Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо иргэдийн өргөдлийн дагуу иргэд, холбогдох албан тушаалтнуудаас тайлбар авах уулзалтыг 10-р сарын 24-ны өдөр Төрийн ордон дахь Нээлттэй сонсголын танхимд зохион байгуулав.
Уулзалтыг Улсын Их Хурлын гишүүн, тус байнгын хорооны дарга Д.Сарангэрэл удирдаж, Улсын Их Хурлын болон тус байнгын гишүүн Ё.Баатарбилэг, Д.Дамба-Очир, Г.Мөнхцэцэг, Д.Мурат, М.Оюунчимэг, А.Сүхбат, Н.Цэрэнбат, Б.Энх-Амгалан, Л.Энхболд нар оролцлоо.
Байнгын хорооны дарга Д.Сарангэрэл уулзалтыг нээж хэлсэн үгэндээ, Туул голын бохирдол, түгээмэл тархацтай ашигт малтмалын олборлолтын талаар иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын дагуу тус байнгын хороо иргэд, холбогдох албан тушаалтнаас тайлбар авах уулзалтыг өнөөдөр зохион байгуулж байна гээд иргэдээс ирүүлсэн өргөдлийн агуулгыг танилцуулав. Тэрээр Туул голын усан дахь бохирдлын хэмжээ аюултай түвшинд хүрч, цэнгэг усны загас жараахай устаж, голын урсац зарим үед тасалдаж байна. Туул голын сав газрын орчмоос элс, хайрга олборлож байгаа нь газрын хөрсийг эвдэж байгаа төдийгүй арьс ширний үйлдвэрүүд стандартын шаардлага хангаагүй бохир усыг Туул голд урсгаж голын усыг ихээр бохирдуулж байна гэлээ.
Туул голыг бохирдуулж байгаа хүчин зүйлийн талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Баярболд мэдээлэл хийсэн юм. Тэрээр Туул голын бохирдолд шууд бус боловч маш их нөлөө үзүүлж байгаа гол шалтгаануудын нэг бол Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй хүнсний болон боловсруулах үйлдвэрүүд, авто угаалгын газрууд ба эдгээр аж ахуйн нэгжүүдийн технологийн хаягдал бохир усны найрлага, агууламж нь стандартаар тавигдсан зөвшөөрөгдөх дээд хэмжээнд байхгүй байгаа нь цэвэрлэх байгууламжийн ачаалал, цэвэрлэгээний түвшинд нөлөөлж улмаар дутуу цэвэрлэгдсэн бохир усыг хүрээлэн буй орчинд нийлүүлэн бохирдуулах нөхцөлийг бүрдүүлж байна гэлээ.
Үүний дараа Улсын Их Хурлын гишүүд холбогдох албан тушаалтнуудаас асуулт асууж, тайлбар авсан юм. Тухайлахад УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан Туул голын бохирдлын хэмжээ тав дахин нэмэгдсэн өнөө үед Төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэл хэзээ хийгдэх, ямар хөрөнгөөр баригдах талаар тодруулсан юм. Үүнд Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдол хариуцсан орлогч Ж.Батбаясгалан өгсөн тайлбартаа, Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2016-2020 хөтөлбөр батлагдсан, үүнд Туул голын бохирдлыг бууруулах асуудал багтсан байгаа. Энэхүү ажлын хүрээнд шинээр Төв цэвэрлэх байгууламж барих асуудал ч орсон харин хөрөнгө мөнгөний асуудлыг Нийслэл дангаараа шийдвэрлэх боломжгүй учир УИХ, Засгийн газраас дэмжлэг хүсч байгаагаа дуулгасан юм.
Ийнхүү УИХ-ын гишүүд холбогдох албан тушаалтнуудаас асуулт асууж, тайлбар авсны дараа саналаа илэрхийллээ. Тухайлбал УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир Туул голын дагуу элс, хайрга олборлох үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцлах санал гаргасан бол УИХ-ын гишүүн А.Сүхбат Төв цэвэрлэх байгууламжийн дэргэд үйл ажиллагаа эрхэлж буй өлөнгийн цехийг хотоос нүүлгэн шилжүүлэх. Мөн УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг ажлын хэсэг байгуулж дээрх асуудлуудыг хууль эрх зүйн хүрээнд шийдвэрлэвэл зохистой хэмээн санал гаргав.
Ингээд Байнгын хорооны гишүүд уг асуудалтай холбогдуулан өргөдөл гаргагч иргэдийн байр суурийг сонсч, холбогдох албан тушаалтнуудаас асуулт асууж, тодруулсны дараа Байнгын хорооны дарга Д.Сарангэрэл уулзалтыг дүгнэлээ. Тэрээр өнөөдөр /2016.10.25/ 14:00 цагт Өргөдлийн байнгын хорооны хуралдааныг зарласан, тус хуралдаанаар нэн тэргүүнд Туул голын бохирдлыг бууруулах асуудлыг ярина. Туул голыг бохирдуулагч хүчин зүйлүүд болох Төв цэвэрлэх байгууламж, арьс, шир боловсруулах үйлдвэр, элс, хайрга олборлолт зэрэг асуудлуудыг нэгтгэж холбогдох яам, газруудын мэргэжлийн хүмүүстэй хамтран Ажлын хэсэг байгуулна. Мөн элс, хайрга олборлож буй аж ахуй нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцлах байр суурьтай байна.
Цэвэрлэх байгууламжийн хувьд хөрөнгийн асуудлыг яаралтай шийдвэрлүүлэх талаар Засгийн газарт чиглэл өгсөн байгаа. Түүнчлэн арьс, шир боловсруулах үйлдвэрүүдийг хотоос нүүлгэн шилжүүлэх УИХ-ын гишүүдийн саналыг ажлын хэсэгт оруулна гэлээ.