Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр батлах төслийг хэлэлцэхийг дэмжив

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2016.11.02/ 09:45 цагт 52.6 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэхээр тогтов.

Хуралдаанаар эхлээд Засгийн газраас 2016 оны аравдугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. Тогтоолын төслийг Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж танилцуулсан юм.

ediin-zasag-1

Монгол Улс 2013, 2014 онд нэг хүнд ногдох ҮНО-ын хэмжээгээр дэлхийн банкны дундаж-дээгүүр орлоготой орны ангилалд дэвшин орсон боловч 2015 онд эдийн засгийн өсөлт саарсан, төгрөгийн ханш суларсантай холбоотойгоор нэг шат уруудаж, дундаж-доогуур орлоготой орны ангилалд буцаж шилжин ороод байгааг дурдаад эдийн засгийн өсөлт саарсан шалтгаан, өнөөгийн бодит нөхцөл байдлын талаар болон цаашид үүсч болзошгүй хүндрэлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Төсвийн тэнцэл, төлбөрийн тэнцэл хос алдагдалтай байгаа нь макро эдийн засгийн суурь тэнцвэрүүдийг яаралтай сайжруулахгүй тохиолдолд эдийн засгийн нөхцөл байдал улам хүндрэх, хямрал цаашид гүнзгийрэхийг анхааруулж байгаа аж. Түүнчлэн, гадаад валютын улсын нөөц хангалтгүй, гадаад төлбөрийн чадвар сул байгаа энэ үед дэлхийн зах зээл дээрх ашигт малтмалын бүтээгдэхүүний үнэ доогуур, гадаад зах зээл дэх эрэлт бага хэвээр цаашид үргэлжилбэл олон улсын зах зээлд Засгийн газрын гаргасан үнэт цаасны үндсэн төлбөрийг ирэх онуудад төлөхөд хүндрэл үүсч болзошгүй юм байна.

Иймд эдийн засагт үүссэн хүндрэлүүдийг богино хугацаанд шийдвэрлэх зорилгоор “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах” хөтөлбөрийн төслийг боловсруулсан болохыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж онцлон танилцуулсан юм. Хөтөлбөр нь 1) Макро эдийн засгийг тогтворжуулах бодлого хэрэгжүүлэх, 2) Дунд хугацаанд эдийн засагт бүтцийн өөрчлөлт хийж, тогтвортой өсөлтийг хангах, өрийн дарамтыг бууруулах бодлого хэрэгжүүлэх гэсэн хоёр үндсэн стратегитэй бөгөөд энэ хүрээнд нийт 60 гаруй бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

ediin-zasag-8

Танилцуулгатай холбогдуулан байнгын хорооны гишүүд Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Нямаа, Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болон ажлын хэсгийн гишүүдээс асуулт асуун хариулт авч, саналаа хэллээ. Улсын Их Хурлын гишүүн Л.Болд Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр нь Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон эдийн засгийн чиглэлийн бодлогын бусад баримт бичгээс юугаараа ялгаатай болохыг тодруулж асуусан бол Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан, өнөөдрийн эдийн засгийн хүндрэлийн суурь шалтгаан болох шат шатандаа хариуцлага алддаг энэ байдлыг засаж, залруулах талаар уг хөтөлбөрт тусгагдсан эсэхийг лавлаж байлаа. Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Засгийн газрын тэргүүн эдийн засгийн хүндрэлийг 18 сарын дараа тогтворжуулна гэж байсан бол өнөөдрийн хэлэлцэж буй хөтөлбөрт тодорхой хугацаа байхгүй байгааг анхааруулав. 2012-2016 оны Засгийн газар хамгийн их мөнгө, санхүүжилттэй байсан ч төсөв, санхүүгийн асуудлыг улстөржүүлсэн бодлогын алдаанаас үүдсэн эдийн засгийн хүндрэлийг өнөөдөр улс орон, ард иргэд үүрч байгааг тэрбээр онцлоод, бага орлоготой, эдийн засгийн хүндрэлд нэрвэгдэж буй зорилтот бүлэгт хандсан нийгмийн халамжийн арга хэмжээний талаар тодруулж, ажлын байрыг хадгалах, нэмэгдүүлэх асуудлуудыг уг хөтөлбөрт тодорхой тусгах нь зүйтэй гэдэг саналыг хэлсэн. Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва, эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах зорилготой уг хөтөлбөрийг тун оновчтой боловсруулах ёстой, харин Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг хөтөлбөр урьд өмнө хэрэгжиж байсан үр дүн муутай бодлогын баримт бичгүүдээс ялгарахгүй байгааг тэмдэглээд эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд хэрэгжүүлэх хөтөлбөр, хүрэх үр дүн, дүгнэх хугацааг оновчтой тодорхойлж, энэ хүрээнд хэрэгжүүлэх ажлуудаа нарийн тусгах шаардлагатайг хэллээ.

ediin-zasag-4

Ийнхүү хуралдаанд оролцсон гишүүд асуулт асууж, саналаа хэлсний дараа тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 84.6 хувийн саналаар дэмжлээ. Мөн байнгын хорооны гишүүдийн гаргасан саналын дагуу уг тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очироор ахлуулан байгуулахаар шийдвэрлэлээ.

“Эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлэхийг дэмжлээ

ediin-zasag-10

Байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн “Эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Тогтоолын төслийг Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж танилцуулав. Тус төсөлд 5 бүлэг, 17 зорилт, 104 бодлогын арга хэмжээг тусгаснаас гадна зорилт, арга хэмжээ бүрийн шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин, шаардагдах санхүүжилт, хөрөнгийн эх үүсвэр, урт болон дунд хугацааны хөтөлбөр, бодлогын баримт бичгүүдтэй уялдсан байдал, хариуцан хэрэгжүүлэх байгууллагыг мөн тусгасан байна. Үндсэн чиглэлийн төсөлд тусгахдаа бодлогын зорилт, арга хэмжээг улсын төсөв болон бусад хөрөнгийн эх үүсвэрийн боломжтой уялдуулан 104 арга хэмжээний хүрээнд нийтдээ 5.3 их наяд төгрөгийг санхүүжүүлэхээс улсын төсвийн хөрөнгөөр 327.6 тэрбум төгрөг, гадаад эх үүсвэрээс 825.2 тэрбум төгрөг, төр, хувийн хэвшлийн түншлэл болон хувийн хөрөнгө оруулалтаар 4.1 их наяд төгрөг, бусад эх үүсвэрээс 104 тэрбум төгрөгөөр тус тус санхүүжүүлэхээр төлөвлөжээ.

ediin-zasag-3

Танилцуулгатай холбогдуулан хуралдаанд оролцсон гишүүд асуулт тодруулга хийх шаардлагагүй хэмээн үзэж, тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй хэмээн шийдвэрлэлэлээ.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд танилцуулга хийв

Дараа нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд танилцуулга хийв. Байнгын хороодын гишүүдийн хүсэлтийн дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл, газрын тосны эрэл, хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа болон “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн явц, цаашдын чиг хандлага гэсэн гурван чиглэлээр мэдээлэл хийж буйгаа салбарын сайд онцлов. Хайгуулын тусгай зөвшөөрлийг 2015 оны нэгдүгээр сараас эхлэн нийт 37 удаа цахим хэлбэрээр 3915 дугаар олгож, 2335 өргөдөл хянан шийдвэрлэсэн байна. Бүртгэсэн нийт өргөдлийн талбайн хэмжээ нь 13.26 сая гектар байгаа нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор нийтэд зарласан 20.9 сая гектар талбайн 63.44 хувийг эзэлж байгаа аж. Энэ оны арваннэгдүгээр сарын байдлаар хайгуулын 2142 ш, ашиглалтын 1564 ш тусгай зөвшөөрөл байгаа. Энэ нь 14.7 сая гектар буюу Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 9.4 хувийг эзэлж байгаа юм байна.

ediin-zasag-2

Монгол Улсын хэмжээнд газрын тосны хайгуулын 32 талбай ялгаснаас 2016 оны есдүгээр сарын 12-ны өдрийн байдлаар нэг талбайн бүтээгдэхүүн хуваах гэрээ дуусгавар болж, нэг талбайн бүтээгдэхүүн хуваах гэрээ цуцлагдсан, 22 талбайд 19 компани бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу газрын тосны хайгуулын үйл ажиллагаа явуулж байгааг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд танилцуулав. Үргэлжлүүлэн тэрбээр газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл болон газрын тосны ашиглалт, олборлолтын талаар Эдийн засгийн байнгын хорооны гишүүдэд дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Мэдээллийнхээ төгсгөлд тэрбээр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн явц, цаашдын чиг хандлагын талаар танилцууллаа. Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь жилд 16 сая тонн зэс молибдений хүдэр боловсруулах хүчин чадалтайгаар 1978 онд ашиглалтад орсон. Өнөөдрийг хүртэл үйлдвэрлэлийн техник, технологийг шинэчлэх, хүчин чадлыг нэмэгдүүлэх, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн арга хэмжээг байнга авч хэрэгжүүлсээр ирсэн бөгөөд 2014 оны гүйцэтгэлээр жилд 26 сая тонн хүдэр боловсруулсан нь төслийн хүчин чадлаа 1.6 дахин нэмэгдүүлсэн үзүүлэлт аж. Тус үйлдвэрийн хүдэр боловсруулалтын хүчин чадал өнөөдрийн байдлаар 32 сая тоннд хүрсэн болохыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж танилцуулаад, Эрдэнэтийн овооны зэс, молибдений ордын одоогийн нөөцийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийсэн юм.

ediin-zasag-9

Байнгын хорооны гишүүд мэдээлэлтэй холбогдуулан асуулт асуун хариулт авч, саналаа хэлснээр энэ өдрийн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …