Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар хэлэлцүүлэг боллоо

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос өнөөдөр /2016.10.12/ “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилт, цаашдын зорилт” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордноо зохион байгууллаа.

01

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан, Монгол Улс НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенцид 2008 онд нэгдэн орсон бөгөөд УИХ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг 2016 оны хоёрдугаар сарын 05-нд шинэчлэн баталсан. Хууль батлагдан хэрэгжсэнээр хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажилд авах, ажлын байран дахь бүх төрлийн ялгаварлыг арилгаж, тэдэнд ажиллаж амьдрах таатай орчинг бий болсныг онцлов.

10

Хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 60 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах, хөгжлийн төвийн барилга барих, тоног төхөөрөмжөөр хангах гэрээ хийгджээ. Барилгын шавыг 2016 оны есдүгээр сард тавьж, хоёр жил таван сарын дараа ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа аж. Мөн Азийн хөгжлийн банкны 25 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог хангаж, үйлчилгээг сайжруулах төслийг Засгийн газар, УИХ-аар батлуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа юм байна. Энэ төслийг 2017-2020 он хүртэл хэрэгжүүлэх аж.

Дараа нь Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилт, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох, нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах талаар холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтийн байдал, Ерөнхий боловсролын тусгай хэрэгцээт сургуулиудын үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцан цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулж, тус Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа илтгэл тавьсан юм.

05

Тус ажлын хэсэг ерөнхий боловсролын тусгай 25, 29, 55, 70, 63,116 дугаар сургууль, Дархан-Уул аймгийн “Энэрэл” цогцолбор сургууль болон цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолбор, Дохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбоо, Хараагүй иргэдийн үндэсний төв, төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаатай биечлэн танилцсан байна. Монгол Улсын хэмжээнд ерөнхий боловсролын тусгай хэрэгцээт сургуульд 1658, цэцэрлэгт 402 хүүхэд сурч, хүмүүжиж байгаа бөгөөд 285 багш, 507 ажилтан ажиллаж байгаа аж.

Тусгай хэрэгцээт сургууль, цэцэрлэгүүдийн хувьд хараа сонсгол, оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийн онцлогт тохирсон сэтгэл судлал, шинжлэх ухааны үндэслэлтэй сургалтын хөтөлбөр боловсруулж батлуулах, мэргэжлийн төрөлжсөн сургалт явуулах эрх зүйн орчинг бий болгох, мэргэжлийн сургалт явуулах тоног төхөөрөмж, засвар үйлчилгээ, сургалтын хэрэглэгдэхүүний зардлыг төсөвт суулгах, төгсөгчдөд мэргэждийн болон чадамжийн үнэмлэх олгох, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тухай хуулийг батлуулах гээд шийдвэрлэх олон асуудлууд байгаа ажээ.

09

Уг хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Н.Учрал, Ц.Цогзолмаа болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны ерөнхийлөгч Д.Гэрэл оролцож, мэдээлэл хийсэн юм.

Түүнчлэн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Барилга, хот байгуулалтын яам, Зам тээврийн хөгжлийн яам, Эрүүл мэндийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Стандарт хэмжил зүйн газар, Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллагын төлөөлөл, НҮБ-ын Хүн амын сан, Азийн хөгжлийн банк, Японы Жайка олон улсын байгууллага, БНХАУ-ын тусламжаар баригдах Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв төслийн удирдлагын багийн төлөөлөл оролцож, санал солилцлоо гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

14408768_1075659032554287_872381660_n-8

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …