүй юм. Дундад зууны үед л байсан зүйл.тэр үед тодорхой хууль байгаагүй учраас янз бүрийн хэрэг маргааныг хаан буюу ямар нэг хэмжээгээр хууль тогтоох эрх олгосон түшмэл, сайд шүүн таслах үйл ажиллагаа явуулдаг байж л дээ. Тэр үед шүүхийн үйл ажиллагаа шударга ёсны хэмжүүр гэж үзэж байж. Өнөөдөр тийм зүйл байхгүй. Шүүхийн хамгийн гол үүрэг эрх баригчдын баталсан хуу­лийн хэрэгжилтийг хан­гах, зөрчил гарвал буруутай этгээдэд тохирсон хариуцлагыг тооцох ийм л үүрэгтэй.  Өөрөөр хэлбэл, УИХ-аас баталсан хууль хэрэв шударга гарвал шүүхийн үйл ажиллагаа шударга явна. УИХ-аас ямар нэг байдлаар нийгмийн аль нэг анги, давхаргын эрх ашгийг хамгаалсан хууль гаргаад байвал шүүгчид тэрийг өөрчлөх эрх байхгүй. Тэгэхээр ямар юмных нь шударга ёсны хэмжүүр байдаг юм бэ.  Үнэнийг хэлэхэд, шүүгч хүн өнөөдөр дангаараа шударга ёсны хэмжүүр байх мэдлэг боловсролын хэмжээ нь хүрэхгүй байгаа. Нэг онигоо хэлье л дээ, манай хэдэн өмгөөлөгч Чингэлтэй дүүргийн шүүхийн хажууханд нэг өрөө түрээслэж суудаг байсан юм. Бид хоорондоо шүүгчдийн мэдлэг, боловсролын талаар их ярьдаг байлаа. Нэг удаа туршилт хийж, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн шүүгчдийн дунд нэргүй  асуулга, тест  явуулдаг юм. Нэргүй явсан боловч, бид хэн гэдэг шүүгч юу гэж хариулсныг мэдэж байсан л даа. Тэр  дотор “Таны хамгийн их хүндэлж, хайрлаж явдаг хуульч хэн бэ” гэсэн  асуултад “Хуульч Сандаг” гэж хариулсан хүн өнөөдөр Улсын дээд шүүхэд шүүгч болсон байгаа. Анотолий  Фёдрович Кони гэж хэн бэ гэсэн асуултад “Анатолий Фёдрович гэдэг нь хэн болохыг би сайн мэдэхгүй юм, уучлаарай. Кони гэдэг нь морь гэсэн олон тооны л үг шүү дээ” гэсэн хариулт өгсөн. Тэр чинь дэлхийн алдартай хуульч шүү дээ. Тэгсэн тийм хариулт өгсөн хүн бас Дээд шүүхийн шүүгч болчихсон явах жишээтэй. Миний хувьд шүүгч нарын мэдлэг, боловсролын асуудалд хангалтгүй байна гэж үздэг. Шүүгч нар тийм байдаг гэхээр  нийгэм маань ч тийм болчихсон гэсэн үг.

Шүүгчдийг шүүмж­лэхээр таныг өөрөө юу чад­даг юм бэ гэсэн сөрөг асуулт  бас ирэх байх даа. Үүнд яг одоо энд хариулчих уу?

-Би биеэ магтвал таны цаг зав, танай сонины зай талбай  харин яадаг бол доо /инээв/.

Яагаад байж болохгүй гэж… би асуусан шүү дээ.

-Тэгвэл  хариулъя л даа. Би 15-16 настайдаа дэлхийн бүх түүх, томоохон тулалдаанууд хаана яаж болсон, ямар жанжнууд удирдсан гэдгийг цээжээр мэддэг байлаа. Дэлхийн газар зүйн бүх шинэ нээлтийг судлаад мэдчихсэн байсан. Гадаа гараад тэнгэр рүү заахад гурван марал тэр байна, альфа центаврын бүлэг од тэр, адаг чуулганы мананцар энэ байна, сүүн зам нь тэр гээд заадаг байсан. Пеницеллинийг анх хэн зохиосныг мэддэг байсан. Кохын савханцарыг яаж нээснийг мэддэг байсан. Дотоод шаталтын хөдөлгүүр хэрхэн бий болсон би бүгдийг мэддэг байсан. Дэлхийн бүх улс орны үйлдвэрлэсэн машиныг он дарааллаар нь  судалсан. Тэр үед Дон Кихотыг, Шекспирийн бүх зохиолуудыг уншчихсан, Шиллерийн шүлгийг бүгдийг уншаад, заримыг  нь цээжилчихсэн  байсан. Би тэр үед бусдаас ухаантай байсан уу гэвэл үгүй. Ерөөс тоосны мангас шиг тэгж их мэдээлэл авдаг. Шүхэртийн Алтангэрэл, Гончигсумлаагийн Дима, орос сургуулийн ланжгаруудын дэргэд миний мэдлэг өчүүхэн байсан. Гэтэл өнөөдөр миний тэр үеийн сэхээтнүүд дотор өчүүхэн гэж гологдож байсан  хэмжээний мэдлэгтэй нэг ч Ерөнхийлөгч байхгүй. Үүнийг би баталгаатай хэлнэ. Нэг ч Ерөнхий сайд байхгүй. УИХ-ын гишүүн, сайд  нарын тухайд яриад ч хэрэггүй. Ийм хэмжээнд хүртэл бидний ерөнхий боловсрол, боловсролын фон доошоо уначихсан. Их хурлын зарим гишүүнтэй уулзаад шүүмжлэхэд тэд бас их асуудаг юм. “Монгол Улсыг хөгжүүлэхэд Дон Кихот ямар хамаатай юм бэ. Тэрийг заавал мэдэж байж хөгжүүлэх ямар албатай юм бэ ” гэж. Уучлаарай, Дон Кихот салхин тээрэмтэй үзэлцэж байсныг хэрэглээд яах вэ гэсэн үг биш л дээ. Дэлхийн хүн төрөлхтөн гэдэг нэг гэр бүл. Дэлхий гэдэг нэг л гэр бол улс үндэстнүүд бүгд тэр гэр бүлийн гишүүд гэдгийг бүгд мартжээ. Дэлхийн хүмүүсийг бид хоёр хуваадаг болчихсон байхгүй юу. Сармагчингаас гаралтай нэг хэсэг байна. Тэр дотор тэнгэрээс гаралтай бас нэг хэсэг байна, тэр нь монголчууд гэж үзсэн. Монголчууд өөрсдөө тэнгэрлэг гаралтай учраас дэлхийн хүн төрөлхтөний түүх, пинциллинийг хэн нээсэн энэ тэр хамаагүй гээд бид хаяад байна. Гэтэл дэлхийн түүх, улс орны хөгжил юунаас хамаардаг вэ гэхээр дэлхийн түүхийг хэр мэдэж, чи өөрөө дэлхийн хэмжээнд хэр сэтгэж чадаж байна гэдгээс хамаардаг. Өнөөдөр Монголыг хөгжүүлж чадна гээд гараад ирсэн хүмүүс бүгд гадаадынхны амыг харж суудаг болсон. Өөрсдөө юу ч шийдэж чадахаа байсан.

Жишээлбэл?

-Монгол Улсын сан­хүү, мөнгөний бодло­готой холбоотой асуудлаар ОУВС, Азийн хөгжлийн банк,Дэлхийн банк гэх олон нэртэй Америкийн холбооны  нөөц шахуу банкны салбаруудын хэмжээний байгууллагуудыг хараад суудаг. Тэдний амаар заалгахгүй нэг ч алхам хийж чадахаа байсан. Би барууныхныг үзэн яддаг. Дэлхий хоёр л хэсэгт хуваагддаг байсан, эрт дээр үеэсээ. Өрнө, Дорно гэсэн хоёрхон хэсэг. Дорно дахин нь Азийн хэсэг, Азийн буланд хавчуулсан Европ жаахан газар шүү дээ. Америкийг нээсний дараа тэд аягүй муухай оодорсон. Өрнөд мундаг, өндөр соёлтой гээд л даналздаг. Гэтэл  монголчуудын морин туурайн мөр тэнд одоо хүртэл байгаа шүү дээ. Гэтэл бид тэдэнд 75-аар бууж өгөөд байж байдаг. Ардчилал анх эхэлсэн Залуу уран бүтээлчдийн зөвлөгөөн дээр Монголын онцлогтой ардчиллыг хөгжүүлнэ гэж ярьж байсан зүйлээ хуйгаар нь хаяад оросуудыг, америкчуудын шахалтаар хөөж явуулчихаад оронд нь америкчуудыг авчраад тэдний амыг харж суудаг болсон. Бүх юмаа заалгадаг болсон. Манайд өөрөө мэдээд Монгол Улсын үйл ажиллагааг зохицуулдаг нэг ч хүн, нэг ч удирдагч, нэг ч Их хурлын гишүүн, сайд   байхгүй.

Одоо үүсээд байгаа хямрал, эдийн засгийн хүнд байдлаас МАН гаргаж чадах болов уу?

-Би хөндлөнгөөс ганцхан юмыг л ажигладаг. МАН, АН-ын аль нь ч Монгол Улсыг энэ байдлаас гаргаж чадахгүй. Үнэхээр хогийн байдалд ирсэн. Бүх юманд макро, микро гэсэн хоёр л түвшин бий. Манай бүх макро үзүүлэлт унасан. Эдийн засгийн тухайд бол авах юмгүй болсон. Наад зах нь гадаад өр талийсан. Ийм өртэй Монгол Улс хөгжих үү. Ирэх жилээс өрөө төлнө гэж байгаа. Төлөх өрийн хэмжээ Монгол Улсын нэг жилийн  ДНБ-ний хэмжээтэй бараг тэнцэж байна. Өрөнд байдгаа өгчихөөр бид өөрсдөө юу идэж, уух юм бэ.  Үйлдвэрлэл байна уу байхгүй. Дандаа гадаадаас юм авчирч зардаг, ийм л тогтолцоотой. Монголд авто засварын газрын дэргэд чиргүүл үйлдвэрлэдэг болоход би яваандаа машин үйлдвэрлэдэг болох нь гэж баярлаж байсан үе бий. Зах зээлд орлоо гээд бүгдийг байхгүй болгосон. Шаазангийн үйлдвэр ясны шаазан хийх гэж туршаад эхлэхэд баярласан., бас л алга болгочихсон. “Монэл”-ийг байгуулахад компьютерээ өөрсдөө хийх нь гэж бодсон. Байхгүй болсон. Макро түвшний юмаа бид өөрсдөө ухаж хаяад юм ярихаараа дандаа микро түвшинд яриад байдаг. Саяхан Гадаад харилцааны яамнаас  Монгол Улсыг гадаадад сурталчлах өдөр зохион байгуулсан. Юуг нь сурталчлах юм бэ. Монголчуудынтухай юуг нь мэдэхгүй байгаа юм бэ. Тэндээс ганцхан зорилго харагдаж байгаа нь бид сайхан улс, та нар шиг ардчилсан улс болох гээд ядаад байна.Тиймээс та нар зээл, тусламжийнхаа хэмжээг нэмэгдүүл гэж гуйх гээд тэрийгээ гоё нэрээр хааж байна. Би Монголын ирээдүйг гэрэл гэгээтэй  талаас нь  харж чадахгүй байна.

Тэгвэл танд юу гэрэл гэгээ оруулдаг юм бэ?

-Надад гэрэл гэгээ оруулж байгаа  цорын ганц зүйл бол одоогоор уран бүтээл маань байна даа.

Та зохиол бичиж байгаа юм уу?

-Үгүй ээ, уран зур­гаа  оролдож байна.  Хажуу­гаар нь хуулийн чиглэлээр судалгааны  ажил хийж байгаа. Миний хувьд Монголын төлөө хангалттай зорьсон, зүтгэсэн. Тэрнээсээ болж социализмын үед Хятадын тагнуул гэж гүтгэгдэн шоронд удаан хугацаагаар суулгасан. Тэр хонзондоо ардчиллыг эхлүүлсэн. Гэтэл ардчиллыг эхлүүлсэн миний оролцоог бүгд үгүйсгээд байгаа. Монголын төлөө, ардчиллын төлөө хийсэн бүх зүйлээ би хулгайд алдаад дууссан. Харин зураг зурах авьяасыг маань  хэн ч хулгайлж чадахгүй  байх гэж  найдаж байна.

Та ардчилагчид, хамтран зүтгэгчиддээ их гомджээ дээ?

-Ер нь бол миний ачаар өндөрлөгт хүрсэн хүмүүс эргээд намайг муулж байгааг ойлгохгүй юм. Ер нь бол Монголын баячууд, өндөрлөгт хүрсэн бүх хүн, төрийн өндөр албан тушаалтнууд надад баярлалаа гэж хэлэх өртэй шүү. Ардчиллыг би эхлүүлсэн, тэдний өндөрлөгт гарах боломжийг тавьж өгсөн. Тэд мундаг чадалтай байсан юм бол намайг ардчилал гэж салбаганаж давхихаас өмнө  хийгээд явж байхгүй яасан юм бэ. Баярлалаа гэхгүй ч муулахгүй байж болноо доо. Гэтэл ам ангайх бүртээ намайг муу хэлдэгт нь би дургүй. Тус хүргэчихээд эргээд доромжлуулах сонин санагдаад байдаг юм. Ер нь тэгээд ардчилал гээд хүний эрх, эрх чөлөө гэдэг баруунаас хуулсан юм хийсэнд би дургүй. Байж болохгүй зүйл шүү дээ. Ингээд ярихаар бухимдал төрөх юм. Өнөөдөр мэд­лэгийг яаж эзэмшиж бай­гааг та нар анзаарч байгаа юу?

Мөнгө л шийдэж байна даа, бүхнийг?

-Би энэ мэдлэгийг эзэмш­сэ­нээр миний ор­лого яаж нэмэгдэх вэ гэдэг ганцхан талаас хардаг болсон. Тиймээс Дон Кихот надад хэрэггүй, Шекспирийг уншиж яах юм гэхээс яахав. Үнэхээр тэрийг уншсанаар тэр хүний орлого нэмэгдэхийг хэн ч хэлж чадахгүй л дээ. Ийм л байна.

Ярилцлага маань энэ хүрээд өндөрлөж байна. Эцэст нь үзэг нэгтэйн хувьд асуухад нэрт зохиолч, Төрийн шагналт Чойжилын Чимид агсны зохиол бүтээлийн алтан замыг үргэлжлүүлэх хүн нь таныг гэлцэж байсанүе уг нь бий дээ. Бичиж, туурвихаа орхичихож байгаа юм уу?

-Зохиол, бүтээл хий­хээ больсон. Сүүлд нийтлэлийн хэдэн ном гаргасан.  Хаана явна гээд зорьж ирж ярилцсанд талархлаа.

Ч.Үл-Олдох

Эх сурвалж:”Зууны мэдээ” сонин

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Дэвид Камерон бараалхав

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард …